Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Мартин Чунгонг өнөөдөр эхэлсэн “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд амжилт хүсэж, цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн тэрбээр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ сарын 16-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайханд баяр хүргэж, илгээлт ирүүлсэн байна. Тэрбээр илгээлтдээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонд Тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэхүү завшааныг ашиглан, Улсын Их Хурал хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодитой ахиц дэвшил гаргахад Та удирдан манлайлж, ажилласныг сайшаан тэмдэглэхийг хүсч байна.
2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ нь Монгол Улсын Их Хурлын гишүүд болон ажилтнуудын хувьд цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлох үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Өнөөгийн хамтын ажиллагааны хүрээнд болон 2024 онд болох сонгуультай холбогдуулан Олон Улсын Парламентын Холбооноос Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаар хийсэн шинжээчдийн тайланг Та бүхэнтэй хуваалцаж буйдаа баяртай байна. Улсын Их Хурал нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сонгуулийн жендэрийн квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувь болгон нэмэгдүүлэхээр болсон зэрэг эерэг өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Шинжээчдийн тайланд сүүлийн үед гарч буй эдгээр өөрчлөлтүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга, аргачлалын талаар тодорхой зөвлөмжүүд багтсан болно. Та бүхэн энэхүү тайланг зохистой гэж үзсэн түвшиндээ түгээж, дэлхий дахинд хэрэгжиж буй сайн туршлагад үндэслэсэн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг бүрэн ашиглахыг хүсч байна.
Мөн Олон Улсын Парламентын Холбооноос Ази, номхон далайн бүс нутгийг хамруулсан парламент дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүйсээр алагчлах, дарамтлах, хүчирхийллийн асуудлаарх дараагийн судалгаанд Улсын Их Хурлыг оролцохыг урьж буйгаа үүгээр илэрхийлье. Тус бүс нутгийн бүх парламентад илгээсэн урилга, оролцох хүсэлтэй эмэгтэй гишүүд болон ажилтнуудын бүртгэлийн маягтыг мөн хавсаргасан болно.
Өөрийн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, мөн парламентынхаа төлөөллийн чанар, жендэрийн мэдрэмж, хүний эрхийг хангаж ажиллах явдлыг сайжруулах болон ерөнхий үйл ажиллагаагаа бэхжүүлэх үйл хэрэгтээ ОУПХ-ны дэмжлэгт Та бүхэн найдаж болно. Таны цаашдын ажил үйлсэд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцан газраас мэдээллээ.