Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.22/ Төрийн ордонд эхэлсэн.
“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны II танилцуулах хэсэг “Монгол Улс дахь бодлого, эрх зүйн орчин” сэдвээр үргэлжиллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан “Хүний эрхийн үндэсний байгууллага болон парламентын хамтын ажиллагаа: Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын асуудлаарх олон улсын гэрээг хэрэгжүүлэх нь” сэдвээр танилцуулга хийв.
Тэрбээр УИХ, түүний Тамгын газар хүний эрхийн өөрийн үнэлгээ хийж буй явдал нь олон улсад анхны тохиолдол болж байгааг дурдаад, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхаглал батлагдсаны 25 жил, Хүний эрхийн байгууллагуудын НҮБ-ын зарчмууд батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед хүний эрх, жендэрийн асуудлаар парламент өөрийн үнэлгээгээ хийж байгаа нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгааг тэмдэглэлээ.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Монгол Улсын хувьд тусгайлсан хууль гаргаж, парламентын дэргэд хүний эрхийн үндэсний байгууллага бий болгосон нь түүний хараат бус, бие даасан байдлын үүднээс чухал, оновчтой зохицуулалт болсон гэж үздэг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Монгол Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комиссын харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр холбогддог хэмээгээд онцгой чухал гэж үзсэн хамтын ажиллаагааны талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурал ХЭҮК-ын гишүүдийг томилоход онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Ж.Хунан дарга онцолсон. Тэрбээр, ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг Парисын зарчимд бүрэн нийцүүлж, нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоотой болгохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороод, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ноос удаа дараа Монгол Улсад зөвлөсөн байдаг. Үүний дагуу Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос тухай бүр нь байгуулагддаг, иргэний нийгмийн оролцоотой, олон талын төлөөлөл бүхий ажлын хэсэг ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, төрийн тодорхой субъектээс хамааралгүй, томилгооны сонсгол хийх замаар зохион байгуулдаг болсон. Комиссын тухай хуулийн 12.9.-т Комиссын гишүүнийг томилохдоо жендэрийн тэгш байдлыг харгалзан үзнэ.... гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.” гэж заасан. Ийнхүү ХЭҮК-ын гишүүнийн томилгоо НҮБ-ын Парисын зарчим бүрэн нийцэж сайн жишиг болохоос гадна Хүнийн эрхийн үндэсний байгууллагын магадлан үнэлгээгээр А үнэлгээ авахад ч нөлөө үзүүлсэн гэлээ.
ХЭҮК-ын дарга, Хүний эрхийн үндэсний байгууллагын санхүүгийн хараат бус байдлыг хангах нь үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа болох эсэх, тус байгууллагаас гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-аар хэлэлцсэн байдал, илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад ХЭҮК хэрхэн оролцож буй талаар мэдээлсэн. Түүнчлэн ХЭҮК-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт 3 удаа, Гэрээний хороодод 8 удаа хөндлөнгийн мэдээлэл хүргүүлсэн гэдгийг дурдаад, Хүний эрхийн эдгээр механизмууд Монгол Улсын ээлжит тайланг хэлэлцээд Монгол Улсад тодорхой дүгнэлт зөвлөмжүүд ирүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан төгсгөлд нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан юм.
Тэрбээр, хүний эрхийн болон жендэрийн эрх тэгш байдлын талаар хууль тогтоомж, олон улсын гэрээний байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд УИХ-аас гарсан тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд улсын нэгдсэн төсөв батлах эрхийг дангаар хэрэгжүүлдэг субъект болохын хувьд УИХ санхүүжилтэд зохих ёсоор анхаарч, ялангуяа тухайн гэрээ конвенц, хүний эрхийн механизмын зөвлөмжийн хэрэгжилт тайлагналтыг гардан хариуцаж, гүйцэтгэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн төсвийн төсөлд тухайн олон талт гэрээний зүйл заалт болон олон улсын механизмаас өгсөн зөвлөмж, түүнчлэн ХЭҮК-ын гишүүний төрийн байгууллагад хүргүүлсэн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг тусгуулдаг байхыг журамлаж, улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үед тухайн асуудал хариуцсан салбар байгууллагын төсөвт санхүүжилт туссан эсэхийг нягтлах, заавал тусгуулах замаар биелэлтийг бодитой болгох боломжтой гэж үзэж байна хэмээлээ.
Дараа нь Хүний эрхийн үндэсний зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн Д.Гэрэл, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан нар “Монгол Улс дахь хүний эрхийн бодлого, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл танилцуулсан.
Хүний эрхийн үндэсний зөвлөх Д.Гэрэл, “Хүмүүс-Тэдний эрх” эн тэргүүнд гол төвд байх ёстой. Хүний эрхийн хандлага нь хүн бүрийг тэгш хамруулах, хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй байхыг хэлнэ.” хэмээсэн НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлснийг илтгэлийнхээ эхэнд эшлээд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн зарим гэрээ, конвенцын нэр томьёоны монгол орчуулгыг эргэн харах шаардлага байгаа талаар хөндсөн.
Тэрбээр, Парламент нь хүний эрхийг хамгаалагч байх үүргээ биелүүлэхэд парламентын гишүүн бүр нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод, тэдгээрийн хүний эрхийг хамгаалах механизм болон тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтын талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал. Өөрөөр хэлбэл гэрээний үндсэн зарчим, утга санааг ойлгож мэдэхээс гадна үг нэг бүрийн утгыг ойлгож мэдсэн байх шаардлагатай. Гэтэл Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн зарим гэрээ, конвенцын зарим нэр томьёоны монгол орчуулга оновчгүй байна хэмээгээд Тэгш хамруулах боловсролын тухай ойлголтыг тусгай гэж орчуулсан нь олон оновчгүй ойлголтын ганцхан жишээ гэдгийг дурдлаа.
Мөн тэрбээр, “No one left behind” буюу ” Хэнийг ч орхигдуулахгүй байх” энгийн ойлгомжтой мөртөө хүчирхэг зарчмыг хөндөөд, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний 3.1.9-д “Улсын Их Хурлаар батлагдах хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн нийгмийн эмзэг бүлгүүдэд нөлөөлөх нөлөөллийг үнэлдэг болж, гарсан дүгнэлтийг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлдэг болох” гэж тусгасан нь сайшаалтай гэлээ.
Хүний эрхийн үндэсний зөвлөх Б.Болорсайхан, Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоомж гэдэгт, Хууль тогтоох эрх мэдлийн зүгээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа нийгмийн эмзэг бүлгээ эн тэргүүнд тухайлан хамгаалах хууль тогтоомжийг ойлгоно хэмээн онцолсон. Мөн гүйцэтгэх эрх мэдлийн гол үүрэг болсон хүний эрхийн талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг арга замаар хүний эрхийн хэм хэмжээ, жишгийг бодит биелэл болгодог байх, тэдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд үүссэн зааг ялгааг арилгах, хүний эрхийн биелэлтэд эерэг нөлөө үзүүлэх, ахиц дэвшил гаргах зорилготой байх ёстойг илтгэлдээ дурдсан.
Тэрбээр, Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын хяналт, НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд оруулах хувь нэмэр, Монгол Улсын Их Хурлын эгэх хариуцлагын талаар мэдээлэл хүргэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа танилцуулсан.
Мөн хэлэлцүүлэгт Жендэрийн үндэсний зөвлөх, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Жендэрийн үндэсний зөвлөх, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, Социологийн ухааны доктор М.Батбаатар нар “Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдлын бодлого, эрх зүйн орчны талаар танилцуулга хийсэн.
Тэд илтгэлдээ Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын түвшинд хүлээсэн үүргийн биелэлт, өөрийн улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэхэд чиглэсэн асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын хүлээсэн үүрэг, бүрэн эрхийн дагуу авч үзсэнээ танилцуулсан.
Илтгэлд дөрвөн асуудлыг хөндсөн бөгөөд “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго-2030: Зорилго 5-жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенци: хэрэгжилт”, “Хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, онцлог” гэсэн асуудлаар Жендэрийн үндэсний зөвлөх Б.Долгор илтгэж, “Улс төр, эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал, тулгамдсан асуудал, шийдэл боломж” гэсэн асуудлаар Жендэрийн үндэсний зөвлөх М.Батбаатар мэдээлэл хийн, эцэст нь нэгдсэн дүгнэлт, саналаа танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулгуудын дараа асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр хоёр дахь танилцуулах хэсэг өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.