Цэс

Холбоо барих

ТБХ:Байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улируулан сонгохыг дэмжиж, хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар  танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил, дахин жилийн хугацаагаар улируулан сонгож болно гэж заасан. Г.Тэмүүлэн нь 2022 оны  наймдугаар сард тус Байнгын хорооны дарга болсныг тодотгоод Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Ганзоригийн Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулж буйг онцлов.

Мөн Г.Тэмүүлэн нь Архангай аймгийн уугуул, 2003 онд АНУ-ын олон улсын харилцааны сургуулийг бакалавр, 2005 онд тус сургуульд олон улсын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2016 оноос өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна хэмээн танилцуулав.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Төсвийн байнгын хорооны даргад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхийг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаан оролцсон гишүүдийн  70 хувь нь дэмжсэн. 


Дараа нь  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг тогтоолын төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 

анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдаан Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд тусгай сангууд шиг дунд шатандаа ажил унагаадаг явдал гарахаас болгоомжилж буйгаа илэрхийлээд тус сангийн үйл ажиллагааг нь иргэдэд ил тод байлгахад салбарын яам анхаарч буй эсэх, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрэгчдийн  зардлын 20 хувийг буцаан олгоно гэж байгаа нь сайдын байр суурь, эсвэл ийм шийдвэр гарсан уу гэдгийг илүүтэй тодруулж байв.  

Эрүүл мэндийг сайд С.Чинзориг хариултдаа, “Бусад тусгай сангууд шиг мэдээлэлд ойр албан тушаалтай хэсэгт  үйлчилдэг сан болчих вий гэсэн гишүүдийн болгоомжлолтой санал нэг байна. Иймд иргэдийн оролцоо, хяналтыг хангаж ажиллахаар  холбогдох журмын төслийг боловсруулна. Өнөөдөр гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдаад ирсэн иргэдийн зардлын 5 хувийг буцаан олгож байгаа нь маш бага тул үүнийг үе шаттай нэмэгдүүлье гэж байгаа юм. Нэг хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцааж олгохоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох тооцоо судалгаа хийсэн. Миний байр суурь ч ийм байгаа. Энэ талаарх саналаа Засгийн газарт оруулна. Уг саналыг дэмжих эсэхийг Засгийн газар шийднэ, учир нь холбогдох журмыг Засгийн газрын тогтоолоор батлах юм” гэдгийг онцолсон. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд энэ үеэр гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн  39.22-т  заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй болсныг сайд танилцуулгадаа дурдаад нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна гэж байлаа.

Мөн хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, тохижилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км  цаг болсон. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл, нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ цааш үргэлжилбэл 2030 он 5 км цаг, 2040 он 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 531-1213км болж 43 хувиар нэмэгдсэнийг сайд танилцуулгадаа тодотгоод нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байна. Судалгаагаар 2021 онд Улаанбаатар хотод түгжрэлээс үүдсэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн улмаас алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрч, энэ нь Монгол Улсын ДНБ-ий есөн хувьтай тэнцэж, нийслэл хотын хүн амын тоонд харьцуулан үзвэл нэг хүнд ноогдох өртөг 2 сая 478 мянган төгрөг болж байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэв.

Улс орнууд түгжрэлтэй бүс тогтоох, шатахууны борлуулалт, татвар ноогдуулах, төлбөртэй зам барих зэргээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах олон шийдлийг хэрэгжүүлж байгаагаас түгжрэлтэй бүсийг тогтоох нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарлалтыг тогтоох, төлбөрийг төлбөртэй бүсэд нэвтрэх тоогоороо 00-оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэлх хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй байхаар тогтоож, төлбөрийн хэмжээг энэ хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Төлбөртэй бүсийн төлбөрөөс тус бүсэд оршин суугч иргэний тээврийн хэрэгслийг 90 хувь, зөвшөөрөлтэй такси үйлчилгээг 50 хувиар хөнгөлнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан тээврийн хэрэгсэл байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөхөөр тусгалаа. Түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах бөгөөд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрсөн багтаамж ихтэй авто зогсоолын асуудлыг шийдсэний дараа төлбөртэй бүсийг тогтоож, төлбөр ноогдуулах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэхээр тусгасныг сайд танилцуулгадаа дурдсан. 

Мөн такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл аюулгүй байдлын шаардлага хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорилоо. Авто тээврийн хэрэгслийн хэрэглээг татварын бодлогоор хязгаарлах хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгалаа. Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын автомашины татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, олон улсын гэрээ конвенцын дагуу Монгол Улс нь нүүрсхүчлийн хийн хэрэглээг хязгаарлах бодлогын хүрээнд нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ноогдуулдаг татвар болон агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан гэж байлаа.

Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороололд буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хуулийн төсөлд нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвүүдийн байршил, гэр хорооллыг орон сууцжуулах, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, газар чөлөөлөлтийн нөхөн олговрын газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, газрын нөхөн олговрыг мөнгөн зардлаар худалдан авах бусад боломжит хэлбэрээр олгож байхаар тусгасныг Б.Дэлгэрсайхан сайд танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл төлөвлөлтийн алдаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор нийт 25 хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулахаар багцаар нь боловсруулсныг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдуулан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг худалдан авах ажиллагааны олонхыг нь тендергүй хийхээр өөрчилж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах" агуулгатай зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжсэнгүй.  

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл