Цэс

Холбоо барих

НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-д “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-д “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдсон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно гэж заасны дагуу УИХ дахь олонхын буюу МАН-ын бүлгээс Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад П.Анужинг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж байгааг намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж, намтрыг нь танилцуулав. Гишүүн П.Анужин нь дипломатч, олон улсын эрхзүйч мэргэжилтэй. Нийслэлийн 13 дугаар сургууль, Япон Улсад Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг судлаач оюутан, МУИС-ийг дипломатч мэргэжлээр, Японы Соко их сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Японы “Сефти технологи” компанид хуулийн зөвлөх, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч,  Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2020 оноос УИХ-ын гишүүнээр, 2022 оноос Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлаар өөр саналтай гишүүн гарсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын гишүүн П.Анужинг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Чуулганы бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн. Тиймээс Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн тухай хуулийн төслийг  хэлэлцүүлж батлуулахад анхаарал хандуулж ажиллахыг захиж хэлмээр байна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдана. Энэ хуулийг онцгой анхаарахгүй бол монгол хүний эрүүл мэндийн асуудал гамшгийн түвшинд очсон өнөө цагт өмнөх шиг хуулиар бид явахгүй нь. Төсвийн тодорхой хувийг хүний эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахгүй бол ганц ЭМЯ-нд бүгдийг даатгахаа болих хэрэгтэй. Уул уурхай, барилга, зам тээврийн салбарын яамдад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг тооцох зэрэг олон ажил байгааг анхаарч, шинэчлэл хийх сайн хууль болгоход Байнгын хорооны даргын хувьд онцгой анхаарч ажиллаж өгөөч. Бид бүх саналыг боловсруулсан байгаа. Зүгээр нэг хууль батлуулчихвал гамшгийн байдлаасаа гарахгүй нь гэсэн юм.

Гишүүд үг хэлсний дараа УИХ-ын гишүүн П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Сандагчир танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан бөгөөд саналтай гишүүн байсангүй, харин гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нарын асуултад Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр  хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хуулийн төслийг дэмжиж байгаа, цаг алдалгүй батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, 21 настай оюутан цэрэг амь насаа алдсан явдал. Энхийн цагт цэрэгт татагдаж очоод амь насаа алддаг байж таарахгүй. Засгийн газраас Ажлын хэсэг гарсан гэсэн. Сайд анхаарлаа хандуулж үүрэг даалгаврууд өгчээ. Гэхдээ зарим зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байна. Тэр хүүхэд хатгаа авчихсан байсан юм бол эмчид үзүүлж, эмчлэх арга хэмжээ авч болоогүй юм уу. Дэглэлт байсан уу? Нийгмийн бодлогын байнгын хороон дээр асуухгүй байж боломгүй учраас хариулт хүсэж байна гэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, үүссэн нөхцөл байдлын талаар албан ёсны байр суурь, мэдээллээ өгсөн. Засгийн газраас Ажлын хэсэг, хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар, тэр тусмаа  зэвсэгт хүчний анги салбаруудад ийм явдал гаргахгүй байх талаар олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Өөрсдийгөө өмгөөлж, хамгаалаад эсвэл асуудлуудаа нуух бодлого байхгүй. Бид арга хэмжээ авч байгаа. Цаашид ард иргэдэд, нийгэмд, нээлттэйгээр хэлж танилцуулж, сурталчилна. Зэвсэгт хүчний хэмжээнд харьцааны зөрчил, гэмт хэргийн шинж чанартай зөрчил байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой эмнэлгийн болон хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байна. Тэр ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албанд ирээд 20-иод хонож байсан цэргийн албан хаагчдыг бүгдийг нь эрүүл мэндийн нарийн шинжилгээнд давтан хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан 5 орчим цэргийн албан хаагч гарсан. Тэднийг эмнэлэгт хэвтүүлж эмчилж байна. Эхнээсээ эмчлүүлээд гарч байгаа. Нас барсан цэргийн тухайд яг ямар шалтгаанаас болов гэдгийг одоо хэлэх боломжгүй байна хэмээн хариуллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зэвсэгт хүчин цэргийн эмнэлгийн том албатай. Зөвхөн хавар, намар цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх, тэнцэхгүй асуудал ярихаас илүүтэй, чанартай үзлэг, тусламж үйлчилгээг алба хааж байгаа үед нь ч тогтмол үзүүлэх нь чухал гэв.

Ийнхүү Цэргийн алба албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн Засгийн газраас 2023 оны 10 сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад оношлогдож эмчлэгдэхгүй байгаа 26 төрлийн өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 390 дугаар тушаалаар баталсан. Эдгээрийн дийлэнхийг хүнд хэлбэрийн мэс заслын эмгэгүүд эзэлдэг. Ялангуяа тархи, нугасны мэс заслын эмгэгүүд, зарим төрлийн хавдар, зүрх судасны эмгэгүүд багтдаг. Мөн хуулийн төслийн 19.3.1-д иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гэдэг асуудал байгааг Эрүүл мэндийн сайд дурдаад, эрүүл мэндийн асуудлын 55 орчим хувь нь тухайн иргэний амьдралын хэв маягтай шууд хамааралтай гэсэн олон улсын судалгаа, тооцоо байдаг. Тиймээс иргэний эрүүл мэндийн боловсролд ач холбогдол өгөх ёстой. Амьдралын зөв хэв маяг хэвшүүлж, буруу дадал зуршлаас сэргийлж чадах юм бол эрүүл, урт наслах боломж өндөр. Гэвч эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөнөөс хойших 100 жилийн хугацаанд яваад ирсэн зүйлийг өөрчлөхөд урт хугацаа шаардагдана. Хандлагыг өөрчлөх амаргүй. 2022 онд нийт 82 хүн гадаадад эмчилгээнд хамрагдсан судалгаа бий. Дээрх 26 төрлийн өвчнийг эмчлэх технологийг оруулж ирэхээр төлөвлөж байна гэсэн танилцуулга мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээ өргөжихийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцлоод, дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх, оношлох шинэ технологи нэвтрүүлэх зардлыг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлдэг болно. Технологи нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал байгаа. Төслийн 19.3.4-д Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа гэсэнд оношилгоо, шинжилгээний шинэ технологи нэвтрүүлэх тоног төхөөрөмжийг нь бий болгох, багуудыг чадавхжуулах, сургах, өндөр хөгжилтэй орнуудаас баг урьж авчран туршлага судлах зэргийг багтаасан. Гадаадад эмчлүүлэгчдэд нийт төлбөрийнх нь 5-хан хувийг өгч байгаа нь харьцангуй бага. Энэ хууль батлагдсаны дараа Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална. Энэ оны төсөвт хоёрхон тэрбум төгрөг Эрүүл мэндийн сангийн хөрөнгөд хуваарилсан юм. Ирэх жилийнх 5 дахин нэмэгдүүлсэн буюу 10 болгосон. Төсвийн 60 хувийг шинэ технологи нэвтрүүлэхэд, үлдсэн хувийг гадаад эмчилгээний зардал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг болгоё гэсэн чиглэлээр ийм хуулийн төсөл оруулж байна гэв.

Байнгын хорооны гишүүд нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах, иргэдийг тодорхой мэдээллээр хангах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төслийн бусад зүйлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул анхны хэлэлцүүгийг дууссанд тооцож, хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл