Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Шуурхай хариу арга хэмжээний сан (RRF)”-гийн Монгол Улсад хийх үнэлгээний ажлын багийнхантай уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2023.11.15) Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамны харьяа, Ази-Номхон далайн бүс хариуцсан захирал, хатагтай Вү Еэ Тин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг уриад, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр орны хувьд шударга ёсыг бэхжүүлж, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэх хүрээнд олон талт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэн хэлэв.


Уг уулзалтаар талууд Монгол Улс дахь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд авлига, хээл хахуулийн эсрэг үр нөлөөтэй тэмцэх оновчтой хэлбэрүүдийг нэвтрүүлэх, хянан шалгах, мөрдөн байцаах механизмыг чадавхжуулахад чиглэсэн олон улсын туршлагаас санал солилцож, хамтран ажиллахаар тогтов. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, авлигын гэмт хэргийг таслан зогсоохын тулд системийн өөрчлөлтийг цогцоор нь харах хэрэгтэй хэмээн тодотгож, нийгмийн бүх түвшинд хууль дээдлэх ёсыг бататгаж, нэгдмэл хандлагыг төлөвшүүлэх нь нэн чухал гэж дурдлаа. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс хариуцсан захирал, хатагтай Вү Еэ Тин, Монгол Улсын ардчиллын замнал богино хугацаанд онцлохуйц амжилттай явааг сайшаахын зэрэгцээ гадаад, дотоод хүчин зүйлсээс улбаалсан сорилт, бэрхшээлтэй тулгарч буй энэ цагт өөрсдийн туршлагад тулгуурлан техник, арга зүйн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Шуурхай хариу арга хэмжээний сан (RRF)”-гийн Монгол Улсад хийх үнэлгээний ажлын багийг ахалж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны зорилтуудад хүрэхэд олон улсын жишиг хөтөлбөр, дэвшилтэт практикийн хүрээнд бүх талаар хамтран ажиллана хэмээн онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл