Цэс

Холбоо барих

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шижлүүллээ


Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.10) нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэлж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцжээ. Энэ үеэр төслийн үг хэллэгийг хууль зүйн техникт нийцүүлэн жигдлэх, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс байхаар зарчмын зөрүүтэй 3 саналыг гишүүн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар хэсэгт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулж, тус сан нь  архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс санхүүждэг байна. Эрүүл мэндийг дэмжих санд жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуваарилан, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад баталдаг байна. Энэ төсвийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжих эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандан судалгааны ажилд зарцуулдаг гэв. Цаашид тус сангийн үйлчлэх хүрээг өргөтгөн Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 өвчнийг оношлох, эмчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх,  нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Мөн зайлшгүй шаардлагаар буюу дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс орнуудад эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлынх нь таван хувийг  буцаан олгодог. Дотоодод оношилж, эмчилж чадахгүй атлаа гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж байгаа иргэдийнхээ эмчилгээний зардлын таван хувийг л буцаан олгож байгаа нь маш бага хэмжээ. Иймд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, үүнийг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдүүлэх үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байна.


Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа онцлов.

Төсвийн байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат, Н.Ганибал, Б.Бейсен, Х.Ганхуяг нар асуулт асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс орнуудад эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэгийг ямар шалгуураар олгох талаар тодруулсан гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд хариулт өгсөн. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд холбогдох журмыг Засгийн газар батлах бөгөөд энэ журамд дэмжлэгт хамрагдах шалгуур, нөхцөл зэргийг тодорхой тусгана гэв. Урьдчилсан тооцоогоор магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадаадад эмчлүүлсэн насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгох боломжтой гэдэг хариултыг өгч байв.


Орчин үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжийг шинээр нэвтрүүлэх,  нутагшуулах үйл ажиллагааны зэрэгцээ түүнтэй ажиллах эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, гадаад улс орнуудын мэргэжлийн багийг урьж ажиллуулах, туршлага судлах боломжоор хангах чиглэлд зарцуулах шаардлагатай гэдгийг санал болгож, холбогдох баримт, мэдээллүүдийг дурдаж байлаа. Асуулт, хариулт дууссаны дараа хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа нар Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.



Гишүүд үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 63.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.


Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны арван нэгдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хорооны 2023 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.


Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тус төслийн хэлэлцүүлгээс завсарлага авах хүсэлтэй байгааг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн 2 цагийн завсарлага өгч байгааг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар мэдэгдэв.

Нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.


Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор шаардлагатай бол холбогдох хуульд тогтоолын төслийг боловсруулах санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан 2023 оны арван нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна.

Малчин, мал бүхий этгээд бэлтгэсэн үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10.000 төгрөгийн урамшуулал олгох зохицуулалтыг нэмж тусгахаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргажээ. Эл саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Туваан, С.Батболд. Б.Пүрэвдорж нар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тогтоолын төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэн гэв. Улсын Их Хурлын 2011 оны холбогдох тогтоол дахь зохицуулалтуудыг илүү нарийвчилж, тодорхой болгож байгаа гэдэг тайлбарыг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өгөв. Төслөөр сарлагийн хөөвөрт урамшуулал олгох зохицуулалтыг нэмсэн бөгөөд 360 мянган тонн хөөврийг боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал бий ч үүний 20-30 хувийг л ашиглах түүхий эдийг өнөөдөр нийлүүлдэг байна. Тиймээс төр үүн дээр зохицуулалт хийж, бодлогын дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг дэмжих нь зүйтэй хэмээн үзжээ. Засгийн газар төсвийн төсөлд энэ арга хэмжээг тусгасан байсан бөгөөд эрх зүйн холбогдох зохицуулалтыг хийх шаардлагатай байсан тул Төсвийн байнгын хороо шийдвэрлэж, төслийг боловсруулсан байна.

Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихээр төрөөс урамшуулал олгодог тогтолцоо нь олон улсад байдаг жишиг гэдгийг Ц.Туваан гишүүн хэлээд, харин урамшуулалд хамрагдах нөхцөлийг маш тодорхой болгож, тогтвортой олгодог байх шаардлагын талаар санал хэлсэн юм. Малчид төрөөс олгож буй урамшууллын санхүүжилтээр эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх зохицуулалтыг хийх боломжтой гээд тодорхой жишээ дурдаж, саналууд гаргаж байлаа. Холбогдох хуулийг баталсан бөгөөд аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчид төрөөс олгож буй урамшууллаас нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тооцуулах боломжтой болсон гэдэг хариултыг Г.Тэмүүлэн дарга өгөв. Ирэх жилийн төсвийн төсөлд 78 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарын урамшуулалд төлөвлөсөн байгааг онцлон дурдаад, дэмжиж байгаагаа Ц.Туваан гишүүн хэлж байлаа.


Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын дагуу ирүүлсэн нийтийн өргөдлийн үр дүнд үндэслэж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, татварын орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Төсвийн байнгын хороонд даалгах агуулгыг тусгажээ. Төслийн тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Г.Тэмүүлэн гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Төсвийн байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Баттөмөр нар асуулт асууж, Г.Тэмүүлэн даргаас хариулт, тайлбар авсан юм. Үндсэн хуульдаа Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэхдээ хуулиар тогтоосон хүрээ, хязгаартай байхаар тусгасан байдаг. Иймд иргэдээс хууль тогтоомжийн талаар цахимаар санал авахдаа тодорхой хүрээ, хязгаартай байх нь зохистой гэдэг саналыг С.Чинзориг гишүүн тайлбарлаад, энэ талаар Байнгын хорооны даргаас тодрууллаа. Иргэд хууль санаачлахгүй, харин хууль тогтоох үйл явцад оролцож, нийтийн өргөдөл гаргах байдлаар санал дэвшүүлж байгаа гэдэг тайлбарыг Г.Тэмүүлэн гишүүн хэлээд хууль тогтоох үйл ажиллагаа нээлттэй, иргэдийн оролцоог хангаж буй дэвшил гэдэг тайлбарыг хэллээ. Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж заасан байдгийг тэрбээр дурдав. Иймд иргэдийн оролцоог хангах энэ зохицуулалтын өргөдөл гаргаж, санал ирүүлснийг нь судлан, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хууль санаачлах эсэхээ шийдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар Улсын Их Хуралд нийтийн хоёр өргөдөл ирсэн байгаа гэлээ. “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон  нэмэгдүүлэх” өргөдлийг 100.00 иргэн цахимаар дэмжин, аравдугаар сарын 23-нд ирсэн бол “НДШ болоод ХХОАТ-ын ын шимтгэлийг бууруулах” нийтийн өргөдлийг арван нэгдүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Иймд Улсын Их Хурал хууль санаачлагчийн хувиар иргэдийн өргөдлийг хүлээн авч, судлах, мэргэжлийн зүгээс тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, бодлогын шийдвэрийг гаргах юм. Иймд Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн тул холбогдох тогтоолын төслийг боловсруулаад хэлэлцүүлж байгаа гэдэг тайлбарыг өгсөн.


Ийнхүү “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл