Ерөнхий хяналтын сонсголын сэдэв: Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх хяналтын сонсгол
Хаана, хэзээ: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулагдсан.
Хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Цэрэнжамцын Мөнхцэцэг даргалав.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хууль зүйн байнгын хорооны “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх” Улсын Их Хурлын хяналтын сонсгол эхэлж байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу зохион байгуулж байгаа хүний эрх, эрх чөлөөтэй хангах, хамгаалахтай холбоотой хяналтын сонсголд оролцогч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Өнөөдрийн сонсголд Хууль зүйн байнгын хорооны нийт 19 гишүүнээс долоон гишүүн ирсэн тул сонсголыг нээж байна. Та бүхэнд хяналтын сонсголд оролцогчдын ирцийг танилцуулъя. Сонсголд нийт 10 ажиглагч, хүний эрхийг хангахтай холбоотой төрийн байгууллагуудын төлөөлөл 43 оролцогч, мөн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл 32 оролцогч, нийт 85 оролцогч хүрэлцэн ирсэн байна.
Сонсголын хүрээнд бид сүүлийн үед Монгол Улсад тулгамдсан хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд, хүүхдийн сургууль-гэр хоорондох замд амь нас эрсэдсэн асуудлууд, Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн орчин ямар байгаа болон үүнийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын оролцоо хэр байгаа, УИХ-аар удахгүй хэлэлцэх Хүүхэд хамгааллын хуульд оруулах иргэд, олон нийтийн байгууллага, хүний эрхийн зүтгэлтнүүдийн саналыг сонсох гэсэн асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Энэ асуудал маань нэлээн өргөн хүрээтэй, тулгамдсан асуудал байгаа учраас сонсголд оролцогч төрийн байгууллагууд, иргэдийн нийгмийн байгууллагууд, иргэд та бүхний өгсөн санал, зөвлөмжүүдийг үндэслээд Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо санал, дүгнэлт гаргана. Энэхүү санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд тогтоол гаргаж, тодорхой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудыг гаргах юм.
Өнөөдрийн хяналтын сонсголыг Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн төлөөллийг заавал оролцуулна” гэж заасны дагуу МҮОНРТ олон нийтэд шууд дамжуулж байна.
Та бүхэнд өнөөдрийн сонсголын дэгийг танилцуулъя. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилгоор хяналтын сонсгол явуулна” гэж, мөн зүйлийн 26.4-т “Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүний санаачилснаар хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулж болно.” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүнээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн УИХ-03/7749 дүгээр албан бичгээр, мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар хяналтын сонсгол явуулах тухай мөн өдрийн УИХ-03/7750 дугаар албан бичгээр тус тус хүсэлт гаргаж УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Энэхүү хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 11 дүгээр тогтоолоор хяналтын сонсголыг зохион байгуулах товыг тогтоож, мөн миний биеийг Сонсгол даргалагчаар сонгож томилсон болно.
Нийтийн сонсголын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “нийтийн сонсгол” гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ гэж томьёолсон байна.
Иймээс өнөөдрийн сонсголд оролцож байгаа та бүхэн зөвхөн хуульд заасан дэг, журмыг сахин оролцохыг хүсч байна. Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь олон нийтийн оролцоотой явагддаг хэлэлцүүлэгтэй адилгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасан журмаар явагддаг болохыг сонсгол эхлэхийн өмнө онцгойлон анхааруулж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч сонсголын үеэр сонсгол даргалагч, гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй бөгөөд Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан. Та бүхэнд Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Сонсголд оролцогчийн эрх, үүргийг уншиж танилцуулъя.
15.1.Сонсголд оролцогч дараах ЭРХ эдэлнэ:
15.1.1.энэ хууль болон холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу асуултад хариулах, тайлбар, санал хэлэх;
15.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах, өөрийн хэлсэн санал, тайлбарыг хянах;
15.1.3.сонсгол зохион байгуулагч болон даргалагчаас тэнцвэртэй, хүндэтгэлтэй хандахыг шаардах;
15.1.4.холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх эдлэх.
15.2.Сонсголд оролцогч дараах ҮҮРЭГ хүлээнэ:
15.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх;
15.2.2.сонсголын дэг сахих;
15.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
15.2.4.сонсголд үнэн зөв мэдүүлэх, бодитой дүгнэлт өгөх;
15.2.5.холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүрэг хүлээх.
15.3.Сонсголд оролцогч нь сонсголын явцад бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, яриаг нь таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно гэж тус тус заасан.
Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу оролцогчид сонсголын үеэр хуралдаан даргалагч болон бусад оролцогчоос асуулт асуухгүй, 18.2-т Сонсголын асуулттай холбогдуулан бичгээр ирсэн санал хүсэлт, мэдээллийг уншиж танилцуулан тэмдэглэлд тусгаж болно. 18.6-д “Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд холбогдох албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д “Гэрч, шинжээч, сонсголд оролцогч, ажиглагч, бусад хүн сонсголын дэг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.
Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Сонсгол даргалагч нь сонсголын асуулт, хариулт, тайлбар, санал, мэдээлэл нь сонсголын сэдэвт хамааралгүй, ялгаварлан гадуурхсан, доромжилсон үг хэллэг хэрэглэсэн бол таслан зогсоох, сонсголын дэг зөрчсөн, зохисгүй үйлдэл гаргасан оролцогчид сануулах, зайлшгүй шаардлагатай бол үг хэлэх эрхийг хасах, сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авах эрхтэй болохыг сануулж байна.
Мөн тус хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор өнөөдрийн сонсголыг МҮОНРТ-ээр дохионы хэлмэрчтэй явуулж байгааг хэлэх нь зүйтэй байна.
Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол бол мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болоход чиглэгдэх учиртайг та бүхэнд дахин хэлье.
Одоо та бүхэнд сонсголын хөтөлбөр, дарааллыг танилцуулъя.
НЭГДҮГЭЭРТ: Илтгэл, мэдээлэл сонсох чиглэлээр:
1.“Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” сэдвээр Монгол Улсын ХЭҮК-ын дүгнэлтийг комиссын гишүүн Х.Мөнхзул;
2. “Хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Отгонтэнгэр Их сургуулийн багш, Р.Очирбал;
3. “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт” сэдвээр ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан танилцуулна.
Энэ өдрүүдэд Монгол Улсын 2024 оны төсөв хэлэлцэж байгаа. Бүх Байнгын хороо болон төсвийн холбогдох ажлын хэсгүүд ажиллаж байгаа учраас гишүүд маань үг хэлэх, асуулт асуух явцдаа давхар Байнгын хороонд ажиллаж байгааг та бүхэн ойлгоорой. Ингээд үндсэн 3 илтгэл тус бүр 10-15 минутын хугацаатай тавигдана. Мөн сонсголд оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүдийн болон олон нийтийн мэдэх эрхийг хангах чиглэлийг баримталж сонсголыг явуулах болно.
ХОЁРДУГААРТ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.5-д зааснаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууна. Гишүүдийн асуулт асууж, хариулт авах хугацаа тус бүр 20 хүртэл минут байна. Энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно;
ГУРАВДУГААРТ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.4-т заасны дагуу сонсголд оролцогчдоос бичгээр ирүүлсэн 2 мэдээллийг тус бүр 10 хүртэл минутад багтаан сонсоно.
ДӨРӨВДҮГЭЭРТ: Сонсголд оролцогчид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.4-т заасны дагуу санал, дүгнэлтээ тус бүр 5 минутад багтаан хэлнэ.
ТАВДУГААРТ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.6-д зааснаар Улсын Их Хурлын гишүүд 5 минутад багтаан үг хэлж болно.
Ийнхүү гишүүд үг хэлснээр өнөөдрийн хяналтын сонсгол өндөрлөх юм. Өнөөдрийн Сонсголоор дараах 3 илтгэл, оролцогчдоос бичгээр ирүүлсэн 2 санал, мэдээллийг сонсож эхлүүлье.
Ингээд эхний илтгэл, мэдээллийг сонсъё.
“Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” сэдвээр Монгол Улсын ХЭҮК-ын дүгнэлтийг комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулна. Илтгэгчийг индэрт урьж байна.
ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэ илтгэлийг манай хүүхдийн эрхийг хариуцсан гишүүн Ж.Хунан танилцуулахаар боловсруулсан байсан. Ар гэрт асуудал гарсан учраас миний бие танилцуулж байна.
“Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” гэсэн энэ илтгэлийг өмнө бид УИХ-аар хэлэлцүүлсэн. Мөн ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалтын хүрээнд Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байна вэ гэдэг асуудлыг гаргаж тавьж байна. Дэлхий нийт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудалд онцгойлон анхаарч, нийгэм, эдийн засаг, хүний амьдралд шинэ тутамд үүсэж буй хэрэгцээ шаардлага нөхцөл байдалтай уялдуулан хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх төрийн бодлого зохицуулалтаа шинэчлэн сайжруулсаар байна. Монгол Улсын хувьд Хүүхэд хамгааллын тухай хуулиар Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны хууль эрх зүйн хүрээг анх удаа үндэсний, орон нутгийн анхан шатны түвшинд тогтоож, хүүхэд хамгааллын асуудал, салбар бүрийн оролцоо, чиг үүргийг тодорхой хуульчилж хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгааг та бүхэн мэдэж байгаа. 2016 онд батлагдсан дээрх хуулиудаас хойш хүүхэд хамгааллын тогтолцоонд Хүүхдийн тусламжийн утас, Хамтарсан багт Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг олон үйлчилгээ үзүүлэгч талууд нэмэгдсэн нь сайшаалтай хэдий ч эдгээр талуудын хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааны нэгдмэл байдал хангалтгүй байна. Комисс 2020-2023 оны байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 388 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэж, 172 удаагийн хяналт шалгалт хийж, комиссын 8 зөвлөмж, 2 санал, комиссын гишүүний 21 зөвлөмж, 11 шаардлагыг эрх бүхий байгууллагуудад тус тус хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Комисст ирж буй гомдол мэдээллээс харахад хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох эрх, хүүхдийн халдашгүй чөлөөтэй байх болон аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, мэдээлэл авах зэрэг олон эрх зөрчигдөж байгаа гэх асуудлаарх өргөдөл, гомдол жилээс жилд нэмэгдэж байна.
Комисс нь Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хуралд өргөн барьж танилцуулдаг Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний байдлын 22 удаагийн илтгэлийн 15-д хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлыг хөндөж, холбогдох шийдвэрийг гаргуулж ирсэн. Өнөөдрийн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хяналтын сонсголд Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар сүүлийн 2 жилийн хугацаанд Комиссоос хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнд тулгуурлан 21, 22 дахь илтгэлд тусгагдсан хүүхэд хамгааллын тогтолцооны нэг хэсэг болох анхан шатанд хүүхдийн эрх хамгааллын үйлчилгээ үзүүлж буй хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны өнөөгийн нөхцөлд цаашид анхаарах асуудлын хүрээнд танилцуулж байна.
Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас 2015 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шинэчлэн баталсан байгаа. Энэ хуулиар анхан шатанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх, тусламж үйлчилгээг үзүүлэх чухал үүргийг хамтарсан багт хүлээлгэсэн. Энэ хамтарсан баг бол үйл ажиллагаагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч ХЭҮК-ын хяналт шалгалтаар хамтарсан багийн үйл ажиллагаа маш хангалтгүй. Хүүхэд, гэр бүлийн болон нийгмийн бусад орчинд хүчирхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, илрүүлэх, шалгах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын үнэлгээ хийх эрх нь хөндөгдсөн үед нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг анхан шатанд үзүүлж байгаа хэдий ч энэ үйл ажиллагаа нь хангалтгүй, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээг зөвхөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, холбон зуучлах гэсэн хүрээгээр хязгаарлаж байгаа нь энэ хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзэж байна. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 678 нийгмийн ажилтан ажиллаж байгаагаас 419 нь буюу 62 хувь нь мэргэжлийн бус хүн байгаагаас гадна эдгээр ажилтан тогтвортой ажилладаггүй, ажлын ачаалал ихтэй буюу хамтарсан багийн үйл ажиллагааны 80-90 хувийг дангаар гүйцэтгэдэг, нийгмийн ажилтны ажлын байрны баталгаа сул, урамшуулал олгодоггүй зэргээс шалтгаалан мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орж байна. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд орж буй байгууллагуудын уялдаа холбоо муу, харилцан мэдээлэл солилцох байдал хангалтгүй, харьяалах шатны албан тушаалтан хамтарсан багт орж буй гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих явдал дутмаг байна.
Хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг бүх шатны Засаг дарга төсөвт тусгуулах саналыг ИТХ-д өргөн мэдүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгцээт зүйлсээр хангах үүргээ хангалтгүй биелүүлж байна. Нөгөө талаар ИТХ-аас Засаг даргын оруулсан саналыг дэмждэггүй тохиолдлууд ч цөөнгүй байна.
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүйн зэргийн үнэлгээ болон нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлдэг Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн тоо жилээс дээш нэмэгдэж, 2020 онд 3630, 2021 онд 4573 болсон нь өмнөх оноос 25,9 хувиар өссөн байна. Хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс өөрийгөө хамгаалах, чадавхжуулах, хөгжүүлэх, хямралын үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгдэж байгаа орчноос хохирогчийг тусгаарлан байрлуулж, хоол хүнс, ариун цэврийн хэрэгслээр хангах зэрэг үйлчилгээг аргацаах байдлаар явуулж байна. Байрны нөхцөл байдал, үйл ажиллагаа нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь хохирогчийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангахад ноцтой үр дагаварт хүргэж болохоор байна. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоон үзүүлэлтээ үйлчилгээний төрлөөр нарийвчлан гаргадаггүй тул тоон мэдээлэл бүрэн хэмжээнд, үнэн бодитой гаргах боломж бүрдээгүй байна. Зарим газруудад үйлчлүүлэгчдийн хүйсийн мэдээлэл ч гарахгүй тохиолдол гарсан байна. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн чадавх сул, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан цогц үйлчилгээг 24 цагаар 7 хоногийн өдөр бүр тасралтгүй үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, орон тоо бүрэн хангагдаагүй байна. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв нь нийт 111 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд албан хаагчдын зөвхөн 22 хувь нь мэргэжлийн нийгмийн ажилтан байна. Ихэнх түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв нь мэргэшсэн хүний нөөцгүй, орон тооны ажилтангүй гэрээт ажилтан ажиллуулж байна.
Комисс 2020-2023 онд аймаг, нийслэлийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үзүүлж буй үйлчилгээнд хяналт тавих зорилгоор нийт 21 аймаг, 4 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үр дүнг Монгол Улсын хүний эрх чөлөөний 22 дахь илтгэлд тусган Улсын Их Хуралд танилцуулсан. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь хүүхэд хамгааллын чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх явцад тулгарч байсан асуудал, бэрхшээл, зохицуулалтын тодорхойгүй байдлыг засаж, тус хорооны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор журмыг 2021 онд шинэчлэн баталсан боловч Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын мэргэжилтний ажлын ачаалал их, цалин бага, хороодын гишүүдэд хариуцлага тооцох механизм байхгүй, гишүүдийн идэвх оролцоо хангалтгүй, салбар хоорондын хамтын ажиллагаа муу, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт хангалтгүй байна.
Тус хорооны бүрэлдэхүүнд ажилладаг байгууллага бүрийн хүлээх чиг үүрэг тодорхой байгаа хэдий ч Хорооны жилийн төлөвлөгөө болон байгууллагуудын төлөвлөгөөнд бүрэн тусгагдаагүй байгаагаас Хорооны үйл ажиллагааны тайлан мэдээлэл нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны тайлан хэлбэрээр гарч байна.
Хүүхэд хамгааллын тухай хуульд ИТХ, Засаг дарга хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил үйлчилгээний зардал, нийгмийн ажилтны урамшууллыг улс болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлнэ гэж заасан хэдий ч ХЭҮК-ын хяналт шалгалтын явцад зарим аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан ч ямар ч төсөв тусгагдаагүй, төсөв хөрөнгө шийдвэрлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авагдаагүй байна. Мөн тус хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд гишүүн хуралдаандаа биечлэн оролцох үүрэгтэй ч тус хорооны Ажлын хороо албаны хорооноос гаргасан хуралдааны ирц, идэвх сул, ялангуяа шүүх, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар хуралдаа биечлэн оролцдоггүй, төлөөлөл оролцуулах тохиолдол нийтлэг байна.
Мөн гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх байдал салбар хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбоо хангалтгүй байгааг илтгэж байна. Тус хорооны гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийг нөхөн сэргээх үйлчилгээ, гэмт хэргийн хохирогч хүүхдийг дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх, ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажиллахад эмэгтэй албан хаагчийн хүрэлцээгүй, хүүхэд хохирсон тохиолдолд гэмт хэргийн боломжит хамгийн богино хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах тусам хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, мэдүүлгээ олон дахин өгч давхар хохирох, гэр бүлийн нөлөөнд автаж мэдүүлгээсээ татгалзахад хүргэж байгаа байдалд ч онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эрхийн чиглэлд мэргэшсэн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, тогтвортой ажиллах хөшүүрэг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн бус, Олон улсын байгууллагын зохион байгуулсан хүүхдийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд олон нийт нийтийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг ойлголт дээшилж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих, мэдээлэх, хариуцлага шаардах хандлага, дадал нэмэгдэж байгаа нь сайшаалтай байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөн цахим технологи хөгжихийн хэрээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн мөлжлөгийн хэлбэрүүд өөрчлөгдөн таньж илрүүлэхэд бэрхшээлтэй болж, шинэ хэлбэрүүд үүсэж бий болж байна. Иймээс хүүхэд хамгааллын тогтолцооны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
1.Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар бий болгосон хохирогч хамгааллын бүтэц, тогтолцооны зураглалыг харилцан уялдаатайгаар гаргаж, байгууллагуудын чиг үүргийн давхцалыг арилгаж, уялдаа холбоог хангах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна;
2.Хамтарсан багийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүргийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад хариуцуулах;
3.Сум, багуудад гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тусгайлан бий болгох, эсхүл нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх шаардлагатай байна. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сайн дурын хөтөлбөрийг үр дүнтэй эхлүүлэх, ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлэх;
4.Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны стандартыг батлан гаргах, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг хуулиар тогтоосон тус бүрийн чиг үүргийн дагуу ажиллуулах шаардлагатай байна.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг сайжруулах чиглэлд:
1) Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт нарийвчлан тусгадаг болох;
2) Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.4.8-д заасан төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлдэг болох;
3) Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны этгээдэд хэрхэн хяналт тавих, суурь боловсрол эзэмших эрхийг нь хэрхэн хангах, хүүхэд хамгааллын бусад байгууллагатай хамтран ажиллах горимыг тодорхой болгох;
4) Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг гэмт хэрэгт холбогдсон гэрч, хохирогч хүүхдийн ар гэртэй ажиллах хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр гарч байгаа шийдвэр, комиссын гишүүний зөвлөмж…/цаг дууссан/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулын дүгнэлт, илтгэлд баярлалаа. Дараагийн илтгэгч Отгонтэнгэр Их сургуулийн багш, доктор Р.Очирбал “Хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр илтгэлээ та бүхэнд танилцуулна. Р.Очирбал докторыг урьж байна.
Отгонтэнгэр Их сургуулийн багш, доктор Р.Очирбал: Сонсголд оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Отгонтэнгэр Их сургуулийн багш Р.Очирбал гэж хүн байна. Өнөөдрийн гол хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан болон миний бие хамтарч “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал, шийдэл” гэсэн судалгаа гаргасан. Судалгааны тайлантай холбоотойгоор хүүхдийн эрхийн асуудлуудыг та бүхэнд онцгойлон танилцуулъя. Та бүхэнд илтгэл тараагдсан байгаа учраас маш товч яриад, шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илүү түлхүү ярья.
Миний яриад байгаа судалгааны тайлан ийм гарчиг, хавтастай байгаа, Та бүхэн уншсан байх гэж найдаж байна. Үндсэндээ 5 бүлэгтэй. Бүлгийн эрх гэсэн 4 дүгээр бүлэг дотор хүүхдийн эрхийн талаар тусгайлан авч үзсэн. Дээрээс нь 3 дугаар бүлгийн эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэсэн хэсэг дээр хөдөлмөрлөх эрх хэсэгт хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал, зохистой хоол хүнсээр хангагдах эрхийн асуудал дээр яг хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан авч үзээгүй. Онцгойлон хэлэхэд ер нь яг энэ хоол хүнс, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор хүүхдийн эрхийн талаас нь судалсан судалгаа манай Монгол Улсад олдоогүй. Тэгэхээр тайлангийн зохистой хоол хүнсээр хангагдах эрх дээр асуудал өрнөсөн үндэсний аюулгүй байдлын түвшинд хүртэл яригдахуйц УАБЗ-өөс хийсэн судалгаа ч байсан. Гэвч яг хүүхдийн эрхэд энэ нь яаж нөлөөлж байгаа юм гэдэг судалгаа олдоогүй. Цаашид энэ чиглэлээр ажиллах ёстой байх.
2 дугаарт, сурч боловсрох эрхийн хүрээнд хүүхдийн сурч боловсрох эрхийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам нь юу байх вэ гэдгийг бас нэлээдгүй бичихийг зорьсон. Энэ дотроо ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, эдийн засаг нийгмийн маржиналагдсан бүлгийн эрхийн асуудлууд, түүн дотроо үндэсний цөөнх, малчин өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, шилжин суурьшигч өрх болоод түүнд амьдран суугаа хүүхдийн эрх, сүм хийдэд шавилан суугаа хүүхэд, төрийн бус өмчийн боловсролын байгууллагад суралцагчтай холбоотой асуудал, онц болон гамшгийн нөхцөл байдалд хүүхдийн сурч боловсрох эрхийг хэрхэн баталгаатай хангах тухай асуудал, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийн асуудлыг тухайлан энэ дээр хөндсөн байгаа. Дараагаар нь шаардлагад нийцсэн орон байртай байх эрх. Дашрамд хэлэхэд яг одоогоор хийсэн судалгаанууд дээр ялангуяа хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөртэй холбоотойгоор амжилтгүй хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн цаана хэчнээн хүүхэд хохирсон байгаа вэ гэдэг үндэсний хэмжээний судалгаа байхгүй. Зарим нэгэн бүлэгчилсэн судалгаа бол байдаг.
Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал дээр бас судалгаа хийгдсэн. Ялангуяа энд агаарын бохирдлын асуудал дээр эх болоод хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа талаарх харьцангуй тоон мэдээ бол байсан. Ялангуяа Олон улсын байгууллага, олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудын хамтарсан багийн судалгаагаар нэлээд сэтгэл эмзэглүүштэй тоо баримт гарсан.
Харин хөрсний бохирдол, усны бохирдол, цаашлаад уул уурхайн бизнес, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүүхдийн эрхийн асуудлыг дорвитой судалсан судалгаа, ер нь дорвитой гэлтгүй энэ чиглэлээр хийгдэж байгаа судалгаа байхгүй, хангалтгүй байна. Бид бүгд ярьж байгаа хөрсний бохирдол, усны бохирдол байна. Энэ нь өөрөө агаарын бохирдол шиг шууд бидний нүдэнд харагддаггүй боловч хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд яаж нөлөөлж байгаа юм. Жишээлбэл, жил бүр хорт хавдрын өвчлөлөөр шинээр өвдөж байгаа өвчтөнөөс ялангуяа хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнд эдгээр бохирдлууд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг дээр хүлээн зөвшөөрөгдөхүйц тоон судалгаа, мэдээлэл, тайлан манай улсад маш хангалтгүй байгаа. Эрүүл мэндийн эрхийн асуудал бол бүр онцгойлон анхаарууштай асуудал. Ялангуяа халдварт болон халдварт бус өвчлөл, нас баралт, ялангуяа хүүхдийн амиа хорлолтын хувь хэмжээ, сэтгэцийн эрүүл мэндийн байдал бол дэлхийн түвшинд онц түвшиндээ хүрч байгааг зарим судалгаануудад бичсэн байгаа. Таргалалт болон жингийн илүүдэл, шим тэжээлийн дутлын асуудлыг бас судалгаанд авч үзсэн байгаа. Маш товчоор зарим нэгэн мэдээллүүдийг авч үзье. 2021 онд хийсэн судалгааны тайлангаас хүүхдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төрийн бодлогын түвшинд анхаарахуйц байдалтай байна гэдгийг тоон мэдээгээр гаргаж ирж, нийт 5-17 насны 852 мянган хүүхэд байгаагаас эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 5-17 насны хүүхэд 207 мянга гаруй, хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 138 мянгааас дээш, тэр дотроо аюултай ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 58183 гэсэн тоон мэдээ гарсан байна. Энэ судалгааны тайлангаас нь авч үзвэл 5 хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд, мөн 5 хүүхэд тутмын 2 нь аюултай хөдөлмөр эрхэлж байна. Аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн эзлэх хувь дотор хөвгүүд байгаа нь жендэрийн асуудлыг эргэж харахуйц ийм нөхцөл байдлыг бий болгож байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2007 онд хийсэн 270 хүүхдийг хамруулсан судалгаагаар орон гэрээсээ гадуур байгаа хүүхдүүд буюу хамгаалахуйц хүүхдийн тоо их байна гэж гаргасан. Харамсалтай нь 2007 оноос хойш энэ төрлийн судалгаа хийгдээгүй. Сурч боловсрох эрхийн асуудал дээр хүрэлцээтэй, хүртээмжтэй байх, ялангуяа боловсрол нь тухайн нөхцөл байдалдаа уян хатан тохирсон байх гэдэг шалгуур үзүүлэлтийн асуудлыг энд яриад илүүц байх. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Цэцэрлэгийн 51, сургуулийн 27 барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг нь мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоогдсон. 42 цэцэрлэгийн байшин 50-аас дээш жилийн насжилттай, 37 цэцэрлэгийн барилга 36-аас 49 жилийн насжилттай гэсэн судалгаа гаргасны зэрэгцээ 2019-2020 онд нийслэлд шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгын доторх агаарын чанарыг 80 сорьцоос авахад 16-д нь формалдегид, өөр 16 сургууль, цэцэрлэгийн барилгад бензол ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн байгааг 2021 оны судалгаанд гаргасан байна.
Боловсролын орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал, ялангуяа боловсролын дэд бүтцийн хүртээмжгүй байдал алдагдсан асуудал судалгаанд нэлээд анхаарах шаардлагатай байсан. Мөн нийслэлийн алслагдсан дүүргүүдэд амьдарч байгаа хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ очихын тулд 7км зайд замын гэрэлтүүлэг, нийтийн тээвэр, үйлчилгээ байхгүй газарт явган явж байгаа нь албан болон албан бус үйлчилгээ боловсролын хүртээмжийг бууруулж байна гэсэн судалгаа гарсан. Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх дотор нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх байна. Үүний цаана хэдэн хүүхэд байгаа гэдэг судалгаа алга байна. Хөгжлийн төсөл хөтөлбөрийн улмаас хэн ч орон гэргүй болох эрсдэлд орох ёсгүй. Гэвч нийслэл хотын хэмжээнд хурдацтай явагдаж байгаа хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн улмаас хэчнээн хүүхэд орон байргүй болсон бэ гэдэг судалгаа алга. БЗД-ийн 4 дүгээр хорооны Сансар хотхоны жишээн дээр авч үзэхэд 85 өрхийн 500 гаруй иргэн 10 жилийн хугацаанд төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэний улмаас орон гэргүй амьдарч байгаа. Энэ дотроос 2017 оны тоогоор 104 хүүхэд орон гэргүй болсон. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенцоор хамгаалагдсан хүүхдийн орон байртай байх эрх ноцтой зөрчигдөж байгааг энэ тайлангаас харж болно.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, агаарын бохирдлын асуудал дээр зарим нэгэн тоо баримт байгаа. 2015 онд нийт 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан гэсэн тоо баримт байна. Үүнээс хойш хэчнээн хүүхдийг бид агаарын бохирдлын улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлэв гэдэг тоо баримт алга.
Бид нүдэнд харагдаж байгаа осол аваар эсвэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг ярьдаг ч энэ мэтчилэн орон нутгуудад, нийслэлд нүүрлээд байгаа нөхцөл байдлын улмаас хүүхдийн эрх яаж зөрчигдөж байгаа гэдэг асуудал дээр онцгойлон анхаарал хандуулахгүй байна гэж үзэж байна. 2011 онд амбулаториор зөвхөн амьсгалын замын үрэвсэлтэй холбоотойгоор үйлчлүүлж байсан хүний тоо 903 байсан бол 2019 онд энэ тоо 1961 болтлоо нэмэгджээ. Эрүүл мэндийн эрхийн асуудал, ялангуяа халдварт өвчний тухайд жилд 113 хүүхэд шинээр хавдрын өвчлөлтэй гэж оношлогдож байна. 2020 онд 0-19 насны 52 хүүхэд хорт хавдрын улмаас нас баржээ. Жил бүр дунджаар 400 хүүхэд сүрьеэгийн өвчлөлөөр дахин өвчилж байна. Ялангуяа нас баралт осол гэмтэл, зам тээврийн ослын улмаас 2020 онд 487 хүн нас барсан. 15 хүртэлх насны хүүхэд 14,8 хувийг, 15-29 насныхан 18,1 хувийг эзэлж байна. Энэ бол Ази, Номхон далайн улс орнуудын эрэмбээр манайх 7-д жагсаж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 473 хүн амиа хорлож байгаагийн нэлээдгүй хувийг өсвөр насныхан, энэ дотроо 2012-2016 онд 10-25 насны 650 хүн амиа хорлосны дотор 78 тохиолдол нь 10-14 насны хүүхдүүд байна. 2003 онд 10-14 насны амиа хорлолт нь энэ насны нас баралтын 3,3 хувийг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд нийт нас баралтын 11,6 хувийг эзэлж байна. Үүгээрээ бид нар Ази Номхон далайн бүс нутагтаа 5-д эрэмбэлэгдэж байна.
Таргалалт, жингийн илүүдэл, шим тэжээлийн дутлын асуудлыг та бүхэн эндээс хараарай. Хүүхдийн эрхийн хүчирхийлэл ялангуяа 2020 оны 3 дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн 279 гэмт хэргийн тохиолдлын 22 хувь нь хүүхэд байсан байна.
2019 онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 492 хүн хохирсны 51,4 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, эдгээрээс 50,6 хувь нь 14-17 насны хүүхэд, 39,9 хувийг 8-13 хүртэлх насны хүүхэд, 11,5 хувийг 7 хүртэлх насны хүүхэд эзэлж байна гэдэг бол хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй төрийн бодлогын хүрээнд нийгмийн тогтолцоондоо үр нөлөөтэй тэмцэх тухай асуудал яригдаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн талаарх дүн шинжилгээг УЕП-ын байгууллагын судалгааны хүрээлэнгээс 2021 онд хийсэн байна. Улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчил 2019 онд 1411 байсан бол 2020 онд энэ тоо 3215 болж нэмэгдсэн байна. Энэ дотроос нийслэлийн хэмжээнд, ялангуяа БЗД-т энэ төрлийн зөрчил нэлээд их байна. Аймгуудаас Булган аймаг нэлээд өндөр хувь хэмжээг эзэлж байгааг судалгааны тайлангаас та бүхэн харна уу.
Мөн морь унаач хүүхэд, хүүхдийн өмчийн эрхийг хамгаалах асуудал, ялангуяа иргэний эрх зүйн хамгаалалт, нотариат болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага ямар үүрэг хүлээх юм. Гомдол гаргах эрхийн хэрэгжилт, ер нь хүүхдүүд гомдол гаргах боломжтой юм уу. Энэ нь практикт хэрхэн хэрэгжиж байна, дээрээс нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хохирогч болсон хүүхдийн эрхийн хамгааллын асуудал уг судалгаанд дурдагдсан.
Цаашид онцгойлон анхаарах ёстой асуудлууд дээр 2017 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос манай тайланг хэлэлцээд, зөвлөмж өгсөн. Гэхдээ 2017 онд өгсөн зөвлөмж өнөөдөр ч гэсэн энэ индэр дээр хэлэхэд илүүдэхгүй зөвлөмжүүд байгаа.
Нэгдүгээрт, бид нарт хангалттай хууль, эрх зүйн тогтолцоо байна уу гэвэл байна. Зохистой байх асуудал дээр бид ярих ёстой. Гэхдээ ор мөр бидэнд хамгаалалт тогтолцоо бол байхгүй гэж хэлж болохгүй. Гол бэрхшээлтэй асуудлууд нь нийт нийгмийн салбартаа хүүхдийн эрхийг хамгаалахад зарцуулж байгаа санхүү, төрийн холбогдох байгууллагад өгч байгаа арга зүй, хүний нөөц хангалттай байна уу гэдэг асуудал. Дээрээс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос хүүхэдтэй холбоотой цогц бодлогыг хэрэгжүүлээч гэсэн. Та бүхэнд сая дурдсан энэ олон пресентацууд хүүхдийн эрхийг төрөлжүүлэн ярьж байгаа болов ч эдгээр төрөлжсөн эрх дотроо хооронд нь ямар харилцан хамаарал байгаа талаарх судалгаа байхгүй гэж хэлж болно. Үндсэндээ хүүхдийн нас баралтын түвшин нэмэгдэж байна гэж байгаа бол үүний шалтгаан нь юу юм, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөнтэй холбоотой юм уу, эсхүл эрүүл мэндийн эрх нь зөрчигдсөнтэй холбоотой юм уу, эрүүл мэндийн эрх зөрчигдсөн тохиолдолд уг сурвалж нь юу юм гэдэг ийм шинжлэх ухаанч ул суурьтай судалгаа, өөрөөр хэлбэл төрийн бодлогын хүрээнд зангитай цогц байдлыг боловсруулахад шаардлагатай дүн мэдээлэл, судалгаа, шинжилгээ манай улсад маш цөөн байна.
Найдаж болохуйц эх сурвалжууд нь ихэвчлэн Олон улсын байгууллагын судалгаанууд байгааг энд хэлэх нь зөв байх аа. Нөөцийн хуваарилалт хангалтгүй байгааг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо дурдаад, ялангуяа хүүхдийн эрхийн хандлагаар хийгдсэн үр дүнд чиглэсэн хөтөлбөрт суурилсан төсвийн менежментийн эрс шинэчилсэн тогтолцоог хийхийг Монгол Улсад зөвлөсөн зөвлөгөөг энэ индэр дээрээс, мөн нийт оролцогч нарт сануулмаар байна. Энэ төсөв нь өөрөө хуваарилалт, хүртээмж, үр ашиг, тэгш байдлыг хэрхэн хангаж байгаа эсэх талаарх ийм судалгаан дээр үндэслэсэн байх шаардлагатай. 2021 оны 12 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хүний эрхийн форумаар эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн панел хэлэлцүүлгээр гол асуудал хүний эрхийг хангахад чиглэсэн төсөв, татварын эрх зүйн орчин бодлого хүний эрхийн хандлагад нийцэж байна уу? Мөн олон нийтийн ялангуяа төсөв хэлэлцүүлэхэд хүүхэд, олон нийтийн төсвийн хэлэлцүүлэгт бодитойгоор оролцуулах, төрийн албан хаагчдын хариуцлагын механизмыг нэмэгдүүлэхэд төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх тухай асуудлыг мөн хороо онцолсон.
Мөн маш онцлууштай нэг зүйл бол мэдээлэл цуглуулах тогтолцоогоо НҮБ-ын судалгааны арга аргачлалд нийцүүлээч гэдэг ийм судалгаа гарсан. Бидэнд ерөнхий хүүхдийн эрхийн тоо баримт, судалгаа зарим тал дээрээ байна. Жишээлбэл, агаарын бохирдлын асуудал юм. Гэхдээ агаарын бохирдол дээрээ тусгайлаад гэр хорооллын айл өрхүүдийн хүүхдүүд, орон сууцад амьдарч байгаа хүүхдүүд, нийгмийн маржиналагдсан хэсгийн бүлгийн гээд цаашаа салбарлуулан явдаг тогтолцоо энэ дотор алга. Ялангуяа гудамжны нөхцөлд амьдран суугаа хүүхдүүдэд энэ нь яаж нөлөөлж байгаа юм гэдэг салбарласан судалгаа алга.
Дараагийн нэг гол асуудал бол 2023 оны 6 дугаар сард Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдсан. Хүний эрхийн хорооноос өгсөн зөвлөмж бол бизнесийн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаа ханган нийлүүлэлтийн сүлжээндээ хүүхдийн эрхийг хэрхэн яаж хангаж байгаа талаарх, өөрийн үйл ажиллагаа нь хэрхэн нөлөөлж байгаа талаарх нөлөөллийн судалгааг хийхгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд, дээрээс нь Улсын Их Хурал, Засгийн газар болон төрийн нэр хүнд бүхий албан тушаалтнууд морь унах, дээрээс нь архи, тамхи болоод бусад төрлийн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхдээ нийгмийн эрх ашгаас дээгүүрт өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагааг тавьж, ийм лобби үзүүлж байгааг Хүний эрхийн хороо тайландаа онцолсон.
Ингээд та бүхэнд хүүхдийн эрхийн асуудлыг цогц бодлогын хүрээнд, зөвхөн хүүхдийн осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс ангид байх эрхийн асуудлын хүрээнд нь биш нийгмийн бүхий л эрхийн хүрээнд уг сонсгол явагдах байх аа гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Чухал илтгэл тавьсан Р.Очирбал докторт баярлалаа. Дараагийн илтгэгчийг урьж байна. ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Монгол Улс дахь Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт” сэдвээр танилцуулна.
ЗГХЭГ, Хүний эрхийг хангах Үндэсний хороо Б.Болорсайхан: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
2005 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүдэн шүүх үйл ажиллагаа байна уу, үгүй юу гэдгийг нотлон баримтаар илрүүлэх зорилгоор нээлттэй хяналт шалгалтыг анх хийж байсан. Үүнээс хойш нээлттэй хяналт шалгалтын мөрөөр ХЭҮК-ын тайлан, дүгнэлт дээр үндэслээд анх удаа Улсын Их Хурал нэгдсэн чуулганаараа Монгол Улсад хүний эрхийн төлөв байдал, тэр дотроо эрүүдэн шүүхээс ангид байх эрх хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг нээлттэй хяналт шалгалтын мөрөөр танилцуулж байсан түүх байдаг. Энэ туршлагаар хавар ХНХЯ, ХЭҮК хамтраад Монгол Улс дахь хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт ямар байна вэ гэдгээр нээлттэй хяналт шалгалт хийсэн. Энэ нээлттэй хяналт шалгалтын хүрээнд яригдаж байгаа тайлан мэдээг та бүхэн эндээс дэлгэрэнгүйгээр авах бүрэн боломжтой.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан 3 чиглэлээр санал боловсруулахыг үүрэг болгосон байдаг. Энэ нь, энэ тогтолцоо яг ажиллаад байгаа юм уу, тогтолцоон дотор байгаа санхүүжилт чинь үр өгөөжтэй байж чадаж байгаа юм уу, цаашид бодлогын ямар алхам, арга хэмжээ байх ёстой юм бэ гэдгийг тодруулах даалгавар өгсөн байдаг. Тэгэхлээр энэ дээр холбогдох саналууд нь хамт байгаа. Та бүхэнд тарааж өгсөн энэ тайланг дэлгэрүүлээд уншвал 3 саналаас гадна яг энэ хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар холбогдох хууль маань хэрэгжиж байгаа юм уу, түүнтэйгээ уялдаж гарах ёстой дүрэм журам маань батлагдаж гарсан уу, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжсэн бэ. Мөн холбогдох хүүхэдтэй холбоотой стандарт хэрэгжиж чадаж байна уу гэдгийг багуудад хувааж нээлттэй хяналт шалгалтын хүрээнд ажилласан. Тэгэхлээр 2006 оноос хойш 2023 онд анх удаа сэдэвчилсэн нээлттэй хяналт шалгалтыг 17 жилийн дараа хийсэн гэж харж болно.
1 дүгээрт яригдаж байгаа зүйл юу гэхээр хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллаж байна уу, үгүй юу, хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллаж чадахгүй байгаа гэж дүгнэх юм бол яг юу болохгүй байгаа юм бэ гэдгийг хариулахыг зорьсон. Энд хүн дутаж байна уу, хөрөнгө нөөц дутаж байна уу, эсвэл хүмүүсийн чадавх болохгүй байна уу, нэг бол бид нарын угсарсан, зохион байгуулсан механизм маань өөрөө оновчтой ажиллаж чадахгүй, үр нөлөөгүй байв уу гэдгийг харах асуудал гарч ирж байна. Энд яг хүүхэдтэй тулж ажилладаг, хүүхэд хамгааллын тогтолцоон дотор ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг аваад үзэхэд сонгуулиас сонгуулийн хооронд хамгийн түрүүн халах магадлалтай, халдаг. Тиймээс хүүхэдтэйгээ тулж ажиллахад мэргэших боломж байхгүй, тогтвортой карьераа мөрдөх, хэрэгжүүлэх боломж байхгүй гэсэн дүр зураг гарч ирсэн.
Ялангуяа өнөөдрийн байгаа түвшинд нийгмийн ажилтныг хэрхэн ажиллуулж байгааг авч үзвэл яг өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаас гадна өөр бусад чиглэлийн ажлуудыг хийж, ажлын ачаалал үүсгэдэг. Үүнээс шалтгаалан тогтвортой ажиллах боломжгүй, ажлаа орхиж байгаа дүр зураг гарч байгаа юм. Яагаад нийгмийн ажлыг онцолж байгаа вэ гэвэл, нийгмийн ажил гэдэг бол хуульч, багш, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтантай адилхан хүн, өөрийнхөө амьдралд тохиолдсон асуудлыг ямар нэгэн эргэлзээгүйгээр очиж ярьж асуудал шийдэл эрэлхийлдэг мэргэжил байгаа.
Ямар нэгэн асуудалд ороход бид хуульч, өмгөөлөгч, эсвэл прокурор, цагдаа, нэг бол эмчид эсвэл багшид өөрийн амьдрал, амь нас, эрүүл мэнд эсвэл өөрийн хайртай хүмүүний талаарх бүхий л мэдээллийг өгч, туслалцаа дэмжлэг авдаг. Тэгвэл энэ мэргэжлийн цаад онцлог нь хүний амьдралд чухал шийдвэр гаргадаг учраас өндөр ёс зүйтэй ажиллах шалгуур тавьдаг. Манайд нийгмийн ажлыг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажилтнаас өндөр ёс зүй шаардах боломж бололцоо одоогоор байхгүй. Цагдаагийн албаны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд холбогдох нарийн мэргэжлийн хүмүүст бол өндөр ёс зүй шаардсан хууль зүйн баталгаа нь байдаг боловч өнөөдрийн түвшинд бол манайд нийгмийн ажлыг хүлээн зөвшөөрч, ямарваа нэгэн улс төр, эдийн засаг, хууль зүйн болон соёлын баталгааг нь бүрдүүлсэн зохицуулалт байхгүй байна. Иймээс бид нийгмийн ажилтны тоог нэмээд үнэхээр энэ нийгмийн бүлэгтээ хүрч ажиллах тогтолцоогоо сайжруулж чадах уу гэдэг бол асуулт гарч байна. Тийм учраас эхний санал бол бид хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын тулд нийгмийн ажлыг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажилтныг ёс зүйтэй ажиллах бүхий л баталгааг бүрдүүлэх нь зүйтэй юм.
Дараагийн яригдаж байгаа зүйл бол хүний эрхэд суурилсан төсөвлөлт буюу бид хүүхдэдээ зориулж хэрхэн нөөцийг хуваарилж байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын тооцоо судалгаагаар Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд хэдий хэмжээний зардал хэрэгтэй вэ гэдгийг судлаад, төсвийг нэмэгдүүлж байсан туршлага байдаг. Гэхдээ яг хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд хангалттай төсвийг хуваарилж байсан уу гэдгийг авч үзвэл тооцоогоор 21,1 тэрбум төгрөг хүүхэд хамгааллын тогтолцоонд шаардлагатай юм байна. 2024 оны төсвийг харах юм бол 14,3 тэрбум гэж тооцоолсон байгаа. Тэгэхлээр бид нар хангалттай нөөц хуваарилж чадахгүй бол одоо тулгамдаж байгаа асуудлаа шийдэж чадахгүй, нөөцийн дутагдалд байх учраас хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, хүүхдийн эрхийн зөрчилтэйгөө нүүр тулсаар байна гэсэн үг. Тэгэхлээр төрийн зүгээс хамгийн багадаа 3-5 жил хангалттай хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллах нөөцийг хуваарилах нь зүйтэй юм гэж яригдаж байгаа юм. Үүний зэрэгцээгээр бид нар цар тахлыг үзсэн, энэ ч бас сүүлийнх биш. Үүнээс ч өөр олон төрлийн бидний төсөөлшгүй нөлөө үзүүлэхүйц давлагаа үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэр тохиолдолд бид шаардлагатай бол өсөн нэмэгдэх байдлаар нөөцөө тооцож, сайжруулж байх асуудал гарч ирж байгаа юм.
Гуравт яригдаж байгаа зүйл бол Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээг авч үзвэл, хүүхэд хамгааллын тогтолцоо бол данхайсан байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй, чи хариуцах ёстой гэж бие биерүүгээ шиддэг, өөрөөсөө зайлуулсан хандлага байна гэдгийг үнэлгээнээс төдийгүй манай хяналт шалгалтаас гарч ирсэн. Хүүхэд хамгаалал ярихаар наадах чинь хөдөлмөр, нийгэм хамгааллын, эсхүл эрүүл мэнд, боловсрол дээр наадах чинь нэг их хамаатай биш гэж үзэж байгаа хандлага байна. Хууль сахиулах, шүүх байгууллагын түвшинд ч гэсэн хүүхдийн асуудал дээр хамтарсан баг л ажиллавал болно биз дээ, цагдаа, нийгмийн ажилтан нь гүйж байгаа биз дээ гэсэн хандлага байна. Үүний цаана юу яригдаж байна гэвэл 3 дахь санал бол олон талын оролцоотой, хүүхдээ төвдөө тавьсан тийм тогтолцоог угсрахгүй бол болохгүй юм байна гэдэг асуулт гарч ирнэ.
Шатлан захирсан бус гэдгийн цаана юу яригдаж байна гэвэл брюкрат босоо тогтолцоо тавихлаар ямарваа нэгэн сонгуулийн дараа мэргэшсэн ажилтнууд бүгд өөрчлөгдөөд, тогтвортой ажиллах боломж байхгүй байна гэдгийг эндээс харж болно. Аймгийн болон нийслэлийн түвшинд энэ ноцтой илэрдэг. Тэгэхээр бид өнөөдөр байгаа хүмүүсээ мэргэшүүлж, тодорхой асуудлаараа илүү гүнзгий судалж туршлагатай болоход нь нөлөөлөх зорилгоор, мөн хүүхдийн асуудалд шуурхай арга хэмжээ авч чаддаг мэргэжилтэн хүний нөөцтэй байхын тулд энэ тогтолцоо нь дотроо зарчмын асуудлуудыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Дараа нь яригдаж байгаа зүйл нь Х.Мөнхзул гишүүний болон Р.Очирбал багшийн илтгэл дээр ч дурдагдсан хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ бүрэн дүүрэн хүргэж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Гацаад байгаа бол гацааг нь арилгах, гадны нөлөө байгаа бол түүнийг байхгүй болгох ёстой. Үүнтэй уялдуулаад бидний зүгээс харагдаж байгаа зүйл юу гэхлээр өмнө нь 20 дугаар зуунд ажиллаж байсан туршлагаа бид өөрчилж, хүүхэд энэ нийгмийн харилцааны голд байх ёстой гэдэг хандлага их чухал байгаа юм. Тэгэхгүйгээр хүүхэд хүн биш, хүүхдийн асуудлыг дараа нь шийдэж болно, хүүхдийг сонсох шаардлагагүй, хүүхдийн талаарх зүйлийг бид нар томчууд өөрсдөө ярьчихна гэж шийддэг хандлага маань сүүлийн 30 жилд энэ тогтолцоог бүрэн дүүрэн ажиллуулж чадахгүй байгааг эндээс харж болно.
Дараагийн онцлохыг хүсэж байгаа зүйл маань нээлттэй хяналт шалгалтын мөрөөр ажиллахад Монгол Улсад хүүхдийн чиглэлээр хүүхдийн төлөө, хүүхдийн эрхийг эдлүүлэх зорилгоор маш их нөөц орж ирдэг юм байна. Маш их. Монгол Улсын зарцуулж байгаа төсөвтэй тэнцүү шахуу хэмжээний санхүүгийн нөөц манай Монгол Улсад олон улсын хөтөлбөр, санаачилга нэрээр орж ирдэг байна. За тэгвэл үүнийг яг үнэхээр хүүхдэд зориулж хүүхэд хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэхэд зарцуулж байна уу, эсвэл өөр байдлаар зарцуулж байна уу гэдэг дээр нь бүрэн дүүрэн хяналт байхгүй байна.
Төгсгөлд нь хэлэхийг хүссэн зүйл бол хүүхдэд зориулсан нөөцийг тэдний сайн сайхны төлөө, хүүхдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзаж зориулж байна уу гэдэг дээр нь аудит, ялангуяа төрийн аудит өөрөө хэрхэн ажиллах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Олон улсын байгууллагуудын зүгээс бол бид нар өөрсдөө дотоодын нөөцөө хэрхэн зарцуулж байгааг хянан, энэ нь бид өөрсдийн аудитын туршлагатай учраас төрийн байгууллагынхан бол бид нарын захиалсан, төлөвлөсөн үйл ажиллагааг хий гэж тулгадаг.
Тавдугаарт хэлэх санал бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг бид нар аль хэдийн боловсруулаад баталсан. Түүний ямар дэд зорилтыг ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд энэ төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм бэ гэдгийг өөрсдөө Монгол Улсын төрийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлэх, түүнд нь төр өөрөө хяналт тавьж удирдан чиглүүлэх нь зүйтэй юм байна гэдэг саналыг нээлттэй хяналт шалгалтын хүрээнээс олж авсан баримт дээр тулгуурлан та бүхэнд танилцуулж байна. Асууж лавлах зүйл байвал өөрийн мэдэхээрээ хариулъя. Баярлалаа.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн асуудлаарх Б.Болорсайхан даргын илтгэлд баярлалаа. Дэгийн дагуу сонсголтой холбогдуулан бичгээр ирүүлсэн санал мэдээллийг сонсоно. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар ТББ, иргэдээс бичгээр 2 мэдээлэл ирүүлсэн. Буяа энд партнерс ХХК-ийн хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал та мэдээллээ танилцуулна уу.
Буяа энд Партнерс ХХК, өмгөөлөгч Б.Буянжаргал: Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би хуульч өмгөөлөгч Б.Буянжаргал байна. Өнөөдөр хуулийн салбарт өмгөөлөгч бид нар иргэддээ анхан шатанд эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүддээ, тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй нүүр тулж ажиллаж байгаа. Ийм учраас өнөөдрийн сонсголд практик амьдрал дээр юу болдог талаар өөрийнхөө санааг илэрхийлэхээр ирсэн. Сая энд бас ярьж байх шиг байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын хариуцлагын тогтолцоо, хоорондын уялдаа холбоо сул байна гэдэг асуудлуудыг тавьж байна. Миний хувьд ч бас санал нэг байна. Гурван асуудал дээр арга хэмжээ авч өгөөч гэдэг саналыг хэлэхээр өнөөдөр ирсэн.
Өнөөдрийн хууль тогтоомж мэдээж Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэтчилэн цаашлаад Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай гээд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хуулиуд бол хангалттай байгаа. Үүнийг дагаад мэдээж гарсан маш их дүрэм, журмууд байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын ажилтнууд бараг зарим журмуудаа мэдэж байна уу, үгүй юу гэх хэмжээнд хүртэл байдаг. Яг ямар ямар журмууд гарсан бэ гэдгийг одоо үзэж хараагүй ажилтан хүртэл байгаа байх гэж бодож байна. Дээр дурдсан хуулиудыг дагаад 2017 оноос эхлээд хүүхэд хамгааллын 108 утас, Хамтарсан баг, Түр хамгаалах байрууд гэх мэтчилэн хүүхэд рүү чиглэсэн үйлчилгээ үзүүлэгч талууд нэмэгдэж, ажиллаж байгаа. Энэ нь сайшаалтай боловч яг бодит байдал дээр өнөөдөр хүүхдүүддээ чиглэж хүрч ажиллаж чадахгүй байгаа. Энэ дээрх шүүмжлэлтэй асуудалд жишээ дурдаж ярья.
Хүүхэд хамгааллын 108 утсанд өнөөдөр ээж нь ч юм уу, аав нь ч юм уу манай хүүхдийн эрх ашгийг хамгаалаач гээд дуудлага өгдөг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 4 сард манай хүүхдийн эрх ашгийг хамгаалаач ээ, би гадаадад явж байна, ээж нь хүүхдээ хаяад явчихсан байна гэсэн дуудлага өгсөн чинь сая 10 сард танай хүүхэд яасан бэ, би одоо дөнгөж энэ ажилд орж байна гэх мэтчилэн залгаж байна. Тэр хугацаанд тэр хүүхдийн эрх ашиг, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсэдсэн бол яах вэ? Аз болж тухайн кэйс дээр эрсдэл бага байсан. Өөр бусад байдлаар арга хэмжээ авсан учраас эрсдэл бага гарсан.
Ийм зөрчил байж байна, бас нэг нь дуудлага мэдээлэл өгдөг, яаж шийдсэн нь тодорхойгүй байдаг. Тухайн ажилтан нь надад энэ дуудлага мэдээллийг хүлээж аваад цааш нь хүргэх эрх хэмжээ байгаа. Үүнээс цааш эрх хэмжээ байхгүй гэдэг байдлаар тайлбарладаг, эргээд хариу өгье гээд алга болдог ийм тогтолцоо гэхэд хэцүү байдал байгаа. Буцаад энэ дээр ямар хариуцлага тооцох талаар хариуцлагын механизм байдаггүй. За хамтарсан багт ямар хүмүүс байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Сургуулийн, хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны цагдаа гэх мэтчилэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Энэ баг ажиллах нь зөв, хамтарсан баг байх нь зөв. Тухайн хүмүүс яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдтэй ойрхон ажилладаг албан тушаалтнууд. Гэхдээ энэ дээр юу вэ гэхээр тухайн албан тушаалтнуудын тухайн хүмүүсийн ажлын чиг үүрэгт хүүхэд хамгаалалтай холбоотой ямар ажил хийх юм гэдэг нь ажлынх нь чиг үүрэгт өнөөдрийг хүртэл ороогүй байгаа. Тэр чиг үүрэгтэйгээ холбоотой ямар цалин хөлс, хөлс урамшуулал авах юм, чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ямар хариуцлага хүлээх юм гэдэг тогтолцоо механизм байхгүй. Үүнийг суулгаад өгөөч ээ.
Хуульд өөрчлөлт оруулахаасаа илүү одоо байгаа энэ механизм юунаас болоод, яагаад хүүхдэдээ хүрч ажиллаж чадахгүй, яагаад хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээрээ судалгаа хийгээд, бодит байдал дээр хэн ямар албан тушаалтан энэ дээр ажиллаж байна, тухайн хүмүүсээсээ судалгаа аваад, судалгааныхаа үр дүнд ямар эрсдэл байна, юун дээр бид илүү анхаарах ёстой юм, тэрэн дээрээ ажиллаад өгөөч, энэ дээр арга хэмжээ аваад өгөөч гэдэг саналыг бас хэлж байгаа юм.
Түр хамгаалах байрны асуудал байна. Орон нутгаар мэргэжил нэгт өмгөөлөгч нартайгаа сургалт хийгээд, ярилцаад явахад энэ байрны асуудлыг байнга ярьдаг. Өмгөөлөгч нар яадаг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүстээ хуулийнхаа дагуу зөвлөгөөгөө өгдөг. Түр хамгаалах байранд аваачдаг ч энэ нэг удаагийн арга хэмжээ шүү дээ. 7-гоос 14 хоног байдаг. Түүнээс цааш удаан хугацаанд сунгаж чаддаггүй. Тэр түр хамгаалах байрны түлхүүрийг зүгээр л нэг хүн эзэмшиж байдаг тохиолдол ч байдаг. Тэр хүн түр хамгаалах байрны түлхүүрийг нь мэдэж байгаа болохоос биш тэнд өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Тэнд сэтгэл зүйч байж байх ёстой байтал сэтгэл зүйч ажилладаггүй, орон тоо байхгүй. Эсвэл энэ төрлийн мэргэжилтэн байхгүй. Аймгийн хэмжээнд ганцхан сэтгэл зүйчтэй, бүр ганц сэтгэл зүйчгүй аймаг хүртэл байгаа. Ийм тохиолдолд яаж хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах юм, эрх ашиг нь зөрчигдсөн хүүхэд яаж буцаад хэвийн нөхцөлд очих юм.
Түр хамгаалах байранд байгаа хүүхдийг яаж буцаад гэр бүлд нь нэгтгэн нийлүүлэх юм. Тэрэнтэй холбоотой хэн ямар ажил хийх юм, сэтгэл зүйч ажил хийх юм уу, нийгмийн ажилтан хийх юм уу. Тэгвэл тэр мэргэшсэн нийгмийн ажилтан нь хаана байна гэдэг асуудал яригддаг. Мэргэшсэн бэлтгэгдсэн нийгмийн ажилтан байдаггүй. Тийм болохоор үүнтэй холбоотой ажлуудыг хийгээд өгөөч гэсэн саналыг тавьж байна.
Хүүхэд хамгааллын талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хүүхдэд үзүүлж байгаа хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ? Хүүхэд хамгааллын талаарх өмнө ярьсан мэргэшсэн хүний нөөц дутмаг, одоо ажиллаж байгаа ажилчдын мэдлэг чадавх сул. Энэ дээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс гадна зөрчлийн хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагын ажилтан, прокурор энэ дээр бас зөрчлийн хуультай холбоотой гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэй хүн голчлон дуудлага өгдөг. “БИ хүүхэдтэйгээ гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө, нөхөр намайг алгадаад явчихлаа, тэгээд ингээд явчихлаа” гэдэг дуудлага мэдээлэл өгдөг. Хуулиараа бол энд яг зөрчил үүссэн үү, үгүй юу, жинхэнэ хохирогч нь хэн юм, хүүхэд юм уу хэн юм, энэ хүмүүс яг зодуулсан уу үгүй юу гэдэг дээр нотлох баримт цуглуулаад ажиллах ёстой байтал цагдаагийн байгууллагын ажилтан зөвхөн дуудлага өгсөн хүний мэдээллээр зөрчлийн хэрэг үүсгээд, жинхэнэ зөрчил үйлдээд байгаа хүнийг нь үлдээгээд хүүхдийн эрх ашгийг хамгаалахгүй ингээд явуулчихдаг.
Ийм тохиолдол маш их байгаа. Шүүх дээр очоод хууль мэдэхгүй иргэн ч юм уу, хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш л дээ, гэхдээ бодит байдал дээр хууль мэдэхгүйгээсээ болоод 7 хоног баривчилгаанд явж байгаа, торгуулийн ял авч байгаа, энэ чинь магадгүй цаашлаад давтамж нь ойрхон гурав гурван сараар 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх юм бол эрүүгийн хэрэг үүсдэг ийм эрсдэл байдаг. Нөгөө талаасаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь, дуудлага мэдээлэл өгч байсан нь бүртгэгдсэн байвал иргэний журмаар гэр бүл цуцлахад тухайн хүнд хүүхэд өгөхгүй байх үндэслэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгэхээр үүнтэй холбоотой хуулийг өөртөө ашигтайгаар бий болгохын тулд ихэвчлэн эмэгтэй хүмүүс буцаад хүчирхийлэл үйлдэж байна шүү дээ. Бодит бишээр ч гэсэн сэтгэл санааны хувьд шууд бус замаар хүчирхийлэл үйлдээд байгаа ийм кэйсүүд маш их байна. Хүүхдээ авахын тулд хүүхэд авах гэж байгаа цаад санаа зорилго нь эд хөрөнгөндөө болсон ч юм уу, ийм тохиолдлууд маш их байгаа учраас энэ дээр зөрчлийн хуулийг шалгахад, өнөөдөр цагдаагийн байгууллагын ажилчид ирчихсэн байгаа учраас энэ дээр тодорхой нотлох баримттай бүрдүүлдэг ажиллагаануудыг бодитоор явуулдаг байх хэрэгцээ шаардлага байна гэж хэлмээр байгаа юм.
Мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг бас та бүгдээс хүсмээр байна. Жишээлбэл, орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 2-3 удаа хамтарсан багаар ороод, түр хамгаалах байранд оччихсон байлаа гэж бодъё. Тэгтэл тухайн хүүхэд дээр орон нутагт арга хэмжээ авч байгаа тэр гэр бүл хот руу шилжээд ирчихсэн байна.
Хотод ирээд ахиад тэр үйлдэл давтагдаад хотын аль нэг дүүрэгт дахиад гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд хамтарсан багаар ороод ахиад түр хамгаалах байранд очиж байхад хэн хэзээ, хаана, хэдэн удаа түр хамгаалах байраар үйлчлүүлээд байгаа юм бэ? Тэр эцэг, эх яагаад гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдээд байна, тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх юм, эцэг, эх өөрсдөө хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байна гэдэг дээр хэн ямар хариуцлага хүлээж байгаа юм, яаж механизм тогтоогдож байгаа юм гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хуулийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудыг мэдээллийн удирдлагын нэгдсэн системтэй болгоод өгөөч. Хамтарсан баг дээр хэн ямар үйлчилгээ авсан юм, юун дээр 108 руу хэн хэзээ, хэдэн дуудлага өгсөн юм гэдэг тодорхой нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс мэдээллийн удирдлагын нэгдсэн системтэй болгоод өгөөч ээ гэж хүсэж байна.
Хүүхэд бол бидний ирээдүй, бид тэднийг бүтээдэг, бид нийгмээ бүтээдэг, тэгэхээр бид ямар нийгэм бүтээх юм бэ? Мэдээж энэ хүүхдүүд чинь том болоод бидний ижилхэн иргэн хүний үүднээс нийгмийг бүтээлцээд явна. Тэгэхээр хүчирхийлэлд өртөж байсан, багаасаа трауматай болчихсон хүүхэд том хүн болоод ямар нийгмийг бүтээх вэ, ямар ажил бүтээх юм бэ? Бид нар сайн дураараа үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалттай холбоотой сургалт мэдээллүүдийг сургуулиудаар өгөөд явдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хүчирхийлэл үйлдэж байгаа, дээрэлхүүлж байгаа болон дээрэлхэж байгаа хүүхэд аль аль нь сөрөг нөлөөтэй байдаг. Ирээдүйд гараад аль аль нь хэвийн ажил хийх боломжгүй, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох эрсдэл байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор суурь боловсролд нь анхаараад өгөөч ээ.
Гэр бүл салалт, хүүхэд хамгааллын байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хяналтын тогтолцоогүй байдал, төрийн бодлогын тогтолцоо байхгүй, сургалтын систем суурь боловсрол муу байгаагаас хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхэд хамгааллын байгууллагын уялдаа холбоог сайжруулаад, хяналтын тогтолцоог бий болгож мэдээллийн удирдлагын нэгдсэн системтэй болгож өгөөч, 2 дугаарт гэр бүлийн тогтвортой байдал дээр анхаараад эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн эрхийн байгууллагын ажилчдын хариуцлагын тогтолцоог бий болгоод өгөөч. Хэн хаанаа ямар хариуцлагатай байх ёстой юм, түүн дээрээ анхаараад өгөөч. Дараа нь боловсрол, соёл урлагийн салбараар дамжуулан эерэг мэдээллийг иргэдэд түгээж, хүүхдийн суурь боловсролоор дамжуулан хүүхдийн эрх, гэр бүлийн боловсрол, цаашлаад уламжлал ёс заншлын талаар мэдлэг мэдээлэл олгоод өгөөч. Энэ тал дээр чиглэсэн хөтөлбөрийг бий болгоод өгөөч гэж 3 зүйлийг хүсэж байгаа юм аа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хуульч Б.Буянжаргалдаа баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ц.Мөнхцэцэг гишүүн төсөв батлагдаж байгаатай холбоотой Байнгын хорооны хуралд оролцохоор түр гарсан учраас миний бие түр орлоно. Одоо хяналтын сонсголын дэгийн дагуу оролцогчдыг танилцуулая.
Өнөөдрийн хяналтын сонсголд ХЭҮК, ХЗДХЯ, БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, ЦХХХЯ, Соёлын яам, нийслэлийн ЗДТГ, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
Улс төрийн намын төлөөллөөс Ё.Цацралтуяа Ардчилсан нам, Э.Цэцэгсайхан Ардчилсан нам, Ардчилсан намын бүлгээс И.Нарантуяа, Б.Батзаяа, Т.Энхтүвшин нар, Б.Болорсайхан ЗГХЭГ, Хүний эрхийг хангах үндэсний хороо. ТББ, иргэдээс Б.Өлзийбат “Иргэн та хүч” залуусын санаачилга Үүсгэн байгуулагч, Б.Жавзанхүү Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн Тэргүүн, А.Бүрэнтөгс иргэн, Р.Булгамаа АЛТАН ГЭРЭГЭ хуулийн фирм, Б.Эрдэнэчимэг Монголын Хүүхдийн эрхийн үндэсний төвийн Гүйцэтгэх захирал, П.Цэвээн Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ ТББ Зохицуулагч, Б.Цэцгээ Монголын Идэрчүүдийн төв холбоо, Г.Ундрах Хүүхдийн хөгжил мэдээллийн Учрал төв НҮТББ, Г.Ундармаа иргэн, Б.Буянжаргал Буяа энд Партнерс ХХК-ийн өмгөөлөгч, Х.Баавгай Олон улсын Улаанбаатар Их сургуулийн багш, М.Өлзийчимэг “Өнөр бүл” хүүхдийн төв, Ц.Цолмонбаатар иргэн, Б.Даваамягмар иргэн, Б.Оюундарь Хөөрхөн Зүрх ТББ, Д.Тунгалаг Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ, Ерөнхий зохицуулагч, С.Уранчимэг Хүний эрхийн судалгааны чандмань сэтгэл төв НҮТББ, Б.Ардак Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Д.Ундраа Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг нөхөн сэргээх “Үжин” төв ТББ, Ч.Чулуунцэцэг Боловсролын судалгаа арга зүйн төв, Х.Баасанжаргал Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ, С.Энхтуяа иргэн, МАН-ын бүлгээс Ө.Үлэмжтөгс, Г.Арсланхуяг, П.Жаргалан, Д.Бумдарь, К.Ядамжав, М.Мандахаа нар оролцож байна.
Одоо хүсэлтээ бичгээр ирүүлсэн Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ, Х.Баасанжаргал хуульчийг урьж байна.
Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ Х.Баасанжаргал: Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний санал бол хуулийн төсөл дээр өгч байгаа маш тодорхой санал байгаа. Бичгээр бас тараасан.
Та бүхэн олон илтгэлүүдийг сонслоо. Нэг зүйл дээр бүх мэргэжилтнүүдийг анхаарал хандуулаасай гэж бодож байна. Өнөөдөр яагаад энэ илтгэлүүдийг дандаа хуульчид тавьж байгаа юм. Яг энэ салбар чинь өөрөө мэргэжлийн салбар биш юм уу. Энэ салбарын шинжлэх ухааныхан хаана байна, яг юу нь болохгүй байгаа гэдэг талаас нь, мэргэжлийн салбар гэдэг утгаараа энэ асуудал хөндөгдөх болов уу гэсэн итгэл найдвар байна. Сая оролцогчдыг танилцуулахад салбарын мэргэжилтнүүд цөөнгүй ирсэн байна. Нийгмийн энэ салбар гэдэг чинь өөрөө зөвхөн хуульчдын санаа зовдог салбар биш байх, эрх биш арай ч тийм хэмжээндээ тулчихаагүй байлгүй дээ гэж найдаж байна.
Яамнаас өргөн барьсан хуулийн төсөл дээр хэд хэдэн тодорхой санал байна. Бид нарт ямар шийдэл байгаа вэ, энэ хуулиараа бид юу шийдэх боломж байгаа вэ гэдэг талаас нь харж саналаа өгч байна.
1-рт, Төсвийн хувьд бид нар бүгдээрээ нөөц хангалтгүй гэж ярилаа. Гэхдээ хуулийн төсөл дээр төсөвтэй холбоотой хэд хэдэн заалтууд байгаа боловч салбар яамнууд нь бас энэ асуудлыг шилжүүлсэн зүйл ажиглагдлаа. Тэгэхээр төсөв буюу хуулийн төслийн 1.5 дээр өмнөх жилийн төсвийг бууруулахгүй байх гэдэг 1 дүгээр зарчим;
2-рт, хэрвээ чадвал дахиад энэ дээр судалгаа хэрэгтэй байгаа. Өмнөх жилийн төсвийг өсгөн нэмэгдүүлэх. Ингэхдээ өмнөх жилийн төсвөөс 10-аас доошгүй хувиар өсгөн нэмэгдүүлэх зарчмыг баримтлах;
3-рт, орон нутаг өөрийнхөө татварын орлогын тодорхой хувийг хүүхэд хамгааллын салбарт заавал зарцуулдаг байх гэсэн төсөвтэй холбоотой зарчмын саналыг өгч байна.
2 дугаарт, хүүхдийн нөхцөл байдал, хүүхдийн онцлогийг хүлээн зөвшөөрөхөөс гадна хүүхдийн онцлогт тохирсон хүүхэд хамгааллын үйлчилгээ байх гэсэн саналыг зарчим дээр тусгаж өгөөч ээ гэсэн саналтай байна.
3 дугаар багц санал бол үндсэндээ Засгийн газар, яам, агентлагийн чиг үүргийг хангалттай тодорхойлж чадсангүй юу даа? Үүнийгээ эргэж хараад хангалттай хэмжээнд тодорхойлох гэсэн саналтай байна. Ялангуяа Засгийн газар дээр зөвхөн хөгжлийн бодлого дээр санал тусгах төсвийг батлах гэсэн 2 чиг үүргийг өгсөн байгаа. Тэгэхээр нөгөө салбар дундын нэгдмэл бодлого энэ тэр чинь хаанаа байх вэ гэдэг дээрээ Засгийн газрын чиг үүрэг дээр оруулж өгөөч ээ. Хамгийн гол асуудал тогтолцоо талаасаа анхан шат буюу сум дээр хэн ажиллах талаар хуулийн төсөл дээр маш тодорхой санал орох хэрэгтэй байна. Одоогийн байдлаар зөвхөн нийгмийн ажилтны тоог Засгийн газар тогтооно гэсэн байна.
4 дүгээрт, Боловсролын яам, ЭМЯ, хуулийнхан бас байх шиг байна. Тогтолцоо талаасаа энэ удаагийн хуулийн төсөл дээр санаа зовоосон асуудал бол Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг боловсролд, эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллыг эрүүл мэндийн салбарт гэж ингэж салбаруудад нь тарамдсан тогтолцоо орж ирсэн байна. Үүнийг эргэж ярилцах ёстой болов уу. Энэ салбар дээр чинь мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Хэдийгээр боловсролын салбарын орчин дахь хүүхэд хамгаалал дээр багш нь ажиллах боловч үндсэн чиг үүрэг нь биш, багшийн нурууг авч дууслаа шүү дээ, дээрээс нь дахиад хүүхэд хамгааллыг нэммээргүй байна. Тэгэхээр магадгүй зарим нэг урьдчилан сэргийлэх чиг үүрэг байх чиглэл байж болох юм. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн салбар дээр суурилсан тогтолцоо гэдэг агуулгаар энэ хуульд саналаа өгч байна.
Хамгийн сүүлд нь тогтолцоо гэдэг энэ агуулга, зарчим дээрээ бүгдээрээ эргэж харж, магадгүй хуулийн төсөл дээр хоёрхон байгууллага биш өөр олон байгууллагууд санал өгсөн байх болов уу. Би бараг энэ саналаа танилцуулж амжихгүй байх даа гэж бодож байсан юм. Яагаад гэвэл сошиал дээр бүгдээрээ л хүүхэд хамгаалал гээд кэйс гарахаар ярьдаг хэрнээ яг бодитой бичгээр санал нэг иймэрхүү л байдалтай байна. Тэгэхээр зарим тохиолдолд бодит үнэнтэйгээ нүүр тулаад энэ тогтолцоо яг үнэхээр ажиллах уу, үгүй юу гэдэг дээрээ ч бид нар хариулт авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр бас дараа дараачийн үг хэлэх хүмүүс илүү мэргэжлийн хүмүүс нь байгаасай. Зөвхөн хуульчдын санаа зовдог салбар, сэдэв биш байгаасай гэж найдаж байна.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Манай хүрээлэнгийн зүгээс бичгээр саналаа хүргүүлсэн. Та бүхэн хүсвэл бид и-мэйлээр дахин явуулах боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Х.Баасанжаргал хуульчид баярлалаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлын талаар эрх бүхий байгууллагуудын илтгэл, мэдээлэл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн оролцогчдийн төлөөллийн мэдээллийг сонслоо. Одоо танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай Улсын Их Хурлын гишүүд нэрсээ өгнө үү.
Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, П.Анужин, Н.Учрал, Б.Баярсайхан гишүүнээр таслая. Ц.Мөнх-Оргил гишүүний микрофон өгье.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Баярлалаа, Хүний эрхийн хорооны тайланд жаахан сэтгэл дундуур байна. Бараг Б.Буянжаргал өмгөөлөгч ХЭҮК-ын гишүүний хэмжээний танилцуулга хийж байна. Ж.Хунан гишүүн өөрөө байсан бол арай илүү л хэлэх байсан байх л даа. Уул нь ХҮЭК-оос л асуумаар байна. Яг үндсэн суурь шалтгааныг нь юу гэж хараад байгаа юм бэ? ХҮЭК-ын тайлан дотор чинь төдөн удаа шалгалт хийсэн, төдөн удаа хүнтэй уулзсан, бичиг явуулсан гээд нэг хуурай юм явуулаад байх юм. Бид нар өнөөдөр нэг талаас хууль тогтоомжийнхоо тэрнийхээ хэрэгжилтийг, нөгөө талаасаа хуулиас гадуур суурь шалтгааныг нь л олох гээд байна шүү дээ. Тэрэн дээр ерөөсөө тус болохоор зүйл ХҮЭК-оос гарсангүй. ХҮЭК-оос хүсэхэд энэ асуудлаар дахиж, та нар чинь одоо бидний гол нүд чих болж байх ёстой хүмүүс шүү дээ, тийм ээ. Иргэний нийгэм, УИХ, төр захиргааны байгууллагуудын яг энэ хүний эрхтэй холбоотой, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар дагнасан зөвлөмж гаргаж баймаар байгаа юм. Нэг ийм хүсэлт байна.
Асуулт, би энд ирсэн ТББ-ынхнаас, нөгөө талаас төрийн байгууллагуудаас аль алинаас нь зэрэг асуугаад зэрэг хариулт авчихмаар байна. Сая энэ Х.Баасанжаргал өмгөөлөгч хэллээ шүү дээ. Мэргэжлийн тогтолцоо гээд. Бид нар бодохдоо мэргэжлийн тогтолцоо байгуулаад байна л гээд байдаг. Яг амьдрал дээр эргээд харахлаар Б.Буянжаргал өмгөөлөгч яг голыг нь олоод хэлчихлээ шүү дээ. Хамтарсан баг гээд байдаг нөгөө хамтарсан багт нь тэртээ тэргүй ажилдаа дарагдчихсан хэдэн хүн явж байгаа байхгүй юу. Нэг хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны цагдаа гэдэг чинь бүүр өөрөө энэ хамтарсан багаас хэд давчихсан ажилтай хүн байгаа байхгүй юу. Тэгээд бид нар ямар мэргэжлийн тогтолцоо, мэргэжлийн баг ярих юм бэ? Тэр хүмүүсээс яаж бид нар хариуцлага тооцох вэ? Өрхийн эмч тэнд өрхийнхөө эмчийн ажлыг хийгээд явж байхад та энэ хүүхдийн эрхийн асуудлаар ийм юм хийсэнгүй гээд загнаад байж болохгүй шүү дээ. Энийгээ ер нь хэдүүлээ яаж шийдэх ёстой юм бэ? Нийгмийн ажилтныхаа тоог нэмээд шийдэл болох уу?
Төсөв мөнгө бол жилээс жилд нэмэгдээд л байна шүү дээ, 10,8 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө байгаа байхгүй юу. Тэгээд одоо илтгэл тавихаар мөнгөө нэм, төсвөө нэм л гээд байх юм. Тэр тогтолцоо чинь ажиллахгүй бол төсөв нэмээд хэрэггүй болчихоод байна шүү дээ, хэдүүлээ одоо энийгээ л тойрч яримаар байх юм. Яг хэн юу хийх вэ, хамтарсан багаа яаж өөрчилж зохион байгуулах юм бэ гээд. Үүнтэй холбоотой миний нэг талаас асуулт, нөгөө талаас санал ийм байна. Энэ хамтарсан багаа төрийн бус байгууллагуудаар бэхжүүлбэл яадаг юм бэ? Яг мэргэшсэн төрийн бус байгууллагуудаар нь мэргэшүүлээд, дэмжлэг туслалцааг нь өгөөд, гэрээ байгуулаад явбал яадаг юм бол? Жишээ нь, боловсролын салбарт гэхэд Тунгалагийн ахалсан зохицуулагчийг нь хийж байгаа энэ том шүхэр Амберела байгууллага байна шүү дээ. Тэрэнтэй адилхан хүүхдийн эрхийн хамгаалах салбарт одоо тийм ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэсэн тийм шүхэр байгууллага бий болгоод, гэрээгээ байгуулаад л.
Энэ төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийг татаж оролцуулахгүйгээр зөвхөн төрийн албан хаагч, тэр тусмаа өөр өөрийнхөө чиглэлээр ажлаа хийгээд явж байгаа, ажлынхаа цаанаас гарч ирж чадахааргүй болчихсон хүмүүсээр энэ ажлыг хийлгэнэ гэж байхгүй л дээ. Энэ дээр нэг саналаа хэлээч. Хийвэл яаж хийх вэ? Хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа юм. Хуулийн төсөл дээр яг саяын асуултууд ерөөсөө хариултгүй, яг хэвээрээ явж байгаа. Хамтарсан баг нөгөө л 5 төрийн албан хаагч. Жишээ нь, СХД-ийн 18 дугаар хорооны цагдаа тэр хороон дээрх 5, 6 мянган өрх, 20, 30 мянган иргэний асуудал хариуцаж байгаа цагдаад бид нар хүүхдийн асуудал хариуцуулаад нэмэргүй л дээ. Тэр хүн яаж ч хичээгээд чадахгүй, амжихгүй. Энэ дээр хэдүүлээ нэг санал солилцмоор байна.
2 дахь асуулт, Бидний нэгдээд орчихсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц чинь бид нараас ерөөсөө нэг л юм нэхээд байгаа шүү дээ. Хүүхдээ хамгаал, хамгаалахдаа тухайн нийгмийнхээ онцлог байдлыг харгалзаад яг танай нийгэм, танай улсад хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа үндсэн суурь шалтгаан нь юу юм бэ? Root cause гээд байгаа байхгүй юу. Энэ чинь үндсэн суурь шалтгаанаа эхлээд та нар тогтооно шүү, тэгээд хүүхдийн эрх хамгаалах асуудал ярина шүү гэж. Суурь шалтгаанаа бид одоо болтол олоогүй л байна гэж би хараад байна. Энэ чинь ерөөсөө ядуурал байна, архидалт байна, стресс байна, энэ бүхэнд л үндсэн суурь шалтгаан нь байгаа шүү дээ. Тэрнээс биш төрийн албан хаагчид муу ажиллаад, хамтарсан баг муу ажиллаад, эсхүл нөгөө түр хамгаалах байр цөөдсөндөө биш шүү дээ. Энийгээ хэдүүлээ өнөөдрийнхөө сонсголоор тогтоогоод авчихмаар байгаа учраас энэ дээр саналаа хэлээч гэж хүсэж байна.
3-т, нэг чухал асуудал нь телевиз, радио, хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийн асуудал байгаа юм. Одоо манай энэ олон телевизүүдээр хүүхэдтэйгээ хамт үзчих нэвтрүүлэг үнэндээ байхгүй. Хааяа нэг үндэсний телевизээр танин мэдэхүйн нэвтрүүлэг гарч байгаа юм. Тэгэхдээ яг юу гэмээр юм, 5-15 настай хүүхэдтэйгээ хамт суугаад сонирхоод үзчихээр нэвтрүүлэг ерөөсөө гарахгүй. Ийм байгаа тохиолдолд хүүхэд хүмүүжлийн ямар сургамж авах вэ? Энэ дээр хэдүүлээ нэг ярилцмаар байна. Хувийн телевиз байж болно, гэхдээ энэ чинь хуультай шүү дээ, заавал тодорхой цаг хугацаанд хүүхдэд зориулсан, тэр нь заавал үндэснийх байгаад байх байлгүй. Хүүхдийн нэвтрүүлэг гэхлээр заавал үндэснийхээ юмыг гаргаад байя гэсэн утга биш, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг нь нэмж өгөх нэг чухал шалтгаан шаардлага байна.
4-т, эцэст нь нэг асуудал дээр анхаарал хандуулах гэсэн юм. Энэ хоолны асуудал. Хүүхдээ хооллож бид нар чадахгүй бол тэнд боловсролын, эрүүл мэндийн асуудал яриад нэмэр байхгүй шүү дээ. Тийм ээ, өлсгөлөн хүүхэд ном сурахгүй, ойлгомжтой, бие бялдрын хувьд, оюун санааны хувьд бүрэн өсөлт авч чадахгүй. Тэгээд олон жилийн дараа нас бие гүйцээд суурь өвчний бүх үндэс нь тэнд тавигдаад байна шүү дээ. Тэгэхлээр эндээс хэдүүлээ 1, 2 асуудлыг л шийдээд гармаар байна. Энд би цэцэрлэг, сургуулийн хүүхдийн өдрийн хоолны асуудал яриад байна. Манай гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд хөөцөлдөөд хөдөө орон нутгийн дотуур байрны ОО-ийн өрөөний асуудлууд нэлээн цэгцэрч байна. Энэ бол том дэвшил. Одоо хэдүүлээ хүүхдийн хоолны асуудал дээр нэг анхаарал хандуулмаар байна. Бидэнд нэг том дутагдал байна. Манай Улсын Их Хурлын гишүүд дотор ч гэсэн, ер нь манай нийгэмд бүхэлдээ энэ миний хүүхэд юм чинь яасан ч яадаг юм, би гаргачихсан юм чинь би ер нь бараг л яасан ч яах вэ гэсэн нэг хандлага. Машиныхаа люкээр хүүхдийнхээ толгойг гаргачихаад, эсхүл цонхоор толгойг нь гаргачихаад л 50-60км-ийн хурдтай давхилдаад байна. Энэ бол хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гээд эрүүгийн хариуцлагатай л зүйл баймаар байгаа байхгүй юу. Энэ дээр хэдүүлээ Эрүүгийн хуульдаа яг эцэг, эхийн хариуцлага дээр нь ганц нэг заалт оруулж өгмөөр байна. Энэ чинь өөрөө хүний хүүхдэд аюул учруулахаас гадна өөрийнхөө хүүхдэд аюул учруулж байгаа хэрэг. Тэгээд хүүхдийн хоолны асуудал дээр хэдүүлээ Засгийн газартаа зөвлөмж гаргах юм уу, ганцхан мөнгөний асуудал биш, нийгмийн хандлагын асуудал байгаад байна. Энэ дээр оролцогчид саналаа хэлээч ээ, Баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ц.Мөнх-Оргил гишүүн маш тодорхой 4, 5 асуулт асуулаа. Х.Булгантуяа сайд, ХЭҮК, Н.Учрал, П.Анужин гишүүн гээд хариулах юм байна.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Ц.Мөнх-Оргил гишүүн шинэ хуультай холбоотойгоор хэд хэдэн саналуудыг хэллээ. Мэргэжлийн ТББ-ыг ажиллуулах асуудал бол чухал. Хүүхдийн чиглэлээр, боловсролын чиглэлээр гээд олон салбараар ажилладаг мэргэшсэн төрийн бус байгууллагууд бий болсон. Бид нар кэйсээс шалтгаалаад төрийн бус байгууллагуудыг бас ажиллуулж байгаа. Хот, суурин газар бол харьцангуй гайгүй байдаг. Хөдөө, орон нутаг, аймаг, сумдад хүүхдийн чиглэлээр нарийн мэргэшсэн ТББ үнэнийг хэлэхэд бас хэцүү. Тийм учраас бид хуульдаа төрийн бус байгууллагуудыг авч ажиллуулах, тийм тийм ажлыг ТББ-аар хийлгэнэ гээд тусгачихаар нөгөө мэргэшсэн төрийн бус байгууллагууд нь орон нутагт олдоц муутай байгаагаас бүрэн суулгаж чадахгүй байгаа. Гэхдээ хүүхэд хамгааллын олон үйлчилгээнүүдийг ТББ-уудаар хийлгэдэг. Улсын хэмжээнд байгаа 30 гаруй хүүхдийн асрамжийн төвүүдийн ихэнх нь хувийн ТББ-уудынх. Маш цөөхөн нь улсаас хувьсах зардал авч байгаа. 2024 оноос эхлээд хувьсах зардлыг хүүхдийн тоогоор өгөхөөр тусгаад явж байна. Үнэнийг хэлэхэд таны хэлж байгаа үнэн. Сая бид Хүүхэд хамгааллын тухай хуулийг ярихад хүүхэд хамгааллын орон тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байна. Монгол Улсын хүн амын 3/1-ийг эзэлж байгаа хүүхдийн асуудал хариуцсан орон тоо сумдад байхгүй мөртөө малын асуудал хариуцсан 5 хүн байгаа. Бүх хүмүүс давхар ажилтай, зарим газар хэсгийн байцаагч, цагдаа хүртэл орон тоо дутмаг. Бүгдээрээ хавсарч хийдэг асуудлынх нь бараг хорин хэд, 30-н хэд дэх асуудал, мөн нийгмийн ажилтан дээрээс нь нэмээд тэрбум мод тарьсан тайлангаас эхлээд соёл урлагийн хөтөлбөрт орсон мэдээ мэдээлэл гэх мэт хэчнээн 100 тайлан мэдээллийг гаргаж өгөх шаардлагатай болдог. Сая Б.Буянжаргал өмгөөлөгчид маш их баярлалаа. Манай хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг ер нь маш сайн базаж өгч бид нарт мэдээллээ.
Үнэнийг хэлэхэд мэргэжлийн боловсон хүчин маш хүнд байгаа нь үнэн. Бид хэдийгээр хуулиа батлуулаад 330 суманд, хороо бүрд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болно гэсэн ч бид нар ирэх жилийн бүх төгсөгчийг түүний дараа жилийн бүх төгсөгчийг авахад ч манай салбарын боловсон хүчин хүрэлцэхгүй. Тэгэхээр мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцөөр бид нэг хэсэгтээ дутагдахаар байна. Гэхдээ ингэж бэлдсээр байгаад гүйцэж авахаас өөр аргагүй. Үнэнийг хэлэхэд нийгмийн ажилтан гэдэг энэ мэргэжил 10 хэдэн сургуулиудад сүүлийн 10 гаруй жил л бэлтгэгдэж байгаа. Тиймээс бид нар зайлшгүй анхаарахгүй бол болохгүй. Б.Буянжаргал өмгөөлөгчийн хэлж байгаа бас үнэн. Энэ салбарын боловсон хүчин маш их тогтвор суурьшилгүй байгаа, цалин хангамж муутай 700 гаруйхан мянган төгрөгийн цалинтай байсан. Сая бид 30 орчим хувиар нэмсэн, ирэх жил ахиад 10 орчим хувиар нэмэгдэх гэж байна. Дээрээс нь нэмээд орон нутгийн нэмэгдлүүдийг аймгийн төвд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын хувьд 20 хувь, суманд ажиллаж байгаа бол 40 хувиар нэмэх гэж байна. Мөн 5 жил тутам тогтвор суурьшилтай ажиллаач ээ гээд цалин нь 5 жил тутам 6 сарын нэмэгдэл авах гэж байна. Ингэж аль болохоор тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бололцоог нь хангаж өгөхгүй бол ХЭҮК-ын 21 дүгээр тайлан дээр байсан байх, энэ салбарын ажилчдын 54 орчим хувь нь 1-2 жил л ажиллаж байна. Арайхийж дүрэм журамтайгаа ажиллаад, кэйс дээр ажиллах талаар мэргэшиж эхлээд л гараад явчихдаг. Бусад салбарт, хувийн хэвшилд ажилласан нь сэтгэл зүйн хувьд дарамт багатай, цалин хангамжийн хувьд ч илүү байна гээд гарчихдаг, иймэрхүү зовлон бидэнд бас байна.
Хамгийн гол нь бидний хувьд салбар салбарт бодлоготой байлаа гээд мэдээллийн удирдлагын нэгдсэн систем дутмаг байна. Тэгэхээр хүүхэд хамгааллын шинэ хуульд хүүхэд төрсөнтэй зэрэгцээд хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй байя. Манай тогтолцооны хувьд засаг захиргаа нэгжээрээ явдаг. Тэгэхээр хөдөө орон нутагт хүүхэд хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч болоод хотод ирээд суурьшихад, эсхүл эцэг, эх нь удаа дараа хүүхдээ үл хайхрах байдалд байлгалаа гэхэд хотод ирээд дараагийн зөрчил үүсэхээс нааш бид нар мэддэггүй. Тухайн хүүхдийн мэдээлэл мэдэгддэггүй. Та бүхэн санаж байгаа бол өмнө нь БЗД-т хойд эцэгтээ хүүхэд хэрцгийгээр зодуулаад нас барсан хэрэг үүслээ гэхэд тухайн хүүхдийг 2-3 удаа сургуулийг нь сольсон байсан. Энэ хүүхэд нэг л биш байна гээд мэдэхэд л сургуулийг нь сольчихдог. Дараагийн хорооны нийгмийн ажилтан гэх мэтээр мэдэгдлээ гэхэд өөр дүүрэг, хороо руу шилжээд явчихдаг. Тэгэхээр хүүхэд болгон дээр цахим хувийн хэрэгтэй байж хүүхдийн эрхийг хамгаалдаг. Цагдаагийн байгууллага, хорооны, сургуулийн нийгмийн ажилтан, гэр бүлийн ажилтан, дээрээс нь эрүүл мэнд гээд энэ 5 байгууллага бүгдээрээ мэдээллүүдээ оруулаад, энэ хүүхэд нэг л хичээл таслаад байна, заавал онц сурах гэдэг мэдээлэл орох албагүй, уг нь гайгүй байсан хорооны нийгмийн ажилтан анхаараарай гэхэд хорооны нийгмийн ажилтан ойр ойрхон очиж гэр бүлд нь хяналт тавьдаг. Цагдаагийн байгууллагаас энэ айлд удаа дараа согтуураад байна гэдэг мэдээ ирлээ, тухайн хүүхдэд нь анхаараарай гэхэд сургуулийн нийгмийн ажилтан нь анхаардаг, эсхүл эрүүл мэндийн ажилтан энэ хүүхэд удаа дараа гэмтэл бэртэл авч үйлчилгээ авлаа гэхэд хорооны болон сургуулийн нийгмийн ажилтан анхаардаг, ийм мэдээллийн нэгдсэн тогтолцоотой болохгүй бол тухайн хэрэг дээр кэйс үүсэхээр л ажилладаг манай тогтолцоо төдийлөн хүүхэд болгоныг хамгаалж чадахгүй байна. Шилжилт хөдөлгөөн дунд хүүхдийн асуудал орхигдож үлдээд байна гэдэг мэдээлэл бидэнд байгаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Н.Учрал сайд телевиз болон сошиал ертөнцөд хүүхдийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ?
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Өргөн нэвтрүүлгийн хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нарт тавигдах шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/, Стандарт, хэмжилзүйн газар /СХЗГ/-тай хамтарч батлахаар хуульчилсан байдаг. Энэ хүрээнд ХХЗХ-ноос телевизийн үйлчилгээ эрхлэгч нарт тавигдах шаардлагыг батлаад, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нартай гэрээ байгуулж тусгай зөвшөөрлийг нь олгохдоо 130 цагаас багагүй хугацааны, 6-аас дээш, 12 дээш насныханд контент үйлдвэрлэх, мөн 90 цагаас багагүй хугацааны 3-6 насны ангилалд зориулсан нэвтрүүлэг бэлтгэх гэж гэрээ байгуулдаг. Лиценз өгсөнтэй холбогдуулаад гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах шаардлагыг тавьсаар ирсэн. Тэгэхээр өнгөрсөн жилийнхээс хүүхдэд зориулсан контентын тоо сүүлийн статистикаар харьцангуй нэмэгдэж байгаа. Бид өргөн нэвтрүүлгийнхээ хуулийг дагалдуулаад өргөн нэвтрүүлгийн сан байгуулахаар хуульчилчихсан, өдий хүртэл байгуулаагүй юм билээ. Өргөн нэвтрүүлгийн сангийн журмыг Засгийн газраар батлуулаад, энэ жил санд 2 тэрбум төгрөг тавьж орж ирж байгаа. Энэ журмыг манай яамнаас Засгийн газрын хуралдаанаар оруулахдаа ерөөсөө контентод зориулъя л гэж байгаа юм. Хүүхдийн контент үйлдвэрлэхэд ашгийн төлөө биш учраас контент үйлдвэрлэгч нар үүнийг үйлдвэрлэж, түгээх сонирхол бага байдаг юм байна. Тийм учраас үүнд тодорхой дэмжлэг үзүүлж, ерөөсөө контент бүтээж л байгаа бол өргөн байна уу, арилжааны телевиз байна уу ялгаагүй бүх төрлийн контент үйлдвэрлэгч нарт нээлттэйгээр сонгон шалгаруулалтыг цахим орчинд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүмүүжлийн талаар, тоон бичиг үсгийн ур чадварын талаар гээд ангилал гаргаад зарлаж байгаа юм. Тийм учраас өргөн нэвтрүүлгийн сан бол тодорхой хувь нэмэр оруулна.
Манайд Засгийн газрын тусгай сангаар хэд хэдэн сан байгаа. Тэр сангууд нь агуулгаа хүүхэд рүүгээ чиглүүлчихэд манай нийгэмд том өөрчлөлт гарна шүү дээ. Кино урлагийн, өргөний сан, соёл урлагийн сан гээд хуультай сангууд байгаа. Хуульгүй сангуудыг бид нар өөрсдөө бие дааж байгуулахгүй байгаа шүү дээ. Нэгэнт хуультай учраас сан байгуулагдаж байна. Тэгвэл аль ч яам хамаагүй өөрсдөө зорилго тавиад сангаа энэ жил хүүхэд хамгаалал руугаа чиглүүлснээр контент үйлдвэрлэгч нарыг дэмжих бололцоо бүрдэнэ гэж харж байгаа. Цахим орчин дахь хүүхэд хамгааллаар маш олон асуудлыг бид ярих ёстой. Ер нь салбарын сайдын хувиар 3 чиглэл баталсан. Өөр өөрсдийнхөө хүрээнд асуудлаа шийдээд явж байна. ХХЗХ бол хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах орчныг боловсронгуй болгох чиглэлээр Блак Лист Мн, дээрээс нь Ай Даблю Эф Юнескогийн байгууллагатай хамтран репортууд авч байгаа. Хүүхдэд үнэхээр гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан байвал репорт явуулаад түүнийг нь хязгаарлах зохицуулалтуудыг хийж байгаа. Монголоор дамжиж орж ирж байгаа Ай Пи дээр нь хязгаарлалт хийх боловч гадна байгаа гаднын платформууд дээр хяналт тавьж чадахгүй. Гэхдээ Ай Даблью Эфээр дамжуулаад Блак Листэд бүртгээд ажиллаж байна. За баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ц.Мөнх-Оргил гишүүний микрофоныг өгье.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Тодруулъя. Тэгвэл ингэж ойлгож болох уу Х.Булгантуяа сайд аа? Энэ хамтарсан багийн бүрэлдэхүүнд шинэ хуулиар хот суурин газраас бололцоотой газруудад нь төрийн бус байгууллагуудыгаа нэмж оруулъя гэдэг дээр болох юм байна, тийм ээ. Төрийн албан хаагчид дээрээ нэмээд, гэхдээ хуулиараа бүр заавал хийж өгмөөр байгаа байхгүй юу.
2-т, Н.Учрал сайд аа, зарим орнуудад нэг ийм юм байдаг юм байна. Хүүхдийн утсан дээр тоглож байгаа тоглоомууд янз бүрийн цагийн болон контентын хязгаартай байдаг юм байна. Тийм юм хийж болох уу? Улсын хэмжээнд?
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: ХЭҮК хариулъя, илтгэл хангалтгүй байсан гэж хэллээ.
ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиар Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлсэн. ХЭҮК-ын 2022 оны илтгэлд үндэсний хэмжээний энэ тогтолцоо бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байна гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Энэ дээр бид нэг цэгийн үйлчилгээ, хамтарсан баг гээд анхан шатан дээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажиллаж байна. Хамтарсан багийн үйл ажиллагаа маань үнэхээр хангалтгүй түвшинд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын чиглэлээр анхан шат болон бүх үндэсний түвшинд тогтолцоо бүрдүүлсэн ч энэ тогтолцоо маань яг нэг симфони найрал хөгжим шиг уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна. Тийм учраас энэ дээр яаралтай зураглал гаргах асуудлыг хүүхэд хамгааллын тогтолцооны бүтцээр нь харсан, уялдаа холбоог нь харсан, энэ чинь өөрөө салбар дундын асуудал учраас хэн нь энийг илүү салбар дундын уялдаа холбоог нь хангаж ажиллах юм бэ гэдэг ийм зураглал 1 дүгээрт гаргах шаардлагатай гэдэг асуудлыг бид нар тавьж байсан.
2 дугаарт, энэ хамтарсан баг яг анхан шатандаа ажиллаж чадахгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.
Хамтарсан багт бүхий л хариуцлагыг хүлээлгэчихсэн байгаа. Энд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ, нөхөн сэргээх буюу сэтгэл санааны хохирлыг арилгана, хуульд заасан 7 төрлийн үйлчилгээг тэр хүмүүс үзүүлнэ, мөн эрт шатанд нь энэ асуудлыг илрүүлнэ гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол хүмүүс үнэхээр ачааллаа дийлэхгүй байна гэдэг асуудлыг бид нар энэ илтгэлээрээ гаргаж тавьсан. Хүүхэд хамгааллын үйлчилгээ чинь өөрөө мэргэжлийн үйлчилгээ байх ёстой байтал тэнд ажиллаж байгаа ганц нийгмийн ажилтан нь өөрөө мэргэжлийн хүмүүс байгаа. Зарим газруудад бол төрийн бус байгууллагууд ажиллаж байна лээ. Ер нь энэ үйлчилгээнүүдээ бид жишээлбэл, урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх ажлуудаа тус тусад нь салгамаар байна. Мэргэжлийн чиглэлийн үйлчилгээг нийгмийн ажилтнуудаар нь харьяалуулаад, төр бүх ачааг нуруун дээрээ үүрнэ гэж байхгүй учраас мэргэшсэн ийм үйл ажиллагааг нь аттестатчлаад төрийн бус байгууллагуудаар нь гүйцэтгүүлмээр байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил орон нутагт бас маш хангалтгүй байна. Тэгэхээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ямар ч сэтгэл зүйч байхгүй байна. Тэгэхээр энэ ажлууд дээр яг зорилт зорилтоор нь хуваарилж, холбогдох байгууллагыг яг эзэнтэй нь тавьж өгмөөр байна. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна. Гэтэл тэр эцэг, эхэд нь ямар ч зан үйлд нь нөлөөлөх албадан сургалтын арга хэмжээ анхан шатан дээр хэрэгжихгүй, зөвхөн баривчлагдсан хойно нь хийгдэж байгаа учраас эрт шатанд нь арга хэмжээ авах шаталсан хариуцлагын тогтолцоо Монгол Улсад байхгүй байна. Засаг дарга ядаж хүчирхийлэл үйлдээд байгаа хүнийг дуудаад саналаа гаргадаг ч юм уу, захирамж гаргадаг ч юм уу тэр хүнийг сайн дурын сургалтад хамруулах хэрэгтэй харагдаад байгаа юм. Тэгээд сайн дурын сургалтдаа хамрагддаг бол дараагийн шатны арга хэмжээ үйлчилдэг байх ийм хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна. За баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Бүгдээрээ энэ хяналтын сонсголоороо танин мэдэхүйн шинж чанартай зүйл яримааргүй байна, үүнийг бид нар маш олон жил ярьж байгаа. Тэгэхлээр дандаа шийдэл, гарц ярина шүү. Бид нар асуудлаа төрийн байгууллагын түвшинд ч, ТББ-ын түвшинд ч, Олон улсын байгууллагын түвшинд ч маш сайн мэдэж байгаа гэж бодож байна. Бүгдээрээ цагаа бариад явна шүү. Одоо С.Одонтуяа гишүүн.
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Баярлалаа, санал нэг байна. Ийм танин мэдэхүйн юм уу эсвэл ач холбогдлын талаар бүгдээрээ яримааргүй байна. Яг шийдлээ л одоо яриад явахгүй бол олон жил ярилаа.
Юуны өмнө хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль дээр бол Монгол Улс олон улсын түвшинд нэлээд ахицтай зүйлүүд байгаа. Үүнийг хэлэх ёстой. 2016 онд Улсын Их Хурал Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуультай болсон. Анх бол зүгээр хүүхэд ийм эрхтэй л гээд байснаас яг хүүхдийг яаж хамгаалах гэдэг хууль нь бол байгаагүй. Ингээд Хүүхэд хамгааллын хуультай болж эндээс зөндөө дэвшлүүд гарсанг хэлэх нь зүйтэй. Одоо хүн бүхэн хамтарсан баг, кэйс, менежмент, тусламжийн хуудас гээд ярьдаг болчихож. Тэгэхээр одоо цаг үетэйгээ тохируулж бид нар дараа дараагийнхаа шатан дээр ажиллах ёстой.
Цаг үетэйгээ нийлж алхаж байгаа байгууллага бол ЦЕГ-ын сошиал, хүүхэд, гэр бүлийн сошиал нөлөөллийн аяныхныг цаг үетэйгээ их тохируулж ажиллаж байна уу гэж талархсанаа илэрхийлмээр байдаг. Үнэхээр нийгэмд хүүхдүүд одоо сошиал хардаг. Энэ нөлөөллийн аянаар хүүхдүүд тэрийг нь шэйрлэдэг, дуурайдаг, хүүхдүүдийнх нь хэлээр яриад энэ бас их зөв зүйтэй ажил болсон. Энэ Ворлд Вижин НҮБ-аас манай хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал гээд яг юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг гаргаад өгчихсөн юм. Энэ дээр би нэг л зүйлийг хэлмээр байгаа юм. Хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг хүн чинь ажил нь болохгүй байна аа гэдгийг заачихсан байгаа. Энэ бол 2016 онд би өөрөө ажлын хэсгийг ахалж байсан энэ хуулийн гол шигтгээ нь байсан юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч байж хараат байх нь болдоггүй юм гэдгийг бүгд хэлээд байгаа байхгүй юу. Одоо 2016 оноос хойш бид хэдэн жил алдчихав. Та нар телевиз сошиалаар нэг удаа хүүхдийн эрхийн байцаагч гараад шүгэл үлээж байсныг сонссон уу. Та нар нэг удаа гараад нийгэмд “би хүүхдийн эрхийн байцаагч байна аа, энэ байгууллага дээр ингээд хүүхдийн эрх зөрччихлөө” гээд ярьсан, сэтгэл гаргаж ажилласан ийм хүн харсан юм уу, нэг ч хүн хараагүй байхгүй юу. Яагаад гэвэл төрийн албан хаагч төрийн байгууллагынхаа эсрэг шүгэл үлээж чадахгүй байна. Тэгэхээр Х.Булгантуяа сайд аа үүнийгээ одоо боль оо. Төрөөс хараат бус хүмүүсийг энэ ажилд тавь. Би та нарт бүүр гарц гаргалгааг нь хэлээд өгье. Жишээ нь, энэ зорилтот бүлэг нь их цөөхөн байдаг байхгүй юу, бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа чинь дүүргийн хэмжээнд хэдхэн л хүмүүс байгаа шүү дээ. Тэрийг олж илрүүлээд эрсдэлт бүлэгтэй нь уулзаад, энийг нэг ТББ хариуцаад ажиллаж чадна. Би Х.Баавгай гавьяат багшийг та ерөөсөө энэнтэй л ажиллаач гэхэд үүнийг дор нь хийгээд, нийгэмд болохгүйг нь шүгэл үлээгээд, болохгүй бол Ерөнхий сайд дээр нь орох эрхтэй ийм хүн байх ёстой. Мөн манай П.Цэвээн, Б.Жавзанхүү гээд хүүхдийн эрхийн төлөө дуугардаг хүмүүст нэг нэг кэйсээр нь хариуцуулаад өгчих л дөө. Сая төрийн бус байгууллагууд илүү сайн хийж чадна гэсэн санааг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ шүү дээ. Та нар ч бас бүтэц, орон тоо хүрэхгүй гэсэн хэрнээ хуульд ерөөсөө тэр бүлэг оруулаагүй байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь энэ бүтэц, орон тоог бид нар яаж гаргах юм.
2 дугаарт, тэр бүтэц, орон тоог хүлээгээд монголын залуу үе, хүүхдийн төлөө нийгмийн ажилтан ухамсарт хүрээд ажиллах хүртэл маш удна. Тийм учраас тэтгэвэрт гарсан энэ мундаг багш нарыг ажиллуулж болно шүү дээ. Тэд нар чинь хүүхдийн төлөө бол хэнээр ч ажлаа хийлгэхгүй, зүгээр ороод даналзаад, хийгээд л явчихна. Тэгэхээр хүүхдийн эрхийн байцаагчаа төрийн албан хаагчаас нь болиулаад тэгээд ийм дадлага туршлагатай хүмүүст хариуцуулаад сайн ажиллуул гэж хэлмээр байна.
Дараагийн асуудал нь энд тавьсан илтгэлүүд маш сайн илтгэлүүд байна. Р.Очирбал, Б.Болорсайхан нарын илтгэлүүд дээр маш олон хууль дүрэм хангалттай байна, гол нь уялдаа нь алга аа гэж байна. Манай хуулиуд бол баахан байгууллагуудыг тийм тийм үүрэг, эрхтэй гээд жагсаачихсан. Тэгээд хоорондын уялдаа байхгүй. Хууль нь гарсан хэдий ч процессын хуулиуд нь байхгүй. Тийм учраас энэ дээр процессын хуулиудаа гаргаж ирэх ёстой.
Мөнгө хангалттай байгаа гэдэг чинь үнэн шүү дээ. Олон улсын нэг байгууллага гэхэд л дангаараа Монгол Улсын төсвөөс зарж байгаа мөнгөнөөс илүү мөнгийг Монголын хүүхдүүдэд зарцуулж байна шүү дээ. Тэр мөнгө хаана яваад байна, яг зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгааг анхаараач ээ.
Мөн тэтгэмжийн асуудал байна Х.Булгантуяа сайд аа, манай яамныхаан. Энэ тэтгэмжийн асуудлыг дорвитой шинэ шатанд гаргахгүй бол ээжүүд тэтгэмжээ авч чадахгүй байна. Би ээжүүд гэж хэлье л дээ. 90 хувь нь өрх толгойлсон ээжүүд байна. 20 хувь, 30 хувь өгдөг, нэг жаахан нэмэгддэг. Одоо энэ дээр хатуу арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Миний ойр орчмын таньдаг хүмүүс гэхэд маш олон өрх толгойлсон ээжүүд байна. Тэр хаяад явсан нөхрүүд нь маш их бололцоотой хүмүүс байдаг ч ерөөсөө хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй. Яагаад гэвэл өнөөдөр үйлчилж байгаа хууль нь ийм сул байна. Тийм учраас энэ тэтгэмж дээр дорвитой анхаарахгүй бол хамгийн их хүүхдийн эрх зөрчиж байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бас нэг ийм асуудал байна. Тэр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэдтэйгээ өртлөө гэхэд гэрээсээ явахад дараагийн хүүхдүүд нь хохирч үлдэх гээд гэр орон нь хохирох гээд байгаа учраас баргийн хүн явахгүй, гэртээ дахиад л хүчирхийлүүлээд суугаад байгаа байхгүй юу. Энийг зохицуулах ёстой. Хүүхдүүд тэр түр байранд очихоор чинь үнэхээр байрны нөхцөл муу, хохирогч нь өөрөө давхар хохирогч болоод байна. Тиймээс бүгдээрээ хамтдаа үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ийм 3 асуулт голлон асууя. За тэгээд зөндөө л юм байна. Бусдыг нь бол бичгээр хуульдаа оруулаад явчихъя.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: С.Одонтуяа гишүүнд баярлалаа. Дэгтэй холбоотой нэмж хэлэхэд өнөөдрийн сонсгол ерөнхий хяналтын сонсгол учраас манай үг хэлэх гишүүд маань хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой ажилладаг эрх, үүрэг бүхий төрийн байгууллагуудаасаа мэдээлэл авах, асуулт асуух гэдэг дээр илүү их анхаармаар байгаа. Тэгээд сонсголын энэ асуулт, хариултын дараа гишүүдийн бас үг хэлэх цаг байгаа учраас тодорхой байр суурь, саналаа хэлж болно.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хүүхдийн эрхийн байцаагчийн хувьд ТББ байж болно. Миний харж байгаагаар одоогийн хууль дээр манайх хүүхдийн эрхийн байцаагч байхын тулд салбартаа 5 жил ажилласан гээд шаардлагыг тавьсан чинь үнэнийг хэлэхэд манай салбарт 5 жил ажилласан хүн маш цөөхөн. Улсын хэмжээнд нийтдээ 40 хэдэн л хүүхдийн улсын байцаагч байна. Шалгуурыг хангаад очиж ажиллах гэсээр байтал нөгөө хүүхдийнх нь асуудал нь бүр хурцдаад байгаа учраас шинэ хуульд шалгуурыг нь багасгаж өгсөн.
2 дугаарт хуулийн 2.18 дугаар зүйл дээр хүүхэд хамгааллын үйлчилгээг тухайн чиглэлээр мэргэшсэн хүн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдээр гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж байгаа. Тэгэхдээ хүүхэд хамгааллын улсын байцаагч дээр ч гэсэн ТББ нь улсын байцаагчийн эрхтэй байх уу үгүй юу гэдгийг Улсын Их Хурал дээр та бүхэн ажлын хэсэг дээр үүнийг зарчмын зөрүүтэй саналаар гаргаад явах боломжтой гэж бодож байна. Түрүүний хэлсэнчлэн нарийн мэргэжлийн хүмүүс орон нутагт л жоохон хүнд байж магадагүй. Одоо хотод хүртэл энэ чиглэлийн нийгмийн ажилтан нь хүнд байгаа юм чинь орон нутагт бол бүр хүнд байж магадгүй. Бид нар бас шаардлагыг нь нэлээдгүй өргөн болгож өгсөн. Заавал нийгмийн ажилтан гэхгүй, боловсрол хууль гээд чиглэлээр ажиллаж байсан мэргэшсэн хүмүүс гэж оруулж өгсөн.
Ер нь бол өөрийн чинь хэлж байгаа үнэн. Бид нар энэ салбарын төрийн бус байгууллагуудаас гадна энэ салбараас тэтгэвэртээ гарсан, мөн манай төрийн тусгай албан хаагчид гэхэд эрт тэтгэвэрт гардаг учраас эдгээр хүмүүс бол маш сайн салбарын ажилтнууд болж ажиллахаар байгаа. Гэрээлээд ажиллахын хувьд хууль, эрх зүйн хувьд бүрэн боломжтой.
Бидэнд бас хэд хэдэн асуудлууд байгаа. Манай ТББ-ууд бол маш сайн мэдэж байгаа байх. Жишээлбэл, эцэг, эх байх эрхээ хасуулчихаад ахиад хүнтэй суугаад эцэг, эх болчихдог тэр тохиолдолд яах вэ?
Гэр бүлийн тухай хууль дээр манай Б.Солонгоо дэд сайд ахлаад энэ хуулийг ХЗДХЯ-наас оруулж байгаа. Мөн эцэг, эхүүд нь архидан согтуурахтай холбоотойгоор бид наркологийн эмчилгээнд хамруулдаг. Гэтэл эмчилгээний чанарын асуудал тааруухан байна гэдэг асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, хүчээр бараг аваачаад хамруулаад буцаж ирэхдээ улам их ууртай, улам их хүчирхийлэгч болоод хүрээд ирдэг. Эндээс энэ эмчилгээний чанарын асуудал яригдаж байна гэдэг бас том асуудал болдог. Дээрээс нь хүүхдийн эрхийн байцаагч гадаадын улс орнуудад хүүхэд хамгааллын систем гэдэг бол бараг цагдаагаас давуу эрхтэй ийм байгууллага байдаг. Цагдааг дуудаж мэдээлэл авдаг, төрийн бүхий л байгууллагуудыг ёстой л хүүхэд номер нэг гэж үзвэл хүүхдийн байгууллага яг тийм л байх ёстой юм байна лээ. Үнэнийг хэлэхэд хорооны нийгмийн ажилтнаас цалин багатай. Яагаад гэвэл хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд нийслэл, дүүргээсээ цалинжчихдаг, цалингийн хувьд илүү, бараг эрх мэдлийн хувьд илүү байдаг. Ийм байхад хүүхдийн асуудал хариуцсан гэр бүл, хүүхэд, хөгжлийн мэргэжлийн ажилтан нь үүнээсээ долоон дор цалин хангамжтай, эрх мэдэлтэй байх юм бол энэ тогтолцоо бэхжихэд их амаргүй гэсэн үг. Бид нар эхний шатанд ямар ч байсан хариуцсан мэргэжлийн ажилтнуудтай болъё, кэйсээ ядаж нээгээд эхнээс нь эцэс хүртэл нь хариуцсан мэргэжлийн хүнтэй байж энэ асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа.
ХЭҮК-ын хэлсэнчлэн хамтарсан багийн хүмүүс бүгдээрээ ажлынхаа хажуугаар энэ 7 үйлчилгээг үзүүлж байгаа гэдэг шүүмжлэл үнэн. Ер нь одоо боловсролын салбарт ч гэсэндээ сэтгэл зүйчтэй байх ёстой гэж хуульдаа оруулж өгсөн ч гэсэн сэтгэл зүйч хангалттай хүрэлцээтэй биш байгаа. Бүх сургуулиудын 20 орчим хувь нь сэтгэл зүйчгүй байгаа. Тэгэхээр мэргэжлийн салбарынхаа боловсон хүчнүүдийг бэлдэхдээ Боловсролын яамтай хамтраад боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгох нэн шаардлагатай гэдэг боловсон хүчний тоонд нийгмийн ажилтан орж байгаа.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуултад хариулъя. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал мэдээж тулгамдаж байгаа асуудлын нэг. Ялангуяа ШШГБ-д ирж байгаа гүйцэтгэх хуудасны нэлээд хувь нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэрүүд байдаг. Статистик аваад үзвэл Гэр бүлийн тухай хуулиар шийдэгдэж байгаа нийт маргааны бараг 25 орчим хувь нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой маргаан эзэлж байна. 2017 оноос хойш энэ төрлийн нэхэмжлэл шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо тогтмол нэмэгдэж байна. Тэгээд 2021 оны байдлаар 1297 шүүхийн шийдвэр гарсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан тухайн сард, хүүхдийн наснаас харгалзан тогтоодог. Бид нарын хувьд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр энэ зохицуулалтыг хүүхэд гэр бүл салалтаас өмнө өсөж хүмүүжиж, сурч буй орчин өөрчлөгдөхгүй байхаар илүү уян хатан, орлогод нийцүүлсэн аргачлалын дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоодог байхаар зохицуулалт оруулж байгаа. Тэгэхдээ хамгийн доод хэмжээ буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшнийг хангах хэмжээгээр заавал байна гэдэг зохицуулалтыг шинэ хуулийн төсөлд тусгасан. Манай ШШГБ дээр яг энэ төрлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Ингэж сайжирсан нэг шалтгаан нь 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг авч эхэлсэн. Ингэснээрээ энэ төлбөр төлөлт маань 10 хувиар нэмэгдсэн. Албадлагын арга хэмжээг авч эхэлснээс хойш нийт 4650 төлбөр төлөгчид албадлагын арга хэмжээ авсан байна. Үүнээс 1743 төлбөр төлөгч үүргээ бүрэн биелүүлсэн байна. ШШГБ дээр энэ жилдээ шүүхээс хүүхдэд тэтгэлэг гаргуулах 23,6 тэрбум төгрөгийн 2120 гүйцэтгэх баримт бичиг ирсэн. Биелүүлбэл зохих 50,5 тэрбум төгрөгийн 14182 гүйцэтгэх баримт бичигт холбогдох ажлыг зохион байгуулсан.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: УИХ-ын гишүүдийн асуултад хариулах холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд хариултаа 3 минутад багтаагаад хариулах шаардлагатай байна. Одоо УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуултаа асууна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Баярлалаа та бүхэндээ, маш чухал сэдвээр салбар салбарынхан маань ингээд сонсолд оролцож байна. Гэхдээ бид өнөөдөр бүгдээрээ танин мэдэхүйн чанартай асуулт бие биедээ тавиад, нөгөө л зовлонгоо тоочоод, ингэмээр байна тэгмээр байна гэж яримааргүй байна. Олон жил бид ийм юм ярилаа, үр дүн ямар байгааг бүгд мэдэж байгаа. Тийм учраас одоо танин мэдэхүйн юм тавьж, эсвэл бие биеэ шүүмжилж ч юм уу явмааргүй байна. Өнөөдөр нэг кэйс гарахаар л бөөнөөрөө цуглардаг. Яг ийм уулзалт өнгөрсөн 4 жил бас л 3, 4 болж байсан. Төсөв, хүний нөөцтэй холбоотой асуудал бол хамгийн их яригддаг. Тухайлбал, анх 2016 онд хүүхэд хамгааллын төсөв 300-хан сая төгрөг байсан, тэгээд эдийн засаг маш хүнд болчихлоо гээд баахан хасагдахад хүүхэдтэй холбоотой төсөв хасагдаж ирж байсан. УИХ-ын тэр үеийн эмэгтэй гишүүд, миний бие төсвийн ажлын хэсгийг нь ахлаад хүүхэд хамгааллын төсөв дээр НҮБ-ын Хүүхдийн сантай нийлж судалгаа хийлгүүлээд, монголд хүүхэд хамгааллыг үнэхээр бодитой хийе гэвэл санхүүжилт хамгийн багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж хэлж байсан. Бид санаачилга гаргаад УИХ дээр энэ асуудал нэлээд хүчтэй яригдаад 2016 оны төсөв орж ирэх үед бид анх 2017 оноос эхлээд хүүхэд хамгааллын төсвийг 2 тэрбум, 3 тэрбумаар нэмж эхэлсэн. 2017 онд 2,9 тэрбум гэх зэргээр нэмэгдсээр 2019 онд 8 тэрбум төгрөгийг бид хүүхэд хамгааллын төсөвт тусгаж байсан. Тэр төсвийн ажлын хэсэгт манай тэр үеийн УИХ-ын гишүүн З.Нарантуяа бид хоёр манлайлаад, би өөрөө ажлын хэсгээ ахлаад ажиллаж байсан. Манай бүх гишүүд дэмжээд хүүхэд хамгааллын төсвийг бид анх удаагаа 300 саяас 8 тэрбум дээр авчирсан. Нөгөө талаасаа анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс маань хүүхдийн байцаагчийн орон тоог нэмж өгөөч, яг үнэндээ хүүхдийн кэйс дээр хамгийн чухал, үүрэг гүйцэтгэдэг хүмүүс хүүхдийн эрхийн байцаагч нар байдаг. Энэ орон тоо байхгүй болчихсон нь үнэхээр хэцүү байна гэсэн санал хүсэлт эмэгтэй гишүүдэд ирсэн. Би тухайн үеийн Хууль зүйн сайдын багцад 130 хүүхдийн байцаагчийн орон тоог санхүүжилттэй нь, цалин хөлстэй нь нэмж өгсөн. Үүний үр дүн гарч байгаа гэж бодож байна. Бас цагдаагийн байгууллагаас хүүхдийн байцаагчийн орон тоог 130-аар нэмснээр ямар үр дүн, нөлөө үзүүлж байна вэ? Энэ дээр та бүхэн минь нэг саналаа хэлээрэй гэж хүсэх байна.
Одоо Х.Булгантуяа сайдын хэлсэн орж ирж байгаа шинэ хуульд Хүүхдийн эрхийн байцаагчийн орон тоог бид нэмэх гэж байгаа. Гэхдээ нийгмийн ажилтан гэдгээр 500 гаруй орон тоо нэмэх тухай асуудал энэ хууль дээр орж ирж байгаа. Бид нар зүгээр нэг кэйс гараад л ингээд байгаа биш, маш их судалгаа хийгээд байна шүү дээ. НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагууд хийгээд байна. Бас энд үг хэлж байгаа ТББ-ын хуульч, өмгөөлөгч нар бүгд асуудлыг яг үнэн хэлж байна. Хөдөө, орон нутагт байгаа нийгмийн ажилтан буюу хүүхэд хамгаалах ажилтан 300 гаруй төрлийн бичиг цаасны ажил давхар хийдэг. Бараг зөөгч, туслах юу л болно нөгөө нийгмийн ажилтан гүйлгэдэг. Тэгэхээр энэ хүн яаж хүүхдийн кэйс хамгаалах тухай ярих вэ дээ. Хүүхдийн кэйс дээр ажиллая гэвэл ядаж 14 хоног ажиллах шаардлага гардаг, бас шүүх цагдаа дээр очоод нөгөөдхөө хамгаалах гээд маш их давхардсан ажил хийдэг. Тэгээд дээрээс нь хүүхэд хамгаал гэхээр яаж хамгаалах вэ? Маш ноцтой хэргүүд дандаа хөдөө, орон нутагт давтагдаж гараад байгааг та бүхэн харж байгаа биз?
Говь-Алтай, Дорноговь гээд л байна. Нийслэлийн алслагдсан дүүргүүдэд асуудал бас хүнд байсан. Бид 2017 оноос эхлээд тэр үеийн ХЗБХ-той ярьж байгаад түр хамгаалах байруудыг шинэчилж, нэлээд чанартай болгоё гээд төсөв хөрөнгө Хууль зүйн сайдын багцад суулгаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нөгөө хамтарсан багийн санхүүжилт дээр нь нэмээд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэйн хүүхэд хамгааллын байруудыг арай өөрчлөн сайжруулж, камержуулалтуудыг сайжруулсан. Төсөвтэй холбоотой асуудлыг ингээд сайжруулаад нэмээд байгаа хэрнээ өнөөдөр нөгөө маш ноцтой, хүүхэд хүчирхийлсэн, хүүхдийн амь насанд хүрсэн асуудал буурах битгий хэл харин өссөн үзүүлэлттэй, 108-д ирсэн дуудлага хэд дахин өсчихсөн байгаад байна. Тэгэхээр энэ юу болохгүй байна гэвэл тогтолцоо нь үнэхээр болохгүй байна. Тэгээд бид өнөөдөр энийг хуульчилж байна. Ганц ХНХЯ-ных ч биш, энэ дээр жишээлбэл, Хүүхэд хамгааллын тухай хуульд эмэгтэй гишүүд нэмэлт, өөрчлөлтөөр өргөн барьсан, одоо шинэчилсэн хуулиар оруулж ирж байгаа.
Гарч байгаа хэргийн судалгааг хийж үзэхэд дандаа ахуйн хүрээнд, хойд эцэг, хойд эх, ажилгүй архидалт хавтгайрчихсан ийм нөхцөлтэй байгаад байна л даа. Гэр бүлийн тухай хуулийг ХЗДХЯ цаг алдалгүй гаргаач ээ гэж бид маш их шахсан. Дэд сайд Б.Солонгоо маань энд сууж байна, энэ дээр нэлээд шахаж ажиллаж байгаа. Одоо тэгээд Б.Энхбаяр сайд маань оруулж ирээд Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн тухай хууль гээд хууль эрх зүйн хувьд цогцоороо орж ирээд шийдэх гэж байна. Эцэг, эхийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаа эцэг эхэд оногдуулах үүрэг хариуцлагыг маш чангатгаж орж ирж байгаа.
Хүүхдийнхээ төлбөрийг төлдөггүй хүмүүсийг хилээр гаргахгүй байхаас эхлээд ноцтой тохиолдолд хорих ялыг нь илүү чангатгах гэдэг асуудал орж ирж байна. Хүүхэд хүчирхийлэхийг завдсан болоод хүүхэд хүчирхийлсэн бол насаараа шоронд байх, магадлал болоод бусад зүйлээр урьдчилан гаргахгүй байх хамгийн хатуу шийтгэлийг нь оногдуулъя. Шүүх дээр гэр бүлийн хүүхдийн хамгааллаар тусгай шүүх ажлын хэсгүүдийг нь тусгайлан гаргая гэдэг зүйлүүдийг бид өнөөдөр багцаар нь оруулж ирээд сууж байна л даа. Түүнээс биш ингээд нэг асуудал гарахаар энэ эмэгтэйчүүдийн асуудал ч биш. Энэ жил гэхэд төсвийг нь 14 тэрбум төгрөг болгож нэмж орж ирж байгаа. Х.Булгантуяа сайд сая бас хэллээ. Одоо харин энэ төсөвт тусгасан 14 тэрбум төгрөгийнхөө задаргааг нь бид сайн хиймээр байна. Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр ХНХ-ын сайдын багц, Эрүүл мэндийн сайдын багцыг хэлэлцэж байхад яг ингээд л мөнгө нэмээд байсан. Бид нарын өмнө төсөвт тусгасан 8 тэрбум төгрөг ямар үр дүнд хүрсэн, тэр мөнгө хаачив. Анхан шатанд очоогүй, хүний нөөц нэмэгдээгүй. Анхан шатанд жишээ нь, Чингэлтэй дүүрэгт харахад Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт тавхан хүн ажилладаг, ачааллаа даахгүй, мөнгө байхгүй, автобусаар өөрсдөө явж очиж хүүхдээ хамгаалдаг. Тэр мөнгө нь дандаа өөрийнх нь карманаас гардаг. Цалин 600-700 мянган төгрөгийг 2 хувааж авч байсан.
Харин сая бид нэмэлт, өөрчлөлт оруулаад 7 дугаар сарын 01-нээс хүүхэд хамгааллын ажилтнуудын төсвийг нь 1 сая болгож нэмсэн. Энэ гэхдээ хангалттай биш. Өнөөдөр бид борви бохисхийхгүй ажиллаж байгаа энэ хүмүүсийг шүүмжлээд, ажлаа хийхгүй байна гээд байгаа юм. Гэтэл хүний нөөцийн асуудлыг тэр 8 тэрбумыг шийдэж өгч байхад яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Төрийн албаны дарга нар аа? Энэ мөнгө тэгэхээр зориулалтын дагуу зарцуулагдаагүй, түрүүн Ц.Мөнх-Оргил гишүүний хэлдэг үнэн байхгүй юу. Төсөв нэмэх шаардлагатай байна гээд л орж ирээд байсан, бид нэмээд л байсан.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд юу хийж байна гэж асуугаад байгаа юм. Бид эрх зүйн хувьд нь маш их юм хийж байгаа. Иргэд, төрийн бус байгууллагууд маань маш идэвхтэй энд оролцож байгаа. Хийсэн санал, оруулж ирж байгаа төсөл болгоныг нь хууль эрх зүйн хувьд болоод санхүүжилтийн хувьд бид нар шийдээд байдаг. Нөгөө анхан шатан дээр байдал нь өөрчлөгддөггүй, хүүхэд хамгааллын тогтолцоо хэвээрээ байгаад байна шүү дээ. ХЭҮК-ынхон та бүхэн маань энэ дээр одоо жоохон санаачлагатай, өөр ажилламаар байна. Би Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа та бүхнээр судалгаа хийлгүүлж үзсэн шүү дээ. Хүүхэд хамгааллын төсвийг бид одоо 8 тэрбум болгож өсгөж байна. Энэ хүүхэд хамгааллын төсөв, хүүхдийн байцаагч, хүүхэд хамгаалагч нар хөдөө, орон нутагт яаж ажиллаж байна вэ гэсэн судалгааг анх удаа гаргаж ирэхэд хүүхэд хамгааллын төсвийг орон нутагт өвс, тэжээл, хүлээн авалт, бас өөр зүйлүүдэд зарцуулаад явчихдаг, яг хүүхэд хамгаалалдаа зарцуулагддаггүй гэсэн тооцоо судалгаатай анх удаа гарч ирсэн. Хүүхдийн нийгмийн ажилтан нь Засаг даргынхаа туслах, за бараг бүх ажлыг хийж байна гэсэн үр дүн гарч байсан.
Тэгээд бид нар салбарын яаманд нь үүрэг өгөөд хүүхэд хамгааллын ажилтан хөдөө орон нутагт яг тэр хүүхдээ л хамгаалдаг, болохгүй бол орон тоог нь нэмээд ажиллууддаг байх хэрэгтэй байна. Хүүхдийн төсвийг зориулалтын бусаар зарцуулж байгаа, хүүхэд хамгааллын орон тоог нэмэх төсвийг нь суулгаад өгөөд байхад орон тоог нь нэмэхгүй, өөр өөр ажил давхар гүйцэтгээд байгаа бол төрийн албан хаагчид хариуцлага тооцох, хариуцлагыг нэмэгдүүлэх гээд Төрийн албаны тухай хуульд хүртэл бид нар оруулсан ч өнөөдөр байдал өөрчлөгдөхгүй байгаад байна.
Өнөөдрийн энэ нээлттэй сонсголоор бүгдээрээ нэг жоохон үр дүнд хүрээд, хамтарч байгаад чухал чухал хуулиудад саналаа гаргах гэж байна. Үүнийг амьдрал дээр яг хэрэгжүүлдэг болох л одоо чухал байна. Хууль багадаагүй, маш их хууль гарч байгаа. Дунд шатандаа энэ хууль хэрэгжихгүй байгаад байна шүү дээ. Бид хүүхэд хамгааллын төсвийг нэмээд байгаа ч яг салбар салбар дээрээ очоод назгайраад, хоорондоо уялдахгүй байгаа гэж үнэн байхгүй юу. ХЗДХЯ-наас, бас цагдаагийн байгууллагаас асуухад хүүхэд хамгааллын төсөв та нарт хэр байна, энэ 8 тэрбумаас төсөвлөгдөж байна уу гэхэд байхгүй ээ, бид зөвхөн Олон улсын байгууллага юм уу гаднын тусламж зэргээр л явдаг. Тэр нь нэгдсэн нэг төсөв байхаас хүүхэд хамгаалал дээр бид нэг ч төсөв байдаггүй. Гэхдээ бид яг хамтарсан баг дээр хариуцсан ажлаа хийгээд л цуг явдаг гээд манай цагдаа, хүчний байгууллагынхан хэлж байгаа юм. Боловсролын яам дээр хүүхэд хамгааллын төсөв та нарт байгаа юу гэсэн. Тэгсэн юу гэж байх вэ дээ, бид багш нар хүүхэд сургах л юм байна. Харин камержуулалт дээр та нар туслаарай, ийм ийм ажлууд хийгдэж байгаа, гэхдээ олон улсын байгууллагуудаас хийдэг гэж байгаа юм.
ХНХЯ-н дээр бол төсөв нь байгаад байдаг, олон улсын байгууллагуудаас бас хүүхэд хамгааллын чиглэлээр зээл тусламж яваад байдаг. Бүгд ингээд хоорондоо уялдаа холбоогүй, энэ мөнгө тодорхой, ил тод биш, шилэн биш байгаад байна. Тийм учраас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Н.Учрал сайд бүгдийн шилэн байлгаж, бид нарын батлаад байгаа 8 тэрбум, одоогийн 2024 оны төсвөөр батлах 14 тэрбум төгрөг хэнд, юунд зарцуулагдаж байгаа юм. Ихэнх нь цалинд явах гэж байна гээд эхнээсээ шүүмжлэлүүд гарч байна лээ.
Х.Булгантуяа сайдын бид нарт өгч байгаа тайлбараас харахад бас цалинд нэг их явахааргүй байна лээ. Нийгмийн ажилтны орон тоог 500 хэдээр нэмж байгаа гэсэн. Гэхдээ энэ нь яг анхан шат дээрээ, орон нутагт, тэр Говь-Алтай аймагт, Дорноговийн сумдад очиж нэмж байна уу, үгүй юу. Цалин нь бол үнэхээр бага байгаа. Ихэнх нь ажлаасаа гарч байгаа шүү дээ. 3, 4 сар ажиллаад бүр дийлэхээ болиод ажлаасаа гараад явцгааж байгаа, эмнэлэгт ядаргаанд ороод хэвтэж байгаа ийм кэйсүүд маш их байгаа. Төрийн албан хаагчийнхаа яг тэр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүсээ би тулж ажилладаг учраас мэдээд хэлээд байна л даа. Өрөвдөөд байдаг, үнэхээр өрөвддөг, өдөржин явдаг, тэгээд байдал нь хэцүү тэгээд дандаа загинадаг. Тиймээс бид нар тэр хүмүүсийнхээ орон тоог нь жоохон нэмбэл нэмээд, чанартай болгоод гэхдээ хүүхэд хамгаалах кейс дээр энэ асуудлыг өөр түвшинд авчирч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа гэр бүл рүү чиглэсэн сургалт, танин мэдэхүйн ажлууд руу илүү орох хэрэгтэй байна.
Өмнө нь хүүхдийн байцаагчийн орон тоог бид нэмэх гэж байхад цагдаагийнхан маань хэлж байсан. Дээр үед хүүхдийн байцаагч гэдэг бол тэр хороо гудамжныхаа бүх хүүхдээ таньдаг. Эцэг нь хэн юм, эх нь яадаг юм, энэ айл ямар айл юм, энэ бол ноцтой бас анхаарахгүй бол хүчирхийлэл үйлдэж мэдэх айл гэдгийг мэдчихээд тэр лүү фокусаа хандуулаад явдаг. Бараг хашаан дээр нь наачихдаг байсан гээд ярьж байгаа шүү дээ. Одоо тийм юм байхгүй. Тэгэхээр одоо ХНХ-ын сайд маань ингэж төсвийг нэмж байна, хууль, эрх зүйн хувьд бид нар нэлээд чангатгаж байна. Одоо бүгдээрээ яг энэ тогтолцоогоо дорвитой, энэ механизм ажиллах л хэрэгтэй байна шүү дээ. Энэ механизм ажиллахгүй бол бид нар дараагийн нэг ноцтой кэйс гараад ирвэл дахиад л ингээд сууж байна. Сая тэр 13 настай охин алга боллоо гээд л тэгж байна лээ. Эмэгтэй гишүүд бид санал гаргаад Ерөнхий сайд камержуулалтын асуудлыг цогцоор нь шийдье гээд Засгийн газарт саналаа өгчихсөн байгаа. Салбарын сайдын хэлж байгаагаар камержуулалтын асуудлыг орон нутгийн хөгжлийн сангаар цогцоор нь шийдье гээд ярьж байгаа. Энэ төсөв дээр бас орж байгаа гэж би ойлгож байгаа. Энэ талаар Х.Булгантуяа сайд бас тодорхой мэдээлэл өгөөрэй.
Камержуулалт гэдэг бол маш чухал. Хэрвээ камер л байвал ямар дугаартай ямар машинд хүүхэд суугаад явчихсан нь тодорхой болно шүү дээ. Сая гэхэд Драгоны өмнөөс таксинд суугаад явчихсан гэхэд тэнд ямар камерууд байгаа талаар цагдаагийнхан маань нэг хэлээдхээч. Яагаад сая энэ олон өдөр тэндээс ямар таксинд тэр хүүхэд суугаад явчихав гэдгийг тэр камерууд гаргаад ирж болоогүй юм уу? Уг нь Сонгинохайрхан дүүрэгт чинь камержуулалт дээр нэлээд сайн байсан. Бас ажиллахгүй байгаа юм болов уу. Төсөв батлаад мөнгө өгөөд байдаг, ийм зүйлүүд дээр онцгой анхаарах хэрэгтэй байна гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Сая миний хэлдгээр цагдаагийн байгууллага, ХНХ-ын сайд, ХЗДХЯ-наас Б.Солонгоо сайд энд байж байна. Гэр бүлийн тухай хууль дээр эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар заалтууд орж ирээд, яаж энэ механизм ажиллах вэ, хамтдаа тэрийгээ л бүгдээрээ өнөөдөр шийдээд явчихвал зүгээр байна. За тэгээд асуултдаа хариулт авъя.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: ЦЕГ болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар хариулна.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гол шалтгаан нь ерөөсөө ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой байна. Өнөөдөр Монголын нийгэм хүүхдэд битгий хэл том хүнд ч ээлгүй нийгмийг бид нар бий болгочихсон учраас түүний сүүдэрт нь хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө хамгаалах, төсөв санхүүгийн хувьд боломжгүй, бусдын эрхшээлд амьдардаг хүүхдүүд л нэн түрүүнд өртөөд байгаа юм.
Бид нар төсөв мянга нэмээд гол суурь асуудлууд нь шийдэгдэхгүй бол хэдүүлээ үүнийг 2 дахин, 3 дахин, 4 дахин нэмээд ч нэмэргүй. Хүүхдийн эсрэг гэмт хэрэггүй улс гэж ер нь байхгүй байх. Шийдэл нь тэгэхээр ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн сэтгэл зүйтэй тэмцье ээ. Түүнийг мэдээж бүх асуудалтай нь ХНХ-ын сайдын хувьд би ганцаараа тэмцэж чадахгүй шүү дээ. Үүнийг чинь улс орны том бодлогын хүрээнд л шийдэх ёстой. Төсвийн хувьд бас хэд хэдэн зүйлүүд байгаа шүү.
Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн хурал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй. Зөвлөл нь хүү торгуулийн орлогын 40 хувиар санхүүждэг. Зөвхөн нийслэл гэхэд 2021 онд нийтдээ 9 тэрбум төгрөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөвтэй байсан. Яам бол 1,2 тэрбум төгрөгийн төсөвтэй. Тэгэхээр огт бас төсөвгүй гэж хэлж болохгүй. Яг үүнтэй адилхан аймаг, орон нутгууд бас төсөвтэй. Ялангуяа том төсөвтэй аймгууд жишээлбэл, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгууд бол хүү торгуулийн орлогууд төв замуудаа дагаад нэлээдгүй орлоготой аймгууд байгаа. Тэгэхээр ганцхан 8 тэрбум төгрөгөөр улсын хэмжээнд ганцхан хүүхдийн эсрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэхээр энд чинь хүүхэд ч гэсэн бас хамрагдаж байгаа шүү дээ. Энэ талаар ХЗДХЯ бас нэмээд мэдээлэл өгөөрэй. Үүн дээр бид нар давхар ажиллаж байгаа. Ирэх жилийн төсөв ерөнхийдөө нийт төсвийн 70-80 хувь нь аймаг, орон нутгуудад буюу 21 аймаг, нийслэл Улаанбаатар хот руу хуваарилагддаг.
Ерөнхийдөө хүүхэд түр хамгаалах байранд дунджаар 14 хонож байна гэж үзвэл энэ хугацаанд ажиллаж, шаардлагатай тохиолдолд өмгөөлөгч хөлслөх, сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх гэх мэтчилэн эдгээр үйлчилгээнүүдийн тарифыг тогтоогоод олгодог. Гэхдээ энэ бол мэдээж хангалттай биш байгаа. 2016 онд анх энэ хуулийг баталж байхад олон улсын зөвлөхүүдтэй нийлээд үнэлгээ хийхэд 2016 оны тарифаар 11 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргаж өгч байсан. Одоо бараг 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж орж ирэх байх.
Шинээр батлагдсан хуулиар бол нэмэгдэж орж ирэх төсөв нь боловсон хүчин авахтай холбоотой л төсөв орж ирнэ гэсэн үг. Төрийн хэмнэлтийн хуулиар бид сая 7 сарын 01-нд Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага машингүй байсныг нь ядаж машинтай болгосон. Тэгсэн хэр нь бензин шатахууны зардлаас авхуулаад бас л төрийн хэмнэлтийн хуулиар хасагдсан.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Баярлалаа, М.Оюунчимэг гишүүний асуултад ЦЕГ хариулна.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: М.Оюунчимэг гишүүний асуултад хариулъя. Цагдаагийн байгууллагад 2021 онд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний нийтдээ 103 орон тоог шийдвэрлэж өгсөн. Үүнийг шийдвэрлэснээр ямар үр дүн гарав гэвэл хүүхэд өртөж хохирсон гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээллүүд үндсэндээ 3 хүртэл хувиар буурсан, мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн илрүүлэлт 20,3 хувиар өссөн эерэг үр дүнг үзүүлсэн. Хүүхэд хамгааллын үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид бүхэн хүүхэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол явуулж байгаа. Ийм үр дүн гарч байгаа.
ЦЕГ, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: М.Оюунчимэг гишүүний асуултад хариулъя. Сая болсон хэрэгтэй холбогдуулан хэлэхэд камержуулалт хангалттай сайн биш байгаа. Камер бол хүүхэд хамгаалалтай шууд холбоотой. Камер байгаа газар гэмт этгээд гэмт хэрэг үйлдэх нь нэн ховор. Хууль, эрх зүйн хувьд бол энэ камержуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хангалттай байгаа хэдий ч Улаанбаатар хот, аймаг, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа камер бол нэн хангалтгүй байгаа. Цагдаагийн байгууллага камержуулах талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг дарга нарт аргачлал, зөвлөмж, камержуулахтай холбоотой тооцоолол судалгаа зэрэг мэдээллийг хангалттай сайн өгч байгаа хэдий ч өнөөдөр 2023 онд та өөрөө сайн мэдэж байгаа Чингэлтэй дүүргийн бараг 50 хувь нь бүтэн камертай ногоон бүс болчихлоо шүү дээ. Тэнд бол гэмт хэрэг зөрчил 50-60 хувь багасаж байгаа. Энэ шиг ногоон бүсийг бүх нутаг дэвсгэрт байгуулах ажил тийм хангалттай сайн явахгүй байгаа. Сая Сонгинохайрхан дүүрэгт тэр хүүхдийн бичлэг бол байгаа юм. Яг хөдлөөд машинд суусан орчинд бичлэг байхгүй. Байгаа тэр бичлэг нь болохоор улсын төсөв хөрөнгөөр байгуулах ёстой камер суурилагдаагүй, харин ААН-үүдийн л нэг ганц нэг камераар олж байгаа юм. Тэрийг чинь хүүхдийн явсан хөдөлгөөнийг дагасан камерын төсвийг ашиглах тийм боломж бололцоо ганцхан энэ дүүрэг ч гэхгүй ер нь бүх дүүргүүдэд бүх аймгуудад байгаа юм аа гэж хариулъя.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: ХЗДХЯ, Л.Нямгэрэл дарга нэмэлтээр хариулна.
ХЗДХЯ, ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: Х.Булгантуяа сайдын хариулт дээр нэмээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 зүйлд тухайн жилд тухайн орон нутагт орсон нийт торгууль шийтгэврийн 40-өөс доошгүй хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд дараа жил нь төсөвлөнө гэсэн заалт байгаа. Ингээд нийтдээ улсын хэмжээнд нэг жилд 12-14 тэрбум төгрөг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал болж тухайн аймаг, нийслэлд очдог. Энэ бол төвлөрдөггүй, тухайн аймаг, орон нутгийн өөр өөрийнх нь төсөв дээр нэмж олгодог зардал байгаа юм. Тэгэхээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын 50-иас доош хувийг камержуулалтад зарцуулна гэсэн заалт бас байгаа. Тэгээд үлдсэнийг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургалт, судалгаа, олон нийтийг соён гэгээрүүлэх ажил болон бусад чадавхжуулах бүхий л ажилд зарцуулахаар байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал дээр бол /минут дууссан/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Дараагийн асуулт тавих гишүүн Б.Жаргалмаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Хүүхдийн төлөө зүрх сэтгэлээр ажилладаг олон хүмүүс цугласан байна. Бидний энэ уулзалт үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, би нийтдээ 4 дэх удаагаа нээлттэй хяналтын сонсголд оролцож байна. Би яагаад энэ сонсгол үр дүнтэй байгаасай гэж хэлж байна гэвэл өмнөх сонсголуудаас гаргасан шийдвэрүүдийн үр дүн гэдэг тайлан өнөөдрийг хүртэл бид нар авахгүй байгаа, авч чадахгүй байгаа. Нийгмийн бодлогын байнгын хорооноос удаа дараа ийнхүү нээлттэй сонсголыг хийсэн. 4 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвээр, 3 дугаар сарын 28-ны өдөр мөн хүүхэд хамгааллын чиглэлээр, 7 дугаар сарын 05-ны өдөр хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоолын төслийн хэрэгжилтийг хангуулах нээлттэй сонсголыг удаа дараа зохион байгуулсан.
Нийгмийн бодлогын байнгын хороо болон Улсын Их Хурлаас Засгийн газарт удаа дараа чиглэл өгсөн. Энэ чиглэлүүдийнхээ үр дүнг л бид нар яримаар байна.
Яг энэ хүмүүстэй би нийтдээ 4 удаа уулзаж Улсын Их Хурлын танхимд ярилцаж байна аа л гэсэн үг. Сая М.Оюунчимэг гишүүн хэлчихлээ. Бид төсөв мөнгөө нэмээд байгаа. Бид эрх мэдлийн хүрээнд төсөв мөнгөө нэмэх хууль эрх зүйг нь баталж өгөх ийм үүрэг хүлээсэн улсууд. Бид хууль, эрх зүйн асуудал дээр тодорхой шийдлүүдийг гаргаж хуулиар баталгаажуулан эрх зүйг нь бий болгож өгсөн байгаа. Одоо Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Нийгмийн ажилтны тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гээд хэд хэдэн хууль хүлээлттэй байгаа. Яагаад өнөөдөр нийгэм ийнхүү хүүхдэдээ хайргүй, ээлгүй болчихов гэдэг дээр бид нар дор бүрнээ анхаарах ёстой.
Эхний ээлжинд хүүхдээ хамгаалъя гэдэг зүйлийг бид нар төрийн болон төрийн бус байгууллагуудаа бүгдийг нь уриалаад яг энэ аяны хүрээнд юу хийж чадав гэдэг зүйлийг бид тайлан болгож хэлэлцье гээд уг нь салцгаасан. Зөвхөн нээлттэй сонсголын хэмжээнд биш С.Одонтуяа гишүүн бид нар бас намын төлөөллөө хангаад төрийн бус байгууллагуудыг бүгдийг нь дуудаад уулзаж ярилцаж байсан. Хүүхэд рүү чиглэсэн ажиллагаагаа бид яаж бодитой үр дүнд хүргэх вэ. Яг энэ хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн сэтгэл зүйч хэрэгтэй байна, нийгмийн ажилтан хэрэгтэй байна. Хэрвээ боломжтой бол яг энэ төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээч ээ гэдэг хүсэлтийг бид ТББ-ынхандаа тавьж байсан. Гэтэл яг энэ үр дүн өнөөдрийг хүртэл бас бий болж чадахгүй байгаа юм. Тэгэхлээр энэ талаар хэд хэдэн асуултыг би асууя гэж бодож байна. Энд би зөвхөн хуулиа яриад яахав. Нэгэнт хуулийн асуудлыг бид бүгдээрээ мэдэж байгаа учраас. Монгол Улс хүн амаа тоолж чадахгүй байна гэдэг юм уу, хүн амын тооллого алдаатай байна, ахмадуудаа тоолж чадахгүй байна, хүүхдүүдийн тоо зөрөөтэй байна гэдэг шүүмжлэл гарсан. Сая Ж.Хунан даргын тайланд дурдаж байсан. Одоо тэгвэл эрсдэлт бүлгийнхээ судалгааг хийж чадсан уу? Хэрвээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн болон хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийнхээ эрсдэлийг тооцож чадсан уу, энэ дээр хяналт тавьж байна уу, нөгөө хамтарсан баг маань энд чиглэж ажиллаж байна уу үгүй юу гэдгийг бид нар Байнгын хорооны нээлттэй сонсголоороо үүрэг болгож өгсөн байгаа. Үүний хэрэгжилтийн талаар надад хариулж өгнө үү.
Нөгөөтэйгүүр, хүүхэд, өсвөр үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахтай холбоотой дүн шинжилгээ, судалгааг тогтмол хийж хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна. Сая би Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ч энэ асуултыг асуулаа. Өнөөдөр өсвөр насны жирэмслэлтийг 15-19 насны эмэгтэй хүн амын тоотой харьцуулж үзвэл өсвөр насны охидын 3,3 хувь нь хүүхэд төрүүлсэн байна. Энэ дээр бид хяналт тавьж чадаж байна уу? Өөрөөр хэлбэл би өмнөх нээлттэй сонсголуудынхаа үр дүнг асуух гээд байгаа юм. Бид чадсан уу?
“Хүүхэд хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх хүүхэд хамгааллын зөрчил болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад ТББ-ын оролцоог дэмжих, сайн дурын хөтөлбөрийг үр дүнтэй болгох, холбогдох яамдууд нөлөөллийн ажлыг хийх” гэсэн ийм үүргийг бид өгч байсан байна. Соёлын яам, Боловсролын яам, одоо ХНХЯ энэ дээр ямар үр дүнтэй ажил хийж, хэрэгжүүлсэн бэ? Эцэг эхчүүд, хүүхдүүд тэр нөлөөллийн аянд чинь нэгдэж чадсан уу? Замын цагдаагаас явуулж байсан “Нэг хором хүлээ” гэдэг аян маш үр дүнтэй байсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Хүүхдүүд, томчууд гэлтгүй бүгдээрээ нэг хором хүлээ гэдэг шаардлагыг бие биедээ тавьдаг болчихсон байсан. Яг энэ мэт нөлөөллийн ажлыг бид нар хийе, үр дүнд хүргэе гэсэн. Энэ талаар холбогдох яамдууд бодитой ажил хийж чадсан уу гэж би асууя.
Мөн телевиз, радио, сонин хэвлэлээ ашиглаач ээ гэдэг зүйлийг бид нар нээлттэй сонсголоор үүрэг болгож байсан. Энэ сошиал орчин яагаад нийгмийн сэтгэл зүйг дагуулаад, чиглүүлээд байна, яагаад ийм эрсдэлтэй байдал руу ороод байгаа юм, яагаад цахим орчинд хүүхдүүдийн амиа хорлолт нэмэгдэж байна гэдэг мэдээлэл ихээр яригдаад байгаа юм гэдэг дээр ч анхааралаа хандуулах шаардлагатай байна. Яагаад гэвэл нөгөө сургуулийн нийгмийн ажилтан чинь хангалтгүй байна. Бид нар судалгаа хийгээд энэ хүүхдүүд сэтгэл зүйн дарамтад орчихсон байна, энд бид нар туслах ёстой юм байна гэдэг зүйлийг яагаад ярьж чадахгүй байгаа юм. Төр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж байгаа юу гэвэл хандаж байгаа. Б.Баярсайхан гишүүний ахалсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын хэсэгт парламентад суугаа эмэгтэйчүүд бид ажиллаад хүүхэд хамгааллын 108 төв дээр очсон. Гэтэл 17 билүү 27м2 талбайд 24 хүүхэд хүчирхийллээс хамгаалуулаад сууж байгаа юм. Энэ нь өөрөө хүүхдийн эрхийг зөрчөөд байна гэдэг шүүмжлэлийг бид байнга тавьж байгаа. Хэрвээ төр хүүхдээ хамгаалах гэж байгаа бол хамгаалсан шиг хамгаалаач, тэр орчныг нь бүрдүүлээч, хөрөнгө оруулалтаа хийгээч, яг хүүхдэдээ тулж ажиллах сэтгэл зүйчдээ бэлдээч ээ гэдэг зүйлийг бид нар байнга ярьж байгаа. Бид юуны түрүүнд удирдлагын гэдэг юм уу, бодлогын үйл ажиллагааны чиглэлээ зөв чигт нь оруулъя гэдэг зүйлийг ярьсан. Хүүхэд хамгааллын 108 төв дээр очоод ямар сэтгэл төрсөн бэ гэвэл хүчирхийлүүлсэн, хүчирхийлэлд өртчихсөн хүүхэд яагаад 5-6 удаа байцаалт өгөх ёстой юм бэ. Энэ нь өөрөө эргээд хүүхдийг сэтгэл зүйн дарамтад оруулах, хүчирхийлэл дор байлгаад байгаа юм биш үү гэдэг зүйлийг хүртэл бид нар ярьж байсан. Тэгвэл энэ дээр бодитой өөрчлөлт, шинэчлэлтийг хийж чадсан уу.
За би хариултыг авчихаад дараагийнхаа асуултыг дахиад асууя. Би яг бодитой үр дүнг л хүсмээр байна. Улсын Их Хурал, төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагууд нь ажиллаж байна уу. Яг хүрэх хүмүүстээ хүрсэн үйл ажиллагааг хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр өөрөө өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах цаг нь болчихоод байна. За хариултаа авъя.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Асуулт асуусан Б.Жаргалмаа гишүүнд баярлалаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр бодитой ямар ажил хийж байна гэдэг асуултыг маш олон салбарын яам, төрийн байгууллагад тавьсан байна. Тэгэхээр Соёлын яам, ХНХЯ, Боловсрол, шинжлэх ухааны яам, ЭМЯ, мөн нийслэл, ЦЕГ гээд төрийн байгууллагын төлөөллүүд маань асуултад хариулна. Эхлээд Соёлын яам.
Соёлын дэд сайд М.Батбаяр: Өнөөдрийн энэ сонсгол зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Соёлын яамны тухайд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, мөн Соёлын тухай хуульд хүүхэд хамгааллын чиглэлээр тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд ажиллаж байгаа. Нөлөөллийн аяны хүрээнд ямар ажлууд хийсэн бэ гэдэг дээр хэдэн зүйлийг хэлье.
1 дүгээрт, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа хүүхдийн хөгжлийг дэмжих, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх цахим контентыг бүтээж байгаа. Тэгэхдээ энэ бол мэдээж 6 чиглэлээр хүүхдэд зориулсан кино, хүүхдийн нэвтрүүлэг, цахим ном бий болгох, бусад хүүхдийн уран бүтээл гэх энэ зүйлүүдийг хүүхдүүд гар утас болон таблетаас шууд татаж ашиглах чиглэлээр контентуудыг хийж байна. Одоогоор нийтдээ 6 төрлийн 63 контентыг телевизийн суваг болон бусад цахимаар түгээж байна.
2 дугаарт, хүүхэд хөгжих соёлын орон зайн орчныг бий болгох ёстой. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг энэ зарчмын дагуу энэ орчин, орон зайг бүрдүүлэх чиглэлээр яам чиглүүлж ажиллаж байгаа. Хүүхэд, залуучуудын театр баригдаж байгаа. 340 мянган хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт 850 хүний суудалтай маш том хэмжээний соёлын байгууламж 12 сард ашиглалтад орох гэж байна. Үүнийг ашиглалтад оруулж үйл ажиллагааг нь жигдрүүлэхтэй холбоотой захиргаа нь 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгууллага байгуулагдаж байна. Мөн түүнчлэн барилга ашиглалтад хүлээж авснаас хойш үйл ажиллагаа явуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд тоног төхөөрөмж болон бусад зүйлүүдийг улсын төсөвт тусгаж, бэлтгэн нийлүүлэлтийг хийж байна.
3 дугаарт, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр гэсэн төрийн 2 байгууллага маань үндсэндээ түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр байгууллагыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад барилга байгууламжтай болгох асуудлын хүрээнд Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилгын зураг төслийн ажил бэлэн болсон. Нийтдээ 54,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах энэ төсвийн өмнөх бүрэн бүтэн байдал хангагдсан гэдгийг хэлье.
4 дүгээрт, энэ жилийн тухайд соёлын сэргэлт арга хэмжээг нийт улс орон даяар зохион байгуулсан. 330 сум, 15 тосгон, нийслэлийн 9 дүүрэгт хүрч ажилласан байгаа. Нийтдээ 391 мянган хүнийг танхимаар хамруулж ажилласнаас 45 хувь нь хүүхэд байсан. Тэгэхээр энэ ажлыг хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр зохион байгуулсан гэж хэлж болно. /минут дуусав/.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Өсвөр үеийнхэн болон хүүхдүүдэд зориулж цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх олон аян өрнөсөн. Энэ аянууд ч бас үр дүнтэй өрнөсөн байна гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаас хамгийн ойрхон хийгдсэн ажил гэвэл Боловсролын яам, Хөдөлмөрийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон манай яам хариуцсан “Найз байя” үндэсний нөлөөллийн аян их үр дүнгээ өгсөн. Сүүлд цахим орчин дахь цахим залилангаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулаад 3 сарын хугацаанд давхардсан тоогоор 108 орчим контент мэдээллүүд түгээж, энэ нь 20 сая хүнд хүрсэн гэдэг статистик гарсан. Цагдаагийн байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл нэлээн олон ажил, аянуудыг өрнүүлсэн. Тэгэхээр заавал улсын төсвөөр бүх асуудлыг шийдээд байхаас илүүтэйгээр олон нийтийн дэмжлэг хандлагаар хийгдэх ажил юм гэдгийг бид харлаа шүү дээ. Жишээ нь, цагдаагийн байгууллага нэг их төсөв мөнгө гэхгүйгээр өнгөрсөн хугацаанд олон ажлыг хийгээд үр дүнд хүрсэн үү гэвэл би хүрсэн гэж боддог. Гэхдээ энэ нөлөөллийн аянуудыг яг хэмжиж болдоггүй. Үнэхээр хүүхдүүдэд нөлөөлсөн эсэхийг бид амьдрал дээр харж байгаа. Тэгэхээр цаашдаа хамтраад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, хүүхэд хамгааллын чиглэлээр, ялангуяа тоон бичиг үсгийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтайгаа илүү хамтарч ажиллах нь бидний ажлын үр дүн мөн гэж дүгнэж байгаа. Өнөөдрийн төсвийн хуулиар бол мэдээлэл сурталчилгааны ажил хийх хориотой. Тэгсэн хэр нь Хүүхэд хамгааллын хууль дээр төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэл, сурталчилгаа хий гээд үүрэг болгоод байдаг. Засгийн газрын тусгай сангуудаас 21 тусгай сан үйл ажиллагаа явуулж байгаа, Өргөн нэвтрүүлгийн сан 22 дахь сан. Гэтэл энэ сангууд чинь өнөөдөр гүйцэтгэлээ тайлагнахаар ихэвчлэн мэдээлэл сурталчилгааны л зардал яваад байдаг. Гэтэл төсвийн хууль дээр хориглосон байхаар ажил явахад маш хүндрэлтэй. Тэгэхээр яамдууд, төрийн байгууллагууд нь урсгал зардлаараа, байгаа хүмүүсээрээ дайчлаад үзээд байдаг. Худалдан авалт зарлаад хийх гэхээр төсвийн хууль зөрчих гээд байдаг. Яг үнэндээ нэг зүйлийг бодох ёстой юм. Яамдууд хөрөнгө оруулалтаасаа илүүтэйгээр урсгал зардлаа нэмэгдүүлээд, янз бүрийн сангуудынхаа үйл ажиллагааг амилуулъя гээд явбал эндээс хэн хожих вэ гэвэл энд байгаа төрийн бус байгууллагууд өөрсдөө л хожно. Жишээ нь, өргөн нэвтрүүлгийн сан, соёл урлагийн сан, кино урлагийн сан аль нь ч байсан бүгдээрээ нийлээд энэ жил зарцуулалтаа хүүхэд рүүгээ л чиглүүлчихье. Өргөн нэвтрүүлгийн сан дээрээ контент ийм ийм юм бэлдье, манайх бол цахим орчны хүүхэд хамгааллаар контент бэлтгэх өргөн байна уу, арилжаа байна уу, хэн байна вэ тэнд нь өгөөд явчихъя. /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Н.Учрал гишүүний хариултад баярлалаа. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн тодорхой заалтыг Хүүхэд хамгааллын хуультайгаа уялдуулж өөрчлөх шаардлага манай ажлын хэсэгт байгаа юм байна гэдгийг хэлмээр байна. Дараагийн хариултыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариулна.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг маш чухал. Мэдээж хийж байгаа хэлэлцүүлэг, баталсан хуулийнхаа тоогоор бол бид бусад улсуудаас тийм хойно нь байхгүй л дээ. Хамгийн гол нь бидний Улсын Их Хурал дээр баталчихсан хууль маань амьдрал дээр яаж хэрэгжиж байна гэдэг үзүүлэлтээр л хэмжих ёстой болов уу гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан боловсролын түвшинд гэдэг юм уу, сургуулийн орчинд хүүхэд хамгааллын асуудалд ямар дэвшил гарав аа? Үнэхээр энэ чанар, хүртээмж дээр өөрчлөлтүүд гарч чадаж байна уу гэдэг асуулт байх шиг байна.
Энэ бол маш эмзэг сэдэв. Ер нь өдөр бүхэн хүн бүрийг эмзэглүүлж байгаа асуудал бол сургуулийн орчинд байгаа хүүхэд хамгааллын асуудлууд байгаа юм. Сүүлийн нэг сард үйлдэгдсэн энэ аймшигтай гэмт хэргүүд ч гэсэн үүнтэй тодорхой хэмжээнд холбоотой. Төр нэг ой санамжтай, нэг тоотой байгаасай л гэж би бодоод байгаа юм. Тэгэхээр манай боловсролын салбарынхны хийсэн судалгаагаар 55 мянган хүүхэд эрсдэлтэй бүлэгт байна гэдэг, гэтэл ХНХЯ-наас хийж байгаа тоогоор бол 14 мянга гэсэн тоо зарлаж байгаа юм. Ядахдаа эхлээд 2 яам тоогоо нэг болгох ёстой, мэдээж өөр өөр аргачлалаар хийж байгаа. Тэрийг би ойлгож байна. Энэ 55 мянган хүүхдээс өнөөдөр 11 мянган хүүхэд бодитой үе тэнгийн дээрэлхэлтийн золиос болсон, өртсөн гэсэн маш их том тоо яриад байгаа юм шүү дээ. Энэ тоо бол хуучин нууц байдаг байсан. Ер нь үе тэнгийнхний дээрэлхэлтийн тухай бид нар мэддэг мөртөө амьдралд байдаг юм шиг энийг хэн ч ярьдаггүй байсан. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг анх сургуулийн үе тэнгийнхний дээрэлхэлтийн тухай нийгэмд шүгэл үлээж, анхаарал хандуулсны хүчинд одоо ямар ч байсан сургууль дээр сургуулийн хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ гэдгийг ойлгодог, эцэг эхчүүд, асран хамгаалагч нар ойлгодог болсон. Бид нар сургуулийн орчинд байгаа хүүхэд хамгааллын асуудал дээр цаашдаа нэлээн тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсчихсэн байна. Сүүлийн жилүүдэд ямар ч байсан төрийн өмчийн 3 сургуулийн 2-ыг нь сэтгэл зүйчтэй болгосон. Ирэх намрын 9 дүгээр сарын 01 гэхэд бид төрийн өмчийнхөө бүх сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгоно. Сэтгэл зүйчтэй болсноор сургууль дээр маш их эерэг хандлагууд бий болж байгаа. Ганцхан сэтгэл зүйчийг одоо бид нар энэ хүүхэд хамгааллын асуудал дээр ажил хий гэж шахахгүй. Мэдээж сургууль дээр байгаа эмчийн асуудал, нийгмийн ажилтны асуудал, хоол зүйчийн асуудал, сэтгэл зүйчийн асуудал гээд сургууль дээр хүүхэд хамгааллын багууд ажиллах тогтолцоог бид сая Боловсролынхоо багц хууль дээр хийсэн, энэ тогтолцооны том шинэчлэл боллоо гэж ойлгож болно. Цаашдаа бид сургуулийн үнэлгээ, багшийн үнэлгээнүүдийн 6 том шалгуурын нэг бол хүүхэд хамгаалал дээр тухайн сургууль яг яаж анхаарсан юм бэ? Хүүхэд хамгааллын тэр орчныг өнөөдөр бий болгож чадсан уу? Сургууль, дотуур байр, /минут дуусав/.
ЭМЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр: Б.Жаргалмаа гишүүний асуултад хариулъя. Хүүхэд, өсвөр үеийнхний төрөлтийн түвшин нийт төрөлтийн 3,3 хувь байгаа дээр ямар нэгэн ахиц дэвшил гарсан уу гэсэн асуулт байсан. Энэ нь 3,3 хувь 10 жилийн өмнө бол 8 хувь байсан. Тэгэхээр бага хэмжээний ч болтугай тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч байгаа. Ер нь өсвөр үеийн охидуудын мянган охинд ногдох төрөлт, үр хөндөлтийн түвшнийг авч үзвэл 10 жилийн өмнөхөөс тус бүр 30, 30-н хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Эрүүл мэндтэй холбоотой хүүхэд, өсвөр үеийнхний үзүүлэлтүүд дээр Р.Очирбал докторын илтгэлтэй холбоотой тодруулга хэлэх гэсэн юм. Тэнд дурдагдаж байсан үндсэн үзүүлэлтүүд дээр дандаа ахиц дэвшил гарсан, өвчлөл, нас баралтууд буурсан үзүүлэлтүүд байдаг. Харин хүүхдийн хувьд нэлээн нэмэгдэх хандлагатай байгаа. Эрүүл мэндийн асуудлууд нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн тархалт байна. Осол гэмтлийн гаралт, мөн зан үйлтэй холбоотой тамхины хэрэглээ, архины хэрэглээ, таргалалт гэх мэтийн асуудлууд нэмэгдэж байгаа юм. Уламжлалт буюу бид нарын ярьдгаар төрөлхийн гажиг, хавдрын өвчлөл, хорт хавдрын өвчлөл, нас баралт, хүүхдийн эндэгдэл зэрэг дээр манайх нэлээн ахиц дэвшилтэй явж байгаа. Өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлт дээр үзүүлэлтүүд маань тасралтгүй сайжирсан үзүүлэлттэй байна.
ЦЕГ-аас оролцогч: Б.Жаргалмаа гишүүний асуултад хариулъя. Ер нь энэ гэмт хэрэгт хохирсон хүүхдээс мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийн талаар асуусан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хоёр процессынхоо хуулиар явж байгаа. Гэхдээ энэ процессын ажиллагаанд оролцож байгаа гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл болон бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдээс мэдүүлэг авах, тэдний эрхийг энэ хооронд зөрчихгүй байх тал дээр бид тодорхой үе шаттай ажлууд хийж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрхийг хамгаалах, хохирогч төвтэй, хүүхэд төвтэй мөрдөн шалгах ажиллагаа, аргачлалд сургахын тулд цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагын алба хаагч нарыг сургасан. Энэ жил 170-аад албан хаагч сургасан. Үүнээс гадна цагдаагийн байгууллага дээр шинээр энэ жил 5 хүүхдээс мэдүүлэг авах өрөө буюу хүүхдэд ээлтэй өрөө байгуулсан. Одоо орон нутагт 11 аймагт энэ өрөөг хийж байна. Гэхдээ хамгийн гол нь энд зөвхөн цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг өгч байгаа хүүхдийг тухайн байгууллага дээр мэдүүлэг /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Дараагийн асуулт асуух УИХ-ын гишүүн Б.Баярсайхан.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: За баярлалаа. Өнөөдөр бид нар үнэхээр улс орны хэмжээнд хамгийн тулгамдсан асуудлуудыг хяналтын сонсголоор хэлэлцээд сууж байна. Бид нар нэг зүйлийг л ойлгох ёстой. Юу вэ гэвэл бидний хийж байгаа ажил, баталж байгаа хууль энэ салбарт хамаарагдахгүй гэж бодож байгаа бусад уул уурхай, байгаль орчин, барилга юу байдаг юм Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, томчууд болгоны хийж байгаа ажлын үр дүн, гаргаж байгаа хууль, хэрэгжиж байгаа ажил болгон эцэстээ хүрч очих тэр үр дүн нь бол хүүхдэд юм аа гэдгийг 1 дүгээрт ухамсарлах ёстой.
2 дугаарт, НҮБ-ын 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн үүрэг нь ерөөсөө Монгол Улсын хамгийн дээд эрх ашигтай, язгуур эрх ашигтай тэр субъект бол хүүхэд юм. Хүүхдийн язгуур эрх ашгийг бид дээдэлж аливаа байгууллага, хүн, ААН үйл ажиллагаа явуулна гэсэн ийм үүрэг хүлээсэн улс орон. Өнөөдөр бүгдээрээ л бодит асуудлуудыг ярьж байна. Илтгэл дээр тодорхой дурдагдаж байна, асуудлуудаа яриад байна. Одоо бидэнд ерөөсөө хүлээх цаг байхгүй. 2025 онд хүүхдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил болох гэж байна. 100 жилээ бид хүүхдийн хүчирхийлэлтэй, аллагатай, айдастай ийм байлгах юм уу, эсвэл өнөөдрийн явуулж байгаа бодлогоо эргэж хараад, үнэхээр зоригтой өөрчлөөд, тодорхой үр дүнтэй ажлууд хийх ёстой юм уу гэдгээ л шийдэх ийм хяналтын сонсгол байгаасай гэж хүсэж байна.
Ноднин жил 5 дугаар сарын 22-нд “Хүүхдийн өмнө Үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган” гэж нэртэй чуулган би зохион байгуулж байсан. Энэ чуулган их даруухан зохион байгуулагдсан бөгөөд энэ дээр Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлээр түүний доор одоо байдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд болох төрийн төрийн байгууллагууд, ТНБД нар, сайд нар, 21 аймгийн Засаг дарга нар, ОУБ, төрийн бус байгууллагууд нэгдээд энэ чуулганаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод үүрэг хүлээсэн энэ амлалтаа биелүүлье, нөгөөдөх нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан 43.3-ыг биелүүлье гээд 2 зүйл дээр амлалт өгсөн байгаа.
Өнөөдөр хүн хүч, хүний нөөц дутагдалтай байна. Үүнийг ТББ-аараа хийлгэх үү гэж байна. Энэ асуудал чинь Хөдөлмөрийн тухай хуулиар үнэхээр тодорхой хэмжээнд нь биелүүлдэг бол шийдэгдчихсэн юм. Юу вэ гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна. Байгууллагын удирдлагууд нь ажилчдаа соён гэгээрүүлнэ гээд. Жишээлбэл, тухайн үед Эрчим хүчний яамны ТНБД-ын хэлсэн үгийг би жишээ болгоод хэлье. “Монгол Улсад эрчим хүчний салбарт 17 мянган хүн ажилладаг. Энэ 17 мянган хүний ард байгаа хүүхдүүд, гэр бүл амар тайван байхыг Эрчим хүчний яамны ТНБД хариуцаж, энэ 17 мянган хүнийг соён гэгээрүүлэх, эрчим хүчний үйл ажиллагаа явж байгаа, тог цахилгаан гүйж байгаа ямар ч газар хүүхэд 1 дүгээрт гэмтдэггүй байх, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрт хүчирхийлэл, янз бүрийн үл хайхрах хүчирхийлэл гардаггүй байхыг хариуцъя. Эргүүлээд ажилтнуудаа ажил, амралтын цагийг нь уян хатан байлгаж, ажлынх нь цагт ажилласан шиг ажиллуулж, амралтынх нь цагт амруулъя гэдэг ийм үүрэг хүлээсэн. Үүгээр ажилтнуудад ямар үүрэг, давуу тал ирж байгаа юм бэ гэхээр ийм боломж өгч байгаа ажил олгогчдод ажилтнууд нь тогтвортой ажиллах, тухайн байгууллагын үйл ажиллагааны үр дүн нэмэгдэх, тэр хэрээрээ нийгэм сайн сайхан болох ийм нөхцөл бүрдэж байгаа юм. Та нар энэ хүн, нэг ТНБД нийт улсын хэмжээнд байгаа 17 мянган ажилтнуудаа соён гэгээрүүлээд, ажил, амралтынх нь цагийг зохицуулна гээд бод доо. Тэгвэл бусад бүх салбарууд ингээд ороод ирэхээр ямар том хүч байгааг та нар маань эндээс хараач ээ. Энэ 43.3-аа биелүүлэхэд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар арга зүйгээр нь хурдан хангаж өгөөд, хэрэгжиж эхэлчихсэн Хөдөлмөрийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллаач ээ, энэ ажлаа үр дүнтэй байлгаач ээ гэж хэлмээр байна.
2 дугаарт, сая телевизийн контент Ц.Мөнх-Оргил гишүүн асуучихлаа. 2019 онд хийгдсэн санамж бичиг байгаа. Энд ХНХЯ, Боловсролын яам, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэх мэтчилэн байгууллагын төлөөлөл оролцсон. Энэ дээр хүүхдийг сэрүүн байх цагаар хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц, мансууруулах бодис, буруу үг хэллэг, садар самуун, янз бүрийн зүйлсийг зар сурталчилгаанаас авахуулаад кино хүртэлх бүх контентыг хориглоно гэчихсэн. Н.Учрал сайд энэ санамж бичгийн хүрээнд төрөөс тусгай зөвшөөрөл авч байгаа телевизүүдийг цэгцлэх ажлыг үнэхээр шуурхай хиймээр байна.
Дараагийн асуудал, Соёлын яам гар утасны контент үйлдвэрлэнэ гээд 3 жил ярьж байгаа. Одоо болтол юу ч хийгээгүй, энэ ажлаа хийгээч ээ. Монгол хүүхдийг хэл соёлынх нь хувьд хамгаалаач ээ. ЭМЯ хүүхэд хамгааллын бодлогогүй байгаа. Жилдээ 12-17 насны 560 гаруй хүүхэд абортод орж байгаа. ЭМЯ хүүхэд хамгааллын бодлогоо хурдан боловсруулж хийгээч ээ. Энэ асуудлууд, ажлууд ерөөсөө хийгдэхгүй байна, үүнийг хэдэн удаа ярих ёстой юм бэ?
Сая төрийн бус байгууллагуудаар ажил үйлчилгээ явуулна гэсэн, дэмжиж байна. Гэтэл өнөөдөр 2018-аас 2021, 2022 оны Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай гэрээ хийсэн байдлыг харахад 2,9 тэрбум төгрөгийн гэрээний ажил хийгдсэн байна. Төрийн байгууллага, ТББ, компани, хувь хүн байна. Энэ хоёрхон жилийн дотор 2,9 тэрбумыг гэрээлж ажиллажээ. Энэ ажлын үр дүн ямар байна? Би энэ асуултыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Тамгын дарга Ш.Чинбатаас асууя. Ямар шалгуураар гэрээлдэг юм бэ? Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа ТББ үндэсний хэмжээнд хангалттай байдаг юм уу? Аймаг, сумдад хүрэлцээтэй юу? Энэ төрийн бус байгууллагуудын хэд нь итгэмжтэй үйл ажиллагаа явуулдаг юм, хэд нь итгэмжгүй үйл ажиллагаа явуулдаг юм, ямар компаниудад энэ мөнгө төгрөг хуваарилагддаг юм бэ?
Энд бас нэг гайхширалтай зүйл байгаа нь Үндэсний олон нийтийн телевизэд ковидын үеэр 38 сая төгрөгийг ковидын үеийн хөл хорионы хүүхэд хамгааллын нэвтрүүлэг шторк цацах ажилд өгсөн байна. Яахаараа одоо бусад арилжааны телевизүүд нь, ер нь бол хүүхэд хамгааллын шторк, нэвтрүүлэг, яриануудыг энэ телевизүүд үнэгүй гаргах ёстой гэж би хувьдаа бодож байна. Гэтэл энэ дээр Үндэсний телевиз нь хүртэл бүүр ковидын үед 38 сая төгрөг авдаг юм бэ? Үүнийг ямар шалгуураар Гэр бүлийн хөгжлийн газар агентлаг өгч байдаг юм гэдгийг Ш.Чинбат даргаас асуумаар байна. Бас төрийн бус байгууллагуудаа тогтвортой ажиллуулах, гэрээг нь хянах, ажлыг нь үнэлэх, цааш нь төрийн бус байгууллагуудаа чадваржуулах, мэргэшүүлэх тал дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар яг юу хийдэг вэ гэж асуумаар байна.
2017 онд Монгол Улс Ази тивдээ анх удаа хүүхдийн улсын байцаагчийг бэлдэж 32 улсын байцаагчтай болсон. Сая С.Одонтуяа гишүүний яриад байгаа эрх мэдэлтэй улсын байцаагчийн талаар ярьсан. Гэтэл өнөөдөр 7-хон хүн энэ улсын байцаагчаар ажиллаж байна. Энүүгээр юу харагдаж байна гэвэл энэ салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа муу, ажлын байрны дарамт шахалт их байдаг, энэ салбарт, энэ агентлагт ёс зүйн асуудлууд байдаг учраас бэлдсэн улсын байцаагчдаас 7-хон хүн өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байна. Үүнийг агентлаг яг юу гэж харж байгаа юм бэ? Би яамнаас биш яг агентлагаас энийг асуумаар байна. За энэхүү асуултууд асуугаад, тодруулах зүйлээ эргэж асууя. Баярлалаа.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Эхний асуултад ГБХЗХГ-ын Тамгын дарга Ш.Чинбат хариулна. За байхгүй бол Н.Өлзийхутаг хариулна.
ГБХЗХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг:
ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлдэг ажлын талаар хариулъя. Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс энэ албан үүргийг гүйцэтгэж байна. 2021 онд манайх 303 байгууллагатай гэрээ хийж 2,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Бид дотоод аудитаараа хяналт шалгалт хийлгээд тайлан мэдээг гаргасан байгаа. 2023 онд одоогоор 27 байгууллагатай гэрээлэн гүйцэтгүүлэх ажлыг хийсэн байгаа. Ер нь ямар журамтай байдаг юм гэвэл хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад магадлан итгэмжлэлийг жил болгон олгодог. Энэ жилийн магадлан итгэмжлэл хамрагдах байгууллагууддаа зар хүргүүлчихсэн байгаа. Тэгэхээр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэхээр магадлан итгэмжлэгдсэн байгууллагатайгаа бид гэрээлэн гүйцэтгүүлэх журмаар ажил үйлчилгээг гэрээлж ажилладаг.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сонсголын дэгтэй холбоотой нэг тодруулж хэлэх зүйл байна. Энэ хуулийн 18.6-гаар буюу Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд холбогдох албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байгаа. Тийм учраас өнөөдрийн сонсголд ирэх байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Тамгын дарга Ш.Чинбатыг ирэхийг шаардаж байна. Яагаад ирээгүй шалтгаанаа ХЗБХ-нд бичгээр ирүүлэх ёстой байгаа. Б.Баярсайхан гишүүн тодруулга авна.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Энэ санамж бичиг байгуулсан 2021 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийг баталсан байдаг. Энэхүү дүрмийг бүх телевизүүд өнөөдөр дагаж мөрддөг. Дүрмийнх нь хүрээнд санамж бичгийн дагуу дэргэд нь нэг орон тооны бус зөвлөл ажиллана гээд Хэвлэл мэдээллийн зөвлөл, Цахим хөгжлийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Хөдөлмөрийн яам гээд яамдуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 12 телевизийн 120 контентыг хэлэлцээд эндээс 8 телевизэд зөрчлийг нь арилгах мэдэгдлийг хүргүүлсэн байдаг юм байна. Тэгэхээр бид энэ ажлыг хийхгүй биш хийгээд ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулаад салбаруудад хяналт ирсэн. Тэгэхээр манай харилцаа холбооны салбарын улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан Зохицуулах хороо, Соёлын яам, Хөдөлмөрийн яамны төлөөллийг багтаасан том ажлын хэсэг байгуулж, телевизүүдийн контент дээр, агуулга дээр нь хяналт тавих шалгалтын ажлыг эхлүүлж байгаа. Үүний дараа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж байгаа өнөөдрийн 18, 19 телевиз яг стандартын дагуу ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих ёстой. Арилжааны телевизүүд зөвшөөрөл аваад гэрээ байгуулж байгаа шаардлагаа биелүүлж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой юм. Үүнийг бид онцгой анхаарна.
Б.Баярсайхан гишүүний өмнө нь ярьж байсны дагуу хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах хууль гээд би 2017 онд санаачилж байсан. Ер нь хүүхэд хамгааллын хуульд сөрөг нөлөө үзүүлэхүйц контент гэж яг юуг хэлэх вэ гэдгийг нэлээд тодорхой болгохгүй бол ажил хийхэд бэрхшээлтэй болчихоод байгаа шүү. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал ч бай, энэ өргөн нэвтрүүлэг дээр тавигдаж бай шаардлагууд ч бай нэр томьёогоо цэгцлээд, аль нь яг насанд хүрээгүй хүүхдүүдэд зохисгүй юм бэ гэдгийг томьёолохгүй бол өнгө үзэмжээрээ шийдсэн байдал хэрээс хэтэрч байгаа. Би бол салбарын сайдын хувиар өөрийнхөө салбартайгаа нийлээд боломжоороо л ажиллаж байгаа. 1,6 сая хэрэглэгчтэй И-монгол анх удаа хүүхэд таньдаг боллоо. И-кидс дээр өнөөдрийн байдлаар 10 мянган хүүхэд бүртгүүлчихсэн байна. 10 мянган хүүхэд бүртгүүлээд гэртээ ирлээ, явлаа 3 үсэгтэй хаягаа явуулаад болж байна. Дээрээс нь цагдаагийн байгууллага руу мэдээлэл илгээж байна, SOS маягаар эцэг эхдээ тусламж хүсчихэж байна. Түрүүн Ц.Мөнх-Оргил гишүүний хэлээд байсан контент, янз бүрийн аппликэйшн дээр хязгаарлалт хийх бололцоо бол олон нийтийн сүлжээний бараг бүх төрлийн аппликэйшнд нээлттэй байгаа. Тэр гүүгл фамили линк бол өөрсдөө гүүглийг ашиглахын тулд энийг хийгээч ээ гээд хүсэлт тавьж. /минут дуусав/.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Б.Баярсайхан гишүүн Хөдөлмөрийн тухай хуульд 43.3 гэсэн энэ заалтыг санаачлан оруулахад их чухал хувь нэмэр оруулсан. Харамсалтай нь хэрэгжихгүй бол яах вэ гэдэг дээр мянга гаруй байгууллагууд энэ хуулийн үр дүнд бодлоготой болсон байна. Журам нь гарсан байна. Тэгэхээр бид сая Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагуулаад төрийн худалдан авалтын тухай хуульд 5 саяас дээш төрийн худалдан авалтад оролцож байгаа компани, ААН-үүд заавал хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж оруулж өгсөн. Яахаараа төрийн худалдан авалтад ороход НДШ-ийн өргүй байна гэж ордог мөртөө хүүхэд хамгааллын тухай бодлоготой байна гэж бид үүнийг оруулж өгөх нь зүйтэй юм байна. Ямар нэгэн юмаар бид хөшүүрэг оруулж хэрэгжүүлэхгүй бол, ийм хуулийн санкцтай гэдэг юм байхгүй бол тунхагийн шинж чанартай үлдчихээд байгаа учраас Хүүхэд хамгааллын тухай одоо хуулийг дагуулаад оруулж өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Мэдээлэл болгоод хэлэхэд Хүүхдийн эрхийн төлөөх хуульчдын клуб гэж байгуулагдсан. Энд илүү мэргэшсэн хуульчид сайн дураараа хамрагдаж байна гэсэн үг. Мөн сэтгүүлчдийн клуб гэж байгуулагдсан, хүүхдийн талаар илүү сайн судалж, ялангуяа телевиз, радиогоор хүүхдийн дүрс сошиалд тавьдаг, хүүхдийн зураг тавьдаг, хүүхдийн нэр ус, сум хороог зарладаг, энэ нь эргээд хүүхэд хамгаалах биш хүчирхийлэх асуудал болдог гэдгийг санах ёстой.
2 дугаарт, бид өнөөдөр дандаа хамгаалах талаар яриад байна. Эрхийг хангах талаар төдийлөн ярьж амжихгүй байна. Аюулгүй орчинд сурах, боловсрох, амьдрах тэр эрхийг нь хангах талаар бид тодорхой шийдэлд хүрэх ёстой. Боловсролын хуульд сайн зан чанартай иргэн бэлдэнэ гэж энэ зорилгод тусгуулсан ажил чинь ерөөсөө ирээдүйн Монгол Улсын нийгэм хүчирхийлэгчгүй, сайн, зөв зан чанартай, сайн хандлагатай иргэдтэй болно гэсэн ийм зорилгын хүрээ хүрээнд хийгдсэн ажил гэж ингэж харж байна. Сая асуулт асуусан гишүүд дотроос олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ, Дэлхийн зөн гээд олон улсын байгууллагууд байж байна. Миний өнгөрсөн жил хийж байсан судалгаагаар жилдээ бараг 7, 8 тэрбум төгрөг олон улсын байгууллагуудаас, мөн тухайн жилийн төсөвтэй нийлээд Монголын хүүхдүүдэд жилдээ төрийн төсвийн мөнгөнөөс 14 тэрбум төгрөг ирэх жил, за олон улсын байгууллагуудаас бас бараг 10 гаран тэрбум төгрөг, нарийвчлан гараагүй шүү энэнээс илүү байгаа байх, ингээд нийтдээ 20-30 тэрбум төгрөг зарцуулах ийм боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгэнт л одоо хүүхдийн эрхийг хангах, хамгаалах монгол хүүхдэд зориулж байгаа учраас төрийн байгууллага нь олон улсын байгууллагуудтайгаа хамтарч ажиллаач ээ. Төрийн бус байгууллагууд байна уу гээд байна. Надад байгаа мэдээллээр 240 ТББ өнөөдөр Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газартай ХНХЯ-тай хамтарч ажилладаг юм байна шүү дээ. Тэгээд энэ 240 ТББ-ын хүч, дуу хоолой ер нь яг хаана байна вэ? Энэ дээр хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Бас миний ярьдаг юм ерөөсөө л энэ байгаа, ОУБ-ынхаа бүгдээрээ зарчмаар явъя. Хүүхдэд зориулж байгаа 1 ам.доллар болгоныг 1 мянган төгрөг болгоныг итгэмжтэй зарцуулъя. Нэг ам.доллар болгоноос ОУБ яадаг вэ гэвэл 93 сент нь яг тэр хүүхэд хөгжил, хамгаалалдаа зарцуулагддаг. 3-аас 5 сент фаундеризм буюу хүүхдийн сайн сайхны төлөө энэ хүмүүнлэгийн үйлсэд хандив тусламж цуглуулж байдаг, 5 сент нь захиргааны зардалдаа зарцуулагдаж байдаг. Тэгэхлээр юу хүсэж байна гэвэл ядаж улсын төсөвт байгаа энэ мөнгөө итгэмжтэй зарцуулдаг, тайлагнаж чаддаг, энэ дээрээ мөнгө төгрөгөө хуваарилдаг эрх бүхий албан тушаалтнууд нь ёс зүйтэй ажилламаар байна гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Тийм учраас би Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, яг энэ ажлаа хуваарилаад байдаг Тамгын даргыг өнөөдрийн энэ хяналтын сонсголд гол мэдээллийг өгөх ёстой хүний нэг гэж бодож нэр цохож асуусан юм шүү. Та нартаа баярлалаа. Энэ хяналтын сонсголоос бид нар хамтдаа илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Баярлалаа.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сонсголд оролцож байгаа төрийн байгууллага албан тушаалтнуудаас асуулт асуух дараагийн гишүүн П.Анужин.
УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин: За баярлалаа. Би асуулт асуухгүй, Хоёр, гуравхан зүйлийг хэлье гэж бодож байна. Яагаад асуулт асуухгүй вэ гэхээр энэ төрлийн ийм сонсголыг бид нар зөндөө хийсэн. Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш 3 жилийн турш Байнгын хорооны хуралд дээр энэ төрлийн асуултыг асуусан, төрийн эрх бүхий байгууллагууд хариулсан. Тийм учраас одоо энд давтаад яах вэ. Эсрэгээрээ энэ минут цагийг нь хэмнэж, энэ сонсголд оролцож байгаа төрийн бус байгууллагууд болоод оролцож байгаа хүмүүс та бүхэн энэ болохгүй асуудлуудыг илүү асуугаасай гэж та бүхэнд илүү цаг өгч, та бүхний үнэтэй цаг оролцоог хангамаар байна. Түүнээс биш энэ улиг болсон асуулт хариултаа одоо больё. Энүүгээр Монгол Улс дутаагүй. Ийм юмаар ч хүүхдийн эрх хангагдахгүй, хэн хэн нь ойлгогдож байгаа юм. Тэгээд 2 зүйл л хэлье. Түрүүн маш тодорхой асуулт асуусан. Хүүхэд хамгаалал гэдэг чинь маш олон талын асуудал, зөвхөн хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүнийг шийдэх гарц, камерын асуудал биш.
Бид нар маш явцуу тодорхойлоод байгаа учраас өнөөдрийн оролцогчдын ихэнх хувийг хуулийнхан эзлээд байна гэж үнэн хэлсэн шүү дээ. Хүүхэд хамгааллын асуудал чинь хүүхдийн шим тэжээлийн асуудал, хүүхдийн хоолны асуудал, хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөж байгаа хүүхдийн цэцэрлэг, сургууль дахь агаарын орчны бохирдлын асуудал, хүүхдийн эрүүл мэндийн асуудал, өдий төдийгөөрөө өвдөөд Монгол Улс эмчилж чадахгүй гээд гараа өргөчихөөд байгаа хүүхдүүдийн эцэг эхийг хэрхэн дэмжиж, нэг ч гэсэн монгол хүнээ эрүүл болгох вэ, хүүхдийн сэтгэл зүй эрүүл байна уу гэдэг асуудал байна. Гэвч энэ асуултад хариулах эрх бүхий хүн өнөөдөр алга.
Энд олон том юм ярьж байхын оронд Монгол хүний эрүүл мэндийн, үндэсний аюулгүй байдлын үндэс болсон асуудал сургууль, цэцэрлэгийн энэ аягахан хоолоо бид нар ядаж хүрэх ёстой калорит нь хүргэж өгч болохгүй юм уу. 1500 төгрөг арай гэж болгосон, 3000 болгож байж 35 хувь нь хангагдах юм. Энийг бүгдээрээ уриалга гаргаад шийдье л дээ. Нийгэмд асуудал болохоор нь л хойноос нь хөөж явж байдаг, бид нар манлайлаад асуудлыг гаргаж ирэх ёстой шүү дээ. Гаргаад ирэхэд дэмжихгүй байна. Тэгэхээр энэ 1500 төгрөгийг 3000 болгох асуудал бол үндэсний хэмжээнд тавигдах ёстой асуудал шүү. Энэ ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн суурь асуудал.
Дараагийн нэг зүйл контентын асуудал. Н.Учрал гишүүн маш тодорхой хэлж байна. Контентыг бол хүнд хүрч байгаа үгүйг нь үнэлэхэд хэцүү байдаг аа гэж. Гэхдээ нийгэмд гарч байгаа эерэг өөрчлөлтөөр үүнийг хэмжиж болно. Н.Учрал сайд энэ дээр тодорхой ажлуудыг хийж байгаа, би бусад яамдуудад хэлмээр байна. Хууль сурталчлах гэж худлаа өөрсдийнхөө бузар булхайг хэвлэлийнхэнтэй хааж гэрээ хийдэг мөнгөө боль. Тэр хийсэн контентыг чинь хэн үзээд, хэн гэгээрээд байгаа юм. Хаана эерэг өөрчлөлт гараад байгаа юм бэ, энэ мэтчилэн хуулийн дор худлаа гардаг төсвөө боль оо, ялангуяа Соёлын яам энийгээ боль. Хүүхдийн хоолны асуудлыг зөвхөн Боловсролын сайдын асуудал гэж ойлгодог. Боль л доо. Энэ чинь ЭМЯ холбогдох бусад байгууллагуудын хамтдаа шийдэх төсвийн асуудал, гол нь Сангийн яам шийдэх асуудал. Энийгээ бид нар зөв харж чадахгүй байна. Эцэст нь ХНХЯ-ны Хүүхэд хамгааллын хууль боловсруулж оруулж ирсэн ХНХЯ-ны мэргэжилтнүүд ээ. Хүүхэд хамгааллынхаа бодлогод та нар миний саяын хэлсэн энэ асуудлаа цогц харсан уу гэхэд та нар инээгээд сууж байсан шүү. Та нар өнөөдөр хүний асуултыг дооглож шооглоод инээх хэмжээнд өөрсдөө бэлтгэгдээгүй, хүүхдийн асуудалд сэтгэлгүй хандаж байгаа шүү. Та нар Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр үргэлж гөлөг төөрүүлж байгаа юм шиг худлаа хариулж сурсан. Одоо та нар, энэ иргэний нийгэм, иргэдийн төлөөлөлд та нар асуулттай нь халз тулж хариул. Бид нар өнөөдөр үнэнийг шийдэхийн төлөө энэ хэдэн минутыг өнгөрөөх ёстой. Түүнээс биш улиг домог болсон энэ сонсгол ч хэрэггүй. Баярлалаа.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: П.Анужин гишүүн санал хэлсэн байна. Өнөөдрийн манай энэ сонсголд албан ёсны оролцогчоор бүртгүүлсэн ТББ, иргэний нийгмийн төлөөллүүдээс сонсголын дэгийн дагуу байр суурь, үг хэлэхээр нийт 14 иргэн бүртгүүлсэн байгаа. Ажиглагчаар орохоор мөн нэлээд иргэд ТББ бүртгүүлсэн. Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу ажиглагч нар үг хэлэхгүй. Одоо сонсголд оролцож үг хэлэх хүмүүс үгээ хэлье. Эхлээд Б.Жавзанхүү, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн тэргүүн. 3 минутын хугацаанд багтааж өнөөдрийн хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой үг хэлэхийг урьж байна. Сонсголын үйл ажиллагаа явагдаж МҮОНРТ-ээр шууд дамжуулж байгаа.
Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн, Б.Жавзанхүү: Сайн байцгаана уу? Энэ сонсголын үр нөлөөнд илүү их анхааралтай, бас хүндэтгэлтэй хандаж хариуцлагатай оролцох бодолтой ТББ-ын төлөөлөл бид энд зарим үгээ нэгтгэсэн.
1 дүгээрт, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангахад төрийн бус байгууллагууд, иргэд, ялангуяа ахмадууд, гэр бүл оролцох бүрэн боломжтой байна. Тэднийг чиглүүлэх, байнгын мэдээллээр хангах зарим талаараа тусгайлан бэлтгэх шаардлага бас байж болохыг мэдэж байгаа.
2 дугаарт, хүүхдийг асрахад зөвхөн асрах газар биш асралт гэр бүл гэдэг цоо шинэ үйлчилгээг, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн зэрэгцээ санхүү, эдийн засгийнх нь байдалтай уялдуулж бий болгож өгөөч ээ. Уламжлалаа дагавал бидэнд үнэт зүйл олон байгаа ч эдийн засаг хүнд байгаа нөхцөлд өрхүүд бусдынхаа ядарсан, зовсон, задарсан энэ хүүхдүүдийг асарч хамгаалахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсээд байна. Тэгэхээр асралт гэр бүлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан эдийн засгийн ийм хөшүүрэг болж чадахгүй ийм механизмаар бол хуульчлаад ч хэрэггүй. Тийм болохоор өнчин гэж нэрлээд байгаа хүүхэд асран хамгаалах байгууллагын нэг хүүхдэд ногдож байгаа зардлын сарын дундаж хэрэглээг гаргаад үзэхээр саяас буухгүй, ийм тооцооллыг хийж үзэж Гэр бүлийн ч, Хүүхэд хамгааллын ч хуульд оруулж өгөөч ээ гэж хүсэж байна. Хамтарсан баг дээр төрийн бус байгууллагууд ажиллахдаа урам зоригтой, бас бэлтгэл туршлагатай. Ялангуяа нийслэлийн хэмжээнд олон байгууллага ажилладаг, оролцдог ч хүч нь хүрдэггүй. Энэ кэйсүүд дээр тохиолдлын хэргийг хөтлөхөд, удирдахад маш их цаг ордог. Тэгэхээр энэ дээр бид хамтарсан багийн үндсэн гишүүд дээр өргөжүүлээд ажиллах бүрэн боломжтой байгаа гэж гишүүдийнхээ асуултад хариулмаар байна.
Ялангуяа эцэг эх, гэр бүл өөрөө хүүхэд хамгаалалд маш их үүрэгтэй. Тэгэхээр шинээр гарч байгаа хууль тогтоомжуудад хариуцлагын зэрэгцээ конвенцынхоо зарчмыг дагах юм бол эцэг эхийг сурган хүмүүжүүлэх чадварыг нь, хүүхдээ асран хамгаалах ур чадварыг нь дэмжих боломжийг илүү нээж өгөөч гэж хүсмээр байна. За үүнтэй холбогдуулаад хүүхэд хамгааллын цалинтай чөлөөг ажил олгогчид эцэг эхэд олгодог баймаар байна. Хүүхэд нь ямар нэгэн асуудалд орсон, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, эсвэл зан төлөвийн өөрчлөлтөд орж байгаа эмчлүүлэгч байдаг юм уу, ийм хүрээнд цалинтай чөлөө авч чаддаггүй, цагийн чөлөө ч авч чадахгүй. Хэдий хуульд байгаа ч энэ нөхцөл хангагдахгүй байгаа учраас шинээр хүүхэд хамгааллын цалинтай чөлөөг эцэг эхэд олгодог ийм албадан сургалтын зэрэгцээ илүү их уян хатан нөхцөлүүдээ бодвол ямар вэ гэж. Нөгөө талаар Эрүүгийн хуультай холбоотой олон нийтийн санаа түгшиж байгаа асуудалд хүүхдийн /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Баярлалаа. Үг хэлэх хугацаа 3 минут байгаа учраас та бүхэн цагийн баримжаатайгаар явах хэрэгтэй байна. Одоо оролцогч Олон улсын Улаанбаатар Их сургуулийн багш Х.Баавгай, дараагийн үг хэлэх хүн иргэн Ц.Цолмонбаатар.
Олон улсын Улаанбаатар Их сургуулийн багш Х.Баавгай: Та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Миний бие төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш анх удаа энэ танхимд орж ирж байна. Би их өндөр сэтгэгдэлтэй орж ирсэн. Хүүхэд хамгааллын асуудал бол эцэг эхээс эхлээд Улсын Их Хурлын бүх гишүүд хүртэл бүх хүний л асуудал гэж, мөн бүх яаманд ирсэн байх болов уу гэж бодсон. Ирсэнгүй ээ. Уул уурхайн яам, Сангийн яам, БХБЯ гэх мэт өнөөдөр хэчнээн л яам байгаа тэр бүх хүн энд байх ёстой байсан. Энэ хандлагыг өөрчлөөгүй чинь л бид нар хүүхэд хамгаалал явахгүй байгаагийн үндсэн шалтгаан бол дээрээсээ эхлээд доошоо бүх хүмүүс хүүхэд хамгааллын талд хандах хандлагаа өөрчлөөгүйтэй холбоотой юм шүү гэдгийг 1 дүгээрт хэлье.
2 дугаарт, би 4 зүйл дээр хэлж байгаа. Хүүхэд хамгааллын хууль өнөөдөр явж ирсэн гол асуудал дээр нэг л амь сүнсний гол юм яваад байгаа, Гэр бүлийн хууль дээр ч тэр. Сум, хороонд яг мэргэжлийн нийгмийн ажилтан байхгүйн гайг өнөөдөр 30 жил үүрч байна. Бид нар заримдаа андуураад байгаа шүү. Тэр Тамгын газрын нийгмийн ажил хариуцсан хүнийг бид нар нийгмийн ажилтан гэж андуураад байгаа шүү. Энэ чинь тусдаа Тамгын газрын мэргэжилтэн, ажилтан хүн шүү. Энэ хүн 8 ажил хийж байна шүү, энийг анхаараарай. Тийм учраас орон тооны хүн байх ёстой, энэ хууль орж байгаа нь зөв асуудал, энийг дэмжмээр байгаа юм.
3 дугаарт, бэлгийн хүчирхийллийн хохирогчид, ялангуяа манай хууль хяналтын байгууллагынхан хүүхэдтэй мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс жаахан жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг нь анхаарч өгөөч ээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй мөрдөгч, эмэгтэй прокурор, эмэгтэй шүүгч байх тухай асуудлыг анхаармаар байна. Тэгэхгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн өөдөөс над шиг нэг парлайсан хар юм л юм асуугаад суугаад байна шүү дээ. Энэ чинь ямар жендэрийн мэдрэмжгүй, тэр хүүхдэд ямар аюултай хүнд байдалд оруулж байгааг бид эндээсээ эхлээд л төр өөрөө хүчирхийлэл хийж байгааг харах ёстой.
Дараагийн 4 дэх асуудал. Хамтарсан багт сумын ахмадын төлөөлөл, залуучуудын төлөөлөл, төрийн бусын төлөөлөл орохоор хуульчилж өгөх хэрэгтэй. Энийг 1 дүгээрт өргөтгөнө, 2 дугаарт яагаад ажиллахгүй байгаагийн гол шалтгаан бол хамтарсан багт урамшуулал, төсөв байхгүй байгаа юм. Үйл ажиллагааны төсвийг нь хангалттай хийж өг, урамшлыг нь өг, тэгвэл энэ хамтарсан баг ажиллаж чадна. Үүнийг бүр хатуу анхаараарай гэж хэлмээр байна. Би нийтдээ энэ онд 13 аймгийн 33 сумаар явлаа. Хамгийн сүүлд би Сүхбаатар аймгаас 3 хоногийн өмнө ирсэн, сум нэг бүрээр явж байгаа юм шүү. Энэ миний судалгааны ажилтай холбоотой юм. Энэ миний дараа дараагийн хүүхдийн асуудлаар судалгааны үндэслэлтэй асуудал тавихын үндэслэл явж байгаа. Тэгж байж л юмыг ярихгүй бол болохгүй байна.
5 дугаарт, хүүхэд хамгааллын суурь шалтгаан би эхлээд хэлчихлээ. Энэний чинь цаана гэр бүлийн /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Дараагийн үг хэлэх хүн иргэн Ц.Цолмонбаатар.
Иргэн Ц.Цолмонбаатар: Энд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, Улсын Их хурлын гишүүд, Засгийн газрын холбогдох хүмүүст баярлалаа гэж хэлье. Давхардаж ярихгүй гэж бодож байна. Миний хувьд бол хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Энэ үүднээс хүүхдийн төлөө бас санаа зовниж явж ирсэн хүн байгаа.
Ер нь би ингэж боддог юм аа. Сонсгол мэдээллүүд бол энд тэндгүй явж л байдаг. Сая зарим гишүүд хэлж л байх шиг байна. Ер нь гарц шийдэл, эргээд үр дүн, бид нарт гол нь үр дүн, эерэг хандлага, тэр зүйлүүд л хэрэгтэй. Тэрнээс энд бид бүхэн юм ярих гэж ирээгүй, бие биеийгээ сонсох гэж ирээгүй ээ. Миний хувьд бол ингэж бодож байгаа. Бид бүгд хүүхэд насыг дайрч гарсан, тойроогүй. Тийм болохоор хүүхдийн асуудал ярих гэж байгаа бол цэцэрлэг, сургуулиас нь эхлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад энэ Азийн хөгжингүй орнууд, Европын орнууд хүүхдүүдээ багад нь хорвоо дэлхийтэй танилцахаас өгсүүлээд энэ бүх ажиллагаанд оруулж байна. Тэгэхэд манай бага ангийн, цэцэрлэгийн, бага сургуулийн хүүхдүүд яаж байна, өнөөдөр гэрийн даалгавраа хийж амжихгүй, маш их даалгавартай хэцүү байдалд орчихсон байж байдаг. Тэр хорвоо дэлхийтэй танилцахгүй байдаг.
Дээрээс нь хүүхэд чинь өөрөө мэдээлэл аваагүй, мэдлэггүйгээсээ болоод л эрсдэлүүд учирдаг, гэмт хэргийн золиос болдог. Ингээд давтагдаад л яваад байна шүү дээ. Цаашид ч гэсэн ингээд л явах магадлал байна шүү дээ. Тэгэхээр Боловсролын тухай хууль гэдэг юм уу энэ багц бусад холбогдох хуулиуддаа дорвитойхон арга хэмжээг аваасай гэж би Улсын Их Хурлын гишүүд болоод энд байгаа холбогдох хууль санаачлагчдад уриалмаар байна.
2 дугаарт, бид нар цөөхүүлээ. Ирээдүй болсон хүүхдүүдээ бид нар хамгаалах хэрэгтэй. Сая ингээд хэлж байх шиг багц хууль орж байна гээд. Бид нар хууль хөдөө орон нутагт хэрэгжихгүй, хэрэгжинэ гэж ярьж байхын оронд хөдөө орон нутагт тухайн боловсон хүчин дутуу бол түүнийг хийчих хуульч гэдэг юм уу бусад мэргэжлийн хүмүүс байгаа гэж би харж байгаа. Энэ нийгэмд тийм сайн залуучууд байгаа, хүний мөс бас арилчихаагүй байна. Тэгэхээр энэ дээр холбогдох ХНХЯ, ЭМЯ ч байдаг юм уу түлхүү анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Дараагийн үг хэлэх төлөөлөл хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа, Алтан Гэрэгэ хуулийн фирм, одоо Б.Өлзийбат.
“Иргэн та Хүч” залуусын санаачилга, үүсгэн байгуулагч Б.Өлзийбат: Энэ өдрийн мэндийг хүргэе. “Иргэн та хүч” залуусын санаачилга Б.Өлзийбат байна. Өнөөдрийн хурал бол үнэхээр дүр эсгэсэн, Монголын олон жил төрд бугшсан төрийн албан хаагчид ямар хүүхдийн төлөө сэтгэлгүй мөнгө угаалт явуулсан юм бэ гэдэг хурал болж байна. Яагаад гэвэл сүүлийн 5 жилд Монгол Улсын иргэдийн татварын мөнгөөр 44,5 тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалахад зарцуулсан. Гэтэл өнөөдөр онош нь ч байхгүй, дүгнэлт нь ч байхгүй байгаа юм. Түрүүн олон зүйл хэлж байна л даа. Хамгийн эхний санал бол Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын удирдлагад хариуцлага тооцох ёстой. 5 жилийн өмнө энэ мөнгө 700 сая байхад 8 тэрбум төгрөг болсон. 4 жил дараалан 8 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бүхний дараа ямар ч дүгнэлт, онош, тодорхой тайлан ард иргэдэд мэдээлээгүй. Өнөөдөр дарга нь тодорхойгүй. Саяхан Үндэсний телевизээр бас ярилцлагад орсон. Дандаа зугтдаг ийм юм ярихаас тэгээд 1 юм ярихаараа бөөрөнхий юм ярьдаг, энэ хүмүүст хариуцлага тооцож байж асуудал шийдэгдэнэ. Энэ асуудал нийгмээрээ өөрчлөгдөнө. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл яг энэ 8 тэрбумыг зарцуулах эрх бүхий байгууллага дээр нэг ч хүнийг улсын хэмжээнд ярьж хариуцлага тооцоогүй учраас бүгд давардаг, яриад өнгөрдөг. Би жишээ нь хэлье л дээ, 2,9 тэрбум төгрөгийг ТББ-д гэрээлсэн гэж байна. Энд бол мөнгө угаалт явсан, хэдэн намын залуучууд очсон. Маш олон хүмүүст энэ ТББ гэрээлэлт нэлээн өгсөн. Үүний үр дүн байхгүй. Үүн дээр яаралтай түр хороо гаргаж, Байнгын хорооноос чиглэл өгч, хяналт шалгалт явуулах ёстой. Энэ мөнгө үнэхээр орсон уу үгүй юу гэдэг асуудлыг эцэслэж шийдэх хэрэгтэй. Бид нар ийм их хэмжээний мөнгө зарцуулчихаад оношоо тодорхойлоогүй байгаа байхгүй юу. Дараагийн нэг зүйл нь хууль сурталчлахад 700 сая төгрөг, хуулийн төсөл боловсруулахад 267 сая төгрөг, сургалт, сурталчилгаа хийхэд 370 сая төгрөг, хяналт шинжилгээний систем байгуулахад 140 сая төгрөгийг 2021 онд зарцуулсан байгаа юм. Одоо юу ч байхгүй буюу өнөөдөр энэ систем нь ингэж хөгжсөн, энэ хуулийг ингэж оруулсан гэхэд, одоо яг түрүүн хэлж байна шүү дээ. Энэ хүүхэд хамгааллын боловсруулсан хууль бол угаасаа ямар ч сэтгэлгүй хүмүүс хийсэн ажил. Өнөөдрийн бүх тооцоо судалгаа 2020 оныхоор байгаа 2021 оны сүүлийнхээр байгаа. 2023 онд энэ хууль өргөн баригдаж байна шүү дээ. Өнөөдөр нийт хүн амын 3/1 нь хүүхэд байгаа. За нэг нь хүүхэд байхад 10 хүүхэд тутмын 8 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Хамгийн гол зүйл хэлэхэд сэтгэл зүйч бүх салбарын хэмжээнд яригдах асуудал. Баянхонгор аймгийн Өлзийт сумд сургуулийн сэтгэл зүйч гээд хүүхэд очсон байгаа юм. Ажиглахад одоо өрөөнд нь нэг компьютероос өөр юм юу ч байхгүй. Өдөрт 40-50 хүүхэд зөвлөгөө авдаг гэж байгаа юм. Сэтгэл зүйн зөвлөгөө тэгэхлээр ямар сэтгэлгүй байгааг эндээс харж байна.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Б.Өлзийбат хуульчид баярлалаа. Одоо Алтан Гэрэгэ хуулийн фирмийн төлөөлөл Р.Булгамаа өмгөөлөгч, дараа нь “Өнөр бүл” хүүхдийн төв М.Өлзийчимэг үг хэлнэ.
Алтан Гэрэгэ хуулийн фирм, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа: Хэлэлцүүлэгт оролцогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн эрх хамгааллын асуудал, хуулийн шинэчлэлийн асуудлыг бид нар иж бүрнээр нь авч үзмээр байна. Ний нуугүй хэлэхэд гэр бүлтэй хүүхэд хамгааллын бодлого л Монгол Улсад хэрэгтэй. 30 гаруй хүүхэд хамгааллын байрыг 300 болгоод, нийгмийн ажилтныг 500 болгоод энэ асуудал бүрэн шийдэгдэхгүй. Бид нар яаж аав, ээжийг нь ажилтай орлоготой байлгах юм бэ. Яаж үр хүүхдээ хаяад, орхиод байгаа хүмүүст хариуцлага тооцох юм бэ гэдэг асуудлыг л энэ хуульд оруулж өгөөсэй гэж хүсэж байна. Хэдхэн тоо хэлье, Монгол Улс сүүлийн 10 жилийн байдлаар 17036 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон. Жилд дунджаар 1500-1700 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Сүүлийн 10 жилд 3108 хүүхэд нас барсан, золгүй байдлаар 1873 хүүхэд нас бардаг. Насанд хүрээгүй хүүхдүүдээс сүүлийн 10 жилд 10730 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн ертөнцөд алхсан. Дайн байлдааны үе юм уу. Өнөөдөр хүүхэд хамгааллын хуулийн асуудал энд л чиглэгдэх ёстой. Гэмт хэргийн ертөнцөд хохирсон, холбогдсон 20 гаруй мянган хүүхдийг цааш нь 200 мянга болгох юм уу, энэ асуудлыг л өнөөдөр бид яриасай гэж хүсэж байгаа юм аа. Өнөөдөр 7500 хүүхэд сүүлийн 10 жилд гэмтлийн эмнэлгээр дамжаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү явж байна. Ийм л нийгмийг бид нар бий болгосон. Тэгэхээр би хэд хэдэн саналыг хэлмээр байна. Маш товчхон.
1 дүгээрт, энэ хууль дээр гуя дагаж хүзүү гэгч хуулийн шинэчлэл нэрээр битгий хуулийн хулгай хийгээч ээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажил орон нутгуудад Иргэдийн Хурлаараа дамжаад явдаг л байсан шүү дээ. Юун Засаг дарга руу дамжуулаад замын тэмдэг, тэмдэглэгээнд зарцуулна гээд юу яваад байна.
2 дугаарт, үнэхээр хүүхдийн салбар чинь хүүхдийн боловсон хүчний бодлого нь алдагдчихсан юм байна шүү дээ. Өнөөдөр бүхэл бүтэн хүүхдийн асуудал хариуцсан агентлаг сая үүрэг гүйцэтгэгч гээд хэлж байна. 2023 оны 01 сараас хойш үүрэг гүйцэтгэгч хийж байгаа, Монгол Улсад энэ агентлагийг аваад явчих хүн байхгүй бол нээлттэй зарла л даа. Одоо 500 гаруй нийгмийн ажилтныг хаанаас олж ирэх юм, хуулийн төслийн 2.7-д байна, “Нийгмийн ажлаар сургалтад хамрагдсан хүн нийгмийн ажилтан хийнэ” гэнэ. Арай ядчихсан уу, эсвэл эрх зүйч хүн тэр нийгмийн ажлыг хий л дээ. Хүүхдийн төлөө ажиллах боловсон хүчин, багш Монгол Улсад байхгүй байгаа юм уу. Заавал яагаад нийгмийн ажилтанг дээд боловсролтой, эсвэл тэр сургалтад сууна гэж хуульд хатуу императив зохицуулалт оруулж өгөөд байгаа юм бэ. Зүгээр л хүүхдийн төлөө сэтгэлтэй хүмүүс энд хэрэгтэй байна.
Дараа нь эцэг эхийн хариуцлагын асуудал үнэхээр алга. Зөрчлийн тухай хуулийн 6.20-д өнөөдөр 100 мянгаас 300 мянгаар л торгож байгаа юм. /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Баярлалаа, бичгээр бас саналаа өгч болохоор байгаа. Одоо үг хэлэх оролцогч Өнөр бүл хүүхдийн төвийн төлөөлөл М.Өлзийчимэг, дараа нь иргэн Ц.Цолмонбаатар.
“Өнөр бүл” хүүхдийн төв М.Өнөрчимэг: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би товчхон ярья. Хүний нөөцийн асуудлыг шат шатандаа ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна вэ, хурдан шийдээч ээ. Ялангуяа сум, хорооны нийгмийн ажилтанг сургуулийн нийгмийн ажилтнуудтай маш уялдаа холбоотой ажиллуулмаар байна. Дээрээс нь цэцэрлэгүүдэд сэтгэл зүйч юм уу нийгмийн ажилтан гэдгийг ядаж 3 цэцэрлэгийн дунд гэдэг байдлаар ажиллуулах шаардлага байгаа гэдгийг хэлмээр байна.
Төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал дээр бид нарын хүүхдийн эрхийн зөрчил хаанаас эхэлдэг вэ гэхээр сургууль дээрээс эхэлж үүсээд байна. Энэ алтан намар, дээрээс нь дасгал ажлын ном, мөн жил болгон сурах бичиг солигдож байна. Энэ өөрөө эцэг эхчүүдэд болон бид нарт маш их дарамт үүсгээд байна. Тийм учраас энэ сурах бичгийн асуудлаа шийдвэрлээч ээ. Яагаад дээр үед бид нар дамжуулаад хэрэглэдэг байсан сурах бичгийг жил болгон, 2 жил тутам солиод байдаг юм бэ, энийгээ цэгцлээч ээ. Алтан намар гээд жил болгон сургуулиуд гаднаа том том автобус зоож байгаад хүүхдүүдийг 60, 65 мянган төгрөгөөр хөдөө гаргаж, энд тэндхийн амралтад очиж зугаа цэнгэл хөөсөн юм хийдгээ болиод өгөөч ээ. Энэ чинь буцаад хүүхдүүдэд маш их дарамт болж байна. Хөрөнгө мөнгө багатай, дээрээс нь манайх одоо 100 гаруй хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуульд явдаг. Гэтэл эдгээр хүүхдүүдийн мөнгийг бид хаанаас олж өгөх юм бэ. Мөн биеийн тамирын хослолыг жигдрэх гэж байна, хонхны баяр, үсэглэлийн баяр, монтажны мөнгө гээд жилээс жилд энэ төсөвтэй холбоотой, мөнгөтэй холбоотой асуудал чинь хүүхдийн эрхийн хамгийн том ноцтой зөрчил болж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Дээрээс нь орчны аюулгүй байдал. Өнөөдөр яг манай байгаа орчинд гэхэд 2 том сургууль, 2 том хүүхдийн асрах байгууллага, 2 цэцэрлэг, хүүхдийн төв, сувилал ийм олон байгууллага бүгд 1км-ээс 2км-ийн радиуст байна. Гэтэл маш олон баар цэнгээний газрууд байна, байр болгоны доор архи, согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүдтэй болчихжээ. Дөнгөж өнгөрсөн жил 53 дугаар сургуулийн яг хажуу талд өвөлжингөө баригдсан барилга юу болсон гэхээр зочид буудал, караоке, баар ажиллуулж байсан. Тэнд хүн амины хэрэг гарсантай холбоотойгоор хаагаад одоо 53 дугаар сургууль тэрийг түрээслээд явж байна. Гэтэл тэнд ямар ч камер алга. Замын аюулгүй хувилбар бүр тамтгаа алдчихсан. 200 гаруй метр замыг засна гэж байснаа 100-г нь засаад 100-г нь үлдээчихсэн.
Хууль эрх зүйн асуудал, сая эцэг эхийн хариуцлагын асуудлыг ярьж байна. Өнөөдөр манайд амьдарч байгаа хүүхдүүдийн дийлэнх хувь нь ээж, аавтай асуудал. Би Улсын Их Хурлын гишүүдээс болон цагдаагийнхнаас асуумаар байна. Үр хүүхдээ хаячихсан байгаа ээж, аав нарыг олоод өгөөч ээ, тэд хаана, юу хийж явна аа. Эрхийг нь хязгаарлаад, хасаад явуулчихаж байна. Хасаад явуулсан ээж чинь энд ажил хийгээд, өөр хамтран амьдрагчтай болоод, хүүхэд гаргаад явж байна. Зургаагийн зургаан хүүхдээ өгчихөөд өнөөдөр 38-тай аав, 28-тай ээжийн эрхийг нь хасаад, 6 хүүхдийг нь өгчихсөн, тэр ээж аавыг олж өгөөч ээ. Тэр ээж, аав нар чинь архиа уугаад, өөр амьдрал зохиогоод яваад байна. Энийгээ хуульдаа цэгцэлж өгөхгүй бол /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Үг хэлсэнд баярлалаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүн үг хэлэх нэр өгсөн байсан, Төсвийн байнгын хорооны хуралдаанд ороод ирсэн учраас одоо үгээ хэлнэ. 5 минутын хугацаатай.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Та бүгдийнхээ өнөөдрийн амгаланг айлтгая. Өнөөдөр бид хүүхдийн асуудлаар хууль тогтоох эрх мэдлийн байгууллага, ард иргэд, эцэг эхийн төлөөлөл, сурган хүмүүжүүлэгч та бүгдтэйгээ хамтарч нийтийн сонсгол хийж байна. Хүүхдийн асуудал өнөөдөр Монголын хамгийн том асуудал бөгөөд үндэсний эрх ашгийн, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсныг бид өнөөдөр та бүгдтэй хамтарч хэлэлцэж байна. Бидний ирээдүй болсон, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрх ашиг, монгол хүн байхын утга учир, монгол иргэний төлөвшлийн асуудлыг бид хамтаараа шийдэж шийдэл гаргах нь цаг үеэ олсон асуудал гэж миний бие үзэж, энэ асуудалд идэвхтэй оролцож байгаа юм.
Улсын Их Хурлын хэд хэдэн гишүүдээс өнөөдрийн Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энд олон үнэтэй санал санаачилгууд гарч байна. Бид энэ асуудлыг нэгтгэж, хамтаараа үзэл бодлоо, итгэл үнэмшлээ бодлогоо нэгтгэж байж төрийн бодлогын хэмжээнд шийдвэр гаргах ийм итгэлтэй, ийм сонирхолтой байгаа. Бид олон зүйлийг өнөөдөр олон талаас ярьж байгаа. Түүний дотор эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид бид нарын тухайд энэ зүрх сэтгэлийн боловсрол гэдэг юмыг бид хамгийн зөв төлөвшүүлэх шаардлага байна гэдгийг хууль тогтоогчийн хувьд би үздэг юм. Бид 30 жилийн боловсролын тогтолцооны асуудал, хүний хүмүүжлийн асуудлыг бид орхигдуулсан байгаа. Зүрх сэтгэлээрээ асуудалд хандах, аав ээжийгээ хайрлах, найз нөхдөө хайрлах, байгаль дэлхийгээ хайрлахаас эхлээд бид нарын энэ уламжлалт зан заншил, ёс суртахуун, хүүхдийн төлөвшлийн асуудлыг бид олон юмтай хутгаж, олон зүйл дээр ярьснаас болж хүүхдийн төлөвшлийн асуудлаар, ялангуяа хүүхдийн дотоод энэ сэтгэл зүйн асуудлаар хаашаа явж байгааг бид ойлгохоо больсон гэж зарим судлаачдын хэлж байгаатай би санал нэг байдаг. Энэ асуудлыг бид өнөөдөр ингэж шүүн хэлэлцэж, олон талаас нь бид ярих ёстой.
Саяхан Монгол Улсын Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барьсан. Хууль батлах нэг хэрэг ээ. Гэтэл бид энэ төсвийн шийдэл, тогтолцооны шийдэл, түүнчлэн энэ сургуулийн орчин, гэр бүлийн орчинд хүүхдийн төлөвшлийг яах юм, хүүхдийн хүмүүжлийг яах юм гэдэг асуудлыг олон талаас нь бид ярьж шийдэх ёстой. Нэн ялангуяа гаднын байгууллагын санал зөвлөгөө, гаднын туршлага гэдэг юмыг бид олон жил ярьсан. Энэ хуулийн төслийг ярилцахад миний бие их шүүмжлэлтэй хандаж, санал бодлоо илэрхийлж байсан. Бид уламжлалт хүмүүжлийг олгох, нүүдэлчин ард түмний олон зуун жил уламжлан хүүхдээ хүмүүжүүлж ирсэн энэ арга барилын тухайд энийг тодорхой хэмжээнд, бодлогын хэмжээнд шийдэх ёстой, шийдлийг бид гаргах ёстой гэж миний бие үздэг юм. Нөгөө талаасаа хууль эрх зүйн хүрээнд, ялангуяа энэ эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагын тухай ямар шийдлийг гаргах ёстой вэ? Сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд цахим хэрэглээ, ухаалаг гар утасны тухай асуудлыг шийдэх шийдлийг хуулийн хүрээнд, журмын хүрээнд шийдэх ёстой гэж бодож байгаа. Саяхан олон судалгаа гарч байна. НҮБ-ын хүүхдийн эрхийн том хурал, зөвлөгөөнүүд, урд хөршүүдэд ухаалаг гар утсыг хязгаарлах, хэрэглэхгүй байх тухай уриалга хүртэл гарсан байгаа. Энэ байдлаар дамжуулж өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн асуудал, төлөвшлийн асуудал яригдана.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн асуудлаар тодорхой, чухал санаанууд хэлсэн Ш.Адьшаа гишүүнд баярлалаа. Дараагийн оролцогч Д.Ундраа, дараа нь Боловсролын судалгаа, арга зүйн төв Ч.Чулуунцэцэг оролцогч үг хэлнэ.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг нөхөн сэргээх “Үжин” төв ТББ, Д.Ундраа: Бүгдээрээ сайн байцгаана уу? 2019 оны 5 сарын 09-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын шийдвэрээр яг энэ төрийн албан хаагчид, төрийн бусынхан нийлээд сонсгол хийж байсан. Тэгээд 4 жилийн дараа ямар ахиц дэвшил гарсан бэ гэдгийг нэгхэн жишээн дээр авч үзье. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг урт хугацаанд нөхөн сэргээх Монгол Улсын ганц төв одоо болтол байгуулагдаагүй байна. Энэ ахиц дэвшил мөн юм уу? Түрүүн Ц.Мөнх-Оргил гишүүн ярьсан. Хүүхдийн асуудал ярьж байхад ард түмнээс сонгогдсон 76 гишүүдийн хэдэн аав гишүүн бүтэн суув аа гэдгийг би асуумаар байна. Шаварт унасан шарын эзэн гэгчээр хэдхэн эмэгтэй гишүүд нь сууж байдаг. Хүүхдийн асуудал бол хүн бүрийн асуудал, бүх төрийн яам, агентлагуудын асуудал. Гэтэл зарим яамд, агентлагууд огт ирээгүй. Үнэхээр хүүхдийн асуудал дээр урдаа барьдаг мод шиг муу хэлүүлж, загнуулж байгаа энэ анхан шатан дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, ГБХЗХГ-ын бага цалинтай энэ хэдэн хүмүүс, мөн цагдаагийн байгууллагын анхан шатан дээр ажиллаж байгаа цагдаа нартаа би бүр зориудаар баярлалаа гэж хэлмээр байна. Энэ ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх зардлыг бид нар хэзээ олгож өгөх юм. Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст нь хэзээ мөнгөтэй болгох юм. Хамгийн анхан шатанд хүрч байгаа урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага л хийж байгаа. Яагаад гэвэл анхан шатан дээрээ хөлтэй учраас. Тэгвэл ГБХЗХГ анхан шатан дээрээ хөлгүй учраас эд нар маань мянга дээд агентлаг нь юу зарласан ч гэсэн нэмэргүй байгаа байхгүй юу. Тэгээд эцэст нь хэдүүлээ бүх процессоо мэдэж байгаа учраас шийдэл, гарц руугаа ороод ярьчихъя гэж бодож байна.
Монгол Улсын хэмжээнд жилдээ яг сайн тооцох юм бол 30-аад мянган кэйс гарч байна. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн ард хэдэн хүүхэд байгаа юм. Зөвхөн 2018-аас 2022 оны байдлаар 18288 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, оролцсон хохирсон байна. Эдгээр хүүхдүүдийн хариу үйлчилгээн дээр үнэхээр доголдол гарсан уу гэвэл гарсан. Энэ шийдлийг чинь олох гээд уг нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа байхдаа Б.Жавхлан сайдтай хамтраад яг энэ хамтарсан багийн гишүүдэд шуурхай тусламжийн үйлчилгээ буюу анхан шатан дээр нөхцөл байдлын үнэлгээ хийгээд ороход нь 43500 төгрөгийг нь батлаад өгсөн. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон 4 төрлийн хүчирхийлэлд өртсөн кэйсийн зардлыг нь 895 мянгаас аймаг, нийслэл, дүүрэг, сум болгоноор нь тусдаа өгсөн. Гэтэл үүнийг олгосон хэдэн гэр бүл, хүүхэд, залуучуудын анхан шатны нэгж, дүүргүүд байна гэдгийг бас асуумаар байна. Би олон удаа ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын газрын мэргэжилтэнээс асууж байгаа. Гэтэл энэ урамшууллаа авдаг Баянхонгор, Дархан-Уул аймгийн хамтарсан багийн үйл ажиллагаа бусдаас ялгарч байна шүү дээ. Яагаад гэвэл урмаа авчихсан байна, айлд очиход нь 20 мянган төгрөг бензинийх нь мөнгийг нь өгчихөж байгаа юм. Тийм учраас урамшчихсан байна. Тийм учраас салбарын сайд байгаа /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Баярлалаа, та шаардлагатай бол хүүхэд хамгааллын хуулийн ажлын хэсэгт бичгээр өгчихөөрэй. Дараагийн оролцогч Боловсрол судалгаа, арга зүйн төвийн Ч.Чулуунцэцэг.
Боловсрол судалгаа, арга зүйн төв Ч.Чулуунцэцэг: Сайн байцгаана уу? Ч.Чулуунцэцэг байна. Орчин цагийн Монголын боловсрол 100 жил, Монгол цагдаа 100 жил, ШШГБ-ын 100 жил, МАН 100 жил гээд дандаа 100 жилийн түүхтэй байгууллагуудын төлөөлөл энд сууж байна. Гэхдээ хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн амь нас алдах тоо жилээс жилд өсөж байна. Бид нар 100 жилийн түүхтэй туршлагажчихсан байгууллагууд мөртөө хүүхэд хамгаалал нь жил ирэх тусам суларсаар байна. Энд сууж байгаа гишүүдээс, Засгийн газрын гишүүдээс асуухад та нар яг одоо юу ярих гээд энд суугаад байгаа юм, хэнээс юу нэхээд байгаа юм, төсвөө нэммээр байна, энд ийм зүйл болохгүй байна, бүтэхгүй байна гээд. Та нарт бүрэн эрх чинь байгаа шүү дээ. Тэгээд энэ зүйлээ хийгээгүй байж ингээд яриад, тэгээд хийж байгаа юм нь “бид нар хүүхэд хамгаалал дээр 2,5 тэрбум төгрөг байсныг 8 тэрбум болголоо” гээд цээжээ дэлдээд байж гэнэ. Энэ төсвийг чинь сая би бодож үзлээ. Одоо энэ бор аягатай кофегоор бид нар 300 хүүхдийн нэг жилийн хүүхэд хамгааллын төсвийг тэр чигт нь кофе болгоод уучихлаа. Энэ кофе чинь 300 хүүхдийн, 10 ангийн хүүхдийн нэг жилийн хүүхэд хамгааллын төсвийг кофе болгоод уучихсан шүү. Ингээд худлаа яриад, болж бүтэхгүй байгаа юм яриад ингэж суусаар байгаад та нар 30 жилийг өнгөрөөчихсөн байна.
Хүүхдийн нас баралт, хүүхдийн хүчирхийлэл мянга мянгаараа жил ирэх тусам нэмэгдэж байна. ХНХ-ын сайд Х.Булгантуяа ярьж байна, хүүхэд хамгааллын карттай болгоё гээд. Энэ нэг дагаж мөрддөг, тэмдэглэдэг наад коммунист сэтгэлгээнээсээ салаач дээ. Хүүхдэд ээлтэй стандарт боловсруулаад тавиад өг л дөө. Сургуулийн талбай дээрээ, хөл бөмбөгийн талбай дээрээ хүүхэд үхдэггүй болгоод өг. Барилгын нүхэнд унаад хүүхэд үхдэггүй болгоод өг. Гаж сэтгэлгээтэй нөхрийн гарт ороод үхдэггүй болгоод өгчих л дөө. Энийгээ л ярьчих л даа, хийчих л дээ. Хийе гэсэн сэтгэлтэй хүмүүс бол байна. Жишээ нь, Н.Учрал сайдыг ойролцоогоор нэг жил орчим сайд хийж байгаа болов уу гэж бодож байна. Яриад зарлаад байхгүйгээр ямар ч байсан сая И-кидс дээр их хөөрхөн юм хийгээд тавьчихсан байна, 10 мянга гаруй хүүхдийг хамгаалж чадаж байна. Энэ гаж сэтгэлгээтэй хүмүүст “хөөе энэ хүүхдийг мөрдөөд, мөшгөөд байршлыг нь тогтоодог юм байгаа шүү, та нар баригдана шүү” гэдэг мессежийг хэлээд өгчихлөө. Тэгэхэд бусад нь одоо яагаад хийж чаддаггүй юм, тийм ээ.
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхэд нас барсаар л байна. Энэ сайд нь 4 жил тасралтгүй ажиллаж байна, яагаад энийг зогсоож чадахгүй байгаа юм. 8 тэрбум төгрөг, одоо энэ төсвийг нэмээд байх юм байхгүй, хангалттай их байна гээд байх юм. Танай зүгээр нэг энгийн дундаж агентлагт ажилладаг албан хаагчийн чинь оймсонд байдаг мөнгө шүү дээ. Түүгээр та нар яаж 2 сая хүүхэд хамгаалах гээд байгаа юм. Зүгээр нэг энгийн тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчийн чинь зүгээр байдаг л нэг 2, 3-н үл хөдлөх хөрөнгийнх нь мөнгө шүү дээ. Насаараа төрд байсан хүн /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Ч.Чулуунцэцэг оролцогчид баярлалаа, дараагийн үг хэлэх оролцогч “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн төлөөлөл Б.Ардак үг хэлнэ.
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл Б.Ардак: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Маш олон саналууд хэлэх гэж төлөвлөсөн боловч энэ хүмүүсийг харахад 3 минут хаана ч хүрэхгүй юм байна. Ц.Мөнхцэцэг гишүүнд манай Боловсрол эвсэл саналаа хүргүүлчихсэн байгаа. Хамгийн түрүүнд бид нарын өгсөн саналыг протоколд тусгаж оруулж өгөөч гэдгийг хүсье. Одоо гол зүйлүүдэд ганц 2 санаа хэлье.
Х.Баавгай гавьяат багш, П.Анужин гишүүнтэй санал нэг байна. Та бүхэн хэлсэн саналуудыг санаж байвал. Хамгийн эхлээд 2024 оны төсөв Дэлхийн Зөн ОУБ-ын хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал тайланд 2021 оны, шаардлагатай төсөв нь 21,1 тэрбум төгрөг хүүхэд хамгаалалт шаардлагатай гэсэн судалгаа гарч байсан байна. Гэтэл одоо 2024 оны төсөвт сая 14,3 тэрбум төгрөгийг гэж тооцоолсон нь төсөв хүрэлцэхгүй хэвээрээ байна аа гэсэн ийм дүгнэлт гарч байна.
2 дугаарт, ерөөсөө хүүхэд хамгаалал, хүүхдийн асуудал, хамтарсан баг гэдэг юм ярихаараа л нийгмийн ажилтан гэдэг хүн мэргэжилтнүүдэд харагддаг. Зүгээр чөлөөт микрофон явж байгаад гудамжны хүнээс хүүхэд хамгааллыг хэн хийдэг гэвэл хүүхэд нь ч, эцэг эх нь ч, иргэн нь ч нийгмийн ажилтан гэдэг. Би өөрөө ахмад багшийн хувьд гавьяанд гарахаас өмнө нийгмийн ажилтныг 12 жил хийсэн. Өнөөдөр хүүхдийн төлөө дуугардаг хүн нь нийгмийн ажилтан. Буу байхгүй дайнд явж байгаа хүн гэж хэлж болно. Гэтэл нийгмийн ажилтныг өнөөдөр үг хэлсэн хүнийг би тоолоод тэмдэглээд сууж байлаа, 64, 65 хувь нь нийгмийн ажилтны тухай асуудал ярилаа. Би энд юу гэж хэлэх гэж байна гэхлээр энэ ХНХЯ бодлогоор энэ нийгмийн ажилтны асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай, дэмжлэг үзүүлээч. Тэр Хуульчдын холбоо шиг мэргэжлийн нийгмийн ажилтны холбоо байгуулж эд нарыг мэргэжил арга зүйгээр хангаж, эд нарыг хүчтэй дуугардаг чадалтай, чадвартай нийгмийн ажилтан болгоход бодлогоор дэмжээч гэж хүсэж байна. Өнөөдрийг битгий бодооч, манайхаан. 15, 5-аас 10 жилийн дараа нийгмийн ажилтан хаана очих юм, юу болох юм, яаж харж байна. 10 жилийн дараах юмаа бодож өнөөдөр бид нар яримаар байна.
2 дугаарт, Соёлын яамны хүн сая юу ярьчихав, би буруу сонссон уу, та бүхэн сана даа. Хүүхдийг хүүхдээр хамгаалуулна гээд байх шиг. Хүүхэд хүүхдээ хамгаалдаг юм уу, энэ үгийг би ойлгохгүй байна. Тэр Соёлын яамны хүн тайлбарлаад өгчихвөл зүгээр байна. Өнөөдөр олон хүн хэллээ, 5, 6 хуульчид энэ асуудал дээр илтгэл тавилаа. Нөгөө агентлагийн алга болчихсон хүн байна, хүүхэд хамгааллын бодлогыг ярьдаг энэ хүмүүс нь өнөөдөр энэ дээр асуудлыг ярих ёстой байсан. За хамгийн сүүлд нь ХЭҮК, Монгол Улс дахь хүүхдийн эрх хамгааллын талаарх /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Иргэн Б.Даваамягмар, дараа нь Улс төрийн намын төлөөлөл Т.Энхтүвшин АН-ын бүлгээс үг хэлэхээр байна.
Иргэн Б.Даваамягмар: Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар өнөөдөр маш олон хэрэгцээ, шаардлагатай асуудлуудыг ярилаа. Тэгэхдээ яг гол агуулгуудыг нь аваад үзэхээр нөгөө ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг асуудлууд л яриад байгаа юм л даа. Хүний нөөцийг сайжруулъя, төсөв санхүү байна, түүнээс гадна ажиллах хүч, камержуулалтын асуудал. Тэр чинь яг үнэндээ бодитоор хараад үзэхээр хүүхдийн хүчирхийлэл болоод эрх нь зөрчигдсөний дараа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг л илүү нарийвчлах гээд яриад суугаад байх шиг, ерөнхийдөө агуулга нь тийм байгаад байх шиг байна. Бид нар энд хүүхдийн эрх яриад, сонсгол хийгээд явж байхад яг хүүхдүүдтэй тулж ажилладаг, хамгийн ойрхон байдаг хүмүүс бол эцэг эхчүүд. Тийм учраас бид эцэг, эхчүүдтэйгээ илүү их тулж ажилламаар байна, аян явуулаад, эцэг, эхчүүдээ сургалт хөтөлбөрт хамруулдаг ч юм уу, нэмээд багш нар. Багш нарыгаа хөгжүүлэх шаардлагатай байна. Одоо Улаанбаатар хот, аймаг, сумдад хичээлүүд яг адилхан орж байгаа гэвэл үгүй шүү дээ. Сумдад шал өөр ордог, түвшнүүд нь шал өөр, элсэлтийн ерөнхий шалгалт дээр ч гэсэн харагддаг.
Дараагийн асуудал бол хүүхдийн гэмт хэрэг гараад хэвлэн нийтлэх байгууллагууд хэдэн лайкны төлөө ингэж өрсөлддөгөө болимоор байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг ил задруулж, ажиллагаа явагдаж байхад чамайг эрэн сурвалжилж байна шүү гээд мэдээ цацчихаж байгаа байхгүй юу. Өө тэгвэл зугтъя гээд нөгөө хүн чинь яваад өгчихдөг. Ингээд араас нь олон хүмүүс хайгаад чирэгдэл учруулдаг ийм асуудлууд байгаад байна.
Гуравдугаарт, төсөв мөнгө шаардлагатай гээд яриад байдаг. Төсвийн яриан дундаас сонссон чинь аймаг, нийслэл эсвэл аймгаас сумд руу явахдаа яг нөгөө нэг сумдын, аймгийн бусад төсөвтэй хамт оччихдог юм байна лээ л дээ. Тэгэхлээр энэ яг хүүхдэд зориулагдах ёстой шүү гэдэг зүйлийг хэлж өгөөгүй ч гэдэг юм уу, мэдэхгүй ч гэдэг юм уу, тийм учраас аймаг, сумдуудад сан байгуулаад яг тэр мөнгийг нь тус тусад нь дансаар шилжүүлдэг ч юм уу, арга ядсан ажил хийж байгаа юм л даа. Яг хүүхэд рүүгээ чиглэсэн, гол нь эцэг эхчүүд, багш нар луу чиглэсэн асуудлыг, хүүхэд рүү асуудал ярихаар үнэндээ 12 настай хүүхэд суулгаж ирээд чи ийм эрхтэй, ингэдэг шүү гээд яривал ойлгохгүй шүү дээ. Тийм болохоор яг ойр дотнынх нь хүмүүс рүү хүрээлэл рүү /минут дуусав/.
Улс төрийн намын төлөөлөл Т.Энхтүвшин: Сайн байцгаана уу, Т.Энхтүвшин байна. Тэгэхлээр өнөөдөр амьжиргааны түвшин доогуур 440-өөд мянган одоо айл өрхийн хүүхдүүд хагас өлсгөлөн, хүйтэнд даарч хөрсөн, утаа униар дунд амьдарч байна. Энд эмнэлгийн үйлчилгээ хангалтгүйгээс хүүхдийн эндэгдэл, амь нас хохирох, насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, хохирогч болох асуудал газар авч байгаа нь манай Монголд хүүхэд хамгааллын асуудал тэг зогсолт болчихсон юм байна гэж үзэхэд хүргэж байна. Олон улсад хүүхдийн эрхийг хамгаална гэж яг юуг хэлдэг юм гэхлээр нийгмийн оршин тогтнох баталгаа, ирээдүйн хөгжлийн хүч болсон хүүхэд залуу үеийг бүрэн эрхтэй, эв найрамдалтай, найрамдлыг эрхэмлэсэн хувь хүн болгон төлөвшүүлэх, тэдний хүмүүжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэшсэн, хүүхдийн эрх зүйгээр мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай төр нь хамтран ажилладаг, хяналт тайлан бүхий олон талт тохиролцоо хийж гэрээлэх үйл ажиллагааны нэгдсэн систем гэж үздэг юм байна. Надад 3 бодол байна.
1 дүгээрт, сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүүхэд, насанд хүрэгсэд аль алины оролцоо, өөрийгөө эрсдэлээс хамгаалах арга ухаан, хэрэгслийн талаар зөвлөмж, гарын авлага, сурах бичгүүдтэй тусгайлсан хичээлийг сургуульд оруулж байх. Эцэг, эхчүүд мөн харгалзан асрагч нарт нь насан туршийн боловсролоор дамжуулан гэр бүлийн боловсрол, хүүхэд олон талт хамгааллын мэдлэгийг давхар олгохгүй бол болохгүй нь ээ.
2 дугаарт, гудамж талбай, сургуулийн дотор, гаднагүй камержуулалт, гэрэлтүүлэгтэй, хүүхдийн сурч байгаа барилга, дотуур байруудыг анги, ор дүүргэлт багатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчинтой, 6 настай хүүхдийн нолийг шийдчихсэн гэх мэт эрүүл, аюулгүй орчинтой цэцэрлэг, сургуулиудыг орон нутаг, хотод олноор нь барих шаардлага байна. Мөн хүүхдийн шим тэжээл, зохистой хоол хүнсийг хангахын тулд өнөөгийн өгч байгаа мөнгийг 2 дахин биш, бүүр 3 дахин нэмэх хэрэгтэй. 4500 байхад хүүхэд бол өдөржингөө гэдэс дүүрэн, хоол ундаа нэг их цатгалан биш ч гэсэн идэж уугаад, хичээл номдоо анхаараад байж чадна шүү дээ. Манай төсөвт мөнгө байдаг уу гэвэл байгаа, харин хүүхдээс бид харамлаад байна. Тэр харамладагаа больё.
3 дугаарт, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хүчирхийлэгчид эрүүгийн хариуцлагыг дээд зэргээр чангатган хүлээлгэх замаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгадаг олон улсын НҮБ-ын практик арга хэмжээнүүд бүхий шинэ стандартуудыг нэвтрүүлээд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг нэг мөр болгож, нэгдсэн мэдээлэл, судалгааг нэгтгэх замаар хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний стратеги гэдэг юмыг боловсруулъя. Стратегийн хөтөлбөрийг боловсруулъя. Энийг хэрэгжүүлэх даруй хэрэгжүүлэх цаг болсон. Хөдөө орон нутагт хэн нь юу хийх юм? /минут дуусав/.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Т.Энхтүвшин таны саналд баярлалаа. Дараагийн үг хэлэх оролцогч С.Уранчимэг Хүний эрхийн судалгааны чандмань сэтгэл төв ТББ-ын төлөөлөл, дараа нь Х.Баасанжаргал Хүний эрх дэвшилтэт бодлын хүрээлэнгийн захирал. За энэ хоёр оролцогч байхгүй байгаа учраас өнөөдрийн сонсголыг хааж байна.
Манай өнөөдрийн сонсгол маш өргөн хүрээнд болж, хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-ын төлөөлөл маань оролцлоо. Оролцогчдын байр сууринаас харахад хүүхдийн эрх болон хүүхэд хамгаалал гэдэг асуудлыг ялгаж салгаж ойлгох, хүүхдийн эрх гэдэг бол маш өргөн хүрээнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, сурах зэрэг эрхүүд байна. Мөн хүүхэд хамгаалал гэдэг бол зөрчигдсөн эрхээ сэргээх чиглэлийн олон талт хамтын ажиллагаа гэдгийг оролцогчид маань онцолж байна. Иргэний нийгэм, иргэдээс маш чухал чухал саналуудыг дэвшүүлсэн. Эдгээр саналуудыг бид Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүний эрхийн дэд хорооны, Гэр бүлийн тухай хуульд тусгах ажлуудыг хийнэ. Олон чухал асуудлуудыг дэвшүүлсэн манай хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл Та бүхэнд баярлалаа.
Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн төсөв орлогыг хөндөж байна, хүүхдийн эрхийг хамгаалах гол агентлаг маань өнөөг хүртэл даргагүй түр орлон гүйцэтгэгчтэй удаж байгаа бол үнэхээр институцийн хувьд зохицуулалт муутай байгаагийн илрэл байна. Амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдийн өсөх, хөгжих эрх нь зөрчигдөж байна. Хүүхдийн хамгаалалттай холбоотойгоор хүүхдийн хоолны төсвийг нэмэх, нийгмийн ажилтныг мэргэжил, арга зүйгээр хангах зэрэг олон асуудал хөндсөн байна.
Энэ дашрамд хэлэхэд Нийгмийн ажилтны тухай хуулийн төсөл боловсруулж байгаа, үүнийг Улсын Их Хурал хэлэлцэх шаардлагатай байгаа. Сонсголын явцад Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ ТББ, “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл зэрэг төрийн бус байгууллагууд болон иргэдээс бичгээр саналууд ирсэн байна.
Өнөөдрийн сонсголтой холбоотой хэлэлцсэн асуудлаар холбогдох Байнгын хороо болон дэд хороо та бүхний саналуудыг оролцуулсан санал, дүгнэлтийг гаргана. Шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсголын хэлэлцэгдсэн асуудлаар бас хэлэлцэнэ. Мөн холбогдох чиглэлүүдийг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргаж ажиллах болно. Та бүхэн мэдэж байгаа, Хүүхэд хамгааллын хууль, мөн Гэр бүлийн тухай хуулиуд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байгаа. Эдгээр хуулиудад ч өнөөдрийн сонсголын явцад гарсан саналууд, бичгээр ирүүлсэн бусад саналуудыг тусгах чиглэлээр ажиллах болно. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал маань ингээд Монгол Улсын бүх төрийн байгууллага, ТББ, иргэд, эцэг эх, багш нарын өргөн хүрээний төлөөлөл бүхий олон талт хамтын ажиллагаа гэдгийг дахин хэлмээр байна.
Сонсголд оролцсон Та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн сонсголд иргэдийн болон төрийн бус байгууллагуудаас ирсэн бүх саналууд маань протоколд тэмдэглэгдэж байгаа. Тухайлбал, оролцогч Ё.Цацралтуяа, Ц.Цолмонбаатар, Б.Жавзанхүү, П.Цэвээн нарын санал бүгд протоколд тэмдэглэгдэн авсан байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Ингээд сонсголын үйл ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэе.
--//--