Цэс

Холбоо барих

ТБХ:Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.09/ хуралдаанаар дөрвөн  асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх талаар гишүүд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, хуулийн төсөлд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын орчны бохирдлыг бууруулах гэсний дараа бусдаар гүйцэтгүүлэх гэж нэмж оруулсан байна. Гэтэл нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой үйл ажиллагааг хот хариуцахаар байхад төсөв нь яамны багцад байгаа асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй талаар санал хэлсэн.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, “Төсвийн урсгал зардалтай холбоотой асуудлыг холбогдох хуульд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүй гэж заасан. Иймд хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд нэр, хүчин чадал, байршилтай холбоотой  залруулга хийх боломж, бололцоо  байхгүй хэмээн хариулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төсөв хасагдаагүй гэсэн атлаа төсөл дээр бага хэмжээгээр буурсан байгаа шалтгааныг лавлахад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг 1.88 хувиар бууруулах зарчмын зөрүүтэй санал гарч, дэмжигдсэн. Энэ хүрээнд  урсгал зардлыг нь тооцоод бууруулсан" хэмээн тайлбарлав.

Ингээд хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийгн анхны хэлэлүүлгийг явуулсан.

Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,"Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор шаардлагатай бол хууль, тогтоолын төсөл боловсруулах санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5-д заасны дагуу "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг Байнгын хорооноос боловсруулсан " хэмээн танилцууллаа.

Тогтоолын төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж, баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгох” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байлаа.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Хуралдааны төгсгөлд "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа, Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсний дараа Засгийн газрын зарим гишүүдээс төсвийн тухай хуулийг дагаж гарах тогтоолын төсөлд боловсрол, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалттай холбоотой асуудлыг тусгах зайлшгүй шаардлага байгааг уламжилсан гэдгийг тодотгоод Ажлын хэсэг, Байнгын хороо ярилцаад Байнгын хорооны бүрэн эрхийн хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан гэв.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тогтоолын төсөлд “Хавдар судлалын үндэсний төвийн 2 барилгын нэмэлт хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгах” гэсэн 7 дахь дэд заалт, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүх шатны эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжийн жишиг зургийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэйгээр стандартад нийцүүлж шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах” гэсэн 8 дахь дэд заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимыг интернэт, дотоод сүлжээнд бүрэн холбох, багш бүрийг компьютержүүлэх, хүүхдийн авьяасыг дэмжих, цахим системд суурилсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг зохион байгуулах, нийслэл, орон нутагт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавьж, цаашид боловсролын хүртээмжийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.


Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр төсвийн санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бүх шатны сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах зорилгоор сургалтын орчинг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, ажилчдад зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах  зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл