Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Др. Штефани Ханке-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.08) шинээр томилогдсон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Штефани Ханке-г хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүрэгт ажлаа хүлээн авсан хатагтай Штефани Ханке-тай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс дахь Фридрих-Эбертийн санг тэргүүлэн ажиллах болсонд баяр хүргэв. Тэрбээр, Монгол Улсын ардчилсан шилжилт, ардчилсан институцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгийг бид өндрөөр үнэлдэг болохыг тэмдэглэж, тус сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой, ардчилсан парламентын 30 жилийн түүхийг хамтран бичилцэж ирсэнд дахин талархал илэрхийлэв.

 

Суурин төлөөлөгч Др. Штефани Ханке Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад томилогдсонд туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэх үеэр бид өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж чадсан үзэж байна. Иймд миний бие залгамж чанарыг эрхэмлэн Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэлээ.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, ардчилсан, зөвлөлдөх, цахим парламентыг бий болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас D-Parliament цахим платформыг хөгжүүлж, олон нийтэд танилцуулсан нь бодитой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, одоо мөрдөгдөж буй нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдлийг petition.parliament.mn цахим системд байршуулахад зургаа хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэн дэмжсэн. Үүний үр дүнд уг асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулаад байна. Энд нэг зүйлийг тодотгоход, санал өгсөн 100 мянга гаруй иргэний 75 хувь нь 35 хүртэлх насны залуус идэвхтэй оролцсон нь хууль тогтоох үйл ажиллагаанд тэдгээрийн оролцоог хангах, нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон гэж үзэж байна гэлээ.

Талууд дэлхийн улс орнуудын татварын тогтолцооны тэргүүн туршлага, мөн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” ээлжит чуулга уулзалтын талаар санал солилцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь “Жендэрийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд болсныг дурдав. Тэрбээр, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ээлжит чуулга уулзалтад Суурин төлөөлөгч Др. Штефани Ханке-к оролцохыг урив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл