Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.07) “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумын үеэр төмөр замын салбар хуралдааныг нээж, үг хэлэв. Энэ сарын 06-наас 10-ны өдрүүдэд “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг форумын зорилго нь Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд бодит хувь нэмэр, чухал түлхэц болохуйц санаачилга, шийдлийг нээлттэй хэлэлцэхэд оршино. Тухайлбал, бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх хүрээнд хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа юм. Түүнчлэн төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар баримталж буй нэгдсэн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцож байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, салбарын тоон мэдээллүүд, өсөн нэмэгдэж буй боломжууд болон дэвшүүлсэн зорилтуудаас хуваалцав. Өнөөдрийн хуралдааны үеэр төмөр замын салбарын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээс танилцуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, иргэд олон нийтийн төлөөлөлтэй санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээллээ.