Цэс

Холбоо барих

ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.07) хуралдаан 16 цаг 02 минутад гишүүдийн 78.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.


Дээрх хугацаанд тус Байнгын хороо Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд; "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр цагалварт тусгажээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн танилцуулгыг хийв. Улсын Их Хурал энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар ажиллажээ.


Ажлын хэсэг хоёр удаа, ажлын дэд хэсэг дөрвөн удаа хуралдсан байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авсан бөгөөд иргэдээс хуулийн төслийн гурван зүйлтэй холбоотойгоор давхардсан тоогоор 43 санал ирүүлснийг ажлын хэсэг нэрбүрчлэн хэлэлцсэн байна. Байнгын хорооны ажлын хэсэг 2023 оны арван нэгдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 12, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх найруулгын 3 саналын томьёоллыг тус бүрд нь хэлэлцэн шийдвэрлээд, Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

Үүнд, насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хохирогчийг 18 насанд хүрсний дараа тоолж эхлэхээр, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг өөрчлөн найруулах хуулийн төслийн саналыг хасахаар, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар тусгаж, Зөрчлийн тухай хуулиас торгуулийн шийтгэлийг хасах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгууль шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмэлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, шинээр авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ““мэргэжлийн үйл ажиллагаа явуулах,” гэсний дараа “тээврийн хэрэгслийг жолоодох” гэж, мөн хэсгийн “нийтийн албанд ажиллах” гэсний дараа “, тээврийн хэрэгслийг жолоодох”” гэснийг ““тохиолдолд” гэсний дараа “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл”” гэж өөрчилж, мөн зүйлийн “гэж, 12.3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын “арван зургаан насанд” гэсний дараа “хүрсэн арван найман насанд”” гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хасах томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг өөрчлөн найруулахыг, 4 дүгээр зүйлийн ““10.1 дүгээр зүйлийн Тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” гэж, “12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,” гэснийг, мөн зүйлийн “2.1 дэх заалтын “арван дөрвөөс” гэснийг “арван зургаагаас” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 саналын томьёолол, хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх найруулгын 3 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.


Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн харилцааг зохицуулдаг суурь хуулиудын нэг гэдгийг тэрбээр төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд тэмдэглэлээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулаагүй байгаа гэлээ. Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгаа гэлээ. Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас үзвэл 2020 онд 53.678, 2021 оны эхний хагаст 20.602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт хэргийн 10 хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн маргааны тоо ихсэх хандлагатай байгаа гэв. Түүнчлэн олон улсын жишгээс харахад гэр бүлийн харилцаанд шинэ төрлийн харилцаа, асуудлууд нэмэгдэж байгааг гэлээ. Иймээс Гэр бүлийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Ингэхдээ нэн тэргүүнд хүүхэд; жирэмсэн болон хөхүүл эмэгтэй; эсхүл бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх; хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан; хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталжээ. Түүнчлэн хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад илүүтэй анхаарч боловсруулсан байна. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгаснаа Б.Энхбаяр сайд дурдав.


Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд 22.924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримт нь хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсны илэрхийлэл гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийг тодорхойлох, цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд тэжээн тэтгэх асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврыг зохицуулах зохицуулалт байдаггүй байна. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хүлээх үүрэг, ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.

Шүүхийн шийдвэрийн цахим сангаас 2022 онд шийдвэрлэсэн гэрэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзэхэд гэрэлт цуцлах болсон шалтгаанд “таарамжгүй харилцаа” 76 хувь, “архидалт” 12 хувь, тусдаа амьдарч байгаа” 8 хувь, “гэр бүлээс гадуурх харилцаа” 2 хувь, “гэр бүлийн хүчирхийлэл” 2 хувийг тус тус эзэлж байгаа гэх тоо баримтыг тэрбээр танилцуулсан. Гэрэлт цуцлах шалтгааны дийлэнхийг гэрлэгч хоорондын таагүй харилцаа эзэлж байгааг тэмдэглэв. Төслөөр гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилсан бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна.


Гэрлэлтийн гэрээ нь гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ноогдох эд хөрөнгийг тодорхойлох, эд хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг Иргэний хуульд нийцүүлэн байгуулах иргэний эрх зүйн гэрээ болохыг хуулийн төсөлд томьёолжээ. Нөгөө талаар Англо-Саксоны эрх зүйн бүлтэй зарим улсад гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгийн харилцааг зохицуулахаас гадна мөн амины ойролцоог зохицуулж байгаа жишиг ч байдаг байна. Энэ төрлийн гэрээг Солонгос, Япон, Орос, Герман зэрэг улс хууль тогтоомжоороо зохицуулдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Хэлэлцэж буй хуулийн төсөлд гэрлэлтийн гэрээний талаар шинэ зохицуулалтыг тусгасан бөгөөд тус гэрээгээр гэрлэгчдийн эрх ашгаа хамгаалах, гэр бүлийн харилцаанд мөн гэрэл цуцалсан тохиолдолд эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон байна. Мөн гэрлэгчид гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгийн эрх үүсгэх, шилжүүлэх, дуусгавар болгох, хязгаарлахаар зохицуулсан, эсхүл ийм харилцаа агуулсан бол зохих журмын дагуу хөрөнгийн бүртгэлээс хамаарч бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх зохицуулалтыг нэмж тусгасан байна. Ингэснээр гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. 2017-2021 онд Гэр бүлийн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 60,4 хувь буюу 14 мянган хэрэг гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна. Мөн 2010 онд гэрэлт цуцалсан тоог 2021 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна. Иймд гэрэлт цуцлах үед гэрлэгчид болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нарийвчилж тусгасан гэв. Хуулийн төсөлд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагыг нарийвчилсан бөгөөд хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг хамтран хүлээх зарчмыг тодорхой зохицуулжээ. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эд хөрөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах зохицуулалтыг мөн тусгасан байна. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч, асран хүмүүжүүлж байгаа гэр бүлийн харилцаа байхыг энэ хуулиар хүлээн зөвшөөрч, уг харилцааг гэрээгээр зохицуулах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн эд хөрөнгийг зарцуулах, хамгаалах тэтгэмж, тэтгэлэг, түүнтэй адилтгах орлогын зарцуулалтад хяналт тавих зэргийг тусгасан байна. Түүнчлэн хүүхдийн эд хөрөнгийн эрхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зарцуулах эрхийн хязгаарлалтыг тусгажээ. Манай улсын хувьд тэтгүүлэгч буюу хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээнээс тодорхой хувиар тооцсон тэтгэлгийн хэмжээг тогтоож байна. Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээ хэт бага буюу хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа, нөгөө талаас тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдахгүй байна гэсэн шүүмж гардаг байна. Зарим улс тэтгэлэг тогтоох тусгай аргачлалтай бөгөөд тэтгэлгийн хэмжээ, хүүхдийн нас, амьжиргааны өртөг, зардал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан тэтгэлэг төлөгчийн орлого нөхцөл байдалтай уялдуулж, тэтгэлэг авагч тус бүрд өөр өөр байдлаар тогтоодог байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийн харилцааг зохицуулсан гэрээ байгуулж ч болдог байна. Иймд шүүх гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэхээр төсөлд тусгасан байна. Мөн гэрлэлт цуцлалт дуусгавар болсон харилцаанд хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн авах тэтгэлгийн хэмжээг өөрчилж, тэтгэлэг авагч болгон тэтгэлэг төлөгчийн нөхцөл байдалтай уялдуулж, эрх бүхий байгууллагаас батлах аргачлалын дагуу шүүх шийдвэрлэхээр шинэ зохицуулалтыг тусгасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд хүүхдийн тэтгэлгийг шийдвэрийн 50 гаруй хувь нь огт төлдөггүй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэлэг авагч нийт 13.866 хүүхэд байгаагаас 9739 хүүхэд тэтгэлгээ авч чадаагүй ба тэтгэлгийн хэмжээгээр нь тооцож авч үзэх юм бол 6 тэрбум 606 сая төгрөг төлөгдөөгүй байгаа гэв.

Иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээр 2017-2022 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 7596 хүүхэд дотоодод үрчлүүлсэн бол Монгол Улсын харьяат нийт 274 хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрүүдийг авч үзэхэд 2017 онд 97 шүүхийн шийдвэр, 2018 онд 12 шүүхийн шийдвэр, 2019 онд 11 шүүхийн шийдвэр, 2020 онд 12 шүүхийн шийдвэр, 2021 онд 9 шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд хуулийн төсөлд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үргэлжлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх шинэ зохицуулалтыг тусгажээ.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох зохицуулалттай. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Н.Учрал, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.  Талууд ямар нэг маргаангүйгээр гэрлэлтээ цуцлахаар харилцан тохиролцсон тохиолдолд заавал шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай эсэхийг тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Төслийн 12 дугаар зүйлд “Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах” зохицуулалтыг тусгасан” гэв. Тодруулбал, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай хүсэлтээ тус тусдаа бичгээр гаргаж, иргэний улсын бүртгэлийн байгууллага, эсхүл хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх юм байна. Улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь дээрх шаардлагыг хангасан хүсэлтийг хянан үзэж, 21 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болохоор хуулийн төсөлд тусгажээ. Харин 18 хүртэлх насны хүүхэдтэй тохиолдолд шүүхийн журмаар гэрлэлтийг цуцлах, мөн эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн, эсхүл хөдөлмөрийн чадвараа хагас, эсхүл бүрэн алдсан тохиолдолд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг тусгасан болохыг тайлбарлав. Захиргааны журмаар гэрлэлтийг цуцлахаас бусад тохиолдолд гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах зохицуулалттай байгаа бөгөөд төслийг боловсруулах явцад шүүгчдээс гэр бүл, хүүхдийн асуудлаар дагнасан шүүх байгуулах шаардлагатай гэдэг санал гарсан болохыг танилцуулсан.

Төслийн 9.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй” гэсэн заалтад гэр бүлээс гадуурх харилцаа хамаарах эсэхийг тодруулсан. Төслийн энэхүү заалтад гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс үүдэн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан тохиолдолд хохирогч тал нь гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл үүсгэх эрхтэй болно гэдэг хариултыг өгөв. Хэлэлцэж буй төслөөр дээрх төрлийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн, харин нэхэмжлэлийг Иргэний хуулиар шийдвэрлэх юм байна.


Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамруулах шаардлагын талаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодруулсан. Төслийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд удмын сангийн мэдээллийн сан бүрдүүлэх, лаборатори болон холбогдох бэлтгэл хангах хугацаа шаардлагатай гэдэг хариултыг өгсөн.

Мөн хүүхэд эцгийн овог, нэрийг авах талаарх төслийн 24.2 дахь зохицуулалтыг тодруулж, талууд харилцан тохиролцсон тохиолдолд эцэг, эхийн хэнээр нь ч овоглож болох олон улсын жишгийн дагуу зохицуулах боломж бий эсэхийг тодруулж, хариулт авав. Энэ зохицуулалт нь одоо мөрдөгдөж буй хуулийн заалт хэвээр байгаа, хүн ам цөөтэй манай улсын хувьд уламжлалаа өөрчилж, эцэг, эхийн нэрээс сонгож овоглоод эхлэх тохиолдолд садан төрлийн холбоогоо нягтлах боломжгүй болох, цус ойртох эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. 


Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилготой хууль тогтоомж, дүрэм, журам олныг баталсан ч хэрэгжилтийн тал дээр хангалтгүй байгаа гэдэг шүүмжлэлийг гишүүд хэлж байсан. 2022 онд баталсан төсвийн тухай хуулийг дагалдуулан баталсан тогтоомжид хүн амын удмын сангийн мэдээллийн сантай болох асуудлыг тусгасан байсан талаар дурдав. Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллаж, цаасан материалыг цахимд шилжүүлэн иргэнээ таньж буй системтэй өгөгдлөө холбох байдлаар шийдвэрлэх боломж бий гэдэг саналыг хэлж байв. Хуулийн төсөл дэх энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглахтай холбоотой маш тодорхой заалтуудыг оруулах шаардлагатай, иймд Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ чиглэлээр хамтарч, эрчимтэй ажиллуулах чиглэлийг салбарын сайд нь өгөх нь зүйтэй гэлээ.

Хамтран амьдрагч эцэг, эхийн үүрэг хариуцлага, гэрлэсэн эцэг, эхийн үүрэг хариуцлагаас юугаараа ялгаатайг гишүүд тодруулж байв. Хамтран амьдрагчдын хамтын амьдрал нь гэрлэлттэй дүйцэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэхээр зохицуулалтыг тусгаад байгаа гэдэг тайлбарыг ажлын хэсэг өглөө. Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй гэх зэрэг төслийн зохицуулалтуудын үр дүнд гэр бүлүүд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэхийн ач холбогдлыг ойлгож, гэр бүлийн харилцаа үүсгэхдээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх нь нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бол төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл