“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан билээ.
Тус Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.07/ хуралдан Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.4, 44.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийн ажлын даалгаврыг хавсралтаар баталж, Ажлын даалгаварт дурдсан тусгай шалгалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, Хянан шалгах түр хорооны сонсголд бэлтгэн танилцуулахыг хянан шалгагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хянан шалгах түр хороонд тус тус даалгахаар төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “нүүрсний” гэгдэж буй сонсгол үр дүнтэй, ажил хэрэгч болоосой гэж хүлээж байгаагаа илэрхийлээд, Хянан шалгагчийн ажлын даалгавраа өнөөдөр батлуулж байгаа хүмүүст ажиллах цаг хугацаа бий юу хэмээн асуусан.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Хянан шалгах түр хороо 12 хянан шалгагч болон шинжээчийг томилсон, өнөөдөр дахиад 3 хүнийг нэмж томилно гэдгийг мэдээлээд, эдгээр хүмүүсийн шалгах цар хүрээ өргөн байгаа гэдгийг онцолсон.
Учир нь “Эрдэнэс таван толгой” болоод жижиг Таван толгой компаниудын үүсгэн байгуулагдсанаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг, хяналт шалгалт хийх аж. Энэ өдрийн хуралдаанаар батлах гэж буй Хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх ажил багтаж байгаа гэдгийг Түр хорооны дарга тодотгосон. Тэрбээр, энэ 197 ботид “Эрдэнэс таван толгой” компанийн анх байгуулагдсанаас хойших хугацааны 2000 гаруй худалдан авах ажиллагааны баримтууд байна. Энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг мэргэжлийн зургаан хянан шалгагч бүтэн жилийн хугацаанд шалгадаг гэж хэлж байгаа. Одоогоор бид худалдан авах үйл ажиллагааг шалгах хоёр хянан шалгагч, шинжээчтэй байгаа. Өнөөдөр гурван хүн нэмнэ. Мэдээж хугацаа богино гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Нотлох баримт гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Хянан шалгагчдынхаа талыг нь Өмнөговь аймагт томилолтоор ажиллуулаад, өнөө маргаашгүй ирж байгаа. Тэд газар дээрээс нь гол нотлох баримтуудыг авчирч байгаа. Нотлох баримтын заримыг нь гаргаж өгөхгүй байгаа асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байгаа юм. Бид хянан шалгах ажлыг эрчимжүүлж, хянан шалгагчдынхаа цар хүрээг өргөтгөж байж энэ ажлын ард гарна. Цаг хугацаагаар шалтаглаж зогсохгүй, цогцоор нь шалгаж дуусах хүртлээ ажиллана гэсэн хариултыг өгсөн.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин баталлаа.
Мөн хуралдаанаар Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай Түр хорооны тогтоолыг эцэслэн баталсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Уг тогтоолоор Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор газар дээрх шалгалтын ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн шалгалтын удирдамжийг хавсралтаар баталсан юм. Ажлын хэсгийг шалгалтын удирдамжид заасан хүрээнд шуурхай ажиллах боломжоор хангаж зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээд, арилжааны банкнуудад үүрэг мөн тогтоолоор үүрэг болгосон.
Мөн хуралдаанаар Хянан шалгагч, шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.