Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс “Эрсдэлийг таних, бүртгэх, үнэлэх болон цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж, эрсдэлийн удирдлагын явцыг өөрийн нэгжийн онцлогт тохируулах хэрэгжүүлэх” талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтыг өнөөдөр ( 2023.11.06 ) зохион байгууллаа.
Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөхүүд, Дотоод аудитын газрын ажилтнууд, бусад бүх нэгжийн ахлах зөвлөх, зөвлөх, ахлах референтүүд оролцов. Эрсдэл гэж юу вэ? Хэрхэн таних болон хэрхэн удирдах талаар практик жишээн дээр тулгуурлан тайлбарлаж, эрсдэлийн менежмент өндөр түвшинд хөгжсөн улс орны туршлагыг судлаач, багш нар танилцууллаа.
Тухайлбал Судлаач С.Боргил мэдээлэлдээ, эрсдэлийн соёл, хандлагыг төлөвшүүлэхэд тухайн байгууллагын хэмжээнд эрсдэлийн удирдлага нь байгууллагын үйл ажиллагаа, соёлын нэг хэсэг төлөвших, тухайн ажилтан өөрийнхөө ажил дээр гарч болох эрсдэлийг таньж илрүүлснээр урамшуулал авах тогтолцоог бүрдүүлэх зэрэг нь чухал болохыг дурдаж байлаа. Түүнчлэн эрсдэлийг илрүүлэх, эрсдэлийг шинжлэх, эрсдэлийг үнэлж дүгнэх гэсэн бүлэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга мэдээллийг хийж, тухай бүрд нь оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч, ойлголтоо нэгтгэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.