Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын төлөөлөл Азийн орнуудын Парламентын төсвийн албадын анхдугаар чуулга уулзалтад оролцлоо

 

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн алба болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) хамтран зохион байгуулсан Азийн орнуудын Парламентын төсвийн албадын анхдугаар чуулга уулзалт 2023 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өндөрлөв.

Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Баттогтохоор ахлуулсан төлөөлөгчид оролцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн зорилго, чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, хийж хэрэгжүүлж буй сайн туршлага болон сорилтуудын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Баттогтох Азийн парламентын төсвийн албадын уулзалтад тогтмол, идэвхтэй оролцохоо илэрхийлэхийн зэрэгцээ Азийн Парламентын төсвийн албад хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Үндэсний Ассамблейн Төсвийн албаны дарга Юусүп Чо-той хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны баримт бичигт нэгдсэнээр ЭЗХАХБ болон Азийн орнуудын Парламентын төсвийн албад төсвийн шинжилгээний талаарх сайн туршлага хуваалцах, мэдээлэл солилцох платформыг бий болгох, Төсвийн хяналт, шинжилгээний чиглэлээр ЭЗХАХБ-ын сүүлийн үеийн судалгаанууд, мэдээллийн талаар мэдлэг, туршлагаа хуваалцах, төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх арга зүйгээс суралцах боломж бүрдэнэ. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү чуулга уулзалт нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Азийн бүс нутгийн Парламентын төсвийн албадын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, улмаар төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавихад шаардлагатай арга зүй, дүн шинжилгээ хийх чадавхийг сайжруулах зорилгод чиглэсэн  байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл