Цэс

Холбоо барих

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, хяналтын сонсголын тайланг сонсов

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 02-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа.

Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 21 хууль, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолын долоон төсөл хэлэлцэгдэж буй юм.

Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахлагчтай Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг Байнгын хороод тус тусын эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, мөн Төсвийн Байнгын хорооны хуралдаанд нэгтгэн хэлэлцсэний дагуу зарчмын зөрүүтэй нийт 53 саналын томьёолол бэлтгэгдсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад Улсын Их Хурлын гишүүд ихэнх саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төсвийн байнгын хороо дэмжсэнээр дэмжив. Харин Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн гаргаж, тус байнгын хороо дэмжээгүй Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд “төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар баригдсан барилга, объектыг төрийн өмчид хураан авах ажлыг зохион байгуулах” гэсэн агуулгатай 23.2.23 дахь заалт нэмэх, мөн Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргаж, Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн 2 дахь заалтын “ипотекийн зээлийн 60 хувийг хөдөө орон нутгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хуваарилах” гэсэн агуулгатай 2.2 дахь, “...нийт талбай нь 100м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах” гэсэн агуулгатай 2.3 дахь дэд заалтууд тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас Ажлын хэсэгт өглөө.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шижүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч Хууль зүйн байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр буцаах хүсэлтийг тус Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргав. Түүний гаргасан энэхүү горимын саналаар санал хураахад Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг дахин хэлэлцүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд буцаалаа.

Үүний дараа энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайланг хэлэлцэв. Хяналтын сонсголд төрийн байгууллага болон аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 90 гаруй оролцогч, 12 ажиглагч оролцсон байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хяналтын сонсголын тайланг сонссон талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хороо тайланг хэлэлцээд, хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад шаардлагатай мэргэжлийн тогтолцоо бүрдүүлэхэд гарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг судлан тогтоож, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар төрийн бус байгууллагатай хамтран болон гэрээлэн ажиллах арга замыг судлах, асуудалд сөргөөр нөлөөлж буй суурь шалтгааныг тогтоож, хүүхдийн бие бялдрын хүмүүжил, цахим хэрэглээ, оюуны боловсролд эерэгээр нөлөөлөх аргуудыг бодлогын түвшинд тогтоон, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн, олон нийтэд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгох, сургалт, сурталчилгаа, бусад арга хэмжээг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтын уялдааг хангах, боловсронгуй болгох, асуудлыг өргөн хүрээнд авч үзэж цогц байдлаар шийдвэрлэхэд анхаарах, энэ чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнд хяналт тавих шаардлагатайг Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтэд дурджээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх хяналтын сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд асуудалд ахиц дэвшил, бодитой үр дүн гаргах, бодлогын шинэчлэл хийх, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, төсвийн зарцуулалтыг үр дүнтэй чиглүүлэх, хяналтын камерийг хүрэлцээтэйгээр нэмэгдүүлэх, ажиллагааг нь тогтмолжуулах, цахим технологийг иргэд, олон нийт, эцэг эхчүүд, нутгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрэглээ болгох, салбарын яам, хүүхэд хамгааллын байгууллагууд энэ асуудлаарх бодлогоо нэн яаралтай гаргах шардлагатай дурдав. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах ажлуудыг хийсээр байхад хэрэгжилт хангалтгүй бол хий хоосон зүйл болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар онцолсон юм. Энэ асуудлыг сэтгэл шимшрүүлсэн, онц ноцтой хэрэг гарч, дуулиан шуугиан болсны дараа биш байнга ярьж, сонсож, хэлэлцэж байх ёстойг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тэмдэглэж, хүүхдүүд өөрсдөө ямар эрхтэй, түүнийгээ хэрхэн хамгаалуулах талаар мэддэг, тэр бүхнээ нэхдэг байх, энэ талаарх тогтолцоо, технологийн шийдэл, үүрэг, хариуцлагыг гэр бүлийн болон бусад бүх түвшинд бий болгох шаардлагатайг дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл