Цэс

Холбоо барих

Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад нэгтгэн хэлэлцэж Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Дээд боловсролын тухай хууль нь дээд боловсролын удирдлага, зохион байгуулалт, сургалт, судалгаа, санхүүжилт, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулна.

Дээд сургууль гэсэн ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болгохоор Боловсролын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгав.

Дээд боловсролын сургалтын байгууллага бүтэц, зохион байгуулалтын хувьд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороотой байх бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой тусгаж, Хөтөлбөрийн хороонд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, төгсөгчийн төлөөлөл орсноор сургалтын чанарт дэвшилт гарч, төрийн бус байгууллага, ажил олгогчдын оролцоо сайжирч, дээд боловсролын сургалтын бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдах юм.

Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож, бие даан шийдвэр гаргах зохицуулалтыг тусгасан. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дотоод чанарын баталгаажуулалт, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн чанарыг үнэлэх, эрэмбэ чансааг тогтоох, олон нийтэд зарладаг байх зохицуулалтыг хийснээр элсэгчдийг үнэн бодиттой мэдээллээр хангах, их, дээд сургуулийн сургалтын чанар сайжирч, улмаар чанартай боловсон хүчин бэлтгэгдэн гарах үндэс болно.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага дундын Удирдах зөвлөл байгуулж болохоор туссан нь улс орны урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, судалгаа эрдэм шинжилгээний ажилд төрийн өмчийн их сургуулиудын бодлого, үйл ажиллагааг уялдуулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн.

Их, дээд сургуулийн багшийн нийгмийн баталгаатай холбоотой орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг тухайн байгууллага олгохоор тусгалаа.

Суралцагчийн боловсрол эзэмших хэлбэр тодорхой болж, иргэдийн насан туршдаа суралцах боломж, тэдний өмнө нь олж авсан мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг төгссөн дипломыг хүлээн зөвшөөрөх, бүртгэх баталгаажуулахтай холбогдох харилцааг тусгав. Мөн суралцах хугацаа, хөтөлбөр уян хатан болж суралцагч элссэн мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт суралцах хугацаанд бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцаж хос мэргэжил эзэмшиж болох зохицуулалтыг хийлээ.

Дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний бүтээлийн болон оюуны өмчийн нэгдсэн мэдээллийн сан, судалгааны ёс зүйн зөвлөлийг бий болгосноор эрдмийн ажилд оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдлэх, зөрчихгүй байх, зөрчихөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүллээ.

Дээд боловсролын байгууллага нь оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах бүтцийг бий болгож, их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлэх, өөрийн үндсэн бүтцэд эрдэм шинжилгээний хүрээлэн, технологи дамжуулах төв, шинжлэх ухааны парк, технологи, инновацын кластер, туршилт үйлдвэрлэлийн болон эдгээртэй адилтгах нэгжийг бие даан эсхүл хамтран байгуулж болохоор хуульчиллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл