Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2023.11.01) Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар танилцуулсан бөгөөд танилцуулгынхаа эхэнд, Монгол Улсын Их Хурал 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлан мөрдүүлж эхэлснээр бие даасан, хараат бус Шүүхийн сахилгын хороо байгуулагдаж, шүүх засаглал дахь хариуцлагын тогтолцооны шинэ үе эхэлснийг онцолсон юм.


Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн сахилгын хорооны  орон тооны 9 гишүүний 4 нь шүүгч, 5 нь шүүгч бус гишүүн байх бөгөөд Сахилгын хорооны бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шүүгч бус 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилсноор Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн байна. 

Шүүхийн сахилгын хороо нь байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа төлөвшүүлэх, иргэдэд нээлттэй, ил тод, шударга байх, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, төвийг сахиж, чадварлаг мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын хэвийн ажиллах материаллаг баазыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж иржээ. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж, сургалт зохион байгуулж мөн Сахилгын хорооны хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өөрийн байртай болох асуудлыг шийдвэрлүүлээд байгаа аж.

Шүүхийн сахилгын хороо  2021- 2023 онд өөрийн үйл ажиллагаандаа мөрдөх, дүрэм журам, стратеги төлөвлөгөөгөө баталж, Улсын Их Хуралд үйл ажиллагааныхаа тайланг хоёр удаа хүргүүлжээ. Түүнчлэн тус байгууллагаас Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын системийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд нээлттэй, ил тод байдлыг хангах хүрээнд Шүүхийн сахилгын хорооны цахим хуудсанд /judiscom.mn/ өргөдөл, мэдээллийн бүртгэл, хуралдааны зар, тойм, хүчин төгөлдөр болсон магадлал, тогтоолыг тухай бүр нь байршуулж иржээ.

Шүүхийн сахилгын хорооны гол үйл ажиллагаа нь өргөдөл, мэдээллийг шийдвэрлэх явдал бөгөөд 2021 он, 2022 он, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 1007 өргөдөл, мэдээллийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийн агуулгыг ангилан харвал хуулийн илт тодорхой заалтыг зөрчих (30.7 хувь), албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (19.8 хувь), хэргийн оролцогчтой харилцах явцад гаргасан зөрчил (10.7 хувь)- ийн талаарх  гомдол мэдээлэл эзэлдэг аж. Шүүхийн сахилгын хорооноос сахилгын хэргийг хянан шийдвэрлэж, энэ онд л гэхэд хаалттай сануулах (3), нээлттэй сануулах (3), цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах (1), огцруулах (1) шийдвэрүүдийг гаргажээ.


Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан нь шүүгчдийн ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, хариуцлага тооцох механизм байгаа гэдгийг мэдрүүлэх явдал. Иймд Шүүхийн сахилгын хороо нь хэдийгээр бие даасан үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа ч гэсэн шүүгчдийн ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж байгааг судалсан судалгаа байгаа юу, ер нь үүнийг хэрхэн хэмжих вэ, түүнчлэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажиллаж байгаа талаар асууж, тодрууллаа.

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, шүүгчдийн ажилдаа хандах хандлага, сахилгын хорооны үйл ажиллагаа болон иргэдийн шүүхэд итгэх итгэлийн талаар 2024 онд хөндлөнгийн, хараат бус судалгааны байгууллагаар шүүгчид болон иргэдийг хамруулсан судалгаа хийлгэхээр төлөвлөж байна. Хуулийн дагуу Шүүхийн сахилгын хороо нь өргөдөл, мэдээллийг шалган шийдвэрлэх, хариуцлага оногдуулах чиг үүрэгтэй ч одоогийн байдлаар “Ёс зүйн хөтөч” гарын авлагыг бэлтгэн Шүүгчдийн холбоогоор дамжуулан түгээгээд байна хэмээн хариуллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, аливаа байгууллага ил тод, нээлттэй, хариуцлагатай ажиллана гэдэг нь бүхэл бүтэн тогтолцоо бөгөөд Шүүхийн сахилгын хорооны хувьд хариуцлага тооцож байгаа механизмаа шүүгчид болон иргэдэд нээлттэй, ил тод байлгаж, гаргасан шийдвэрээ олон нийтэд хүргэх үүрэгтэй. Иймд шүүгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрт үйл ажиллагааныхаа талаар тусгах нь шүүгч нарт цаашид гаргах алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм гээд Шүүхийн сахилгын хороо гадаад харилцаагаа өргөжүүлж байгааг сайшаагаад цаашид улс орнуудын шүүхийн талаар индекс гаргадаг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээ, мэдээллээ солилцох нь манай улсын шүүхийн тогтолцооны талаар үнэн, бодитой үнэлэлт, дүгнэлт гарах боломж бүрдэнэ гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж, тус байгууллагын Хуралдааны танхим, архивтай танилцснаар уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл