Цэс

Холбоо барих

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.01/ хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Раднаасэд нар санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “Ажлын хэсэгт хуулийн төслүүдэд ажиллахад хугацаа шаардлагатай байгаа тул хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна” гэв. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.  

Иймд хуралдаан Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн талаарх хэлэлцүүлгээр эхэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлын талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас ДАН системээр баталгаажсан нийтийн өргөдөл гомдлын цахим системийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээлтийг нь хийж, ДАН системээр баталгаажсан 389 иргэн, 453 нийтийн өргөдөл, санаачилгаас шаардлага хангасан 48 иргэний нийтийн өргөдөл цахим системд нийтлэгдэн, иргэдийн саналыг авч байна. Нийт 405 өргөдлийн давхардал, болон агуулгаар нь авч үзвэл 50.6 хувь буюу 205 нь Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналууд байсан. Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас УИХ-ын даргад хандан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлснийг үндэслэн энэ саналуудыг нэгтгэж, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна  сэдэвт нийтийн өргөдлийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын албан ёсны программ хангамж D-платформын D-Өргөдөл petition.parliament.mn / цахим системээр дамжуулан гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн байдлаар 6 хоногийн хугацаанд 101817 иргэн уг асуудлыг дэмжин саналаа ирүүлсэн тул Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагааны үр дүнг Төсвийн байнгын хороонд хүргүүлж байгааг онцлон тэмдэглэв.


Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт олон улсын туршлагыг үндэслэн далд эдийн засгийг бууруулах, татварын албаны албанд мэдээллийг хуваалцах зорилгоор цахим хэтэвч болон төлбөр тооцооны хэрэгслийг шинээр амжилттай нэвтрүүлж, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, и-баримтын олголтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн оролцоог хангах, и-баримтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, урамшууллын хувийг 50 болгон нэмэгдүүлж, сугалаа тохирлын урамшууллыг цуцалж, дижитал хэтэвч, дуу, дүрст чат зэрэг технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх замаар хүрэх үр дүн нь  Татварын ерөнхий газраас хийсэн танилцуулгад үндэслэсэн гэж байлаа.

Түүнчлэн дээрх тооцоо судалгаа, баримтууд болон Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан далд эдийн засаг, и-баримтын олголтын холбогдох судалгаануудыг гаргуулан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үүнд үүрлэсэн булхай луйвар, авлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулгадаа онцолсон юм.


Дараа нь Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д “Байнгын хороо энэ хуулийн 94.2-т заасны дагуу тухайн асуудлыг хэлэлцээд бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж заасныг тодотгоод Байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн тэрбээр, 100 мянган иргэд оролцож, аливаа асуудалд саналаа дэвшүүлж байгаа нь том дэвшил гэдгийг дурдахын зэрэгцээ уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг танилцуулав.     

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “АН аливаа татвар, төрийн дарамтыг багасгахад санаачилгатай ажилладаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь буураагүй ч, буцаан олголт нь 5 хувь болгох санаачилгыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байна. Гэхдээ НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэх асуудал сайжрахгүй, Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг 5 болгон бууруулж байж татварын бааз суурь нэмэгдэнэ” гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь “Татварыг үе шаттай бууруулах асуудлуудыг бодлогоор хийх нь зүйтэй. Төсөв өргөн барьсны дараа Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх нь төсвийг бужигнуулсан бүтэлгүй алхам” гэдгийг дурдаад “Асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулахдаа ирээдүйд үүсэх үр дагавар, бодит нөхцөл байдлыг судална гэдэгт үйл ажиллагааг нь чиглүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.


Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөв батлах хуулийн хугацаа 14 хоног үлдээд байгааг тодотгоод цаашид Байнгын хороо энэ асуудалтай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах эсвэл энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулаад тогтоолын төсөл гаргах эсэхийг тодруулав. Түүнчлэн уг асуудалд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсох, иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд нийтийн сонсголыг зохион байгуулж, эдийн засгийн тооцоо, судалгаагаа, эерэг, сөрөг үр дүнг нь ил тод ярилцах шаардлагатай гэж байлаа.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариултдаа, 100 мянга гаруй иргэдийн саналыг УИХ-ын цахим системээр дамжуулж авсан. Иргэд  тодорхой хуулийн төслөөр санал гаргах эрх нь нээлттэй. Тухайн асуудлыг судалж, хуулийн хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаа, дүн шинжилгээ хийж, дараагийн шийдлийг гаргах үүрэг нь УИХ-д байгааг онцлов. Мөн тэрбээр, “Байнгын хороо ажлын хэсэг гаргаад хуульд заасан хувилбаруудаас судалж үзэж нухацтай тооцоо, судалгаа хийж, шийдлийг гаргая. Шаардлагатай бол асуудлыг УИХ-д танилцуулж, тогтоол болон бусад шийдвэрийн төсөл боловсруулж, шийдүүлж болно” хэмээх нэмэлт тайлбар өгөв.


Хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн дагуу уг асуудлаар болон татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон 12 гишүүнээс найм нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд ажлын хэсэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын ногдуулалт, төлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрхзүйн орчин, татварын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч, дүн шинжилгээ хийн, татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хороо, Улсын Их хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах чиглэлийг  тусгасан байв.   

Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ үеэр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 161 хэсэг нэмэгдсэн бөгөөд үүнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллуулна гэж заасан. Энэ хүрээнд тус зөвлөл нь төсөв боловсруулахад оролцох нэг бүрэлдэхүүн байгууллага болсон бөгөөд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулж жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх макро эдийн засгийн үндэслэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах үндэслэл болохоор Төсвийн тухай хуульд тусгагдсан байдгийг гишүүдэд танилцуулсан.

Мөн хуульд тусгагдсан нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд орон тооны зөвлөлийн шинэ дарга, гишүүдийг томилж ажилд нь оруулах асуудал байгааг дурдаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.2-т зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө гэж заасныг мэдэгдсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь  дэмжлээ. Уг тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байлаа.


Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт 21 хууль, найман тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хууль, тогтоолын төсөл нэг бүрээр хэлэлцэн ажиллаж, зарчмын зөрүүтэй нийт 45 санал бэлтгэсэн гэв.

Уг ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, ГДамдинням, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Д.Цоггбаатар, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд зарим хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсний дагуу Эдийн засаг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар тус тус танилцуулсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр нар  асуулт асууж, санал хэлсэн бөгөөд хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсэг, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан.

Тухайлбал,Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “өмнөх жилийн төлөвлөлт, зарцуулалт, үйл ажиллагааны үнэлгээ." гэсэн агуулгатай 1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн агуулгатай 3 дугаар зүйл нэмэх ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10.3 дахь хэсгийг “Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой урт хугацаанд худалдах гэрээг байгуулахад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй” гэж өөрчлөн найруулж, “Энэ хуулийн 10.3-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтална” гэсэн агуулгатай 10.4 дэх хэсэг нэмэх ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Харин ажлын хэсгээс гаргасан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төслийн 2 дугаар зүйлд “төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар баригдсан барилга, объектыг төрийн өмчид хураан авах ажлыг зохион байгуулах” гэсэн агуулгатай 23.2.23 заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнгүй.


Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалтад “төсвийн ил тод, хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх;" гэсэн агуулгатай дэд заалт, мөн "Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг сунгах тухай хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай." гэсэн агуулгатай 3 дахь заалт, “Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй." гэсэн 5 дахь заалт тус тус нэмэх Ажлын хэсгийн саналуулыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжсэн юм.

Иймд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл