Улсын Их Хурлын гишүүн Ш.Адшаа өнөөдөр (2023.11.01) БНСУ-ын Засгийн газрын R&D төслийн хүрээнд манай улсын 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах төслийн гүйцэтгэгч “BoKwang Tech” компанийн захирал, ноён Ким Мин Сунгийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын хөдөөгийн хүм амын ундны усны эрүүл ахуйн чиглэлээр БНСУ-ын Засгийн газраас төсөл хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа тэрбээр илэрхийлээд, олон байршилд өндөр технологийн ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулахаар тохиролцсоны дотор Ховд аймгийн Дуут, Дөргөн, Чандмань сумд багтсанд баяртай байна гэлээ.
Ноён Ким Мин Сунг төслийн үйл ажиллагаанд эхнээс нь дэмжлэг үзүүлж буйд эрхэм гишүүнд талархал илэрхийлээд, энэхүү төслөөр орчин үеийн маш сайн технологийг суурилуулж, хөдөөгийн иргэдийг чанартай, сайн усаар хангахыг зорьж ажиллана гэв. Хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Уулзалтад Ховд аймгийн Дуут, Дөргөн, Чандмань сумдын Засаг дарга С.Ганзориг, Л.Цэдэн-Иш, З.Онолбаатар нар оролцож, эдгээр сумд болон “BoKwang Tech” компанийн хооронд Санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.