Цэс

Холбоо барих

УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдлаа

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.10.31/ хуралдлаа.


УИХ-ын гишүүн,  Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Тэрбээр, Хянан шалгах хороо цаг хугацааны нөхцөл байдлыг тооцон үзээд Түр хорооны сонсголыг хоёр удаа зохион байгуулах нь зүйтэй юм. Эхний сонсголыг ирэх 12 дугаар сарын 4-8-ны өдрүүд, хоёр дахь сонсголыг мөн 12 дугаар сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна. Хугацаа шахуу учраас шинжээчийн тоог нэмэгдүүлж, 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байх саналтай байна гэв. Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Түр хорооны хяналт шалгалтаас үр дүн гаргах ёстой. Энэ удаагийн сонсголд ажиллах шинжээчид өмнөх Ажлын хэсгийн шинжээчдийн дүгнэлттэй танилцсан эсэх талаар асуухад Түр хорооны дарга Б.Энхбаяр, өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн. Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас 2 хүн, Монгол банкнаас 4 хүн оролцуулах саналтай байна. Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн байгаа. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монгол банкинаас авч ажиллуулна гэв.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, шинжээчийн тоон нэмэгдүүлэхийг  дэмжиж байна гээд хянан шалгах асуудлын цар хүрээг тогтсон эсэх талаар асуув. Түр хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын Хяналт, шалгалтын Түр хорооны ажил гүйцэтгэх захирамжийн дагуу нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс таван толгой” ХХК, “Таван толгой” ХК-ийн анх байгуулагдснаас өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагааг он дарааллаар шалгана гэсэн үг гэв. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар олон нийтийн мэдээллээр хангах, цөөнхийн санаа бодлыг тусгах талаар сайн ажиллахыг хүслээ.

Түр хорооны дарга Б.Энхбаяр асуудлын цар хүрээ өргөн, хугацаа их давчуу учраас өөрийн бүхий л цаг хугацаагаа дайчлан онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүний дараа хянан шалгах Түр хорооны ерөнхий төлөвлөгөөг гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

Түр хорооны хуралдаан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12.2, 12.3-т заасны дагуу хянан шалгагч шинжээчийг томилох асуудлыг хэлэлцэхээр хаалттай горимоор үргэлжлүүлэн хуралдахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл