Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ


Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогттоолын төслийг  хэлэлцсэн.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дахин авч хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа.

Тус Байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай ирүүлсэн саналыг хэлэлцэж дэмжсэн бөгөөд Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тоггоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг танилцуулгадаа онцлов.

Дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг бүлгээрээ дахин зөвшилцөх шаардлагатай байгаа тул завсарлага авах санал гаргасан тул хэлэлцүүлэг хойшлогдсон. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд завсарлагааны хугацаа дуусгавар болсноо мэдэгдэж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт тус намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай саналаа ирүүлсэн тул энэ асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн бөгөөд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хүсье гэж байлаа.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогттоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг шүүхийн хяналтад оруулж, баталгаажуулах чиглэлд болон өнгөрсөн онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт, Улсын Их Хурлаас баталсан Хүний эрхийн үндэсний комиссын 22 дахь тайлан, илтгэлийн мөрөөр авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, сүүлийн гурван жилд шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг авч үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад үргэлжлүүлэн цагдан хоригдсон тохиолдол 2020 онд 56.4, 2021 онд 61.3, 2022 онд 55.5 хувийг тус тус эзэлж байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 2020 онд 798 хийгдсэнээс 22.3, 2021 онд 821 хийгдсэнээс 19.6 хувь нь л шүүхээр хянагдсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд гарсан Монгол Улсад сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийж байна гэсэн нь үндэслэлтэй байгааг салбарын сайд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөн үйлчилж буй хуульд хөнгөн гэмт хэрэгт 12 сар буюу 1 жил, хүндэвтэр гэмт хэрэгт 18 сар буюу 1.6 жил цагдан хорих хугацаа үйлчилж байгаа бол хуулийн төсөлд хөнгөн гэмт хэрэгт 6 сарын хорих ял, хүндэвтэр гэмт хэрэгт 1 жил  буюу цагдан хорих хугацааг хоёр дахин бууруулахаар холбогдох зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, авлига албан тушаалын гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодисыг зохион байгуулалттайгаар худалдаалах гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж болно. Дээр дурдсан зургаан төрлийн гэмт хэргээс бусад тохиолдолд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шууд хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тэмдэглээд хууль санаачлагч сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, улсын онц чухал объект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагагай бол сунгах, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, сонгуулийн хэргииг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг тодотгов.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар шинээр зардал гарахгүй, харин хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал гарах бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх арга хэмжээг 2025 оноос хэрэгжүүлэхээр хууль санаачлагч тусгасан бөгөөд хуулийн төслийг www.parliamenr.mn цахим сайmад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдахын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Н.Энхболд, Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хэрэг мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйл явдлын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж хэрэг хүлээлгэдэг асуудлыг хэрхэн цэгцэлж шинэчлэх, улмаар хууль зөрчиж хүн шийтгэсэн төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөрийг татвар төлөгчдийн хөрөнгөөр төлж барагдуулдаг, мөн гэрчийг яллагдагч болгодог эсвэл өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг асуудлуудад цаашид ямар арга хэмжээ авах талаар илүүтэй лавлаж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Гэрч худал мэдүүлэг өгөхгүй байх үүрэгтэй бол яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн эрхтэй. Хоёр өөр эрх зүйн орчин байхад хэргийг өөрөөр нь хүлээлгэх зорилгоор гэрч байдлаар асууж байгаад яллагдагч болгодог арга барил нэвт шингэжээ. Үүний шалтгаан нөхцөл нь хуульд байна. Удахгүй Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хоёр заалтыг хөндсөн төсөл өргөн мэдүүлнэ. Тодруулбал, гэрчээр асууж байгаад яллагдагч болгодог асуудал уг хуулийн 31.2.8-тай холбоотой. Иймд зарим өөрчлөлтийг тодотгох замаар энэ асуудлыг хуулийн замаар хаана” гэдгийг онцолсон.


Мөн тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн төрийн албан хаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг төр барагдуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд хохирлыг төр барагдуулаад дараа нь хууль зөрчсөн албан хаагчийг яах вэ гэдэгт хариуцлагын хэм хэмжээ заахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн сүүлийн бүлэгт энэ талаар тодорхой тусгасан. Гэсэн хэдий ч энэ нь бүтэн ажиллахгүй байгаа. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлж байна. Мөрдөн шалгах, прокурорын хяналттай холбоотой чиг үүргийг Шүүхийн тухай хууль шиг бүтэн болгоогүй. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг бүтнээр нь ярьж байж шинэчлэл болно. Бид шүүх дээр алх тогшихоос өмнө материал цуглуулж мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих нь хэргийн үйл ажиллагааны бүрдэл хэсгийн 90 хувь нь байдаг. Гэвч энэ хэсгийг үлдээснээс болоод асуудлыг шүүхрүү хандуулдаг, шүүхрүү давшилдаг байдал хавтгайрах шинжтэй болсон. Тиймээс хэрэг анх үүсэхээс эхлээд мөрдөн шалгах, хяналт тавих, шүүн таслах ажиллагааг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Энэ шинэтгэлийг даруй хийхгүй бол мөрдөн шалгах, прокурорын хяналт нь хуучнаараа үлдсэнээр шүүхийн шинэтгэлийн асуудлыг татан унагаах эрсдэл үүсгэж байна. Цаашид мөрдөн шалгах, прокурорын хяналтын шинэтгэлийг үе шаттайгаар хийнэ”  гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.


Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагын цаг болсон тул үдээс хойших хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл