Цэс

Холбоо барих

АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нар өнөөдөр (2023.10.25) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Ричард Буанганыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Элчин сайд, ноён Р.Буангантай анх удаа уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд, түүнийг томилогдсоноос хойших нэг жилийн хугацаанд хоёр орны найрамдалт харилцаа, онцлох салбаруудын хамтын ажиллагааны хүрээнд бодит үр дүн, ахиц дэвшлийг дагуулсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнгөрсөн онд тохиосныг дурдаад, манай хоёр орон хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан, гуравдагч хөршийн найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэв. 


Түүнчлэн хоёр улсын харилцаа, стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээ, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж ирсэн нь сайшаалтайг тодотгоод өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр сансар судлал, цахим хөгжил, агаарын тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа холбоог хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцож, “Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглал”-ыг баталсан нь чухал үйл явдал болсныг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндэс болох Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж, 2024 оны эхний хагасаас монголоос шууд нислэг үйлдэхээр болсон нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн хэлхээ холбоо, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг дурдаад, эдийн засгийн замын зураглалыг бодит ажил хэрэг болгох нь чухлыг онцолсон юм.

Элчин сайд Р.Буанган Монгол Улсын Их Хурал ирэх жилийн төсөв хэлэлцэж буй ачаалал ихтэй энэ үед Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр манай хоёр улс хэдийгээр газарзүйн байршлын хувьд хол оршдог ч хамтын зорилго, нэгдмэл үнэт зүйлс нь биднийг ойртуулдаг тул цаашид харилцан дэмжсэн, нягт хамтын ажиллагааг хөгжүүлж, улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэн төдийгүй энхийг сахиулагчид нь мэргэжлийн өндөр түвшинд хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд, УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Элчин сайд Ричард Л.Буанганд хандан, цаашид цахим орчинд гарч байгаа халдлага, хууль бус үйлдэл, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл