Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.10.25)-ийн хуралдаанаар, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа 2024 онд нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг дурдав. Юуны өмнө, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур бүрэлдэхүүн болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн зорилтод тусгасан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хөгжил дагасан бүтээн байгуулалтыг хийх, эдийн засгийг тэлэхэд чиглэсэн төсвийн арга хэмжээг тусгасан байна. Мөн, инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ оны долдугаар сард шинэчлэн баталсан Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан долоон жилийг таван жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зардлуудыг тусгаж байгаа юм. Түүнчлэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд ажиллаж байгаа албан хаагчдад 20 хувиар тооцож нэмэгдэл олгох зардал, арга хэмжээг тусгажээ.
Ирэх оны төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулгадаа онцолсон юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 25.3 их наяд, нийт зарлага 27.4 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь байхаар төсөлд тусгасан байна.
Сайдын танилцуулгын дараа Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулав. Тэрбээр, төсвийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэний зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгааг дурдаад, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотойгоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1,290.6 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2,294.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг хэллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 299.0 тэрбум төгрөгийн 133 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсний 185.5 тэрбум төгрөгийн 91 төсөл, арга хэмжээ ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан, 113.5 тэрбум төгрөгийн 42 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байгаа юм. Харин 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Эрүүл мэндийн яамны дөрвөн хөтөлбөр, арга хэмжээг тусаагүй байгааг Ерөнхий аудиторын орлогч анхаарууллаа.
Аудитын ерөнхий газар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд, хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй, дотоодын үнэт цаас гаргаж төсвийн алдагдлын тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр тооцсон боловч үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, субьектив сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатайг дүгнэсэн байна. Мөн, Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэх, “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-тэй уялдуулж шийдвэрлэх, хөгжлийн бодлоготой нийцсэн, төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсөвт тусгахыг төрийн аудитын байгууллагаас Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөмж болгож байгааг Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг онцлоод, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх, төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулахыг Засгийн газарт Аудитын ерөнхий газраас зөвлөж байна гэсэн юм.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэл болон Аудитын ерөнхий газрын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүдээс хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Нийгмийн даатгалын хуримтлалын санг ямар үе шаттайгаар бий болгох, хүүхэд хамгааллын асуудлаар анхан шатны нэгжүүд, түр байрууд, гэр бүлийг дэмжихэд ямар зардал, төсөв тусгасан, ахмад настнууд амралт сувиллын 50 хувийн хөнгөлөлтөө хэрхэн эдэлж байгаа, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих зэрэг асуудлыг хөндөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Хүний хөгжлийн бодлого боловсруулах ажил ямар шатанд яваа, сумын эмнэлгүүдэд шүдний эмчийн орон тоо, кабинет бий болгох асуудал 2024 оны улсын төсөвт хэрхэн туссан, хөдөөгийн эмнэлгүүдийг ариун цэврийн боловсон өрөөтэй болгох ажлын хэрэгжилт ямар байгаа зэргийг тодруулж, сум дундын эмнэлгүүдэд ходоодны дурангийн аппарат, түргэн тусламжийн машин шийдэх боломжтой, эсэхийг асуусан юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг түүний асуултанд хариулахдаа, сум дундын эмнэлгүүдэд ходоодны дурангийн аппарат, түргэн тусламжийн машин шийдэх боломжгүйг хэллээ. Харин 2024 онд нийт сумдын 30 хувийг Дэлхийн банкны санхүүжилтээр Тоёота Ланд Крузер 77 маркийн автомашинаар хангахаар төлөвлөж байгааг дурдав.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, 2024 оны төсвийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтыг 2023 оныхоос 9.0 орчим тэрбум төгрөгөөр буюу 9.3 хувиар бууруулж, нийгмийн халамжийн зардлыг 8.2 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн нь “халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын эсрэг байгааг дурдаад, эмийн үнийн талаар багагүй зүйл хийсэн хэр нь дорвитой буурахгүй байгаад ямар бодлого хэрэгжүүлэх талаар лавлав. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийг хуучин хэвд нь оруулж, 50, 70 хувьд хүргэж буйг сайд С.Чинзориг мэдээлж, хөдөөгийн ахмадууд хөнгөлөлттэй эмээ авахын тулд сумын төв рүү ирж хурууны хээгээ уншуулдгийг болиулж байгаа талаар ярив. Мөн олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг гадаад улсын үйлдвэрлэгчээс олон улсын худалдан авалтын систем ашиглаж шууд худалдан авах асуудлыг хуульд тусгасан бөгөөд энэ зохицуулалт 2023 оны 12 дугаар сарын 01-нээс хэрэгжих эхэлнэ гэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах шийдвэр, Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсөвт хэрхэн тусгасан талаар асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн үйл ажиллагааны санхүүжилтийг индексжүүлж, тохируулга хийх ажил хэрхэн явагдаж байгаа болон Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв, мөн Зүрх судасны төвийн дэд бүтцийг сайжруулах талаар төлөвлөгдсөн ажлууд, эрт илрүүлгийн ажил 2024 онд хэрхэн үргэлжлэх талаар тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, ажлын байр шинээр бий болгох, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдийг ажлын байраар хангах, нийгмийн халамж, хамгааллын ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн болон эрүүл мэндийн ажилтнуудын асуудалд хэрхэн анхаарах, Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад оруулах болон Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн төвийн зам, уурын зуух, машин техникийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрвэлэж байгаа зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, эмэгтэйчүүд рүү чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв.
Нийгмийн бодлогы байнгын хороонд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангйин 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал ирээгүй Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулаад, эдгээр төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.