Цэс

Холбоо барих

ИЦББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Өнөөдрийн /2023.10.25/ Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлах болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох "Шинэ сэргэлтийн бодлого"-оо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тиймээс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын гол зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн  багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгасан.

Энэ хүрээнд инноваци, цахим бодлогын хөгжлийг хурдасгахад чиглэсэн арга хэмжээг төсөвлөсөн. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэх, хөгжилд суурилсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгоход чиглэсэн цахим шилжилтийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгаад байна гэв. Түүний дараа Үндэсний аудитын газрын дүгнэлтийг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Ц.Сэргэлэн нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, үүрэн холбооны сүлжээг хөдөө орон нутагт оруулахад ямар бодлого баримталж байна, программ хангамжийн төсвийг хэрхэн тооцоолсон байна вэ,  кибер аюулгүй байдлыг хангах талаарх зардлыг төсөвт суулгасан эсэх  талаар асуув. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон сайдын зөвлөх Ч.Золбаяр нар асуултад хариулсан.


Тухайлбал, 2023 онд хоёр удаагийн сонгон шалгаруулалт зарласан боловч оператор компаниуд саналаа ирүүлээгүй. Хүн амын суурьшлийн бүсэд амьдарч буй иргэдийн тоо цөөн, Үүргийн сангаас өгч буй зардал хүрэлцэхгүй учраас санал өгөх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, 400 сая төгрөг зарцуулж сүлжээ оруулаад таван жил үүрэг хүлээгээд ажиллахдаа 600 сая төгрөгийн зардал гарна гэж байна. Мөн бусад үүрэн операторуудын сүлжээ орсон гэх тайлбар тавьж байна. Тэгээд дэд бүтэц бэлэн газруудад дахин сонгон шалгаруулалт зарлахад тодорхой компаниуд саналаа ирүүлсэн байгаа. Хатуу дэд бүтцийг нь улсаас байгуулж өгөөд үйл ажиллагааны урсгал зардлыг нь бүх нийтийн Үүргийн сангаас гаргахаар ярилцсан. Харин оператор компаниуд тоног төхөөрөмжөө байршуулж, үндсэн сүлжээнд холбогдоогүй багуудаа холбох бодлого барьж байна. Улсын хэмжээнд 191 баг үндсэн сүлжээнд холбогдоогүй. Ирэх жил 100 багт сүлжээ оруулах асуудлыг шийднэ гэж төлөвлөсөн. Хэнтий аймгийн 4 багт сүлжээ оруулах хүсэлтийг ирүүлснийг шийднэ гэв. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, цахим үйлчилгээнд хамаарах төсөл, хөтөлбөрүүдийг бүртгэлийг нэгдсэн байдлаар батлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 357 төсөл, хөтөлбөрийг 997,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, нийт программ хангамж, дэд бүтцэд зарцуулсан байна. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Яам бүхэн өөрсдөө төсөл, хөтөлбөр зарлаж, тэр нь өөр хоорондоо уялдаа холбоогүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн. Мэргэжлийн яамнаас зөвлөгөө авахыг шаардаж ажиллаж байна. Кибер халдлагаас сэргийлэх асуудал чухал байна. Төрийн байгууллагууд албан ёсны лиценз авч чадахгүй байна. Үүнд зарцуулах төсөв, хөрөнгийг шийддэггүй. Эцэст нь кибер халдлагад өртвөл яах гэ гэдэг асуудал бий.  Кибер аюулгүй байдлыг илрүүлээд таслан зогсоож буй бүтэц байхгүй. Хүний нөөц, төсвийн асуудал  улсын төсөвт суугаагүй байна гэв.


Ингээд 2024 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дуусаад Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл