Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.10.20/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт нийт 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын долоон төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Хууль санаачлагч эдгээр хуулийн  болон тогтоолын  төслийг танилцуулсны дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн илтгэлээ.


Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээХууль санаачлагчаас орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг үр ашигтай болгох, тухайн жилийн батлагдсан төсвийн санхүүжилтийг дараагийн төсвийн жилд зарцуулах эрх мэдлийг боловсролын салбар болон цаашид “гүйцэтгэлд суурилсан санхүүжилт”-ийн зарчмаар ажиллах төрийн бусад байгууллагуудад хамааруулах, Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлэх, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх заалтыг 2024 онд 20 хувь, 2025 онд 40 хувь, 2026 оноос эхлэн 65 хувьд хүргэх, хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих төсвийн бодлогын хүрээнд гаалийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор аймгийн төвийн сумаас бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа гаалийн албан хаагчдад таван жил тутамд нэг удаа 12 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох, малчдын татварын орчныг энгийн, ойлгомжтой болгох, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тулгараад буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд татварын бодлогын дэмжлэг үзүүлж орон нутаг дахь түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж 2030 он хүртэл татварын хөнгөлөлтийг түрээслүүлэгчид олгох, малчин, мал бүхий этгээдийн татварын орчныг хялбаршуулах, энгийн ойлгомжтой болгох зорилгоор малчин, мал бүхий этгээд малын тоо толгойн албан татварын тайлан гаргах шаардлагыг үгүй болгож, татварын хуулийг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрээр техник, эдийн засгийн үндэслэл бүхий үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гаалийн албан татвараас чөлөөлөн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу урт хугацаагаар уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах зохицуулалт нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуульд хамаарахгүй байхаар, Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий урт хугацааны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, ажил, үйлчилгээг 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулан худалдан авах тендер шалгаруулалт хийх эрхийг хуульчлах, газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалтын асуудлыг хамтад нь шийдвэрлэх, цахим гарын үсэг бүхий QR код буюу лавлагаа авах холбоостой зөвшөөрлийн гэрчилгээг олгох, Засгийн газарт автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварт зохицуулалт эрх олгох хугацааг 2026 он хүртэл сунгах, санхүүжилтийг түргэн, шуурхай шийдвэрлэх, төлбөрийг цаг алдалгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгын хүрээнд хууль, тогтоолын төслүүдийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан прокурор, шүүхийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төрийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаар болон цар тахлын үед түр түдгэлзүүлсэн зарим хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхгүй байгаа бодит шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар улсын хөрөнгө оруулалтыг бодитой төлөвлөж байгаа эсэх талаар тус тус төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжилтийн хугацааг сунгасан нь зөв эсэх талаар, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 18.1.10 дахь заалтын томьёоллыг хэлэлцүүлгийн явцад нухацтай авч үзэх, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь тэгш байх зарчмыг оновчтой тодорхойлсон эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуульд хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хөрөнгө оруулалтын зардалд дахин магадлал хийсэн төсөвт өртгийн нэмэгдлийг хэлэлцүүлгийн шатанд анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь Газрын тухай хуульд оруулж буй өөрчлөлт нь Засгийн газрын баримталж байгаа төвлөрлийг сааруулах, орон нутгийг дэмжих үйл ажиллагаатай зөрчилдөж, орон нутгийн эрх мэдлийн хумих эрсдэлтэй байгааг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг тус тус хэлсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэв.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Ганболд, сүүлийн үед орж ирж буй хуулиудад  орон нутгийн эрх мэдлийг хумих заалт орж ирэх боллоо. Тухайлбал, Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн удирдлагаас  газар олгох эрхийг Засгийн газар авч байна. Орон нутгийн биеэ даан хөгжих бодлого хаана байна вэ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд стратегийн орд газарт 10 жилээр гэрээ хийж, тухайн төрийн өмчийн лицензтэй талбайд ам нээж ашиглуулахаар заасан. Тавантолгой орд газарт шинэ ам нээнэ гэж ойлгож байна. Бусад стратегийн орд газарт энэхүү хуулийн зохицуулалт ямар байхыг тодруулахыг хүслээ.  


Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, төлөвлөлтийн дагуу газар олголт явж ирсэнгүй. Тиймээс төлөвлөлтийн дагуу газрыг нэг байгууллага буюу Засгийн газрын харьяа агентлаг олгох чиглэл барьсан. Харин төлөвлөлтийг нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батална. Энэ чиглэлийг баримтлаад явах нь зүйтэй байх. Газар олголтын асуудалд шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж байна гэв.


Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, УИХ-ын 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолд заасны дагуу урт хугацаатай стратегийн орд эзэмшигчийн гэрээ байгуулах нээлттэй тендэр шалгаруулах зохицуулалтыг хуулийн 8.15-д  тусгасан. Стратегийн орд газрын эзэмшигчийн асуудлыг зөвхөн олон улсын гэрээний дагуу болон УИХ-аас чиглэл өгөхөөр зохицуулж, хязгаарласан тул бүх стратегийн орд газрыг хамруулна гэж ойлгож болохгүй гэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Улаанбаатар хотоос тухайн орон нутагт иргэний шилжилт хөдөлгөөн бүртгэл хийгээд төрийн захиргааны албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан иргэнийг энэ хуулийн 23.2-т заасан томилогдох хугацааг аймгийн төвд нэг жил ажилласан хугацааг нэг жил 3 сараар, аймгийн төвөөс бусад сум тосгонд нэг жил ажилласан хугацааг нэг жил 6 сараар тооцож болно гэжээ. Заавал “ болно” гэж заах хэрэг байна уу гэж асуув. Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, хөдөөд ажилласан төрийн албан хаагчийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцоход “болно” гэж заасныг Засгийн газар журмаар зохицуулахаар заасан. Тухайлбал, үр дүнтэй ажилласан бол нэмэгдүүлэн тооцохоос бус зөрчил дутагдал гаргасан бол тооцохгүй байхаар журамласан байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Уул уурхайн биржийн тухай хуулиар нүүрсний хулгайтай таслан зогсоож, ил тод нээлттэй байх нь хуулийн зорилго байсан. Биржийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байгаа талаар асуув.


Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж. Ганбаатар, нүүрсний тээвэрлэлтийн асуудал тулгамдаж байна. Төмөр замыг холбосноор биржийн үйл ажиллагааг 100 хувь дэмжиж байна хэмээн ойлгож болно гэв. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, 2012 онд БНХАУ талаас Ганц мод, Цагаан хад чиглэлийн төмөр зам холболтыг хийх хоёр талын яриа хэлэлцээр хийсэн. Хятадын тал төмөр замаа татсан боловч 10 жилийн манай улс төржилтөөс холболтыг шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Хятадын талаас манай нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана. Гэхдээ Тавантолгой, Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг Хятадын талтай холбох нь эхний шаардлага гэж байгаа. Хятадын талаас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ холболтыг манай талыг даруй хийх шаардлага тавьж байгаа. Тиймээс жилдээ 60 сая тонн нүүрсээ экспортод гаргах нөхцөлөө хангах үүднээс УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Биржээр борлуулагдаж байгаа болон зургаан хилийн боомтоор гаргаж буй жишгээр нүүрсний  үнийг тогтоож байгаа хэмээн дэлгэрүүлэн хариулсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжихэд төсөв чиглэнэ гэж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын хөгжлийн тэнцвэрт байдлыг хангахад төсөвт ямар шинэчлэл хийх талаар асуув.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн,  түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх хуулийн төслүүд орж ирнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ажиллаж буй аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх нь чухал байгаа. Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрчим хүчний асуудал шийдэгдээд ажил явж байна гэв. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Улаанбаатар хотын дулааны хангамжийг нэмэгдүүлэхэд төсөв хангалттай тавьж чадаагүй. Хөгжлийн банкны санхүүжилтээр 116 мгвт дулааны станцын өргөтгөлийг “Амгалан” дулааны цахилгаан станцид хийж байна. Ингэснээр 6-7 мянган айлын дулааныг хангах бололцоотой. 2024 оны 12 сүүлчээр ашиглалтад орно гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж , хариулт авч дууслаа.

Түүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, үзэл баримтлалын шинжтэй хуулиуд Төсвийн тухай хуулийг дагаж орж ирлээ. Тиймээс нухацтай хэлэлцэх шаардлагатай учраас хэлэлцэж буй хуулийн төслөөс АН-ын бүлэг завсарлага авах санал гаргав. АН-ын бүлэг Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар 4 хоногийн завсарлага авахаар боллоо.

 Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар дэмжсэн, дэмжээгүй гишүүд үг хэлэв.  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, АН-ын бүлгийн завсарлага авахыг дэмжиж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхийн эсрэг хуулиуд батлагдаж байна, Газрын тухай хуулийн шинэчлэлээр газар олгох эрхийг Засгийн газрын дэргэдэх агентлаг байгуулж, эдийн засгийг боомилж байна гэв.



УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, төсөв дагасан зарим хуулиуд буюу Газрын тухай хуулийн шинэчлэлд тусгайлан анхаарах хэрэгтэй, тиймээс хууль санаачлагчдад буцаах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Улаанбаатар хотын түгжрэл, утаа, хөрсний бохирдол зэрэг бүх болохгүй зүйлийн үндэс замбараагүй газар олголт юм. Газрын харилцааны бодлого алдагдсан. Тиймээс мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах бодлогын хүрээнд Ерөнхий сайд өөрийн харъяандаа авах улстөрийн шийдвэр гаргаж байгаа юм. Тиймээс УИХ дэмжээсэй, харин Засгийн газар иргэнд газар олгох захирамжийг гаргах ойлголтыг хэлэлцүүлгийн шатанд залруулах боломж бий. Тиймээс хэлэлцэхийг дэмжиж байна гэв.  

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэх саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Эдгээр хуулиуд болон тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзлээ. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.



Түүний дараа зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Үйлдвэржилтийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлах санал хураалт явуулж, дэмжигдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл