Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар зарим дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2023.10.18) Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүх ( 41 шүүхийн Тамгын газар) 43 барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас 5 нь түрээсийн байранд, 2 нь орон нутгийн өмчийн байранд, 4 нь прокурорын байгууллагатай хамт, 4 нь бусад шүүхийн байранд нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс 28 нь өөрийн боловч стандартын шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж буй юм байна.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын танилцсан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь нийт 3 байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас  2 нь түрээсийнх  аж. Улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардал батлагддаггүйгээс шүүхийн онцлогт тохирохгүй, хэргийн оролцогчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байранд өндөр түрээс төлж үйл ажиллагаа явуулдаг талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү танилцуулгадаа дурдсан. Тухайлбал 320 м.кв талбай бүхий 7 өрөөг 2017 оноос түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн зардалд 2024 онд 153,6  сая төгрөг төлөх юм байна. Түүнчлэн зориулалтын байргүйгээс шүүх хуралдааны танхим шаардлага хангадаггүй зэрэг олон асуудал байдаг талаар танилцуулсан. Тиймээс  шүүхийн зориулалтын байр барих хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт тусган батлах,  шүүгч, шүүхийн захиргааны ажилтны цалин хөлс, орон тоо, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай зардлыг шийдвэрлэх, шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бүрдүүлэхэд хуулиудын уялдааг хангах зэрэг саналуудыг дэвшүүлж байлаа.  Шүүхийн байрны асуудлыг хуульд тусгахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт “Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна” 5.10 дахь хэсэгт “Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг ч хэрэгжиж чадахгүй байгаа нөхцөл байдалтай Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ийнхүү танилцав.  


Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Цогтбаатар хэлэхдээ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тухайд 20 гаруй шүүгч 280-аад мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Нэг шүүгч өдөрт 1-2  хэрэг шийдэж, 3-4 нэхэмжлэл хүлээн авч байна гэдэг нь тухайн шүүгчийг хэрэгтэйгээ танилцах бодит боломжийг  олгож чадахгүй байна. Ажиллах энгийн нөхцөлийг төр хангаж өгөх ёстой гэв. Мөн тэрбээр хүмүүсийн хувь заяа зооринд шийдэгдэж байна. Зай талбайгүй учраас коридорт шүүхийн хуралдааны танхимыг байгуулсан байна.Тиймээс шүүхийн төсөв дээр онцгой анхаарах шаардлагатай” гэдэг байр суурийг илэрхийлэв.  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг зарим мэдээллийг өгсөн. Тэрбээр хуулиараа Хууль зүйн байнгын хорооны хянасан төсвийг Сангийн яам хасах эрхгүй ч хөрөнгө оруулалтын зардлыг хассан. Тиймээс энэ асуудлыг шийдэх шаардлагатай байгаа талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт уламжилж байв. Мөн сүүлийн 10 жилд шүүхэд хөрөнгө оруулалтын төсөв тусгагдаагүй гэж онцлон дурдсан юм. Түүнчлэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нөхцөл байдлаас ч хүнд байдалд ажиллаж буй газрууд цөөнгүй. Тухайлбал Хан-уул, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг дурдаж болно. Цаашлаад 3 шүүх нэг байранд байрладаг. Санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалж хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй, хүнд нөхцөл байдалтай байгаа талаар танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл