Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.18) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Фиона Блайтад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, Монгол Улс Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Их Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, харилцан ашигтай бүхий л салбарт хамтран ажиллах сонирхолтой байдгыг тэмдэглэв.

 

Элчин сайд Фиона Блайт Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 60 жил тохиож буй энэ үед энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдсон нь нэр төрийн хэрэг юм гэв. Тэрбээр, Их Британи, Монголын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийлэв.



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд хоёр улсын найрамдалт харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Баруун европын улс орнуудаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхдагч орон болохыг онцлон тэмдэглэж, энэ онд тохиож буй Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Лондон хотуудад цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахын зэрэгцээ харилцан айлчлалууд хэрэгжиж байгаад баяртай байна гэлээ.


Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангасан төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, технологийн дэвшлийг ашигласан хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл