Цэс

Холбоо барих

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.18/ хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс улбаалсан инфляцын дарамт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд шалтгаалсан, урьдчилан тааварлах боломжгүй бэрхшээлийг даван туулахад төсөв, мөнгөний бодлогыг чиглүүлж, багц арга хэмжээнүүдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон засаглалын оновчтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж улмаар гадаад валютын албан нөөц 2023 оны эхний есөн сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрч чадсан нь өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм гэж байлаа.

Түүнчлэн дэлхий дахинд үүсээд байсан хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн гадаад шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор үнийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд инфляцын хурд харьцангуй удааширч 2023 оны наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн 4.4 хувиар буурч 10 хувьд хүрээд байна. Дээр дурдсан эерэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт, инфляцын болон бусад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн түвшин 2023 оны төсвийн жилийн эцэст одоогийн хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан 2024 оны суурь түвшнээс давахаар байна. Тухайлбал, 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн байхаар тооцсон хэдий ч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хэдийн 51.0 сая тонн нүүрс экспортолсон байна.  Иймд 2024 онд 60 сая тонн нүүрсийг экспортлох нөхцөл бодитоор бүрдээд байна. Мөн уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувьтай тусгагдаж байсан эдийн засаг өсөлт 7.0 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 31-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг эдийн засгийн сэргэлттэй уялдуулан бодитой тооцон өөрчлөх шаардлага үүсэж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт орсноор ирэх 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8 хувьд тус тус хүрэхээр байгаа  нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд төсвийн хүрээний мэдэгдэл болон үүн дотроо эдийн засгийн өсөлт 7 хувь, хэрэглээний үнийн өсөлтийг 8.5 гэж тооцсон нь хэр бодитой эсэхийг тодруулж байлаа. Мөн төсвийн зардлыг бууруулах, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөхөөр төлөвлөснийг илүүтэй лавлав.

“Сүүлийн үед бид төсвийн хүрээний мэдэгдлийг маш сайн тооцон хийж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдлийн тоо өөрчлөгдөж байгаа нь сайжирч байгаа  үзүүлэлт юм. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн есөн макро тооноос Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангахыг шаарддаг хоёрыг нь ягштал барих ёстой. Хариун бусад үзүүлэлт нь эдийн засгийн тэлэлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнтэй холбогдуулж хувь хэмжээнд тооцогдон өөрчлөгддөг. Үүнийг тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрчлөх нь зөв. Харин тооцооллыг дутуу хийсэн, эсвэл орлого нь зарлагаа санхүүжүүлж чадахгүй, төрийн үйл ажиллагаа доголдох хэмжээний зөрүү тооцоолол хийсэн асуудал огт байхгүй гэдгийг Сангийн сайд хариултдаа тодотгов.

Мөн тэрбээр, “Эдийн засгийн өсөлт, тэлэлт нь манай орны эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Ялангуяа гадаад нөхцөл байдлаас хэт их хамааралтай болж ирсэн, үүнийг бид удирдах боломжгүй. Харин дотоод асуудлаа зохицуулж чадаж байна. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж, төсвийн алдагдал буурсан зэрэг сайн үзүүлэлтүүд гарч ирсэн. Тиймээс бид энэ бүх асуудлаа нөөцтэй төлөвлөдөг” гэж хариулав.

Түүнчлэн “Төсөв тэлж байгаагийн хэрээр төсвийн бодлогыг дэмждэг хамгийн гол суваг нь цалин, тэтгэвэр тэтгэмж,  халамж л байдаг. Ирэх жилийн төсвийн нэмэгдэл нийтдээ 4.9 их наяд төгрөг байгаагийн 3.4 их наяд төгрөг нь энэ оны хагас жилээр хийсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл  юм. Үүнийг бүтэн жилээр тооцохоор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Төсөв хөөсөрч тэлсэн явдал байхгүй” гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон.

Өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж тооцсон. Энэ жил 7 хувь гэж тооцсоны гол өөрчлөлт нь нүүрсний экспорттой холбоотой. Эдийн засаг, хөгжлийн яамнаас нүүрсний экспортыг 50-55 сая тонн гэж төсөөлж байсан. Хил орчмын зохион байгуулалт, дэд бүтцийн хөгжил, экспортын тээврийн зохицуулалт сайжирснаар одоогийн байдлаар нүүрсний гүйцэтгэл 51 сая тонн болсон тул үүнд тулгуурлан ирэх жилийн экспортыг 60 сая тонн гэж тооцон, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өөрчилсөн гэж Ажлын хэсгээс хариулсан. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол суурь нь уул уурхайн салбар бөгөөд үүнийг 17 хувиар өснө гэж тооцсон. Энэхүү өсөлтөд нүүрсний экспортод нөлөөллөхөөс гадна Оюутолгойн ордоос одоо ашиглаж байгаа алт, зэсийн агууламжууд нэмэгдэж буйтай холбоотой. Уул уурхайн бус салбарын өсөлтийг бид 5.5 хувиар өснө гэж тооцсон гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

Эцэст нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлдэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл