Цэс

Холбоо барих

ҮББХ: Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ


Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.17/ хуралдаан 09 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ, тус компани 2018 онд байгуулагдсан  бөгөөд  тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагааны зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хямд үнэ бүхий хөнгөлөлттэй үнээр нийслэлийн ард, иргэдийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангахад чиглэснийг онцлоод Цаг уур, орчны шинжилгээний газраас РМ2.5 тоосонцор 56, РМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулаад байна гэв.

Мөн тэрбээр, хөнгөлөлттэй үнээр нь ард, иргэдийг шахмал түлшээр хангаж байгааг дурдахын зэрэгцээ шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, нийслэлийн 7 дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэн борлуулаад байна гэж байлаа.


Түүнчлэн түүхий нүүрс нэг галлагаагаар 4-5 цаг, шахмал түлш 7-8 цагийн шаталттай байгаа нь үнийн хөнгөлөлтөөс айл өрхөд хэмнэлт үүсэж байна. Тухайлбал, нэг айл өвөлдөө дунджаар дөрвөн тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол одоо 2.8 тонн шахмал түлшээр өвлийг давдаг гэсэн тооцоо судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрстэй харьцуулбал нэг өрх айлд 500-600 мянган төгрөгийн хэмнэлтийг бий болгож байна. Үүнийг нийслэлийн 200 мянган айл өрхийн жилийнх хэрэглээгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн таван жилийн хугацаагаар тооцвол 424.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, санхүүгийн хэмнэлтийг үзүүлсэн байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.


Тус компани төвийн, баруун, зүүн үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. 2021 оны байдлаар баруун үйлдвэр  нийт ачааллын 78.6, төвийн үйлдвэрт 7.6, зүүн үйлдвэр 13.9 хувийг гүйцэтгэсэн. Цаашдаа баруун үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үе шаттайгаар бууруулан зогсоож, төвийн болон зүүн үйлдвэр дээрээ ачаалал авна гэсэн зорилтын дагуу шинэчлэлийн ажлууд хийж байна.  



2021 онд 19,  2022 онд 13 шугамаар, 2023 оны өнөөдрийн байдлаар 10 шугамаар ажиллаж байна. Цаашид бид 5.5-6 шугамаар үйл ажиллагаагаа бүрэн явуулах бололцоотой. Ийм тооцоо судалгаа, төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байна. Мөн зүүн үйлдвэр хүчин чадалдаа хүрэхгүй байгаа шалтгаануудыг тодорхой судалсны үндсэн дээр хүчин чадлыг нь нэмэгдүүлж, цөөхөн шугамаар ажиллуулах автоматжуулсан системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үйлдвэрийн бүх дамжлагыг автоматжуулснаар ажилчдын эрүүл мэнд, бүтээмжийг сайжруулахаар тооцоолж, үйл ажиллагаагаа чиглүүлж байна гэж А.Батзориг дарга мэдээлэлдээ дурдсан.

Тус компанийн цаашдын зорилго нь барьцалдуулагчаа дотооддоо үйлдвэрлэх, нүүрс нүүрсэн бүтээгдэхүүн асаагчийн технологийг нэвтрүүлэх, хагас коксын үйлдвэр барих шаардлагатайг мэдээлэлд дурдаад улмаар үйлдвэрийн дэргэд механик цех шинээр барих, шуудайны үйлдвэрийг барьж, ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн шахмал түлшний шинэ стандарттай болж, барьцалдуулагчид тавигдах шаардлагыг журамласан гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд нийслэлийн шахмал түлшний нийт хэрэглээг тодруулахын зэрэгцээ цаашид Улаанбаатар хот гэлтгүй Төв аймаг, Дархан-Уул аймгуудыг шахмал түлшээр хангах боломж, нөхцөл бий эсэхийг лавлав. Мөн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэснээс хойших агаарын бохирдлыг бууруулсан хэмжээ болон цаашид нэн шаардлагатай авах арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан.


Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин агаарын бохирдлыг бууруулахад нийслэл Улаанбаатар хотын захиргаа цахилгаан станц барих газраа төлөвлөөд, ТЭЗҮ-ийг боловсруулах судлах ажлын хөрөнгийг төсөвт суулгах, дэд станцуудын өргөтгөлийн ажлуудыг эрчимжүүлэх, нийслэл хотыг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шахмал түлшний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж өрсөлдөөнийг бий болгож улмаар бүтээгдэхүүний үнэ, зардлыг бууруулах асуудалд холбогдох Засгийн газар, яам, нйислэлийн хотын удирдлага, холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн мэдээлэлтэй холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгөхөөр болсныг мэдэгдэв.

"Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай”

УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо


Үргэлжлүүлэн “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх, техникийн зохицуулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөхөөр батлагдсаныг дэд сайд мэдээлэлдээ тодотгоод гэсэн хэдий ч Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, техникийн зохицуулалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Салбарын яамны хувьд энэ тогтоолыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа гэв.

Мөн мэдээлэлд, Монгол Улсад 2022 оны байдлаар 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур (энэ нь 9257 тонн түүхий ноолуур) үйлдвэрлэж гаргах хүчин чадал суурилагдсан байсан бол техникийн зохицуулалт гаргаснаар 17 үйлдвэр 3510 тонн хялгас ялгах тоног төхөөрөмж нэмж суурилуулан, 1910 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг захиалсан байна. Ноолуурын техникийн зохицуулалт гарснаар шинээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 2023 оны байдлаар хялгас ялгах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 11,437 тонн (17595 тн түүхий ноолуур ) болж нэмэгдсэн нь Монгол Улсаас бэлтгэгдэж байгаа 10000 тонн ноолууран түүхийн эдийг 100 хувь боловсруулах боломжтой гэж дурдсан байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Аубакир Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, "Монгол Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжилтийг Засгийн газраас шаардах нь зүйтэй" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Дэлхий ноолуурын салбарт 20 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд уг салбарын нийт ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс нийлүүлдэг. Гэтэл бид 80 хувийг нь угаагаад л экспортод гаргаж, 20 хувьд нь үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ноолуураа өөрсдөө самнаад экспортод гаргах, дараа дараагийн үйлдвэрлэлийн шатруу явах зорилгыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монголчууд дотооддоо ноолуур, ноос хоёроо ахиухан боловсруулж, хэрэгцээт зах зээлд нь гаргавал валютын урсгал нэмэгдэж, улмаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх боломжтой тул УИХ, холбогдох Байнгын хороод анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн гэдгийг тэмдэглээд цаашид салбарын хэмжээнд бий болсон хүчин чадлаа бүрэн ашиглах, боловсруулалтын түвшингээ ахиулсан хэлбэрийг төрийн бодлогоор тогтвортойгоор дэмжих нь чухал гэсэн саналыг хэлж байлаа.

Хуралдааны төгсгөлд, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл