Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 38 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Үүнд:1.“Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэр дэвшигчийн сонсгол хийж ...”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна”; 2.“Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуyлснаар ... Ерөнхийлөгч томилно. ...”, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн ажээ.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Жигмэддоржийн Долгормааг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилжээ.

Мөн дугаарт Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн. Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дүрэм”-ийг шинэчлэн баталсан ба энэхүү дүрмээр хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, түүний ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах юм. Харин Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх журам”-ыг баталж, гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх, тайлагнахад тус журмыг баримтлах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл