Цэс

Холбоо барих

ТББХ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, СЕХ-ны даргын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.11/ хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.


Хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоож, мөн хугацаанд ээлжит сонгууль зохион байгуулагдсан.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж хуульчилсан нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааг тодорхой зааж өгсөн.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх, сонгуулийг нээлттэй, хяналттай зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна гэлээ.

Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллаганы ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах, сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, буруу бүртгэгдсэн тохиолдолд гомдол гаргах хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолж, хяналтын тооллого хийх зэрэг сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын нэмэгдүүлэх чиглэлийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай байгааг төсөл санаачлагч танилцуулсан.

Иймд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг болон эрх зүйн орчныг сайжруулах талаарх дээрх шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахад уг хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульчилсан дээрх хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тул тус хуулийн төслийг боловсруулсан гэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хуульчилсан нэг жилийн хугацааг зургаан сар болгон өөрчлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж буй бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны даргын мэдээллийг сонслоо.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улсын Их Хурлын сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулах, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг чиглэлээр 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Мөн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх, бодлогын нам болж хөгжихөд нь төрөөс шууд болон шууд бус байдлаар дэмжлэг үзүүлэх зэрэг зарчмын олон өөрчлөлтийг хуульчилсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн, төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, намын дотоод зохион байгуулалт бүтэцтэй холбоотой зохион байгуулалтыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Дээрх хоёр хууль нь үзэл баримтлал, зохицуулалтын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэ тутам хуульчлагдсан тул хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлийг бүрэн хангах, сонгогч, иргэд, олон нийтэд хуулийн тогтоомжид оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээлэл, ойлголт өгөх уулзалт сургалтыг өргөн хэмжээнд зохион байгуулах, шаардлагатай хүний болон бусад нөөцийн бүрдүүлэх, бэхжүүлэх нь нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай үйл ажиллагаа юм.

Иймд 2023 оны А/40 дүгээр захирамжаар “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөнд үндсэн 5 чиглэлийн нийт 27 арга хэмжээ авч ажиллахаар тусгасан хэмээн танилцууллаа.

Тэрбээр, Бэлтгэл зохион байгуулалтын хүрээнд, Хууль тогтоомж сурталчлах, мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах ажлын хүрээнд, Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд, Хүний нөөцийн бүрдүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Сонгуулийн тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, сонгогчдод ойлгомжтой, хүртээмжтэй сонгуулийн сурталчилгааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “нэгдсэн самбар” ашиглахаар хуульчилсан. Нэгдсэн самбар нь суманд 2, аймгийн төвийн суманд 5, нийслэлийн хороонд 4 хүртэл хэмжээтэй байх бөгөөд, уг самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна гэлээ.

Мөн Сонгуулийн тогтолцоо болон Улсын Их Хурлын гишүүдийн тооны өөрчлөлттэй холбоотойгоор сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэнэ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч 9-11 төрлийн баримт, лавлагааг бүрдүүлдэг. Иймд нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах, холбогдох лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим системийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн хөгжүүлж байна. Энэхүү системээр дамжуулан олон төрлийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар авах, бүрдүүлэх боломжтой болно. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “и-монголиа”-ийн үйлчилгээний төрөлд нэмэгдсэн бөгөөд 2023 оны орон нутгийн нөхөн болон дахин сонгуулиар системийн туршилтыг амжилттай зохион байгуулсан. Мөн бие даан нэр дэвшигчдийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааг “и-монголиа” системээр дамжуулан цахимаар зохион байгуулах техникийн шийдлийг боловсруулан ажиллаж байна хэмээсэн.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ зохион байгуулж буй 18-25 насны сонгогчдод сонгуулийн ач холбогдол, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны онцлог, сонгуульд хариуцлагатай оролцох тухай мэдлэг олгох “Хариуцлагатай сонгогч” албан бус, үндэсний хөтөлбөрийн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулан сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 110 сургагч багш бэлтгэсэн бөгөөд одоогоор 18-25 насны нийт 4400 сонгогчдод дээрх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаад байна гэсэн мэдээллийг өгсөн.

СЕХ-ны даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд өнгөрсөн жилүүдийн сонгуулийн ирцээс харахад залуучуудын сонгуулийн идэвх тааруу байгааг дурдаад, залуучуудын мэдээлэл авах гол суваг болох нийгмийн сүлжээг ашиглах талаар ямар ажил хийхээр төлөвлөснийг тодруулсан. Мөн сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлын талаар тодруулж байлаа. Шинэ хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсонтой холбоотой намуудын идэвх сэргэж буйг дурдаад, сонгуулийн санал хураалтын нэрсийн жагсаалтыг тоног төхөөрөмж ямар нэгэн бэрхшээлгүйгээр унших эсэхийг асууж тодруулав.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, СЕХ-ны зүгээс хууль тогтоомжийг сурталчлах, залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цахим орчноос гадна шинээр дэлгэрч байгаа хамгийн үр дүнтэй сурталчилгааны хэлбэрүүдийг ашиглана хэмээсэн.

Тэрбээр, Сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийг авах хөрөнгө оруулалт төсвийн тодотголоор шийдэгдсэн. Түүнээс хойш бид төлөвлөсөн цаг хугацааныхаа дагуу график хоцролгүйгээр ажлуудаа зохион байгуулаад явж байгаа. Сангийн яам, СЕХ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу бид шууд худалдан авалтыг зохион байгуулж байна. Энэ төхөөрөмжийг худалдан авах нэг л газар байгаа. Тэр газраас бид 507 төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт авч нөхөн бүрдүүлэлт хийж байна. Өнөөдрийн байдлаар 2493 төхөөрөмж ашиглалтын шаардлага хангаж байна гэлээ.

Түүнчлэн СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв Сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэл, саналын хуудасны загвар бэлтгэх, санал хураалтын дүнг нэгтгэх программ хангамжуудад техникийн үзлэг хийх төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус үзлэгээр 2493 санал тоолох төхөөрөмж, 2150 хяналтын камер, 10 сервэр тэдгээрийн дагалдах хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж сонгуульд ашиглах бэлтгэлийг хангаж байна.

Сонгуулийн саналын хуудас ямархуу байж болох вэ, техник хэрэгсэл хэр зэрэг амжилттай уншиж байна гэдэг туршилтуудыг хийж байгаа. Саналын хуудсыг ар өвөргүй, хоёр талаар нь хийж туршиж байна. 2012 онд сонгууль холимог тогтолцоогоор явагдсан. Ирэх сонгуулийн саналын хуудас 2012 оныхтой төстэй байх болов уу. Бид олон төрлөөр саналын хуудас хийн төхөөрөмждөө уншуулж үзсэн. Төхөөрөмж уншихтай холбоотой ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй гэсэн хариултыг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл