Цэс

Холбоо барих

АБГББХ: Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулах асуудлыг зөвшилцөн дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.10/ хуралдаж,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн дээрх асуудлын талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон хэмээн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.

Тэрбээр, Бүгд Найрамдах Узбекистан Улстай шууд хамтын ажиллагаа өргөжүүлэх хүрээнд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу 1977 онд тус улсын нийслэл Ташкент хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулж байсан бөгөөд хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон. Гэсэн хэдий ч 1994 онд Ерөнхий консулын газрыг татан буулгасан.

Узбекистаны Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалт уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзёевтай дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр тохиролцсон юм. Гадаад харилцааны сайдын Узбекистан Улсад 2023 оны 03 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Түүнчлэн хоёр талын Гадаад харилцааны сайд нарын түвшинд Монгол Улсаас төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух ЭСЯ-ыг Ташкент хотноо нээх тогтвортой нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон. ЭСЯ-ыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгаад байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Монгол Улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн, НҮБ-ын гишүүн болон бусад улс орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байх шаардлагатай. Харилцаа, хамтын ажиллагааны хамгийн дээд түвшинд хүрч чадвал манай улсын аюулгүй байдал төдий чинээ хангагдах учиртай гэлээ.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хувьд энэ бүс нутагтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээрээ онцгой анхаарал тавьж ажиллах ёстойг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ-ыг нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөхийг  дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл