Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 37 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын  хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд шинээр “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан тус харилцааг урд өмнө хууль, эрх зүйн актаар зохицуулж байгаагүй ба “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн зорилт, хамрах хүрээ, хийгдэх арга хэмжээ нь Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилт, Хот, хөдөө болон Ногоон хөгжлийн сэргэлтүүдийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чиглэгдсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг бүрэн хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг сайжруулах, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэхэд тус хөтөлбөр нь дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүн амыг амьдрахад тааламжтай хот, суурин газарт тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон хөдөө, аж ахуйн бизнесийг хөгжүүлж, улмаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасган нутаг дэвсгэрийн ногоон хөгжил болон хот-хөдөөгийн холбоосыг бий болгох хөгжлийн загвар, хувьслыг дэмжих ач холбогдолтой.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Журам шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай, Нийтлэг журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмын зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, төрийн өмчийн төлөөлөгчийг томилох, сонгон шалгаруулах, түүнд тавих шаардлага, хэрэгжүүлэх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход орших ажээ. Харин Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг баталсан ба тус журмыг төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад чиглэл болгон мөрдөнө. Мөн Нийтлэг журам батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-ыг баталсан ба тухайн журмын зорилго нь төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн ажлын байранд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн ажиллуулж, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл