Цэс

Холбоо барих

Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.05/ хамтран хуралдаж, “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.


Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн хэмээлээ.

Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэлээ.

Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэдгийг тодотгосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Сангийн сайд танилцууллаа.

Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна хэмээсэн.

Төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Анандбазар, Б.Жавхлан нар асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Санхүүгийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, онцгой байдлын албанд ашиглаж буй техникүүдийн баталгаат түвшин хэр байгааг, техникийн хангамж хүрэлцээтэй эсэхийг тодруулаад, төслийн хүрээнд нийлүүлэх техникүүдийг гал унтраах, аврах ажиллагааны үеэр ашиглах боломжийг судалж үзсэн үү хэмээн асуусан.  

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал унтраах тусгай зориулалтын автомашин 42 ширхэгийг 1 дүгээр шатны төслийн хүрээнд нийлүүлсэн. Ер нь онцгой байдлын байгууллагад ОХУ, Беларусь, Польш, Австри, Франц, Япон зэрэг орнуудын гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг ашиглаж байгаа. Эдгээр машинуудыг авахдаа байгаль цаг уурын нөхцөл, хүн амын төвлөрөл, гэр хорооллын нөхцөл байдалтай холбогдуулан бид техникийн шаардлагаа тусгайлан зааж өгдөг. Бүх улс орнууд гал унтраах автомашинуудыг нэг стандартаар үйлдвэрлэгддэг. Гэхдээ бид евро стандартыг илүү чухалчилж байгаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад евро стандарт илүү найдвартай, техникийн хувьд эвдрэл гэмтэл багатай байна. Цаашид техник, тоног төхөөрөмжийн хувьд илүү сайжруулах шаардлага бий. Өнөөдөр гал унтраах аврах ангиудад ашиглаж байгаа машин механизм техникийн хангамжийг авч үзвэл улсын хэмжээнд 59 хувьтай, Улаанбаатар хотод 55 орчим хувьтай байгаа. Төслийн хүрээнд шинэ машинууд нийлүүлэгдсэнээр машин, тоног төхөөрөмжийн хангамж тодорхой хувиар өсч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот суурин газар, барилга байгууламж, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбаруудад яаралтай гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл