Цэс

Холбоо барих

Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган (2023.03.15-2023.07.07)-аар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байна.


Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалд туссан үндсэн агуулгын хүрээнд дараах зохицуулалтууд тусгагдан батлагдлаа. Үүнд:

1/           Боловсролын тогтолцоог шинэчилж, боловсролыг заавал танхимд суун эзэмшиж байгааг өөрчилж албан, албан бус болон амьдралын орчинд суралцахуйн тогтолцоотой байхаар хуульчиллаа. Энэ хүрээнд хүний амьдралын орчинд суралцахуйн замаар эзэмшсэн боловсролыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, мөн боловсролыг танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрээр эзэмших боломж бүрдлээ.

Ингэснээр амьдралын орчинд суралцахуйн замаар эзэмшсэн боловсролыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, гэрт хамгийн ойр сургууль-хамгийн сайн сургууль байх, хаана амьдарч, ямар сургуульд сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмших, танхим-цахим хосолж хамгийн сайн багшаар хичээл заалгадаг эрх зүйн орчин бүрдлээ.

2/           Багшийн хөгжлийн тасралтгүй үйл ажиллагааны тогтолцоог бий болголоо. Багш мэргэжлийн сонгон бүлгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зохион байгуулах зохицуулалтыг шинээр тусгаж, багшийг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэж эхэлнэ.

Ийнхүү багш бэлтгэх тогтолцоо, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих улмаар боловсролын чанар хүртээмж сайжрах эрх зүйн үндэс бүрдлээ. Мөн багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил тутамд, үргэлжлүүлэн олгохдоо дараагийн 3 жилээс тооцох зохицуулалт тусгагдан батлагдлаа.

3/           Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургууль биш суралцагчийг дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ. Сайн багш өндөр цалин, үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно. Санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож сургалтын чанар, орчныг сайжруулах зэрэгт зарцуулах, зарцуулалтад тавих хяналт тодорхой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөл бүрдлээ.

Боловсролын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дараах зохицуулалт шинээр тусгагдан батлагдлаа.

4/           Засаглал, удирдлагын чадахуйд суурилсан, босоо тогтолцоог бий болгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгооны тогтолцоог өөрчилж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын тогтолцоонд шилжүүлнэ. Боловсролын салбарын удирдлага нь Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, боловсролын байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, боловсролын сургалтын байгууллагын удирдлага байна.

Ингэснээр боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга тухайн орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг, нийслэлийн боловсролын газрын дарга дүүргийн боловсролын хэлтсийн даргыг томилох эрх зүйн орчин бүрдэнэ. Боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, боловсролын сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа, судалгааны тохирц, бүтээлийн хулгайгаас сэргийлэх, болон багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулна.

5/           Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг зөвхөн Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд зааснаар хэрэгжүүлэхээр туссан. Үүнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгахаар бусад хуульд заасан хөтөлбөрийн талаарх зохицуулалт хүчингүй болсон.

Сургалтын хөтөлбөрийг сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж тогтвортой хугацаанд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Мөн Боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд суралцагчийн эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө гэж заасан.

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс Боловсролын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, “Боловсролын ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлав.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл