Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 35 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн  найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй  болсонд тооцох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн  зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/-д дараах зохицуулалт тусгагдсан. Үүнд тендерт оролцогчдын цахим мэдээллийн санг бүрдүүлж, компанийн мэдээллийн санд баталгаажсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашиглах нөхцөл бүрдсэнээр тендерт оролцогч ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдэг байдлыг хална.  Цахим системд захиалагч, худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан, бараа, ажил, үйлчилгээний каталог гэсэн 4 чиглэлээр бүртгэлийг бий болгож, бүртгэлийн тогтолцоогоор дамжуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчдод шалгарсан оролцогчоос ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, олон нийтийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх болно. Тендер шалгаруулалтын үндсэн 5 арга буюу нээлттэй, харьцуулалтын, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн аргуудаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажээ. Нээлттэй тендер шалгаруулалтын аргын хувьд тендер хүлээн авах хугацааг гадаадын этгээд оролцох боломжтой тендер шалгаруулалтад ажлын 20 өдөр, гадаадын этгээд оролцох боломжгүй тендер шалгаруулалтад ажлын 15 өдөр байхаар хугацааг шинэчлэн тогтоолоо. Түүнчлэн шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үнэлгээний үндсэн 3 шалгуур байхаар хуульд тусгалаа. Харьцуулах үнэ буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг үнээр нь эрэмбэлэх, ашиглалтын хугацааны өртөг буюу шаардлагад нийцсэн тендерүүдийг ашиглалтын хугацаанд гарах зардлыг харгалзан тооцох, чанар ба үнийн хосолмол буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад чанар ба үнийн шалгуурыг харгалзан тооцох гэсэн үнэлгээний шалгуурыг шинэчлэн тогтоосон. Эх оронч худалдан авалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, давуу эрх олгоход тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгаас зарласан тендер шалгаруулалтад оролцоход давуу эрх олгогдох бөгөөд энэ нь орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжрах, тогтворжих ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлт, мөнгөний ханшийн өөрчлөлттэй уялдуулан худалдан авах ажиллагаанд гадаадын этгээд оролцох босгыг ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс дээш байхаар тогтоосон. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар холбогдох зохицуулалтыг тусгасан ба сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах, хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх, хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг “хар жагсаалт”-д оруулан үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ. Захиалагч тендер шалгаруулалтад хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглож, оролцогчид учирсан хохирлыг барагдуулах асуудлыг тусгалаа.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Монгол Улсын Их Хурлын 2023 оны  намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ: 1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 2/Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 3/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 4/Арилжааны тухай хуулийн төсөл; 5/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 6/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 7/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд; 8/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 9/Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд; 10/Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл; 11/Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 12/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/; 13/Дохионы хэлний тухай хуулийн төсөл; 14/Дэлхийн шуудан холбооны дүрмийн арван нэгдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 15/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 16/“Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 17/“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 18/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 19/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 20/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл; 21/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 22/Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл; 23/Mонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 24/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 25/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 26/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 27/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 28/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл; 29/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 30/Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл; 31/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл; 32/Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл; 33/Ойн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 34/Олон улсын хөдөлмөрийн байгууллагын далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 35/Онц байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 36/Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 37/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 38/Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төсөл; 39/Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 40/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 41/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 42/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 43/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл; 44/“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 45/Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 46/Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 47/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 48/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл; 49/Хаягжуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 50/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 52/Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 53/Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 54/Цусны донорын тухай хуулийн төсөл; 55/Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 56/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 57/Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл; 58/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 59/Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 60/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 61/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл