Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 32 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Иргэний нисэхийн тухай /Шинэчилсэн найруулга/, Иргэний нисэхийн тухай хууль  хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай/Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай  хууль/Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна. Иргэний нисэхийн тухай хууль нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа, тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа болон агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа болон бусад Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулна. Мөн Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц, түүний хавсралтад заасан иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах талаарх үүргийг хэрэгжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах болон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуулиудад заасан зохицуулалттай нийцүүлэх, холбогдох стандартын суурь түвшинг хангах талаарх зохицуулалт тусгагджээ.

Түүнчлэн уг хуульд нислэгийн үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтыг нарийвчлан ерөнхий зориулалтын, арилжааны болон агаараас гүйцэтгэх ажлын нислэгийн төрлүүдийг ангилсан.

Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд нисэхийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх тус байгууллагын даргын бүрэн эрхийг тодорхой болгон хуульчилсан. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын тохируулагч агентлаг байна. Түүнчлэн агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусдаа байхаар зохицуулжээ.

Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн хуулийн этгээд, түүний дотор олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх юм байна. Түүнчлэн Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын гэрээ, конвенцын зохицуулалттай нийцэж, нисэхийн аюулгүй байдал сайжрах бөгөөд шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдана. Мөн нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай байдлаар өргөжин хөгжиж, иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэх юм.

Мөн ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой ажээ.

Эмхэтгэлийн тус дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолуудаар Иргэний нисэхийн ерөнхий газрын болон Төмөр замын газрын  орон тооны дээд хязгаарыг хууль тогтоомжид нийцүүлэн батлахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгасан байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Дүрэм, журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар “Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журам”-ыг тус тус баталсан ба Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Харилцаа холбооны тухай, Тагнуулын байгууллагын тухай, Байгууллагын нууцын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрмийг удирдлага болгох ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл