“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай/Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай хууль хүчингүй
болсонд тооцох тухай, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд: Хуулиар нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах бөгөөд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, сангийн хөрөнгийг арвижуулах, сангийн хөрөнгийн эх үүсвэр, бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан тусгаж өглөө. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах, даатгуулагч иргэдийн зүгээс уг санд тавих хяналтыг сайжруулах зорилгоор орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлийг ажиллуулж, нийгмийн даатгалын үйл ажиллагаанд ажил олгогч, ажилтан, даатгуулагчийн тэгш оролцоог хангах, мэдээллийг нээлттэй, ил тод байлгах зохицуулалтыг хуульд тусгалаа. Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгоход цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох итгэлцүүр хэрэглэх бөгөөд энэ нь тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүүг арилгах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэтгэврийн даатгалын нэрийн дансны орлогыг үе шаттайгаар мөнгөжүүлж, даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг тэтгэврийн нөөц санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулснаар даатгуулагч иргэн бүр тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох зохицуулалтыг хуульд тусгасан. Даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэх бөгөөд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр бол нэрийн дансны мөнгөжүүлсэн орлого, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зарцуулах нийт хөрөнгийн хэмжээг тооцож, үлдэгдлийг өвлүүлэхээр хуульд нэмж тусгалаа. Хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглосон бөгөөд энэ нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах, даатгуулагч иргэдэд чиглэсэн сурталчилгаа, үйл ажиллагаа явуулахад зохих хувь нэмэр оруулахаас гадна уг сангийн хөрөнгийг эрсдэлгүй арилжааны банканд байршуулж, банкны хүү тооцох, сангийн орлого, зарлагад тавих хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулж, ажил олгогч, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй авах нөхцөлийг бүрдүүлж, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн хувьд ялгамжтай тогтоохоор хуульчилсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн алданги, торгууль, тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгосон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, тооцоо, хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зохицуулалтыг хуульд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг тусгаснаас гадна ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд хамрагдахаар, үндсэн ажлын хажуугаар зэрэгцээ хөдөлмөрийн гэрээгээр, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэврийн даатгалд хамрагдахаар хуульд нэмж тусгасан байна. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэлийн орлого төвлөрүүлэхээс гадна шимтгэл төлөгч, ажил олгогч, даатгуулагчид зориулсан нийгмийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, баримт бичгийн тоог цөөрүүлэх, даатгуулагч болон ажил олгогчид цахимаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлжээ. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын засаглал оновчтой болж, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, нийгмийн даатгалын байгууллага, ажилтан, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх, чиг үүргийг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллага нээлттэй сонгон шалгаруулах журмаар нэр дэвшигчийг сонгон Үндсэн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд ирүүлэх бөгөөд Байнгын хороо холбогдох хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол хийж, тухайн албан тушаалд нэр дэвшигчийг ажлын туршлага, ур чадварын хувьд тэнцэх эсэх талаар санал, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулахаар хуульчилжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хууль батлагдсанаар тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, хамрах хүрээг өргөжин нийгмийн даатгалын сангийн санхүү, эдийн засгийн чадавх сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь тэтгэврийн даатгалд шимтгэл төлж даатгуулсан иргэнд олгох тэтгэврийн төрөл, тэтгэвэр авах эрх, тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр нь өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны гэсэн гурван төрөлтэй байна. Даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж нэмэлт тэтгэвэр авч болох бөгөөд холбогдох харилцааг Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиар зохицуулах юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр 3 сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг бууруулж, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн бүх харилцааг нэг хуулиар зохицуулж, шимтгэл төлсөн жилтэй уялдуулан тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийгмийн даатгалын сан хооронд зохицуулалт хийснээр ажилгүйдлийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжийг бүрдүүлсэн. Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар ажлын 66 хоног буюу гурван сар, даатгуулагч жилд удаа дараа өвчилсөн, эсхүл хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид нэг удаагийн ажлын 132 өдөр буюу зургаан сарын хугацаанд тэтгэмж олгох хуулийн зохицуулалтыг тусгасан. Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож, нийтдээ 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгох бөгөөд уг тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцохоор хуульд тусгасан. Энэ нь даатгуулагч эхэд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг урьд нь авч байсан даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн зургаан сард тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж дахин авах эрх үүсэх нөхцөлийг бүрдүүллээ. Ажлын байраа хадгалсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлж, тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас ажил олгогч, даатгуулагчид үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хуулийн зохицуулалтыг нэмж тусгасан байна. Даатгуулагчийг тогтвор суурьшилтай ажиллуулан гурван жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож ажил олгогчид гурван жил тутамд нэг удаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгалаа: Даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөх тохиолдлыг өргөжүүлж, ажилдаа ирэх, буцах зам, сургалтад оролцох, амрах, хооллох завсарлага, аюулт үзэгдэл, олон улсын болон улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох үеэр даатгуулагч осол, гэмтэлд өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохоор хуульчилсан. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас доошгүй хугацаанд хөдөлмөр эрхэлж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар, 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 0.167 хувиар тооцон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд нэмж тусгасан. Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрнаас хамааран ялгамжтай байдлаар төлөх нөхцөлийг бүрдүүлж, ажил олгогчийн төлөх шимтгэлийг бууруулсан. Түүнчлэн ажлын байраа хадгалсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр хуульд тусгалаа. Ажил олгогч урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, ажил олгогч, даатгуулагчид зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлсэн ажил олгогчийн туршлага, ололт, амжилтыг олон нийтэд сурталчлах нөхцөлийг бүрдүүлж өглөө.
Хуульд заасан нөхцөл, шаардлагыг ажил олгогч гурван жил дараалан хангасан тохиолдолд сүүлийн жилд төлсөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хүртэлх хувиар тооцож, ажил олгогчид гурван жил тутамд нэг удаа хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр тусгасан болно. Хуульд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтныг тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар тусгалаа. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, эсхүл тэтгэвэр нас барсан бол гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох бөгөөд тэтгэмжийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хэмжээтэй адил байхаар хуульчилсан болно. Хуульд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид даатгалын сангаас протез, ортопедийн зардлын төлбөрийг жишиг үнийг баримтлан гурван жил тутам нэг удаа олгохоор заасан. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр хийх тандан судалгаа, эрсдэлийн болон хяналт-шинжилгээ, үнэлгээ сайжирна. Хуульд зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн сан нь нийгмийн даатгалын мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд сангийн мэдээллийг Татварын алба, Нийгмийн даатгалын байгууллага, хяналтын чиг үүрэг бүхий байгууллага, ажил олгогч нар бүрдүүлэхээр тусгалаа. Хууль батлагдсанаар үйлдвэрлэлийн осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шалгуур үзүүлэлт тодорхой болж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, хяналт тавих, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирна.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул, мөн Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.