Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 30 дугаарын тойм

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт  оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд дээрх хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд болон Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолтой тус дугаараас дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн дунд хугацаан дахь төсөөллийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоож өгсөн төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна гэж үзэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийн хувилбараар баталсан байна. Харин Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар төсвийн цаглаварт өөрчлөлт орсон бөгөөд Засгийн газраас төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө төсвийг олон нийтэд заавал хэлэлцүүлсэн байх, улмаар жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг тусган баталсан. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 09 дүгээр сарын 20-ны өдөр, төрийн аудитын байгууллага нь 09 дүгээр сарын 25-ны өдөр төсвийн төсөлд санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд хүргүүлэхээс гадна олон нийтэд нээлттэй байдлаар мэдээллээ байршуулахаар тусгасан нь Улсын Их Хурлын хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болох ач холбогдолтой юм.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн ба тухайн тогтоолын хавсралтаар “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан байна. Тухайн журмын зорилго нь Инновацийн тухай хуулийн 16.4.1-д заасны дагуу технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид төрөөс татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл