Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 29 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенцод нэгдэн орсныг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг нийтэлсэн байна. Конвенцод нэгдэн орсныг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод 2010 онд баталсан “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан ба тус конвенц нь Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдлүүд нь аливаа этгээдийн болон өмчийн аюулгүй байдалд заналхийлж, агаарын харилцаа, нисэх буудлууд, агаарын навигацийн үйлчилгээ, иргэний нисэхийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаатай холбогдуулан эдгээр аюул заналаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, илүү үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх зорилготой юм.

Конвенцод нэгдэн орсноор гэмт хэрэгт тооцох үйлдэл, ялын байдал, гэмт хэргийн оролцогчид, хэргийн харьяалал, гэмт этгээдийг шилжүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан. Тухайлбал, агаарын хөлөг, агаарын навигацийн тоног төхөөрөмжид гэмтэл, аюул учруулах, худал мэдээлэл тараах, ашиглалтад байгаа агаарын хөлгийг хүний амь нас хохироох, эрүүл мэнд, өмч хөрөнгө, хүрээлэн буй орчинд үлэмж хохирол учруулахад ашиглах, биологийн, химийн, цөмийн аливаа зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт, тэдгээртэй адилтгах зүйлийг агаарын хөлгөөс цацах, хаях, тээвэрлэх, олон улсын иргэний нисэх буудлын хэвийн горимыг алдагдуулж, аюулгүй байдалд нөлөөлсөн, эдгээр төрлийн хууль бус үйлдлийн оролдлого хийх, заналхийлэх, үйлдэхэд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах, удирдах, үгсэн хуйвалдах зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцох юм.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн ба Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна. Харин Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 67 дугаар тогтоолын 2 дахь заалтын “232” гэснийг “252” гэж өөрчилсөн бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор тус хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэх 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр бөгөөд дараах зорилт, үйл ажиллагааг тусгалаа: -Улсын Их Хурлын гишүүн өөрөө эцсийн өмчлөгч, эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшиж байгаа хуулийн этгээдийн явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн төсөл санаачлах, санал гаргахыг хязгаарласан эрх зүйн орчныг бүрдүүлэхээр;

-Сонгуулийн болон сонгуулийн бус үеэр санал худалдан авахад чиглэсэн бүх хэлбэрийг хориглож, хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор; -Нийтийн албан тушаалтан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний зарлагыг мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр; -Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан албан тушаалтнуудаас бусад хуулиар тогтоосон албан тушаалын халдашгүй байдлын хүрээг хязгаарлахаар;

-Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг хураах нэмэгдэл ялын төрөл бий болгох асуудлыг судалж, санал боловсруулахаар; -Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэхээр;-Хахууль өгсөн, зуучилсан хүн, хуулийн этгээд гэмт үйлдлээ илчилсэн, нотлох баримт гаргаж өгсөн, хамтран ажилласан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор; -ДНБ-д эзлэх төсвийн зарлага, төрийн оролцоог үе шаттай бууруулж, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг хязгаарлахаар; -Авлигатай тэмцэх газрын бүтцэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэн хэрэгжилтийг үнэлэх, зөвлөмж өгөх, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх чиг үүрэг бүхий Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын алба ажиллах зэрэг болно.

Тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан болно.

Мөн тус эмхэтгэлд нийтэлсэн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг  баталсан ба тус журмаар журмын 1.2-т заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрхийн болон төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа Монгол Улсын 0-18 хүртэлх хүүхдэд олгохоор зохицуулсан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл