Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 28 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн тул дээрх хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Харин “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Канад Улсын Монреал хотноо 2014 онд баталсан “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуульд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хууль тогтоомжид нийцүүлэн байгуулсан энэхүү хуулийн 201.1-д хамаарах гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байх зохицуулалтыг тусгав.

Мөн төрийн зарим өндөр албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө төрийн албаны удирдах албан тушаал, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа бол тухайн этгээд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдөх арга хэмжээ авахаар хуульчиллаа. Хууль батлагдсанаар нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалж, ёс зүйтэй төрийн алба бэхжиж, төрд итгэх иргэдийн болоод бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой.

 Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хянан шалгах түр хороо байгуулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Хянан шалгах түр хороо байгуулах тухай, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай, Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай  холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай, Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Цагааны Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсан. Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах”-аар тогтоож, тус хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан: олонхыг төлөөлөн: Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлөн: Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан нар.                 

Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 10,235,124.6 сая төгрөгөөр, зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 11,359,914.0 сая төгрөгөөр баталсан байна. Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэй, 6 сарын хугацаатайгаар байгуулсан: Олонхыг төлөөлөн: Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар, цөөнхийг төлөөлөн: Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэхээр тогтоосон байна. Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай  холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/Монгол Улсын Засгийн газраас боловсруулан өргөн мэдүүлж байгаа тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэлийн дүн, батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлтэй зөрж байгаад дүн шинжилгээ хийх, холбогдох хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хариуцлагажуулах зорилгоор хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа боловсруулан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хяналтын сонсголыг төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлэгтэй уялдуулан зохион байгуулах шаардлагад нийцүүлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, аудит хийх, өргөн мэдүүлэх, батлах хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/Монгол Улсын тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар болон төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн баталсан төсвөөс зөрүүтэй зарцуулсан шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргаж байх; 4/Зээлийн үйлчилгээний төлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү их байгаад дүгнэлт хийж, цаашид төсвийг бодитой төлөвлөж ажиллах.

Түүнчлэн 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Хилийн боомт дахь ачаа тээврийн урсгалыг сайжруулах, нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах; 2/Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн хүрээнд бусад боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил холболтыг эрчимжүүлэх; 3/“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх “Ганцмод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэх; 4/Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх “Ганцмод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК хооронд үе шаттайгаар жил бүр 20 сая тонноос доошгүй хэмжээний нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх; 5/энэ тогтоолын дагуу байгуулах аливаа гэрээг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөл /off-take/-өөр байгуулахгүй байх; 6/Тавантолгойн нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бусад уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүн, бараа, түүхий эдийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх; 7/энэ тогтоолын 1 дэх заалтын 3, 4 дэх дэд заалтад заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг  сонгон шалгаруулж, хамтран ажиллах; 8/“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор газар ашиглах асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах.

Мөн Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан: 1/Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлэх; 3/энэ тогтоолын 2 дахь дэд заалтад заасан арга хэмжээний талаарх тайланг Монгол Улсын Их Хуралд 2023 оны 10 дугаар сард багтаан танилцуулах.

Түүнчлэн Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Салдангийн Одонтуяаг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах, парламентын судалгааны албыг өргөтгөн зохион байгуулах зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 3 дахь заалтад заасан арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг Улсын Их Хурлын Тамгын газарт шилжүүлэх арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой 2023 оны 07-12 дугаар сарын зардлыг өмнөх түвшинд тооцож Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны батлагдсан төсвийн багцаас гарган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох төсвийн захирагч нарт тус тус даалгажээ.

Мөн тус эмхэтгэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол болон Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол нийтлэгдсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл