Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Боловсролын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/, Боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Бага, дунд боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн  баталгааны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Авлигын эсрэг хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим заалт, хүчингүй болсонд тооцох тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Ойн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл ахуйн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг  дагаж мөрдөх журмын тухай, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай /Шинэчилсэн найруулга/, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай /Шинэчилсэн найруулга/, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай /Шинэчилсэн найруулга/ Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн тул тухайн хуулиуд болон дээрх хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Боловсролын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/ батлагдсанаар багш бэлтгэх тогтолцоо, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих улмаар боловсролын чанар хүртээмж сайжрах эрх зүйн үндэс бүрдлээ. Мөн багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил тутамд, үргэлжлүүлэн олгохдоо дараагийн 3 жилээс тооцох зохицуулалт тусгагдлаа. Мөн чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургууль биш суралцагчийг дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ. Сайн багш өндөр цалин, үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно. Санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож сургалтын чанар, орчныг сайжруулах зэрэгт зарцуулах, зарцуулалтад тавих хяналт тодорхой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөл бүрдэх юм. Боловсролын салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дараах зохицуулалт шинээр тусгагдан батлагдлаа: -хариуцлагыг санхүүгийн эрх мэдэлтэй нь хамт тухайн байгууллагад олгоно; -эцэг, эх, багш, ажилчдын оролцоог хангасан хяналтын тогтолцоо бий болгоно; -сургалтын хөтөлбөр, хичээл нэг бүрийн бодит өртөгт суурилсан санхүүжилтийг олгоно;

-сургалтын болон лабораторийн тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн ашиглалтын үр ашгийг тооцно; -гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог бий болгоно;-суралцагчийн гүйцэтгэлийн ахицаар багшийн ажлыг үнэлж, тохирсон урамшууллыг олгоно;-сумдын сургуулийн бүтэц, хэв шинж, байршлыг дахин зохион байгуулна;-хөрөнгө оруулалтыг зөвхөн нэн шаардлагатай байршилд хийнэ.

Харин Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль батлагдсанаар ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчийн сурч боловсрох эрхийг тэгш хангах, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах адил, тэгш нөхцөл боломж бүрдлээ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхэдтэй хамт суралцах, мөн түүнчлэн уян хатан сургалтын төлөвлөгөө, тохируулга бүхий сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, шаардлагатай хөгжлийн дэмжлэг авах, сонсголын бэрхшээлтэй суралцагч бичгийн болон дохионы хэлээр, үндэстний цөөнхийн суралцагч бага боловсролыг эх хэл болон цаашид хос хэлээр боловсрол эзэмших боломжтой боллоо. Ийнхүү хүүхэд бүрийн сурч боловсрох эрх баталгаажиж, тэгш хамруулан сургах боловсролын үзэл санаа нийгэмд нэвтрэн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх соёл түгэн дэлгэрэх бөгөөд хүүхэд өөрийн онцлог, хэрэгцээнд тохируулан боловсролын үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэж, ялгаатай хэрэгцээтэй суралцагч боловсрол эзэмшихэд тулгардаг бэрхшээл арилна. Түүнчлэн суралцагчийн боловсрол эзэмших арга хэлбэрт гарч буй өөрчлөлтийг хуулиар хүлээн зөвшөөрч танхимын, танхимын бус (зайн, цахим), эдгээрийн хосолсон хэлбэрээр суралцаж болохыг баталгаажуулсны зэрэгцээ хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, мөн нэг хичээлийн жилд суралцагчийн хичээл, сургалтад хамрагдсан байх хоногийг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт нийцүүлэн 170-185 (34-37 долоо хоног) байхаар тогтоож, холбогдох хуульд зааснаас бусад тохиолдолд сургалтын хугацаатай холбоотой өөрчлөлт хийх, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглолоо. Энэ нь суралцагч чанартай боловсрол эзэмших боломж нөхцөл бүрдүүлэх чухал зохицуулалт болсон.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль батлагдсанаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, зорилго, үйл ажиллагаа нь иргэн насан туршдаа суралцаж хөдөлмөр эрхлэх ур чадвар, чадамж эзэмших, хөгжүүлэх, ур чадвараа хөрвүүлэх, тэгш боломжоор хангах, мэргэжил эзэмших, давтан суралцахтай холбоотой зохицуулалтууд тусгагдлаа. Түүнчлэн иргэн гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, ажил, амьдралын орчинд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах замаар зохих түвшний чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болж, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх боломжтой боллоо. Мөн сургалтыг ажлын байрны шаардлагад уялдуулах чиглэлээр сургалтын хөтөлбөрийг ажил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн түвшинд нийцүүлэн сургалтын хөтөлбөр боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрийн өрсөлдөх боломж бий болгох, сургуульд суурилсан, хосмог, ажлын байран дахь сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, суралцагчийн жендэрийн тэгш байдлыг хангах талаарх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Сургалтын байгууллагын удирдлагын томилгоо мэргэжлийн байхтай холбогдуулан тавих шаардлагыг сайжруулж, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардалд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бий боллоо.

Харин Дээд боловсролын тухай хууль нь дээд боловсролын удирдлага, зохион байгуулалт, сургалт, судалгаа, санхүүжилт, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулна.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байх бөгөөд дээд сургууль гэсэн ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болгохоор Боловсролын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгав. Мөн их сургуулийг үйл ажиллагааны онцлогоос хамааран судалгааны, сургалтын, төрөлжсөн гэж ангилж, консерватор болон технологийн коллежийн талаар тодорхой зохицуулалтыг хийж Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулахаар тусгав.

Дээд боловсролын сургалтын байгууллага бүтэц, зохион байгуулалтын хувьд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороотой байх бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой тусгаж, Хөтөлбөрийн хороонд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, төгсөгчийн төлөөлөл орсноор сургалтын чанарт дэвшилт гарч, төрийн бус байгууллага, ажил олгогчдын оролцоо сайжирч, дээд боловсролын сургалтын бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдах юм.

Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож, бие даан шийдвэр гаргах зохицуулалтыг тусгасан. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дотоод чанарын баталгаажуулалт, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн чанарыг үнэлэх, эрэмбэ чансааг тогтоох, олон нийтэд зарладаг байх зохицуулалтыг хийснээр элсэгчдийг үнэн бодиттой мэдээллээр хангах, их, дээд сургуулийн сургалтын чанар сайжирч, улмаар чанартай боловсон хүчин бэлтгэгдэн гарах үндэс болох юм.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай, Хуулийн төсөл буцаах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга  хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн  төслийн хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан бол Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ. Харин Хууль баталсантай холбогдуулан авах арга  хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ: 1/Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.1, 7.2, 7.4, 7.9 дэх заалт, 8.2 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, 6.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.11 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 38.4-т заасан зохицуулалттай холбогдуулж 2024 оны улсын төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулах ажлыг зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх; 4/боловсролын салбарын хууль, эрх зүйн шинэчлэлт, зохицуулалтын талаар харьяалах салбар болон олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;             5/бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжиж, бага, дунд боловсролын сургалтын тогтолцоонд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний хөтөлбөр, цахим технологи, багш бэлтгэх арга зүйг нэвтрүүлж суралцагчдад суралцах тэгш боломж бүрдүүлэх цогц арга хэмжээг төлөвлөж, шаардагдах төсөв, хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган батлуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл