“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын төсөвт 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 13 их наяд 910 тэрбум 441.9 сая төгрөгөөр баталсныг 15 их наяд 184 тэрбум 583.6 сая төгрөг байхаар нэмэгдүүлэн баталлаа. Монгол Улсын төсвөөс 2023 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 15 их наяд 480 тэрбум 800.3 сая төгрөгөөр баталсныг 16 их наяд 949 тэрбум 914.6 сая төгрөг байхаар мөн нэмэгдүүлэн баталлаа. Энэ зөрүүгээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, өндөр насны тэтгэврийн зөрүүг арилгахад болон халамжийн тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилт, түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оны 1-6 сард хамрагдаагүй хүүхдүүдэд нөхөн олгох санхүүжилтийг тус тус санхүүжүүлэх юм. Төсвийн тогтворжуулалтын санд 2023 оны төсвийн жилд 132 тэрбум 718.6 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулахаар баталсныг 501 тэрбум 628.6 сая төгрөгийн хэмжээтэй байхаар нэмэгдүүлэн баталлаа.
Харин Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд улсын баяр наадамд амжилт үзүүлсэн бөхөд цол олгохтой холбоотой асуудлаар зохицуулалтыг нэмж тусгалаа. Ингэснээр улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга цол, улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга цол, даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга цол олгох юм. Мөн бөхийн цолны эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулна.
Аймгийн тэгш ойн баяр наадамд 256 хүртэлх бөх барилдаж болно. Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авахаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шилжилтийн үеийн зохицуулалтад нэмж тусгалаа.
Бүх цэргийн баяр наадмыг жилд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр 256 хүртэлх бөх барилдуулахаар зохион байгуулна. Бүх цэргийн баяр наадамд олгох цолыг аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд цэргийн начин, зургаа давсан бөхөд цэргийн харцага, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, түрүүлсэн бөхөд цэргийн арслан цолыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуультай нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн нийтээр тэмдэглэх Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын амралтын өдөрт 07 дугаар сарын 10-ны өдрийг нэмж хуульчиллаа.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө
батлах тухай, Тогтоолын төсөл буцаах тухай , Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг, 2 дугаар хавсралтаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг, 3 дугаар хавсралтаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг баталжээ. Тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан байна. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор 2023 оны 1-6 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтэд үндэслэн Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд 100,000 /зуун мянга/ төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “17.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” гэснийг “17.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар” гэж өөрчилсөн ажээ. Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар/, Монголбанканд тус тус даалгажээ. Үүнд: 1/үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, цаашид бууруулах; 2/төлбөрийн тэнцлийг сайжруулах, хэрэглээний зээлийн огцом өсөлтийг хязгаарлах, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын тохиргоог тухай бүр авч хэрэгжүүлэх; 3/валютын цэвэр дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, импортын орц их шаарддаг томоохон төсөл, арга хэмжээг төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийг харгалзан хэрэгжүүлэх; 4/хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн хангалтыг харгалзан татварын уян хатан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх; 5/төрөөс хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд олгодог хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, санал, дүгнэлт боловсруулан шийдвэрлүүлэх; 6/төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг зохицуулж байгаа холбогдох хууль тогтоомжийг Төрийн албаны тухай хуулийн 4.7 дахь хэсэгтэй нийцүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөрчлөх саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.