Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Үүгээр 2014 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр санхүүжигдээгүй үлдсэн урсгал зардлыг нөхөн санхүүжүүлэхгүй хэмнэх, санхүүүжилт буурсантай уялдуулан зардлаа оновчтой хуваарилан хязгаарлах, өр, авлага үүсгэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байна.
Эдгээр арга хэмжээг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад төсвийн тэнцвэртэй, үр ашигтай байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх юм байна.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор “Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журам”-ыг баталжээ.
Энэхүү журмаар экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт хүссэн төслийг Засгийн газраас арилжаалж бүрдүүлсэн үнэт цаас, Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банкнаас гаргаж арилжаалсан Үйлдвэржилтийн бондын хөрөнгөөс санхүүжүүлэх үйл ажиллагааг зохицуулах ажээ.
Журамд, санхүүжүүлэх төслүүд ямар шаардлагыг хангасан байх, төслийг санхүүжүүлэх эх үүсвэр болон зээлийн нөхцөл, зээл олгох үйл ажиллагаа, төслийн мэдээлэл нэгтгэх, тайлагнах, хяналт, хариуцлага зэрэг асуудлыг нарийвчлан тогтоожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.