МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР ГАРГАСАН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ
2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Х.Болорчулуун, Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргад нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гарах болсныг харгалзан сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болох тул тухайн сумын бүх багийн иргэдийн нийтийн Хуралд санал хураалт явуулах зарчмаар нэр дэвшигчийг тодруулж, тодруулсан хүнээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж, уг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хийх зорилгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Л.Цог, Д.Эрдэнэбат нар сумын Засаг даргад нэр дэвшигчийг шалгаруулах санал хураалт байхаар багийн иргэдийн нийтийн Хурлыг зохион байгуулах, энэ ажиллагаанд улс төрийн намууд оролцохыг хориглосон заалтыг хуулийн төсөлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей сумын Засаг даргад нэр дэвшүүлэхэд иргэдийн оролцоог хангах нь чухал ач холбогдолтой, Засаг даргын ажилд хяналт тавих чиг үүрэгтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бэхжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ