Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ТИКА-гийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.09.04) Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар (ТИКА)-ын Суурин төлөөлөгч Эмрах Устаөмэр-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ноён Эмрах Устаөмэртэй уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ТИКА-гийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажлаа эхлүүлж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Монгол, Турк хоёр улс нь эртний түүх, уламжлал, соёлын хэлхээ холбоотой улсууд бөгөөд сүүлийн жилүүдэд манай хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран идэвхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Мөн тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэ онд УИХ-ын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийсэн нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

2012 онд ТИКА-гийн санхүүжилтээр “УИХ-ын цахим номын сан”, “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” гэсэн төслийг амжилттай хэрэгжүүлсэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон талархал илэрхийлээд энэхүү төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлж, хамтран ажиллах саналыг ТИКА-гийн Суурин төлөөлөгчид тавьлаа.

Ноён Э.Устаөмэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хариу талархал илэрхийлээд ТИКА-гийн өнөөгийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Суурин төлөөлөгч Э.Устаөмэр “УИХ-ын Тамгын газрын зүгээс тавьж буй төслийн саналыг бид судалж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.


Уулзалтын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн 2012 онд УИХ-ын Тамгын газрын Номын сан, Хэвлэх цехэд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулав.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.09.04

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл