УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.02) хуралдаан 15 цаг 32 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулахдаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “…Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно...” гэж, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт “…Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ…” гэж заасныг тус тус үндэслэж буйгаа дурдав. Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлжээ. Уг асуудлыг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлээд Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа Г.Занданшатар сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, Г.Занданшатар сайд хариулт өгөв. Түүнчлэн уг асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын төрд ажиллаж байгаа хүн нэг бүр эрхэлж буй ажил, албан тушаалынхаа чиг үүргийг хариуцлагатайгаар бүрэн хэрэгжүүлж, тэр хүрээндээ төрийн үйлчилгээг чанартайгаар иргэдэд хүргэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлсэн. УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ хүрээнд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах ажлуудыг үе шаттай, иж бүрнээр хийж буйг Г.Занданшатар сайд хэлсэн. Төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, дэг журамтай байлгах зорилгоор 47 журмыг шинэчлэн боловсруулаад байгаа аж. Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг 2018 оны есдүгээр сард зохион байгуулж, уг зөвлөгөөний үеэр дээрх журмууд болон төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтын талаарх хэлэлцүүлгийг хийжээ. Төрийн албаны системд гарч буй дутагдалуудыг арилгаж, иргэн төвтэй тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа талаар тэрбээр танилцуулсан юм.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.