Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв
аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, Хөдөө аж ахуйн их
сургууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Төв аймаг дахь МСҮТ-ийн 2018-2019
оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.
Батсүмбэр сум 7000 шахам иргэнтэй, Монгол Улсын томоохон сумдын нэг. 12 жилийн сургалттай дунд сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 158 хүүхэд элсэж байна.
Сургуулийн захирал А.Эрдэнэбат 2018 онд тус сургуулийг төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дүн өсөж, аймагтаа хоёрдугаар байр эзэлснийг онцлов. Түүнчлэн энэ жил хичээлийн “Б” байрны өргөтгөлийг бүрэн хийж, УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгээр 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 160 хүүхдийн дотуур байрны шинэ барилгын ажил эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга М.Энхболд эрдэм боловсролтой зөв иргэн төлөвшүүлэх үйлстээ хичээн шамдаж, эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг багш сурган хүмүүжүүлэгчдэд захиж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсөж хүмүүжихийг багачуудад ерөөв. Тэрбээр тус сургуульд 5.8 сая төгрөгийн, цэцэрлэгт 600 мянган төгрөгийн сургалт, хүмүүжлийн ажлын тоног төхөөрөмж өгөх Батламж гардууллаа.
ХААИС энэ жил 60 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Анх малын эмч, зоотехникч, агрономич гэсэн 3 мэргэжлээр хөдөө аж ахуйн салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байсан тус сургууль өдгөө 5 бүрэлдэхүүн сургууль, 4 хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжүүдтэй, 1000 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, 10.000 гаруй оюутантай, дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон их сургууль болжээ.
Тус сургуулийн 5 сургуулийн 2 нь олон улсад магадлан итгэмжлэгдэж, дэлхийн их, дээд сургуулийн чансаанд эзлэх байраа сүүлийн 4 жилийн дотор 6000 орчим байраар урагшлуулж, Монгол Улсын их, дээд сургуулийн багш нарын цалингийн дунджаас тус сургуулийнх хамгийн өндөр хэмжээнд хүрээд байгааг нээлтийн үеэр ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга тэмдэглэлээ.
Тус сургууль БСШУСЯ-наас дэвшүүлж буй зорилго зорилттой уялдуулан энэ хичээлийн жилийг “Оюутны хөгжил-чанарын шинэчлэлийн жил” болгон зарлаж, “Оюутны хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр хэллээ.
Нээлтийн арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээд боловсролын чанарыг сайжруулж, төгссөн оюутан нь эзэмшсэн мэргэжлээрээ богино хугацаанд ажилд зуучлагддаг, төгсөгч бүр ажлын байртай байх энгийн хэрнээ тодорхой, хамгийн эрхэм зорилтыг хангахын төлөө та бид ажиллах ёстой гээд, оюутны хөгжлийг дэмжих зээлийг сургуулиар нь дамжуулан олгох болсон, хүссэн оюутан зээлд хамрагдах боломж бүрдсэн баяртай мэдээг оюутнуудад дуулгав.
УИХ-ын дарга М.Энхболд эх орондоо үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ХААИС-ийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод, ДНБ-ий 20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн салбарыг өндөр мэдлэгтэй, хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчийн эрэлт хэрэгцээг хангасан шилдэг мэргэжилтнээр хангах үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Тэрбээр дараа нь Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зочиллоо. Гучин ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус сургууль өнгөрсөн хугацаанд 10.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Энэ хичээлийн жилд тус сургуульд 11 мэргэжлээр 230 шахам оюутан суралцах аж. МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа сургалтын орчныг сайжруулж, суралцагчдын бүтээлч идэвхийг өрнүүлэх, сургалт дадлагын чанарыг эрхэмлэж, улмаар Политехник коллеж болох зорилттой байгаагаа энэ үеэр дуулгалаа.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад МСҮТ-ийн үндэс суурь 1923 оноос тавигдаж, чухамхүү энэ үеэс мэргэжилтэй ажилчдыг өөртөө бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ салбарын сургалтын байгууллагыг төгссөн олон зуун мянган мэргэжилтэн эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, алдар гавьяагаа дуурсгаснаар бахархаж явдгаа илэрхийлэв.
Тэрбээр чанарын шаардлага хангасан өндөр мэргэшлийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутгийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад мэргэжил, сургалтын үйл ажиллагаагаа уялдуулах нь чухал байгааг тэмдэглээд багш, оюутнуудад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд УИХ-аас энэ онд батлан гаргасан “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” хэрэгжиж эхэлсэн анхны хичээлийн жил тохиож байгааг очсон газар бүртээ онцолж, энэ хуулийг ягштал хэрэгжүүлэн, багш нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг сайжруулах, тэдний мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэхэд бүх шатны төр, засгийн байгууллага онцгой анхаарах ёстойг тэмдэглэж байлаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.09.03