Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болж буй “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангахын төлөөх түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсын парламентын II чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй УИХ-ын гишүүн, НББСШУ-ы Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга А.Ундраа, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нарын төлөөлөгчид оролцож байна.
Тус чуулганд 4 парламентын дарга, 16 дэд дарга, 155 гишүүн, ажилтан, зөвлөх гээд 50 орны 244 төлөөлөгч хүрэлцэн иржээ.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 17 зорилт, 169 заалт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан билээ. НҮБ-ын гишүүн орны хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд УИХ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан юм.
Энэ удаагийн чуулга уулзалтын үндсэн зорилго нь Тогтвортой хөгжлийн 7-р зорилт болох “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах”-д парламентчдын гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, эрдэмтэн, судлаачдын судалгаанд үндэслэн цаашдын зорилт, чиглэл болон хэрэгжүүлэх арга замыг улам тодорхой болгоход чиглэж байна.
Чуулган “Хот суурины эрчим хүчний хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл”, “Ногоон аж үйлдвэрт чиглэсэн чанартай боловсрол ба технологи”, “Эмэгтэйчүүдийн оролцоо ба тогтвортой эрчим хүч”, “Арга зам /шийдэл/: Хямд, найдвартай, тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаар Парламентын хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэсэн үндсэн 4 дэд сэдвийн хүрээнд болж байна.
УИХ-ын дарга Л.Энх-Амгалан чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ. Тэрбээр, энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын парламентчид харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг тодорхойлох сайхан боломж олгож байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсаас тогтвортой эрчим хүчээр бүх нийтийг хангах, түүн дотроо сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.