Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСЭН ТАЛААР ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

 

2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

 

Илтгэгч нь УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

 

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

 Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай төслүүдийг 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн билээ. 

Төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийлээ.

Засгийн газар дээрхи хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,088.3 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсоноос 91.3 хувь буюу 6,470.5 тэрбум төгрөг нь татварын орлого, үлдэх 8.7 хувь буюу 617.0 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлэхээр тооцжээ.

Ирэх онд нэг тонн зэсийн зах зээлийн үнэ дунджаар 8152 ам.доллар, нэг тонн нүүрсний үнэ нүүрсний нэр төрлөөс хамааран 83.2-161.2 ам.доллар, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг 1336.1 төгрөгөөр, газрын тосны олборлолт, экспортын хэмжээг 4.0 сая баррелиас доошгүй байхаар, 1 баррель газрын тосны үнийг дунджаар 92.3 ам.доллар байхаар төсвийн төсөлд тусгаж тооцжээ.

Тогтворжуулалтын сангийн орлогыг 2013 онд 169.7 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Өмнөх жилүүдэд зөвхөн төсвийн орлогыг тэнцвэржүүлж тооцох болон улсын өрийн хязгаарлалтын тусгай шаардлагууд үйлчилж байсан бол 2013 оны төсвийн жилээс зарлагын өсөлтийг зохистой түвшинд тогтоох зорилготой төсвийн зарлагын тусгай шаардлага, төсвийн тэнцлийн тусгай шаардлага буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай төлөвлөх шаардлагуудыг хангахаар төсвийн төслийг боловсруулсан байна.

Монгол улсын 2013 оны нэгдсэн төсвийн урсгал зарлага нийт 4,870.7 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Үүнээс Улсын төсвийн урсгал зарлага 3,956.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн урсгал зарлага 1,061.4 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн зарлага 284.2 тэрбум төгрөг байхаар байна. Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, томоохон чиг үүргүүдийг орон нутагт шилжүүлсэн. Үүний дүнд орон нутгийн төсөв 2012 онд нийт төсвийн 9.0 хувийг эзэлж байсан бол 2013 онд 2.3 дахин нэмэгдэн 20.7 хувь  болж байна.  

Нэгдсэн төсвийн урсгал зарлага өмнөх оноос 264.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

2013 онд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг урьд оноос бууруулахгүй, тогтвортой байлгах үүднээс 1478,2 тэрбум төгрөг, түүнчлэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 572.5 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгажээ.

Ирэх онд улсын төсвөөр хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалтын 81,4 хувь буюу 1203,1 тэрбум төгрөгийг барилга, байгууламж барихад, үүнээс хөрөнгийн шилжүүлгээр 28,2 тэрбум төгрөг, 3,4 хувь буюу 49,7 тэрбум төгрөгийг их засварын ажилд, 8,6 хувь буюу 127,3 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад, 6,6 хувь буюу 98,0 тэрбум төгрөгийг дараа онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэлийг хангах ТЭЗҮ, зураг төсөл, судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөжээ.

Улсын Их Хурлын Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай төслүүдийг хэлэлцсэн талаараа санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд ирүүлсэн юм.

Засгийн газраас гаргаж байгаа 5 тэрбум долларын үнэт цаасыг уул уурхай, дэд бүтэц нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа нь төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах, Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох чухал хэрэгсэл болно, мөн гурил, мах, бензиний үнийг тогтворжуулах хөтөлбөр нь инфляцийг бууруулах, тэр хэмжээгээр төсвийн зарлагыг бууруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ, хөрөнгө оруулалтыг нийт иргэдээр хэлэлцүүлж, 5 жилээр төлөвлөх шинэчлэлийн бодлого нь үр ашиггүй давхардсан хөрөнгө оруулалтыг арилгаж, хөрөнгө оруулалтыг алсын хараатай, оновчтой, өндөр өгөөжтэй болгон эдийн засгийн хөгжлийг хурдасгана, төсвийн эрх мэдлийг орон нутагт өгч, төсвийн зарлага, хөрөнгө оруулалтыг чанаржуулахын зэрэгцээ төсвийн орлого төвлөрүүлэлтийг сайжруулна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтэндээ дурьдсан байна.    

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс-эвсэл”-ийн бүлэг эдийн засаг бүхэлдээ ганц уул уурхайн салбараас хамаарсан байдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг өргөтгөх талаар тодорхой санаачлага гаргааүй, эдийн засагт татварын ачаалал нэмэгдсэн хэвээр байна, олон тооны тусгай сан байгаа хэдий ч үр ашиггүй, татаасаар санхүүждэг, ил тод биш, хяналт сул байна, орон нутгийн төсвийн хувьд эрх мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг бууруулах чиглэлд томоохон дэвшил гарсан ч аймгуудын төсвийн чадавхи, нөөц бололцоо сул хэвээр байна, төсвийн хөрөнгө оруулалтууд нь бодлогын зорилт, үйл ажиллагаануудтай уялдаж эрэмбэлэгдэх байдал хангалтгүй, хүлээгдэж буй үр ашиг нь тодорхойгүй байгаа дутагдлыг дүгнэлтэндээ дурьдсан  байна.

Улсын төсөвт уул уурхайн салбараас орох төсвийн орлого нь ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлтээс нь ихээхэн хамааралтай байгаа нь төсвийн орлого тасарч зарлага санхүүжилт хийгдэхгүй байх нөхцөл үүсч болзошгүй нөхцөл байдлыг сайтар тооцон төсвийн хэрэгжилтийг оны эхнээс жигд  хангах талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй  гэж Төсвийн байнгын хороо үзэж байна.

Монгол Улсын 2012 оны тодотголоос хасагдсан зарим төсөл, арга хамжээнээс зайлшгүй үргэлжлүүлэн хийх шаардлагатай зарим төсөл арга хэмжээг 2013 онд үргэлжлүүлэн хийхээр нэмж оруулах хэрэгтэй гэж үзлээ. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн алдагдлын хэмжээг бууруулахгүй байх зарчмыг баримталсан болно. Мөн төсвийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдөн тусгагдсан зарим төсөл арга хэмжээний үнийн дүнг гуравны хоёртой нь нь тэнцэх хэмжээгээр бууруулах саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор эдгээр төсөл арга хэмжээ он дамжин хэрэгжихээр болж байгааг дурьдах нь зүйтэй. Цаашид дуусаагүй барилга, байгууламж бий болох магадлал байгааг анхаарах шаардлагатай байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тохиолдолд УИХ-ын Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан саналуудыг санал хураалгалгүйгээр татаж авах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул тэдгээр саналуудаар санал хураалгаагүй болно.   

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн талаар Үндэсний аудитын газраас ирүүлсэн санал болон Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан санал нэг бүрээр санал хураалгаж, нэгтгэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон Та бүхэнд тараасан болно.

Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийг баталснаар хууль хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг гаргах нь зүйтэй гэж Байнгын хороо үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

           

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл